Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/77

 

 

                           2023/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Дийн Нд холбогдох 2312000000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Х багийн .. гэх газарт оршин суух, улсаас Алдарт уяач цолоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй Бовогт Дийн Н /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Хотонт сумын Орхон-Ус багийн Халзангийн давааны ар гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 35 ширхэг 1.1359м3 шоо метр нойтон шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, ойн санд 755.356 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000047 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Бын мэдүүлсэн: ...Би Дийн Нн нойтон шургааг хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагаа мэдэж байна. Нг танина. Манай сумын мал маллаж амьдардаг, малчин хүн байгаа юм. Төрөл садны холбоо байхгүй. Н нь Хотонт сумын ойн санд 755.356 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх хохирлыг 3 нэмэгдүүлж төлсөн тохиолдолд гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...2023 он гараад Хотонт сумын хэмжээнд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй байгаа. Дийн Н нь манай байгаль орчны албанаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Оын мэдүүлсэн: ...Манай нөхөр Дийн Н нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр модгүй боллоо, галын түлээ бэлдье гээд Хотонт сумын Орхон багийн Халзангийн давааны ар мод руу орсон юм. Тэгсэн чинь галын түлээ биш шургааг мод бэлдчихсэн байсан. Тэгэхээр нь би галын түлээний мод бэлтгээгүй яагаад шургааг мод бэлтгэж байгаа юм бэ гэсэн чинь малын байраа сэлбэх гээд бэлдчихлээ гэж хэлсэн. Босоо нарийн нойтон мод унагааж шургааг бэлтгэчихсэн байсан. Тэгээд би яагаад нойтон мод унагааж байгаа юм бэ, болохгүй шүү дээ гэж хэлсэн.  Мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, шургааг мод бэлтгэчихсэн юм. Зөвшөөрлийн бичгийг нь аваарай гэж би хэлж байсан боловч авалгүй бэлтгэчихсэн. Н нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч, хөдөлмөрч зан чанартай. Урьд өмнө нь шалгагдаж шийтгэгдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тгийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 23-өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Халзангийн давааны ар гэх газарт эргүүл хийгээд явж байхад шинэс төрлийн нойтон шинж чанар бүхий нарийн босоо 16 ширхэг мод унагаагаад 4 метр 10 орчим сантиметрээр тайраад 32 ширхэг шургааг мод бэлтгэчихсэн байсан. Тухайн өдөр хэн бэлтгэснийг эрэн сурвалжилж ажиллаад 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэргийн гомдол мэдээллийн 143 дугаарт бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлсэн. Шалгалтын явцад Архангай аймгийн Хотонт сумын харъяат Дийн Н бэлтгэснийг олж тогтоосон. Эргүүл хяналт шалгалт хийж явах үед шургааг мод нь Халзангийн давааны ар гэх газар байсан. Эзэн холбогдогчийг нь олж тогтоогоод Д.Нгээр өөрөөр нь Архангай аймгийн Хотонт сумын Сум дундын цагдаагийн тасгийн хашаанд авчруулан 32 ширхэг шургааг модонд нь үзлэг хийсэн юм. Шургааг мод нь Хотонт сумын Сум дундын цагдаагийн тасгийн хашаанд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Нн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би өмнө нь болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн, одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 23-24, 73 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-22, 72 хуу/

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/

“Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн АЦ23-11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-39 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 79-80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Хотонт сумын Орхон-Ус багийн Халзангийн давааны ар гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 35 ширхэг 1.1359м3 шоо метр нойтон шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж ойн санд 755.356 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь Архангай аймгийн Хотонт сумын Орхон-Ус багийн Халзангийн давааны ар гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 35 ширхэг 1.1359м3 шоо метр нойтон шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж ойн санд 755.356 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            иргэний нэхэмжлэгч Д.Бын мэдүүлсэн “Би Дийн Нн нойтон шургааг хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагаа мэдэж байна. Н нь Хотонт сумын ойн санд 755.356 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх хохирлыг 3 нэмэгдүүлж төлсөн тохиолдолд гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/,

гэрч Д.Бийн мэдүүлсэн “2023 оны гараад Хотонт сумын хэмжээнд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй байгаа. Дийн Н нь манай байгаль орчны албанаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,  

гэрч Г.Оын мэдүүлсэн “Манай нөхөр Дийн Н нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр модгүй боллоо, галын түлээ бэлдье гээд Хотонт сумын Орхон багийн Халзангийн давааны ар мод руу орсон юм. Тэгсэн чинь галын түлээ биш, шургааг мод бэлдчихсэн байсан. Тэгэхээр нь би галын түлээний мод бэлтгээгүй яагаад шургааг мод бэлтгэж байгаа юм бэ гэсэн чинь малын байраа сэлбэх гээд бэлдчихлээ гэж хэлсэн. Босоо нарийн нойтон мод унагааж шургааг бэлтгэчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/,

гэрч Д.Тгийн мэдүүлсэн “Би 2023 оны 01 дүгээр сарын 23-өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Халзангийн давааны ар гэх газарт эргүүл хийгээд явж байхад шинэс төрлийн нойтон шинж чанар бүхий нарийн босоо 16 ширхэг мод унагаагаад 4 метр 10 орчим сантиметрээр тайраад 32 ширхэг шургааг мод бэлтгэчихсэн байсан. Тухайн өдөр хэн бэлтгэснийг эрэн сурвалжилж ажиллаад 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэргийн гомдол мэдээллийн 143 дугаарт бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлсэн. Шалгалтын явцад Архангай аймгийн Хотонт сумын харъяат Дийн Н бэлтгэснийг олж тогтоосон. Эргүүл хяналт шалгалт хийж явах үед шургааг мод нь бэлтгэсэн Халзангийн давааны ар гэх газар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Нн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 68-70/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-22/, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Н нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Д.Нд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 36 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Д.Н нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Д.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 755.356 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /755.356*3= 2.266.068 /хоёр сая хоёр зуун жаран зургаа мянга жаран найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Д.Нгээс 2.266.068 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 176.000 төгрөгийн үнэлгээ бүхий 35 ширхэг 1.1359 м3 шоо метр мод, 140.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.950.068 төгрөгийг шүүгдэгч Д.Нгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Нн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Нг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бовогт Дийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгээс 2.266.068 /хоёр сая хоёр зуун жаран зургаа мянга жаран найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 176.000 төгрөгийн үнэлгээ бүхий 35 ширхэг 1.1359 м3 шоо метр мод, 140.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.950.068 төгрөгийг шүүгдэгч Д.Нгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

     

             7. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ