Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0090/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2318000580106 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******/ 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй,  *******-д ковшийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ******* оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

2. Монгол Улсын иргэн, ******* /, 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Зурагтын 1-1 тоотод байх *******-ын гэрээс түүний эзэмшлийн “Acer I7” маркийн зөөврийн компьютерийг “тайлангаа хийгээд буцаагаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч *******-ын мэдүүлэг /хэргийн 16-18/, гэрч ******* мэдүүлэг / хэргийн 20-22/, шинжээчийн дүгнэлт /хэргийн 30-31/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 49/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай  тохиролцсон ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг мэдэж байгаа.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай  тохиролцсон ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг мэдэж байгаа.” гэх мэдүүлэг өгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууринаас оролцсон болно,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Зурагтын 1-1 тоотод байх *******-ын гэрээс түүний эзэмшлийн “Acer I7” маркийн зөөврийн компьютерийг “тайлангаа хийгээд буцаагаад өгье” хэмээн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Үйл баримт нь:

 

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээрээ байх байхад манай найз ******* нар миний ажил дээр ирээд “найздаа нөүтбүүкээ түр өгөөч, би тайлангаа хийх гэсэн юм” гэж *******- нь надаас гуйсан. Орой ажил тарах үеэр надруу ахиж холбогдоод “гэрийн чинь гадна байна нөүтбүүкээ өгөөч” гэхээр нь би ээжрүүгээ залгаад манай хоёр найз гэрийн гадна байгаа, та миний нөүтбүүкийг гаргаад өгчих гэж хэлсэн. Түүнээс хойш би тэр хоёроос нөүтбүүкээ авмаар байна гэж ярихад нэг нэгэндээ байгаа гэж худал ярьж байгаад холбоогүй алга болсон.

...Миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас миний зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...АСЕR I7 маркийн нотебүүкийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* гэдэг хүн 720000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн барьцаанд тавьсан. *******-ын 99507742 гэсэн гар утасны дугаар луу нь 2023 оны 01 дүгээр сарын 07-нд ярихад данс аваад сунгана, 2023 оны 01 дүгээр сарын 10-нд ярихад 01 дүгээр сарын 12-нд авна, 2023 оны 01 дүгээр сарын 20-нд ярихад 17 цагаас өмнө ярина гээд хариу хэлээгүй бөгөөд тухайн АСЕR I7 маркийн нотебүүкний барьцаанд тавьсан хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусаад мөн хүлээлгийн хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 07-нд дууссан учраас тухайн АСЕR I7 маркийн нотебүүкийг манай ломбардны зүгээс гэрээнд заагдсаны дагуу 1,016,000 /нэг сая арван зургаан мянга/ төгрөгөөр зарсан.

...миний санаж байгаагаар *******- нь өөрийнхөө үеийн гэмээр нэг залуугийн хамт орж ирээд барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22/,

 

Үнэлгээнд хамрагдсан АСЕR I7 маркийн нөүтбүүкийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны байдлаар 2,200,000 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 30-31/,

 

“Тоонот хүрээ” барьцаат зээлийн гэрээг хуулбарлан авсан тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48/,

“Тоонот хүрээ” барьцаат зээлийн гэрээг хуулбар /хавтаст хэргийн 49/,

 

Хаан банк дахь *******-ын эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 52-68/,

Хаан банк дахь *******-ын эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 69-82/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /117-118/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нар нь бусдад 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж нотлох баримтаар шинжлэн судлагдсан “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 30-31/-аар тогтоогдож байгаа тул бусдад учирсан хохирлыг 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь зөв байна. 

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч ******* нар нь *******-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулж, уг мөнгийг хувьдаа зарцуулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  бусдыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 90000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч нар зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 94, 102/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 16-17/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-д 2,200,000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нь “...Миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас миний зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/ өгч байх тул  шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******, ******* нарыг бусдыг “хуурч, зохиомол байдал бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан” 2,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нарт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг тус тус үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар оролцогч нар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГЭРШИХБӨРТЭ