| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0164/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 166
Шүүгдэгч ******* овогтой ******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Ц.*******ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Цэнд овогтой ******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Э.*******ы биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Э.*******, Ц.******* нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* овогтой ******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр малын бэлчээр, өвөлжөө бууцны маргааны улмаас Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Ц.*******ын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш ******* нь манай гэрийн баруун хойно малтайгаа явж байсан. Би түүнийг “Айлын гадаа малаа хариулдаг болсон уу?” гэхэд “Манай мал хаана явах нь чамд хамаагүй, би энд үе удмаараа нутагладаг, манай мал хаана явах чамд ямар ч хамаагүй” гэсэн. Бид хоёр хоёулаа мотоциклиосоо буугаад заамдалцаж аваад хоолойгоо боолцож байх үед ******* нь миний гарын баруун шуун дээрээс хазсан хэл амаар доромжилж байсан. Дараа нь муудсаны дараа хоёулаа барилдъя гэж хэлж байсан. Бид хоёр жалганд байсан учраас хэн ч хараагүй. Нутаг ус бэлчээрээс болж муудалцсан. Намайг ******* цамцны захаар боосон, баруун гарын шуун дээрээс хазсан. Манай хоёр гэр хоорондоо 3 км зайтай байдаг. Өмнө нь маргалдаж байсан. Манайх *******ыхтай айл саахалт болоод хоёр, гурван жил болж байна. *******ыг өмнө нь таньдаг байсан. Гомдолтой байна, сэтгэл санаа бие эрх чөлөөнд халдаж, хэл амаар доромжилж нутаг усаар шахаж хавчиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн
9- 11-р хуудас/,
•Гэрч Э.Чулуунтөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 18-ны үдээс хойш манай ах ******* манайд ирээд “манай мал танай мал хоёр нийлчихсэн байна” гэж хэлээд яваад өгсөн. 30-40 минутын дараа хамраас нь цус гоожсон хүрээд ирсэн. *******т зодуулчихлаа гээд хамраа 00-ын цаасаар бөглөөд миний мотоциклийн ард сундалж суугаад овоон дээр гараад миний утсаар эхнэр рүүгээ ярьсан. Буцаж манайд ирээд ******* гэр рүүгээ яваад өгсөн. Орой 18 цагийн үед нийлсэн малаа ялгаж авахад ******* ах манай малыг харж байгаарай би Өмнөговь аймгийн төв явлаа гээд явсан. Би ******* ахын малыг 2017 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд харсан. Манай хойно 1 км хүрэхгүй Нөмөр хонд гэдэг газар *******ынх байгаа, түүний баруун талд л муудалцсан гэсэн. Яг юунаас болж муудалцсанг би сайн мэдэхгүй. ******* 2017 оны хавраас хөдөө гарсан. *******ыг хөдөө гарахаас өмнө хэрүүл маргаан болж байгаагүй. Манайх *******ынхаас 3 км зайтай, ******* ахынхтай 2 км зайтай. Харин ******* ахынх *******ынхаас 4 км зайтай байдаг юм. Урьд нь маргаан гарч байгаагүй...”гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Н.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Даланзадгад суманд ирээд хүүхдийн шүд янзлуулж байхад манай нөхөр ******* нь 15 цаг өнгөрч байхад 80148405 гэсэн дугаараас ******* намайг зодчихлоо гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.27-ны өдрийн 513 дугаартай шинжээч эмчийн: *******ын биед хүзүү, баруун шууны зулгаралт, баруун шууны хазагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжгой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 21-р хуудас/ гэсэн дүгнэлт,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/ болон шүүгдэгч Э.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн: ...“2017 оны 10 дугаар сарын 18-ны өглөө...Миний нүүр рүү цохиод боосон, би зөрүүлээд заамдсан чинь фудболк нь урагдсан. ******* намайг боогоод боолтоо тавихгүй болохоор нь түүний гарны шуу хэсэгт нь хазаж боолтоо тавиулсан. Боолтоо тавьчихаад дахин хувцаснаас бариад дахин боосон, боож байхдаа мөн нэг цохиж авсан, ...Би *******ыг фудболкоор хүзүүг нь бооход фудболк нь урагдсан, хүзүү нь зулгарсан байсан. Мөн шуу хэсэгт нь нэг удаа хазаж гэмтээсэн, өөр гэмтэл учруулаагүй...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 26-27-р хуудас/ зэргээр шүүгдэгч Э.*******ы гэм буруутай үйлдэл нотлогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Цэнд овогтой ******* нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр малын бэлчээр, өвөлжөө бууцны маргааны улмаас Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Э.*******ы биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
Хохирогч Э.*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр малаа харах гээд мал руугаа гарахад манай мал төрсөн дүү Чулуунтөмөрийн малтай Далан шар гэдэг газар нийлчихсэн байхаар нь би ялгаад хоёр гэр лүүгээ эргүүлчихээд хариад цай уучихаад буцаад Чулуунтөмөрийнд очиж мал нийлчихсэн байна, орой үлдсэнийг ялгая гэж хэлчихээд малаа харахаар жижиг гэр овоон дээр гарах гээд явж байтал цаана нь манай малыг ******* нь хөөгөөд байсан. Би наанаас нь мал руугаа очиход өөдөө мотоциклио хаазлаад давхиж ирээд тулж зогсоод сонин юу байна, юмгүй. гэж хариулж амжаагүй байхад заамдаж боож аваад бэлэн ам руу чихэж, намайг цохьсон. Миний хамраас цус гоожиж байхад нэг гараа лавшруулж атгаад хоолой боосон. Боолгоод унаж байхдаа *******ын гарын хазаж тавиулсан. Түүний дараа дахиж боож унагаад дахиж цохиж авахад нь би өнхөрч унаад түрүүлгээ хараад нүүрээ хамгаалтал толгойны зүүн тал руу өшиглөхөөр нь би *******ын баруун хөлийг барьж аваад татаж тэнцвэр алдагдуулсан. Дараа нь миний шилэн хүзүүн дээр дараад газар мөргүүлэх гэж оролдсон. Толгойгоо бултуулж гаргачихаад босоод явах гэтэл дахиж миний баруун гарын мөрөн дээрээс татаж унагаад дахиад хоёулаа зууралдаж байхдаа би чамайг шүүхэд өгнө гэсэн. Чи шүүхэд өг, хоёулаа чулуу няслая гэж над руу харааж байсан. ******* дахиад намайг татахаар нь “Эр хүн шиг ярилцъя" гэж хэлээд бөхийн барьц авч барилдаад, хэн нь ч хэнийгээ унагаж чадаагүй. Би мотоцикль руугаа явахад араас хараагаад байсан. Манай мал *******ын гэрийн хойгуур явж байхаар нь мал нийллээ гэж хэлээд би мотоциклио асаагаад хөдлөхөд буцаж ирээд манай гэр урд зүгт байгаа биздээ гэхээр нь би малаа зөрүүлэх гэж байсан биздээ гэж хэлсэн. Тэгээд л хоёулаа хоёр тийш явсан. Намайг ******* нь гараараа хоёроос гурван удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр бэлчээрээс болж маргалдсан. Өмнө нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны үед манай мал *******ын малтай нийлээд маргаж байсан. Гомдолтой байна, цаашид ийм зүйл дахин гарах уу гэдэгт л санаа зовж л байна. Хот явж эмчлүүлэхэд эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Бэлчээрт мал хариулж болохгүй хэцүү байна. Цаашид ийм зүйл дахиж гарч болзошгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
Гэрч Э.Чулуунтөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 18-ны үдээс хойш манай ах ******* манайд ирээд “манай мал танай мал хоёр нийлчихсэн байна” гэж хэлээд яваад өгсөн. 30-40 минутын дараа хамраас нь цус гоожсон хүрээд ирсэн, *******т зодуулчихлаа гээд хамраа 00-ын цаасаар бөглөөд миний мотоциклийн ард сундалж суугаад овоон дээр гараад миний утсаар эхнэр рүүгээ ярьсан. Буцаж манайд ирээд ******* гэр рүүгээ яваад өгсөн. Орой 18 цагийн үед нийлсэн малаа ялгаж авахад ******* ах манай малыг харж байгаарай би Өмнөговь аймгийн төв явлаа гээд явсан. Би ******* ахын малыг 2017 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд харсан. Манай хойно 1 км хүрэхгүй Нөмөр хонд гэдэг газар *******ынх байгаа, түүний баруун талд л муудалцсан гэсэн. Яг юунаас болж муудалцсанг би сайн мэдэхгүй. ...******* ахынх *******ынхаас 4 км зайтай байдаг юм. Урьд нь маргаан гарч байгаагүй...”гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Н.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны хавар 4 сард *******ын малтай манай мал нийлчихсэн байсан. Манай нөхөр *******ыг малаа харахгүй, мал чинь манай гадаа ирээд байна гэж хэлсэн байсан. Нэг мал үлдээд авах гэтэл бэлэн гаргаад хэл үгээр доромжилоод байсан гэсэн. Манайх *******тай айл саахалт буугаад ойрхон л байдаг. ******* нь 2017 оны хавраас хөдөө гарсан. *******ыг хөдөө гарахаас өмнө ийм хэрүүл гарч байгаагүй. Манай хоёр айл хоорондоо 4 км зайтай байдаг. Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Даланзадгад суманд ирээд хүүхдийн шүд янзлуулж байхад манай нөхөр ******* нь 15 цаг өнгөрч байхад 80148405 гэсэн дугаараас ******* намайг зодчихлоо гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 18-ны үдээс хойш ******* нь гэрийн баруун хойно малаа удаа дараа тууж ирээд “Би энд үе удмаараа нутаглаж байна” гэж газар нутгаар шахаж дарамт шахалт үзүүлж байсан. Малаа харах гээд баруун тийш гартал гэрийн баруун хойно малтайгаа явж таарсан. Би очоод айлын гадаа малаа хардаг болсон уу гэхэд манай мал хаана явах нь чамд хамаагүй гэхээр нь хоёулаа мотоциклоосоо буугаад заамдалцаад зууралдаж байхад ******* миний баруун гарын шуун дээрээс хазсан. Ноцолдож байхад ******* газар унаад босож ирэхдээ хамрын хажуу талдаа жоохон шалбарсан харагдсан юм. Бид хоёр хэрэлдэх биш хэлэлцэх биш байж байгаад салаад явсан юм. ******* бид хоёр саахалт айлууд байгаа юм. ******* удаа дараа нутаг усаар ялгаварлаж байсан. Мөн манай гэрийн гадуур малаа хариулаад байдаг, түүнээс болоод бид хоёр муудалцах болсон. Би *******ыг цохиж зодож гэмтээгээгүй, бид хоёр зууралдаж байгаад ******* газар унасан. Тэгэхэд гэмтсэн байж магадгүй юм. Бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ******* бид хоёрт өс хонзонтой асуудал байхгүй, уулзаж байгаад эвлэрцгээсэн. Надад нутаг усны талаар л гомдол байгаа, өөр гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг/хх-ийн 12, 31-32-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.20-ны өдрийн 500 дугаартай шинжээч эмчийн: *******ы биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун хөмсөг, хамар, баруун хацар, дээд уруулын зулгаралт, зүүн дал мөр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-р хуудас/ гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.*******ы өмгөөлөгч Э.******* гэм буруугүй, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас Ц.*******т хохирол учруулах үйлдэл хийсэн гэх дүгнэлт гаргаж байх боловч аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал нь гэм буруугүй этгээдийн хувьд хамааралгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн, үүний улмаас бусдад хохирол учруулсан этгээдэд хамаарах ойлголт тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзсэн болно.
Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Э.*******ы гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэн нэхэмжилсэн нэхэмжлэлээс эмнэлэгт хэвтсэний төлбөр 312.000 төгрөг, томографийн зураг авахуулсан 24.000 төгрөг, хамрын чихээс гаргуулсан 150.000 төгрөг, нийт 486.420 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаар тогтоогдсон, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гэж үзэн, нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Ц.*******аас 486.420 төгрөг гаргуулан хохирогч Э.*******д олгохоор шийдвэрлэж, хохирогчийн илүү нэхэмжилсэн бензины зардал, цаашид гарах эмчилгээний зардал, эм авах мөнгө гэх нийт 501.292 төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн улмаас шууд учирсан хор уршигт хамаарахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 500 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар дүгнэлт гарч, эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан байх ойлголтыг журамд заажээ.
Хохирогч Э.*******ы эрүүл мэндэд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөнгөн гэмтэл учирсан ба шинжээчийн дүгнэлтэд 28 хоногийн дараа эдгэрэх боломжтой гэмтэл гэж тогтоожээ.
Иймд цаашид гарах эмчилгээний зардал болон цаашид уух шаардлагатай эмийн төлбөрийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулах, улмаар шийтгэх тогтоолд цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах эрх зүйн үндэслэл байхгүй тул илүү нэхэмжилсэн дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт тус бүр 600 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргасан ба шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналаас доогуур хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч нарт даалгаж шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдсон ба шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Өмнөговь аймгийн ******* сум, Хармагтай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35, 38-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ы *******, Бор овгийн Цэндийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ц.******* нарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
Э.*******, Ц.******* нар нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.*******, Ц.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
б.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгч Ц.*******аас 486.420 төгрөгийг гаргуулан, Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Баруун булгийн шар хад гэх газар оршин суух хохирогч ******* овогтой ******* /кж82092316/-д олгож, хохирогч Э.*******ы илүү нэхэмжилсэн 501.292 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Э.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА