Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Э.Тэмүүлэн түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Элбэгзаяагийн Тэмүүлэнд холбогдох 201525012384 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 хороо, Төмөр замын 2а-10-13 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Монгол овогт Элбэгзаяагийн Тэмүүлэн /РД: ФА95042839/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Тэмүүлэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13/5 дугаар байрны 1 дүгээр орцны 10 давхарт өөрийн найз болох Д.Алунгуатай маргалдаж байхдаа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Д.Очхүүг шаардлага тавихад нь “чамд хамаагүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, танхайрах явцдаа иргэн Д.Очхүүгийн нүдний шил унагаж, гар утас шидэж, гэрийн бүргэд хаалгыг өшиглөн хонхойлгож, бариулыг нь татаж мушгиж, гэмтээж нийт 883.500 төгрөгийн хохирол, мөн 10 давхарын орцны хаалганы шилийг хагалан хохирогч Ц.Сүхбатад 35000 төгрөгийн хохирол тус тус учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв.

Би энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Ялыг маань хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...тэр өдөр найз охин Алунгуатай муудалцсан байсан учраас учраа олох гэж найз охины гэр болох “Цагдаа” хотхонд очсон. Тэгээд Алунгуатай уулзаад 10 давхарт гарсан. Тэнд хэрэлдээд зогсож байгаад уурандаа орцны хаалганы цонхыг хагалсан. Тэгтэл Очхүү гэх хүн гарч ирээд “боль, гар” гэж шаардлага тавьсан. Түүнийг нь эсэргүүцэн маргалдаж муудалцаад барьцалдаж зодолдсон. Зодолдож байхад гар утас маань алга болсон байсан болохоор Очхүү гэдэг хүнийг авчихлаа гэж бодоод түүнээс гар утсаа нэхэхэд “байхгүй” гээд байсан. Би Очхүү гэдэг хүнийг авсан гэж бүрэн итгэсэн байсан болохоор гар утсаа нэхэж дайрахад гэрлүүгээ орчихсон. Тэгээд хаалгыг нь эхлээд гараараа балбаж байгаад тайлж өгөхгүй болохоор нь өшиглөсөн. Намайг тийм үйлдэл хийж байхад Д.Очхүүгийн хөрш 46 тоот айлын хүн лифтнээс бууж гэрлүүгээ орох гэж яваад над дээр ирж “боль” гэсэн шаардлага тавьсан. Би шаардлагыг нь эсэргүүцэж муудалцсан. Тэр үед тэр ах намайг унагаагаад боох маягтай дарж байсан. Би тэр ахыг 2-3 удаа цохих шиг болсон. ...найз охинтойгоо хэрэлдэж байхад ямар ч хамаагүй хүн гарч ирээд шаардлага тавиад байхаар нь уур хүрсэн учраас зодолдсон ...” /хх-44х/ гэжээ.

 

            Хохирогч Д.Очхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр би өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13/Б 1 дүгээр орц 48 тоотод байж байхад 21-ээс 22 цагийн үед гадаа орцонд чимээ гарахаар нь эхнэр бид хоёр гарч харахад орцны шил хагарсан байсан. Эхнэр “СӨХ-ийн хүмүүсийг дуудна” гээд буусан. Эхнэрийг доош буусан хойгуур би шилний цаанаас харахад нэг эрэгтэй, нэг эмэгтэйг газар унагааж, дээрээс нь хөлөө тавьсан байдалтай эрэгтэй нь агсам тавиад маргалдаад байсан. Тэр үед СӨХ-ийн дарга эмэгтэй “энэ шилийг хэн хагалсан юм” гэж асуусан, тэгтэл “битгий хуцаад бай, бид хоёр хагалаагүй чи юу яриад байгаа юм” гэж хэлж байсан. “Чи битгий худлаа яриад бай, чи хагалсан цагдаа дуудна” гэж хэлэхэд “дууд” гээд намайг гараараа зүүн нүд рүү цохисон. Тэгээд би болиулах гээд ноцолдсон. Тэр үед миний нүдний шил хагарсан байсан тул юм харахгүй нулимс гоожоод байсан. Би нүдээ дараад тонгойход намайг өвдөглөж 2-3 удаа цохисон. ...манай гэрийн хаалгыг тэр согтуу залуу нүдээд “утсаа авъя” гээд хашгираад байсан. Эхнэр бид хоёр утсыг нь аваагүй гэхэд куртикээ шидээд манай гэрт ороод ирсэн. Би тэр залуу руу “куртикээ ав” гээд өгөхөд дахин намайг хоёр удаа толгой руу цохиж, мөргөсөн. Нүдний шил хагарсан байдалтай байсан болохоор би юм сайн харахгүй байсан. Куртикээ шидээд тэр залуу гэрт орж ирэхэд нь би өөдөөс нь түлхэн гарч дахин зодуулж байхад манай эхнэр утсаар цагдаа дуудах гэхэд миний утсыг тэр залуу аваад хана руу шидээд хагалсан...” /хх-10-11х/ гэжээ.

 

Хохирогч Ц.Сүхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  “...би тус хагарсан цонхоо 45.000 төгрөгөөр үнэлж байна. Э.Тэмүүлэн гэдэг хүүхэд өөрөө тус цонхыг шиллэж өгч хохирол барагдуулсан тул бид нар ямар нэг гомдол санал байхгүй /хх-152х/гэжээ.

 

            Гэрч Р.Баярмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 10 дугаар сарын 04-ний орой нөхөр Очхүүгийн хамт байж байхад гадаа орцонд шил хагарах чимээ сонсогдсон. Шагайж харахад орцны хаалганы доод талын шил хагарсан байдалтай цаана нь хоёр хүн шивнэлдээд яриад байсан. Тэгээд би гэртээ орж куртик өмсөөд доош лифтээр 4 давхарт бууж СӨХ-н дарга эмэгтэйд дээр шил хагарсан байна гэж хэлээд, дахин доош бууж орцны жижүүр эмэгтэйд хэлсэн тэгэхэд хүү грашид байгаа  гэхэд нь би хүүд нь очиж хэлээд хамт дээш 10 давхарт гарсан. Тэгтэл манай нөхөр цохиулсан байдалтай зүүн нүд нь улайж, нулимс нь цийлэгнэсэн байдалтай байсан. Орцны хаалганы шилийг би хагалаагүй гээд тэр согтуу залуу дайраад байсан. Тэр залуутай хагалсан хагалаагүй гээд байж байтал тэр залуу бид нараас утсаа нэхээд эхэлсэн. Тэр хамт байсан охин нь утас руу нь залгаад байсан. Тэр үед лифтнээс №46 тоотод амьдардаг өндөр залуу бууж ирсэн. Би тэр үед цагдаа дуудсан. Хаалга нээхэд утас авсан, аваагүй гээд манай гэрт тэр залуу дайрч орж ирээд куртикээ шидсэн манай нөхөр буцааж түлхээд манай нөхөр тэр залуутай орцонд ноцолдсон. Тэгэхлээр нь би нөхрөө татаж оруулаад хаалгаа хаасан. Тэр хооронд манай хаалгыг тэр согтуу залуу гаднаас цохиж, нүдэж, өшиглөж байсан утас өг гэж хашгирч байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирэхэд согтуу залуу бас л би хагалаагүй гээд байсан...” /хх-14-15х/ гэжээ.

 

Гэрч Д.Алунгуа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр манай найз залуу Тэмүүлэн 21 цаг өнгөрч байх үед манай байранд согтуу ирсэн, манайх 5 давхарт байдаг. Бид хоёр уулзаад дээш 10 давхарт гарсан. Бид хоёр уулзахдаа дандаа дээд давхарт гарч уулздаг байсан.  Бид хоёр дээш гарч уулзаж байгаад маргалдаад би буух гэхэд Тэмүүлэн орцны шилэн хаалганы доод шилийг нь өшиглөж хагалсан. Тэгэхээр нь би доош буулгүй маргалдаад байж байтал СӨХ-ийн дарга эмэгтэй, орцны жижүүр, түүний хүүхэд, хаалгаа эвдүүлдэг ах гээд 4 хүн ирээд боль, та хоёр юу хийгээд байгаа юм гэж хэлсэн. Бид хоёр өөрсдөө асуудлаа шийдье гэж тэр хүмүүст хэлэхэд, цагдаа дуудсан гэж хэлсэн. “...боль гээд тэр ах хэлэхэд Тэмүүлэн тэр ахтай зууралдаад хоёулаа бие биенээ гараараа цохисон,, Тэр үед хүмүүс салгахгүй хараад хэсэг байж байгаад салгасан, бид хоёр тэгээд доош буугаад явах гэтэл Тэмүүлэн миний утас байхгүй байна гээд хаалгаа эвдүүлдэг ахын хаалгыг очиж тогшоод утсаа авъя гэж хэлэхэд утас чинь байхгүй гэж тэр ах хэлж байсан. Тэмүүлэн согтуу байсан болохоор уурлаад та нарт байх ёстой гэж уурласан. Тэгээд хаалгыг нь гараараа цохиод сүүлдээ өшиглөж, бариулыг нь татсаар байгаад муруйлгачихсан. Тэр үед нэг ах гэртээ орох гээд явж байгаад энд юу болоод байна гэхэд нь ахаа би утсаа авах гэсэн юм гэж хэлээд Тэмүүлэн дайрсан эр хүн шиг үзэх үү гээд дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэр үед хаалгаа эвдүүлдэг айл хаалгаа хаасан байдалтай байсан, тэр ахтай Тэмүүлэн ноцолдож байгаад ахаа болъё та надаас илүү юм байна гэхэд тэр хоёр салсан. СӨХ-н дарга эмэгтэй хаалгаа эвдүүлдэг ахтай Тэмүүлэн ноцолдож байхад алга болсон байсан. Сүүлд цагдаа ирэхэд гарч ирээд утсыг нь би авсан, надад байгаа гэж хэлж байсан. Таньд утас байсан бол хэзээ ч энэ айл руу ингэж дайрахгүй байсан гэж хэлж байсан. Цагдаа нар Тэмүүлэнг аваад явсан…” /хх-16-17х/, .. Би орцны хаалганы хагарсан шилнээс барьж байхад Тэмүүлэн надаас булааж аваад намайг болиулах гээд барьсан байсан. Бид хоёр хэрэлдээд би айлгах гэж анх шил барьсан түүнийг Тэмүүлэн булаасан байсан, тэрнээс миний хоолойд тулгасан зүйл байхгүй, Тэр өдрөөс хоёр хоногийн өмнө хэрэлдсэн байсан. Тэгээд Тэмүүлэн уулъяа гээд ирсэн. Пиво үнэртээд байхаар нь чи уусан байгаа юмуу гэж уурлаад хэрэлдэж байсан /хх-18-19х/гэжээ.

 

Гэрч А.Бадамцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би тус байранд үйлчлэгч ажилтай, манай гэр нэг давхарын орцонд байдаг. 2015 оны 10 сарын 04-ний орой оршин суугч Очхүүгийн эхнэр Баярмаа ирээд дээр 10 давхарт манай орцны шилийг нэг залуу хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ дагуулаад дээш 10 давхарт гарахад мэдрэгчтэй гэрэл нь унтарсан харанхуй байсан намайг хөдөлгөхөд гэрэл нь ассан. Нэг залуу нэг эмэгтэйгийн хүзүүнд хагарсан шил тулгасан, орцны цонх хагарсан байдалтай байсан. Тэнд Очхүү, Баярмаа нар байсан дараа нь СӨХ-н даргыг дуудсан. Чи яагаад цонх хагалчихав гээд би тэр согтуу залууд хэлэхэд би хагалаагүй гэж хэлж байсан тэгээд Очхүү чи хагалсан шд гэж хэлэхэд барьж аваад би хагалаагүй гээд дайраад байсан. Заамдаж аваад Очхүүг газар унагаагаад зөндөө ноцолдсон бид нар салгах гээд дийлээгүй. Очхүү сүүлд нь шилээ хайгаад байсан би харахад шил нь шалан дээр эвдэрсэн байдалтай хэвтэж байсан. Нөхрөө аваад Баярмааг ороход тэр залуу хаалгыг нь татаад, нүдээд байсан, тэр нь утас гэж орилоод байсан утсаа авах гээд байсан юм шиг байсан. Тэгтэл СӨХ-н дарга утсыг аваад буусан байсан бид нар мэдээгүй, хамт байсан охины эмээг дарга авчрахдаа утсыг нь авсан гэдгээ хэлсэн. Тэр Тэмүүлэн гэх залууг Очхүүг сүүлд нь утас авчихлаа гээд дайраад байсан юм шиг байсан…” /хх-24-25х/ гэжээ.

 

Гэрч Б.Гомбосүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…Би тэр өдөр гражид байж байхад Очхүү ахын эхнэр орж ирээд дээр орцны шил хагалсан байна дээш гаръя гэж хэлсэн. Бид хоёр хамт дээш 10 давхарт гарахад Очхүү ах, Очхүү ахын эхнэр, манай ээж Бадамцэцэг СӨХ-н дарга Сүхээ, танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр байсан. Тэр танихгүй залуу найз охинтойгоо хэрэлдээд байсан Очхүү ах чи боль гэж хэлэхэд Очхүү ахын өөдөөс агсам тавиад дайраад байсан. Очхүү ахыг тэр залуу толгой руу нь цохиод байх шиг байсан. Тэр хоёр зууралдаад бид нар салгаад Очхүү ах гэртээ орсон. Тэгтэл тэр согтуу залуу утас алга болчихлоо утсаа авъя гээд Очхүү ахын хаалгыг нь нүдээд, өшиглөөд байсан, онгойлгохгүй болохоор нь хаалганы бариулыг нь мушгичихсан. Очхүү ах гарч ирээд хаалга эвдчихлээ гэж хэлэхэд та миний утсыг гаргаж өг гээд тэр залуу нэхээд байсан. Дахин Очхүү ах тэр залуу хоёр барьцалдаж аваад байж байхад хажуу айлын өндөр залуу чи хөгшин настай хүнийг боль гэж согтуу залууд хэлэхэд согтуу залуу “чи эр эмийн хооронд илжиг жороол гэж чи хэн бэ, гэж хэлээд тэр согтуу залуутай зууралдаж аваад байж байтал цагдаа нар ирээд согтуу залууг аваад явсан…” /хх-26-27х/ гэжээ.

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14316 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Очхүүгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт, хамрын зүүн хажуу хэсгийн зулгаралт, дээд уруулын язрал

 

бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-29х/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Э.Тэмүүлэнг сэжигтнээр тооцож, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-39-44х/, Хохирогч Д.Очхүүгийн мэдүүлэг /хх-10-11х/, Ц.Сүхбат /хх-152-153х/, гэрч Р.Баярмаа /хх-14-15х/, Д.Алунгуа /хх-16-17х/, А.Бадамцэцэг /хх-24-25х/, Б.Гомбосүрэн /хх-26-27х/, нарын мэдүүлгүүд, 14316 тоот шинжээчийн дүгнэлт /хх-29х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45х/, хохирлын баримтууд /хх-49-52х/, эд зүйлийн үнэлгээ /хх-47, 141, 154х/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-171-172х/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаар тогтоол /хх-92х/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-173-174х/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-56х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-56-57, 144, 164-166х, / зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай байна гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13/5 дугаар байрны 10 давхарт өөрийн найз охин Д.Алунгуатай маргалдан бусдыг үл хүндэтгэн, амгалан тайван байдлыг алдагдуулж, шаардлага  тавьсан иргэн Д.Очхүүд хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт, хамрын зүүн хажуу хэсгийн зулгаралт, дээд уруулын язрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, гэрийн хаалга, нүдний шил зэргийг эвдэж 883500 төгрөгийн хохирол, 10 дугаар давхарын хаалганы шилийг хагалж хохирогч Ц.Сүхбатад 35000 төгрөгийн хохирол тус тус учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Тэмүүлэнг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Хохирогч Ц.Сүхбатад 35000 төгрөгийн, Д.Очхүүд 885000 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч Э.Тэмүүлэн мөрдөн байцаалтын шатанд төлж, бүрэн  барагдуулсан байх тул хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийг согтуурууулах ундаа хэрэглэсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүхээс оногдуулах хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол овогт Элбэгзаяагийн Тэмүүлэнг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тэмүүлэнг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тэмүүлэнд  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Тэмүүлэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

           6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

 7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тэмүүлэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

     

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ