Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж,

            нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч П.Нархажид,

            Шинжээч С.Одончимэг,

            Шүүгдэгч А.Григорий, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дугаар зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Спиряков Григорий Александровичид холбогдох 201526021866 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Төмөр замын 83 дугаар байрны 1-22 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /иргэний харъяалалыг тодорхойлох бичиг баримтгүй,/ Спиряков Григорий Александрович,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Спиряков Григорий Александрович нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Э.Одхүүг дэгээдэн унагасан, мөн маргаж шанаан тус газар нь сэтгүүл болон гараараа 2 удаа цохиж, Э.Одхүүгийн гавал тархинд хүнд гэмтэл учруулсны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж амь нас нь хохирч, хор уршгийг урьдчилан харах боломжтой байсан боловч, хайхрамжгүй хандаж бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

         

           Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    

Шүүгдэгч Спиряков Григорий Александрович шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай аав, ээж Орос улсын харъяат, Би Монголд төрж өсөөд 30 дугаар сургуульд 3 дугаар анги хүртлээ сураад гарсан. Надад бичиг баримт байхгүй, монголоор уншиж бичиж чадна,  орос хэлийг сайн мэдэхгүй ойр зуурын юм мэднэ. Намайг Гриша гэж дуудддаг, өөр нэр хоч байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би Одхүүг гараараа цохиогүй, кардонон цаасаар нүүр рүү нь цохисон. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Эцсийн болгож хэлэх үг байхгүй гэв.

           

Шүүгдэгч Спиряков Григорий Александрович мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баяраа, Буржак, Одхүү, Бат-Эрдэнэ бид тав Гэрэлт-Ирээдүй хүүхдийн асрамжийн газар очиж хоол идчихээд 17 цагийн орчим тавуулаа архи ууж халаагаа авъя гээд асрамжийн газраас гарсан. Замаараа Бат-Эрдэнэ дэлгүүрээс Буржакийн өгсөн мөнгөөр 2 шил 0.75 граммын архи, 2 ширхэг түмний ундаа аваад дэлгүүрийн булан тойроод Жуковын буудал руу алхсан, тэр үед 18 цаг болж байсан санагдаж байна. Бид нар тэр архи авсан дэлгүүрийн булан тойроод явж байхад би гартаа ундаа барьчихсан байсан юм. Тэгсэн чинь Баяраа, Одхүү хоёр миний урд талд хашаад яваад байхаар нь Одхүүгийн араас хөл рүү нь хөлөө хүргээд дэгээдэхэд Одхүүгийн хөл орооцолдоод газарт унахад нөгөөдүүл инээлдээд байсан. Одхүү намайг дараа гэнэдүүлж байгаад унагаанаа гэж тоглож хэлж байсан. Би тэр дор нь Одхүүгийн хувцсыг гөвж өгөөд гар бариад цаашаа хамтдаа алхаад Жуков орсон. Жуковын цэцэрлэг, граж хоёрын голд байдаг хүн явдаггүй газар бид нар тавуулаа сууж байгаад дэлгүүрээс авсан 2 шил архиа задалж би Баяраа, Буржак хоёртой 1 шил архийг нь, нөгөө 1 шил архийг нь Бат-Эрдэнэ Одхүү хоёр уусан. Тэр үед 19 цаг өнгөрч байсан. Бид цаашаа яваад “Пицца хат”-ын тийшээ очиход Одхүү толгой өвдөөд гээд жаахан бөөлжсөн. … Бид Бат-Эрдэнэтэй хамт  21 цаг өнгөрч байхад Буржакийн гэрт очиход тэд нар ирээгүй байсан. Удалгүй 30 минутын дараа Буржак, Баяраа хоёр Одхүүг таксигаар хүргэж ирээд Буржакийн гэрт оруулсан. Одхүү согтоод тасарчихсан бололтой хурхираад унтаад байсан… шөнө дунд Одхүү бөөлжсөндөө хахаад байсан. Тэгээд өглөө нь Одхүүг босохгүй болохоор нь эмээг нь дуудуулаад дараа нь түргэн дуудсан, түргэн ирээд Эх нялхас руу Одхүүг авч явсан боловч Одхүү эмнэлэгт нас барсан байсан /хх-56-57х/ гэжээ.

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний төрсөн хүү талийгаач Одхүү нь 2001 оны 09 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. 2008 онд 7 нас хүрээд Дорнод аймгийн Хэрлэн сумын “Шинэ Хөгжил” цогцолбор сургуульд элсэн орж тус сургуульд 4 дүгээр анги хүртэл буюу 2012 он хүртэл сурсан. Сургуульд сурч байх хугацаанд нь би өөрөө Улаанбаатар хотод ажил хийдэг байсан юм. Боловсролын хувьд хичээл номоо сайн хийдэг, сайн дүнтэй сурдаг байсан. Би 2002 оноос эхлэн Улаанбаатар хотод ажил хийхээр болоод 2002 оноос эмээ Жуунхуарын асрамжинд очсон. 2008 оноос сургуулиасаа гараад 2009 онд Улаанбаатар хотод ирж надтай хамт Баянгол дүүргийн Зурагтын шинэ эцэст түрээсийн байранд  амьдардаг байсан. Түрээсийн байранд амьдардаг байхдаа хажуу айлынхаа хүүхдүүдтэй нийлж сүмд явдаг байсан. Бид 2 хамт 1 жил гаруй амьдарч байгаад ээж маань хотод ирээд Баянгол дүүрэгт байрны орцны жижүүрийн ажил хийж Одхүү ээжтэй хамт байх болсон. Ээж маань орцны жижүүрийн ажлыг хийж байгаад Дорнод аймаг руу явах үед талийгаач хүү маань хамт сүмд явдаг байсан найзуудынхаа гэрээр амьдардаг байсан. Манай ээж Жуунхуар нь 2015 оны 04 сард Улаанбаатар хотод эргэн ирж өмнө нь ажиллаж байсан байрандаа  орцны жижүүр хийсэн. Тэгэхэд хүү Одхүү хамт амьдардаг байсан. Ээж Жуунхуар болон талийгаач нь Улаанбаатар хотод очоод өөр хаагуур оршин сууж амьдарч байсан талаар би тодорхой сайн мэдэхгүй байна. Талийгаач Одхүүгийн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчин зовлонгүй, эрүүл саруул хүүхэд байсан. Зан байдлын хувьд 2009 оноос хойш 1 жил гаруй хамт амьдрахдаа эхэндээ миний үгэнд сайн ордог байсан ч сүүлдээ үгэнд орохоо байж мөнгө өгөхөд хажуу айлынхаа хүүхдүүдтэй нийлж PC тоглоомын газар явж тоглоом тоглох их дуртай болсон. Орой гаднаас орж ирэхэд нь хаагуур явж байгаад орж ирэв гэж асуухад PC тоглоом тоглож байгаад ирлээ гэдэг байсан. Хажуу айлын  хүүхдүүдтэй нийлж гадуур тэнэж гэртээ хонох нь багасаж юу хийгээд яваа нь мэдэгдэхгүй болсон. Зан байдал нь эвдэрч үгэнд орохгүй өөдөөс хэрэлддэг түргэн ууртай, амархан гомддог, мөнгө нэхэхэд нь өгөхгүй бол уурлаж, хийж өгсөн хоолыг голдог болсон, мөн түрийвчнээс хэлэлгүй мөнгө аваад найзуудтайгаа тоглоом тоглож гадуур хонодог байсан. Талийгаач Одхүү нь нас барахаасаа өмнө миний түрээслэж байсан байр буюу Зурагтын шинэ эцэст манай талийгаач ээж болох Жуунхуарын хамт нийтийн байранд амьдардаг байсан. Би хүүгээ нас барсанд гомдолтой байна. Талийгаач ээж маань хохиролд 450.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бол тэр мөнгөн дүнг нэхэмжилж байна/1хх-236-237х/гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /агсан/ Ж.Жуунхуар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн орчим миний зээ хүү Одхүүгийн найз Буржак гэдэг хүү манайд гүйж ирээд эмээ Одхүү ойрхон айлд бие нь хачин болчихсон, татах гээд байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь би Буржакийг дагаад тэр айл руу нь очиход тэнд Одхүүтэй нийлдэг зарим найзууд нь байсан. Одхүүг хөнжлөөр хучаад гудсан дээр хэвтүүлчихсэн байдалтай байхаар нь би Одхүү рүү очоод зээ хүүгээ тэврэхэд бие нь халуун мөртлөө хөлд нь өсгийн талаасаа хөхөрчихсөн, амьсгалаад байгаа мөртлөө ухаангүй байдалтай байсан. Тэнд байсан хүүхдүүд эмээ эмч дуудчихсан байгаа гэж надад хэлсэн, удалгүй түргэний эмч ирж Одхүүг үзээд бие нь хүнд байна гээд Одхүүг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв” рүү аваачсан, тэнд сэхээний бололтой эмч нар Одхүүг үзээд зохих арга хэмжээг авсан боловч найдваргүй боллоо, ар гэрээс нь өөр хүн байвал дууд гэсэн, зээ хүү маань эмнэлэгт очоод 15 цаг өнгөрч байхад нас барсан. Талийгаачийн ээж намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролц гэсэн болохор би тогтоогдсон юм. ...Талийгаачийн буяны ажилд зориулж талийгаачийн явдаг байсан “Гэрэлт-Ирээдүй” нэртэй төслийн /сүм/ байгууллагаас нь надад 2015 оны 11 дүгээр сард 805.000 төгрөгний туслалцаа үзүүлсэн. Хэрэв цаашид Гришагийн гэм буруугийн асуудлыг шүүхээр ороод тогтоогдох юм бол би 450.000 төгрөг нэхэмжилнэ, өөрөөр гомдол санал гээд байх зүйлгүй /хх-11-13х/ гэжээ.

 

Шинжээч С.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Талийгаач архи ууснаасаа хойш тодорхой хугацаа өнгөрчихсөн, тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн байсан учир  цуснаас нь архи илрэхгүй байж болно. Шинжилгээнд орж байхад нэг их үнэртэхгүй байсан. Шимэгдсэн үе нь таарсан болов уу гэж бодож байна. Хохирогч нь их бөөлжсөн учир ходоодоо цэвэрлэчихсэн байх боломжтой гэж үзэж байна. Гэмтлийн хувьд хүчтэй савж унахад энэ гэмтэл үүсэхийг үгүйсгэхгүй. Хохирогчийн нүүрэн дээр нэг их тод харагдахгүй ч баруун нүдний зовхи, хөмсөг дээр их бүдэг шалбаралт, цус хуралт харагддаг. Алхаж явахад нь дэгээдэж унагавал өөрийнхөө жингээр унана, хүчтэй унаж болно. Хуйх доор нь жижиг цус хуралт байдаг. Энэ цус хуралт үүссэн хэсгээрээ унасан гэж үзэж болно. Мөн энэ гэмтэлд саруул үе гэж байдаг. Энэ нь эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийж болно. Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж, зарим хүн нь хэдэн цаг, зарим хүн нь хэдэн өдрөөр эрүүл хүн шиг явдаг. Хохирогч машины осолд ороод гавал тархи нь цуурсан гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. Кардонон цаасаар талийгаачийг цохиход энэ гэмтэл учрахгүй гэв.

 

Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Хэргийн материал болон дүгнэлтэд тусгагдсан гэмтэл бол цаг хугацааны хувьд тохирно. Яагаад гэвэл цусан хураа аажим хурж болдог юм. Талийгаачийн биед хийсэн үзлэгээр нүүрэнд илэрхий шинэ их хэмжээний гэмтэл байгаагүй. Тийм учраас маш хүчтэй доргилтоос үүсгэгдэнэ. Гэхдээ яг хэдэн удаагийн давтамжаар үүсгэгдэх талаар тодорхойлох боломжгүй. Нэг удаа байж болно. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн тогтоолын дагуу хавтас хэрэгтэй бүрэн танилцаж хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талийгаач эхлээд газарт унаад мөн дараа нь толгойдоо цохиулсан байна. Түүний дараа бөөлжсөн ухаан алдсан байдаг тэгэхээр талийгаачид учирсан гэмтэл дээрхи тохиолдолд үүсэх боломжтой. Цусан хураа үүсэх явцад хүн идэвхитэй үйл хөдөлгөөн хийгээд явж болно. Уг гэмтэлд яг цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Тархинд үүссэн цусан хураа хүний биеийн онцлог болон гэмтлээс шалтгаалан харилцан адилгүй бага багаар нэмэгдээд л үхэлд хүрэх хугацааг нарийн тогтоохгүй /2хх-13-15х/гэжээ.

 

Насанд хүрээгүй гэрч Э.Билгүүдэй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: … Гриша Одхүүгийн ард хөлөө тавьж Одхүүг дэгээдэж унагаасан чинь Одхүү толгойгоо барьж босч ирээд Гриша руу чулуу шидээд хөөцөлдөж байгаад болисон, тэгээд бид нар граж дунд орж архиа хувааж ууцгаагаад бүгдээрээ бөөндөө Халдварт руу явж байсан чинь Одхүү толгой өвдөөд байна гэхээр нь би толгойг нь барьж өгч байтал уйлах гээд байсан. ...Гриша Жуковт архи уух гэж явж байхдаа ард нь хөлөнд нь дэгээ тавьж унагахад Одхүү толгойныхоо баруун билүү хойд хэсгээрээ унасан байх юу ч гэсэн толгойныхоо баруун билүү зүүн гараараа дарж босч ирээд Гриша руу чулуу шидэж хөөгөөд байсан. Дараа нь би над руу бөөлжсөнд уур хүрээд би 2 удаа хэвлий хэсэг рүү нь дэвссэн /хх-18-20х/ гэжээ.

Насанд хүрээгүй гэрч Ц.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: … Жуков руу алхаж явж байхдаа буюу Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын байрны замын хойд талын явган хүний зам дэр явж байхад Гриша тоглоомоор Одхүүгийн хөлөнд нь хөлөө хийгээд дэгээдсэн тэр үед Одхүү биеийнхээ баруун талаараа унасан тэгээд босоод бид нар цаашаагаа Жуков руу очоод Шавь цогцолбор сургуулийн байрных нь хойд талын грашны голд архийг бүгдээрээ хувааж уусан /хх-23-25х/ гэжээ.

Гэрч Ё.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай төвөөс 21 цаг 38 минутанд Баянгол дүүргийн Эх нялхасаас доошоо урууддаг Петровис клонкын замын эсрэг талд зам дагуу ухаангүй согтуу 14 настай хүүхэд байна гэсэн дуудлага өгсний дагуу очиход согтуу байгаа гэх хүүхдээс гадна түүний найз гэх 2 хүүхэд, мөн дуудлага өгсөн хүүхдийн хамт байж байсан. Би тэр хүүхдийн гадна хувцасыг тайлаад чагнаж үзэхэд зүрхний авиа тод жигд зүрхний цохилт бага зэрэг түргэссэн, артерийн даралтыг үзэхэд нэг талдаа 100/70, эсрэг талдаа 90/60 гэсэн үзүүлэлттэй, хүүхэд бөөлжсөн бололтой нүүр аман дээр нь нус наалдсан, орчноо сайн мэдрэхгүй ч эмч өөрийг нь үзэж  байгааг мэдэрч байсан. ... Би ажил үүргийн дагуу дуудлагын хуудас бөглөсөн, уг дуудлагын хуудсан дээр ... 1 дүгээрт согтолт гэсэн онош тавьсан, энэ хүүхэд асуусан асуултанд хариулсан, мөн гадна үзлэгээр гэмтлийн гаралтай шинж тэмдэг илрээгүй, гэмтлийн анамнез байхгүй учраас зохих журмын дагуу хамт явсан найзуудад нь хүлээлгэж өгөөд явсан. Энэ хугацаанд надтай цагдаагийн ажилтан хамт байсан болно /хх-28х/ гэжээ.

 

Гэрч Ц.Буянхишиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 06-ны орой Цагдаагийн дэд ахлагч Содбаярын хамт ээлж хүлээж аваад Тайшир-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 36 минутанд 102 төвөөс Баянгол дүүргийн 16 дугаар хороо Петровис клонкийн замын эсрэг талд зам дагуу ухаангүй согтуу хүүхэд байна гэсэн дуудлага өгсөн, уг дуудлагаар очиход Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ертөнцийн зүгээр Петровисийн клонкийн баруун талд буюу Туулын 16 дугаар гудамжны үзүүрт Одхүү гэдэг 15 орчим насны эрэгтэй хүүхэд согтуу тасарчихсан байдалтай байсан ба түүнтэй хамт явсан гэх 2 хүүхэд хажууд нь байсан ба 103-ийн эмч ирээд үзлэг хийгээд дуусаж байсан. Тухайн үед Одхүүтэй хамт явсан 2 хүүхэд найзыгаа хариуцаж авч яваад унтуулчихъя гээд байсан ба түргэний эмч Одхүүг дараагийн шатны эмнэлэгт хүргэх шаардлагагүй гээд 2 найзад нь хариуцуулж өгөөд явсан, тэгээд бид уг дуудлагыг хаасан байгаа/хх-31х/гэжээ.

 

Гэрч Спиряков Елена Сампильноровна мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Монголд төрж өссөн болохоор монгол хэлийг сайн мэднэ, Монголоор уншиж бичиж ярьж чадна, иймд орчуулагчгүй байцаалт өгнө. Спиряков Григорий Александрович нь 1997 оны 07 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх тасагт Александровичийн 2 дахь хүү болон мэндэлсэн, энэ жил 18 настай, Григорий нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 8 настайдаа Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 3 дугаар анги хүртлээ суралцаад дараа нь Баруун 4 замын орчимд байрлаж байсан тэтгэлгийн сургуулийн 4, 5-р ангид суралцсан боловч 5 дугаар ангид сурч байх хугацаанд уг сургууль нь хаагдаад түүнээс хойш дахин суралцаагүй сургуулиас завсардсан юм. Сургуульд сурч байхдаа тооны хичээлдээ сайн, дуу хөөрхөн дуулдаг, шогч зантай хүүхэд байсан. Аав, ээжийнхээ үгэнд гайгүй ордог. Эрүүл мэндийн талаас харшлах өвчин хууч одоогоор байхгүй. Григорий нь ам бүл 5. Ээж, аав, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 150-1 тоотод оршин суух бүртгэлтэй, энэ хаяган дээр амьдарч байгаад 1 жилийн өмнө манайх Ботаник руу нүүгээд айлын хашаанд түр амьдарч байгаа. Григорий нь одоогоос 4 жил орчмын өмнөөс РС-тоглоом тоглож эхлээд түүнээс хойш гэртээ тогтохоо больсон, хааяа гэр орондоо ирэхээр нь би гэрээсээ гаргадаггүй, харин нэг гарахаараа буцаж ирэхээ мэддэггүй юм.  Григорий миний дэргэд архи ууж тамхи татаад байдаггүй ч хааяа өмднийх нь халаасанд асаагуур байгаа харагддаг. Урд өмнө нь хэрэг төвөгт орлоо гэж дуулдаагүй, голдуу хүүхдийн хаяг тогтоох төвд үе үе очдог, тэндээс би хүүгээ олж авдаг байсан юм. 2015 оны 10 сараас Григорий үе үе гэртээ ирээд гэртээ хэд хоног хонож өнжөөд овоо тогтвортой байсан, тэгснээ хамгийн сүүлд буюу 2015 оны 11 сарын 05-ны орчим гэрээсээ гарч яваад буцаж ирээгүй, гэтэл 2015 оны 11 сарын 07-ны орой Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс над руу яриад Григорийг хэрэгт холбогдсон талаар дуулгахаар нь би энэ тухай мэдсэн. Григорийтой найзлаад нийлээд яваад байдаг хүүхдүүд байдаг ч би тэдний талаар тодорхой мэдэхгүй.  /1хх-29х/, 

Миний бие 1997 оны 07 сарын 27-ны өдөр хуучнаар 1 дүгээр төрөхөд хүүгээ төрүүлж Григорий Александрович гэсэн нэрийг хүүдээ бид өөрсдөө өгсөн. Тухайн үедээ Оросын элчин сайдын яаманд би хүүхэд төрүүлсэн талаараа хандаж бүртгүүлж байсан, гэхдээ Оросын холбооны улсаас миний хүүд төрсний гэрчилгээ олгогдоогүй, бид нар ч хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хөөцөлдөж авч чадахгүй өдий хүрсэн.  Григорийг Оросын холбооны улсын иргэн болохыг нотолсон ямарч бичиг баримт байхгүй болохоор бид хүү Григорийг 18 нас хүрэнгүүт нь Монгол улсын иргэний харьяалалтай болгодог юмуу гээд материал бүрдүүлж холбогдох газарт нь хандана гэж бодож байсан боловч одоо болтол чадахгүй л яваад байгаа юм. Би Оросын элчин сайдын яаманд хандаж Григорийтой холбоотой ямар нэгэн бичиг баримт байгаа эсэх талаар асуусан боловч надад холбогдох бичиг баримт байхгүй байна гэсэн ам хариу өгсөн. Апь улсын иргэний харьяалалтай болохыг нотолсон ямарч бичиг баримт бидэнд байхгүй байгаа болохоор Григорийг харьяалагүй хүн гэж тооцож болно. Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй хашаа байшингаа зараад түүнээс хойш голдуу түрээсийн байраар амьдарч байгаа учраас тухайн тухайн хорооноос нь тодорхойлолт гаргуулж авсан /1хх-30х/ гэжээ.

 

Гэрч Спирякова овогт Анжелика Александровна мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Спиряков Григорий Александрович нь 1997 оны 07 сарын 27-ны  өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх тасагт Александровичийн 2 дахь хүү болж төрсөн, энэ жил 18 настай боловч төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх авч байгаагүй, Григорий нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 8 настайдаа Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 3 дугаар анги хүртлээ суралцаад дараа нь Баруун 4 замын орчимд байрлаж байсан тэтгэлгийн сургуулийн 4, 5-р ангид суралцсан боловч 5-р ангид сурч байх хугацаанд сургууль нь хаагдаад түүнээс хойш сургууль завсардсан юм. Зан байдлын хувьд нийтэч, аав, ээж, эгч, ах нартайгаа найрсаг харилцаатай, багадаа тооны хичээлдээ сайн, ой тогтоолт сайтай сэргэлэн хүүхэд байсан, мөн бусдад тусархуу, ар гэрийн зүгээс бол Григорийд ямарч дарамт шахалт байхгүй. Хамгийн гол нь сургууль завсардсан, эрхэлсэн тодорхой ажилгүй учраас сүүлдээ гэр орондоо тогтохоо болиод сүүлийн 3-4 жил орчмын өмнөөс РС-тоглоод тэр үеэсээ хойш гэр орноосоо хонуут өнжүүтээр явчихдаг, гадуур хоноод яваад байдаг болсон байна лээ. Би Григорийн төрсөн эгч боловч өөрөө эрт хүнтэй суугаад 2003 онд тусдаа гарсан болохоор аав ээжийнх рүүгээ байнга очоод байх боломж надад байдаггүй юм.  Григорий аав, ээж, ах Виталий нарын хамт амьдарч байсан, одоогоор тодорхой оршин суух хаяг байхгүй, аав, ээж хоёр хувиараа тогооч хийж байсан боловч аав хөлөө- гэмтээгээд ажилгүй байгаа, ээж 2015 оны 10 сард 10-р хороололд барилгын ажил хийж байсан ажилчдад хөлсөөр хоол хийж өгч байгаад цалингаа авч чадаагүйгээс ажлаасаа гарсан байгаа, амжиргааны түвшин тааруу амьдралтай болно. Григорий багадаа Монголд амьдарч байсан местны оросуудын хүүхдүүдтэй нийлдэг байсан, тухайн үедээ орос хэлийг бага зэрэг ойлгодог байсан боловч сүүлийн жилүүдэд Монгол хүүхдүүдтэй голдуу найзалж нөхөрлөдөг болсон, одоо Орос хэлээ бараг мартсан оросоос илүү монгол хэлээр чөлөөтэй сайн ярьдаг юм. Миний аав Александр, ээж Елена, дүү Виталий нар Оросын холбооны улсын иргэншилтэй, бүгдээрээ Оросын холбооны улсын иргэний үнэмлэхтэй. Харин дүү Григорийг манай ээж Елена 1997 онд төрүүлээд Оросын элчинд хүүхэд төрүүлсэн талаараа хандаж бүртгүүлж байсан боловч Григорийд төрсний гэрчилгээ хөөцөлдөж авч чадаагүй гэсэн юм. Тэгээд Григорийг 18 насанд хүрэнгүүт Монгол улсын иргэний харъяалалтай болгох бодолтой байсан боловч одоогоор ямар нэгэн холбогдох байгууллагад хандсан, материал бүрдүүлж өгсөн зүйл байхгүй /хх-34х/гэжээ.

 

Гэрч А.Долгор мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2004 оноос эхлэн “Хөгжлийн хэлхээ” төрийн бус байгууллагад гэр бүл судлаач, гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан болохоор ажил хэргийн шугамаар Спиряков Григорий Александровичийн аав Александр, ээж Елена нартай 2005 онд танилцаж байсан. Учир нь манай төрийн бус байгууллага гудамжны тэнэмэл амьдралтай хүүхдүүдийг илрүүлж судлаад нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг,улмаар хүүхдийг хаяг тогтоох төв болон Нийслэлийн хүүхдийн төлөө газар, хүүхэд хамгааллын сүлжээ зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан тул тэр үед Гриша гэх хүүхдийн талаар тэднийхтэй хөрш байсан айлын хүмүүс нь бидэнд мэдээлэл өгөөд энэ хүүхдийг сургуульд сурахад нь туслалцаа үзүүлээч гэж манайд хандаж байсан юм. Үүний дагуу би 2005 онд Гриша гэдэг хүүтэй анх уулзаж амьдралыг нь судалж үзэхэд ээж Елена, аав Александр нар нь архи уудаг архины хамааралтай местны гэх тодотголтой, ямарч орлогогүй ядуу амьдралтай өрх болох нь тогтоогдсон ба хүү Гриша нь өмсөх хувцас хунаргүйн улмаас хичээл сургуульдаа явж чадахгүй байгаа талаар нь мэдсэн. Тэгээд би Гришагийн сургалтын түвшинг шалгаад Нийслэлийн 30-р сургуулийн 3-р ангид оруулж өгч байсан, Гриша нь анх тус сургуулийн 1-р ангид элсэн орж суралцаж байсан боловч ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарчихсан байсан юм байна лээ. Би тухайн үед Гришаг 3-р ангид нь оруулж өгөөд сургуулийн асуудлыг нь бүрэн шийдэж өгсөн боловч түүнээс хойш 2009 онд хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх судалгааны ажил хийж яваад дахин Гриша болон түүний ар гэрийнхэнтэй уулзахад Гриша нь 3-4-р анги хүртлээ сураад дахиад сургуулиас гарчихсан байсан. Гришагийн аав ээж нь амьдралын боломжгүйгээс хүүхдээ сургаж чадахгүй байна гэсэн тайлбар хэлж байсан, тэднийх өөрсдийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын гудамжинд амьдарч байрлах хашаа байшингаа зараад сүүлдээ өөрийн гэсэн орон гэргүй болчихсон, энд тэнд байр хөлсөлдөг боловч төлбөр мөнгийг нь төлж чадахгүйгээс хөлсний байрнаасаа хөөгдчихдөг, тэгээд Гриша нь гадуур тэнээд байдаг болсон гэсэн. Гришагийн аав, ээж нь Оросын холбооны улсын иргэншилтэй, харин хүү Гришагаа 2009 онд Монголын иргэншилтэй болгох гээд чадаагүй юм байна лээ. Тухайн үед би Гришад иргэний бичиг баримт авч өгөх гээд хөөцөлдөж байсан боловч ээж Елена нь Орос улсын паспорттой болохоор хүүхдэд нь Монгол төрсний гэрчилгээ олгож болохгүй байсан юм, одоо Гриша 18 насанд хүрчихсэн болохоор бичиг баримтаа бүрдүүлж иргэний шүүхээр ороод Монгол улсын иргэншилтэй болж болох юм. Спиряков Григорий Александровичийг би болон Гришатай нийлдэг бусад хүүхдүүд нь түүнийг Гриша гэдэг нэрээр нь л мэднэ.

Гриша 2004 оноос хойш голдуу хүүхдийн хаяг тогтоох төвөөр үйлчлүүлж байсан хүүхэд бөгөөд эцэг эх нь сүүлдээ хүүхдээ хараа хяналт тавьж дийлэхээ больсон бололтой байна лээ. Хамгийн сүүлд би 2015 оны 10 сарын сүүлээр 3,4-р хороололд Гришатай нэг удаа таарахад Гриша нь өөрийнхөө үеийн бололтой Баянзүрх дүүрэгт хаягтай 4-5 банди нартай нийлчихсэн явж байсан, сүүлдээ Гриша нь гудамжаар тэнээд явдаг янз бүрийн хүүхдүүдтэй нийлдэг болчихсон байна лээ. Хувийн байдлын хувьд Гриша их сэргэлэн цовоо, хэний ч эвийг олчихно, бусадтай харьцаа үүсгэх ойлголцохдоо амархан, шударга зантай, худлаа яриад байдаггүй. Харин сүүлд хааяа архи уудаг болчихсон гэх сураг дуулдсан, ямарч гэсэн хүнд хор хүргээд байхгүй, мөрөөрөө тэнээд явдаг байсан хүүхэд болно. Би Гришагийн холбогдсон хэргийнх нь талаар мэдэхгүй /1хх-33х/гэжээ.

            2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1974 тоот шинжээчийн дүгнэлтийн задлан шинжилгээний оношид:

1.Гавал тархины битүү гэмтэл: Тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу бүрхүүл доорхи болон гавлын баруун урд, дунд хонхорын цусан хураа. Тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн голомтлог няцрал.

2. Зүрх судасны хурц дутагдал, Тархи уушигны хаван.тархи дарагдалт.

3. Нүүрний шалбаралт, цус хуралт

Дүгнэлтэд:

1. Одхүүгийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурьдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Одхүүгийн биед тогтоогдсон баруун хөмсөг, дух, эрүүний цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй гэмтэл болно.

3. Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.

4. Талийгаач нь АВО-н системээр ВIII-р бүлэгтэй байна.

5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн зүйл илрээгүй байна.

6. Одхүү нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ /хх-41-42х/гэжээ.

            2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1173 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1974 тоот задлан шинжилгээний явцад тогтоогдсон баруун зовхины цус хуралт, эрүү болон хөмсөгний шалбаралтууд нь шинэ гэмтлүүд байна.

2. Дээрхи гэмтлүүдийг авсан үед цус гарахгүй байж болно.

3. Болсон хэргийн байдлаас үзэхэд хавсарч унагасан, баруун шанаа руу нь цохисон гэх үйлдлийн дараа толгой өвдсөн, ухаан алдсан клиник шинж илэрч байгаа нь гэмтэл авсан цаг хугацаа гэж тодорхойлох боломжтой.

4. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохиулах, хавсарч унах үйлдлийн үед үүсэх боломжтой байна /2хх-11-12х/гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Спиряков Григорий Александровичийг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх-56-57х/, гэрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Б.Энхтуяа /1хх-236-237х/ Ж.Жуунхуар /хх-11-13х/, насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнэ /хх-14-17х/, Э.Билгүүдэй /хх-18-20х/, Ц.Баярсайхан /хх-23-25х/, Ё.Отгонжаргал /хх-28х/, Ц.Буянхишиг /хх-31х/,  Спиряков Елена Сампильноровна /хх-29-30х/, Спирякова  Анжелика Александровна /хх-34х/, А.Долгор /хх-33х/, нарын мэдүүлгүүд, шинжээчийн 1974 тоот /хх-41-42х/, 1173 тоот /хх-11-12х/ дүгнэлтүүд,  шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүүд /2хх-13-15х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х-3-5х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-6, 43, 81-84х/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-7-9х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-23-40х/, хохирлын баримтууд /1х-71-77х/, 50-88х, 14-23х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-125х,/ мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /1хх-131-132х, 2хх-32-33х/ зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай байна гэж үнэллээ.

Шүүгдэгч Спиряков Григорий Александрович нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Офицерүүдийн ордны дэргэд байрлалтай “Гэрэлт Ирээдүй” сүмээс найзуудийн хамт гараад явж байхдаа  Э.Одхүүг дэгээдэн унагасанаас биед тархины битүү гэмтэл учирч улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт  2015 оны 11  дүгээр сарын 07-ны өдөр хүргэгдэн 15 цагийн үед зүрх судасны хурц дутагдалаар нас барсан болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Спиряков Григорий Александровичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Спиряков Григорий Александровичийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал …”хохирогчийг дэгээдэн унагаснаас өөрөөр цохиогүй”, ... “хохирогч архи уусан байхад цусанд нь спиртийн зүйл илрээгүй гэсэн дүгнэлт эргэлзээтэй” гэх зэргээр мэтгэлцэж байгаа боловч насанд хүрээгүй гэрч Ц.Баярсайханы “Жуков руу явж байхдаа буюу Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын байрны хойд талын явган хүний зам дээр  Гриша тоглоомоор Одхүүгийн хөлөнд нь хөлөө хийгээд дэгээдсэн, тэр үед Одхүү биеийнхээ баруун талаараа унасан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Билгүүдэйгийн: “Гриша Одхүүгийн ард хөлөө тавьж Одхүүг дэгээдэж унагаасан чинь Одхүү толгойгоо барьж босч ирээд Гриша руу чулуу шидээд хөөцөлдөж байгаад болисон, тэгээд бид нар граж дунд орж архиа хувааж ууцгаагаад бүгдээрээ бөөндөө Халдварт руу явж байсан чинь Одхүү толгой өвдөөд байна гэхээр нь би толгойг нь барьж өгч байтал уйлах гээд байсан. ...Одхүү толгойныхоо баруун билүү хойд хэсгээрээ унасан байх юу ч гэсэн толгойгоо  баруун билүү зүүн гараараа дарж босч ирээд Гриша руу чулуу шидэж хөөгөөд байсан. Дараа нь над руу бөөлжсөнд уур хүрээд би 2 удаа хэвлий хэсэг рүү нь дэвссэн” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч С.Одончимэгийн: “Талийгаач архи ууснаасаа хойш тодорхой хугацаа өнгөрчихсөн, тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн байсан учир  цуснаас нь архи илрэхгүй байж болно. Шинжилгээнд орж байхад нэг их үнэртэхгүй байсан. Шимэгдсэн үе нь таарсан болов уу гэж бодож байна. Хохирогч нь их бөөлжсөн учир ходоодоо цэвэрлэчихсэн байх боломжтой.  Гэмтлийн хувьд хүчтэй савж унахад энэ гэмтэл үүсэхийг үгүйсгэхгүй. Алхаж явахад нь дэгээдэж унагавал өөрийнхөө жингээр унана, хүчтэй унаж болно. Хуйхан доор нь жижиг цус хуралт байдаг. Энэ цус хуралт үүссэн хэсгээрээ унасан гэж үзэж болно” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогчийг дэгээдэж унагаснаас тэрээр тархины битүү гэмтэл авч улмаар зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь нотлогдож байна гэж шүүх үзсэн болно. Харин шүүгдэгч нь үйлдлийнхээ хор уршгийг урьдчилан харах боломжтой байсан боловч, хайхрамж болгоомжгүй хандаж бусдын амь насыг хохироосон гэж дүгнэх үндэслэлтэй. Шүүх насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн: ...Гриша Одхүүг сэтгүүлээр нэг удаа толгой руу нь цохиод арчаагүй пизда вэ гэж хэлээд дахиад гараараа Одхүүгийн баруун чамархай орчим нэг удаа цохисон /хх-14-17х/гэсэн мэдүүлгийг давхар нотлогдохгүй байх тул  нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх шүүгдэгч Спиряков Григорий Александровичид ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогч Э.Одхүүгийн эмэг эх Ж.Жуунхуар тогтоогдсон байсан боловч хэргийг шалгах явцад нас барж, түүний төрсөн эх Б.Энхтуяаг тогтоосон, тэрээр шүүгдэгч Спиряков Григорий Александровичоос нийт 450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Спиряков Григорий Александрович нь хэдийгээр орос үндэстэн боловч түүний ээж Спиряков Елена Сампильноровна болон өөрөө Монгол улсад төрж өссөн, ерөнхий боловсролын дунд сургуульд бага боловсрол эзэмшсэн, монгол хэлээр сайн ярьдаг, ойлгодог /орос хэлийг муухан ойлгодог/ иргэний ямар нэгэн бичиг баримт авч байгаагүй, тодорхой харъялалгүй, түүний гэр бүл тогтмол хаяггүй, айлын байр болон гэр хөлслөн амьдардаг болох нь тогтоогддог зэргийг дурьдаж байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурьдаж, шүүгдэгч Спиряков Григорий Александровичийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 335 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг  энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Спиряков Григорий Александровичийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Спиряков Григорий Александровичийг 1 /нэг/ жил 2 /хоёр/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Спиряков Григорий Александровичид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Спиряков Григорий Александровичийн цагдан хоригдсон 335 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан  тооцсугай.                                                                                                                                                                                                                                                                                                   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Спиряков Григорий Александровичийн ар гэрийн хувьд ноогдох хөрөнгөөс 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхтуяад олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Спиряков Григорий Александровичид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Спиряков Григорий Александровичид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

 

ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ