Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2019/2152/И |
Дугаар | 001/ХТ2021/01314 |
Огноо | 2021-11-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/01314
2021 11 02 001/ХТ2021/01314
............ компаний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02483 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 373 дугаар магадлалтай,
“............” компаний нэхэмжлэлтэй
“............” ХХК-д холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 50,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайханы гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч “............” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ ХХК /хуучнаар ............ ХХК/ нь гадаад худалдаа, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2012 онд Австрали улсын хуулийн этгээд болох “............” компанийн 100 хувийн охин компани болж үүсгэн байгуулагдсан. 2016.12.08-ны өдөр бизнесээ өргөжүүлэх зорилгоор “............” ХХК-д компанийн хувьцааны 1 бүр нь 1 ам.долларын үнэтэй 50,000 ширхэг хувьцаагаа Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Компанийн бизнесийг өргөжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад компанийн хувьцаа эзэмшигчдийн оролцоо байхаас гадна өнөөдрийг хүртэл компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, харилцагч байгууллагуудтай харилцах зэргээр гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг “............” компанийн цор ганц хувьцаа эзэмшигч ............ миний бие гүйцэтгэж ирсэн. Гэвч хариуцагч “............” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох ............, Австрали улсын иргэд ............, ............нарын зүгээс манай компаниас хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, тус саналд нь хариу өгөөгүйгээс утсаар болон цахим шуудангаар, мессэжээр байнга дарамталж ирсэн. Ингээд миний зүгээс 2019.06.28-ны өдөр компанийн ээлжит бус хурлыг хуралдуулахад хариуцагч талын 3 хувьцаа эзэмшигчдээс намайг гүтгэж, өөрсдийн гаргасан саналыг хүлээн авахгүй бол надад ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, элдвээр харааж, доромжилсон. Мөн үүний дараа хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, манай компанийн санхүү, захиргаа хариуцсан захирлын албыг хашиж байсан ............ын зүгээс мессэжээр удаа дараа харааж, айлган сүрдүүлж байгаагаас гадна хариуцагч компаниудад манай компанийг тусгаарласан, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон зэргээр худал мэдээлэл өгч, бизнесийн нэр хүндийг унагааж байгаа нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, “............” ХХК-иас “............” ХХК-ийн 50,000 ширхэг энгийн хувьцааг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бэлэглэх гэрээ, хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу талууд 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлын үүргийг ............ хэрэгжүүлэх, Санхүү хариуцсан захирлаар ............нарыг томилох замаар компанийн бүхий л хөрөнгө санхүү, мөнгөн хөрөнгө удирдах эрхийг дээрх хоёр этгээдэд хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр олгосон. ............ нь 2019 оны эхээс Оюу толгой ХХК-иас худалдан авах захиалга эрс буурч эхэлсэнтэй холбогдуулан 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг зөвхөн дангаар авч үлдэх зорилгоор оны эхээс компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, Төлөөлөн Удирдах Зөвлөл, менежментийн харилцааг холбоог зогсоох замаар мухардмал байдал санаатайгаар үүсгэж эхэлсэн ба энэ байдал даамжирсаар өнөөдрийн байдлаар талуудын хооронд хэд хэдэн эрүү, иргэний маргаан үүсээд байна. Хувьцаа эзэмшигч хоорондын үүсээд байсан хурцадмал байдлыг далимдуулан Санхүү эрхэлсэн захирал ............т Хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт гаргаж өгөх-өөс санаатайгаар зайлсхийж байдлыг улам мухардмал байдалд оруулсан. ............нь визний материал өгөх хугацаа давчдаж, ............гаас Ажил эрхэлдэг тухай тодорхойлолт дээр гарын үсэг зурж өгөхийг удаа дараа гуйж, аргадаж, шаардаж, харилцаа холбоогоор холбогдож ямар ч хүндэтгэсэн үзэх шалтгаан дурдалгүй таг алга болсон. Эдгээр бүх үйлдлүүд нь бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах зорилготой үйлдлүүд байсан. Бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах гомдоосон үндэслэлтэй болохын тулд хариуцагчийн хувьцаа эзэмшигч ............ыг ...намайг доромжилсон, дарамталсан... хэмээн цагдаагийн байгууллагад мөн өргөдөл өгөн шалгуулж байна. Өнөөдрийн байдлаар ............ нь компанийн зүгээс итгэмжлэн удирдах эрхээ урвуулан ашиглаж Хас болон ХААН банк ХХК дахь дансны үлдэгдэл 525,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин захиран зарцуулах этгээдээр зөвхөн өөрийгөө томилж, хоёрдогч гарын үсэгтэй этгээд болох Санхүү эрхэлсэн захирал ............ыг хасах хүсэлтийг гаргасан. Түүнчлэн ............г компанийн гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэж байхдаа итгэмжлэн удирдах хөрөнгө завшсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан үйлдлүүдийг шалгахаар цагдаагийн байгууллага Монголбанкуудад хандаад байна. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу компани нь ...өрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. Түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй хэмээн тус тус заасан байдаг. Талуудын хувьцаа шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээ нь хуулийн этгээд буюу хоёр компани хоорондын харилцаа бөгөөд аль нэг хуулийн этгээд гомдол, хуулийн этгээдийг гомдоосон байж болзошгүй хувьцаа эзэмшигчийн үйлдлийн хариуцлагыг компани хүлээх үүрэггүй болно гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02483 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан ............ПТИ ЛТД компанийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, тус гэрээний дагуу шилжүүлсэн ............ ХХК-ийн 50 000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай ............ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ............компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 373 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 896 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан хяналтын гомдолдоо: ...Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн 373 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг “дуудлага болон зурвас явуулсан гэдэгт зохигчид маргахгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй орхиж, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. /1хх 182-183/ Учир нь талуудын маргааны зүйл болон бэлэглэгчийг бэлэг хүлээн авагч гомдоосон эсэх үйл баримтыг тогтооход тэдгээрийн хооронд харилцсан зурвас бичгийн агуулга нь нотолгооны ач холбогдолтой байх боломжтой.” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу 2019.10.11-ний өдөр анхан шатны шүүхэд “...............-ийн ............ дугаар бүхий /Iphоnе 7 маркийн гар утсанд нэхэмжлэгч ............ын ............дугаараас 2019.07.16, 17, 18, 19, 20 өдөр ирүүлсэн мессежүүдэд үзлэг хийлгүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг гаргасан. Бидний зүгээс нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан үйл баримтын талаар буюу ............ын зүгээс нэхэмжлэгч ............-д мессеж явуулсан болон түүний агуулгын талаар маргахгүй тайлбарласан бөгөөд анхан шатны шүүхээс ч уг үндэслэлээр 2019.10.11-ний өдрийн 11681 дугаартай захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан. 3. Дээр дурдсан ............ын зүгээс ............-д явуулсан гэх мессежүүд нь “............” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлын хувьд гүйцэтгэх захирлаасаа хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт гаргуулах асуудлаар холбогдож байсан бөгөөд анхан шатны шүүх ч зохигчдын маргаагүй үйл баримтыг дүгнэж, маргааны зүйл болох бэлэглэлийн гэрээг хүчин болгуулах үндэслэлгүй болохгүй гэж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019.12.19-ний өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан “үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй” гэх үндэслэлээр гомдол гаргаагүй байхад шүүхээс зохигчдын маргаагүй үйл баримттай холбоотой анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Австрали улсын “............” компани нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан 2016.12.08-ны өдрийн хувьцаа шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 50,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ............ын гар утсанд хадгалагдаж буй ............, ............нарын харилцсан зурвас бичигт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан, шүүх зохигч маргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан журмыг буюу нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй хэргийн оролцогчдын зүгээс гаргасан нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн аргаар олдсон, хуульд заасан хэлбэртэй байх ёстой тул бичмэл нотлох баримтад хуулиар тавигддаг шаардлагад нийцээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.
Хариуцагч нь маргаагүй гэж үзсэн хэдий ч тухайн баримтууд хуульд заасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй тул шүүх зохих дүгнэлтийг хийх боломжгүйгээс гадна анхан шатны шүүх талууд хоорондоо зурвас бичсэн талаар маргаагүй гэж дүгнэсэн нь баримтын хэлбэрийг дүгнэж, агуулгыг дүгнээгүй, улмаар энэ талаар зохигчоос тодруулаагүй, зохигч үйл баримтын талаар мэтгэлцэж чадаагүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 373 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 896,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД