Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2021/0559/З |
Дугаар | 128/ШШ2021/0768 |
Огноо | 2021-11-16 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2021/0768
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Ц.Б
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1*** дүгээр Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг хариуцагчид даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.Б би Ховд аймгийн Булган суманд 1970 онд төрсөн, одоо 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 1991 оноос улсад ажиллаж эхэлсэн ба төрийн байгууллагад 23 жил 10 сар, төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрт 5 жил 2 сар, хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны нэмэгдэл 3 жил нэмж тооцоход нийт 32 жил ажилласан.
2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цэргийн албан хаагчийн тэтгэвэрт гарах насанд хүрч тэтгэвэр тогтоолгосон ба Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т ... иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож ... цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоож болно гэж заасны дагуу цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтээ Цагдаагийн ерөнхий газрын даргад гаргахад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б/1*** дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө ... Ц-ын Б цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор ... ажлаас чөлөөлж ... 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгосугай гэсэн байдаг.
Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлөх тухай тушаалын дагуу тэтгэвэр тогтоолгохоор Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиход Цагдаагийн байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан 11 жил 9 сарын хугацаан дээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т ... иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож ... цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно гэсэн заалтын дагуу иргэний байгууллагад ажилласан 20 жил 2 сарын хугацааг хуульд заасан 6 сарын хугацаанд дүйцүүлж, 10 жил 1 сарыг цагдаагийн байгууллагад ажилласан хугацаагаар тооцож, нийт цэргийн байгууллагад ажилласан хугацаа 21 жил 10 сар болсон тул 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цэргийн алба хаасны тэтгэврийг 84 хувиар тогтоолгож, тэтгэврээ бүрэн авч байгаа хэдий ч ажлаас чөлөөлөх тухай тушаалд хувь тэнцүүлэн тэтгэвэр олгохоор заасан тул тэтгэврийн дэвтэрт цэрэг-хувь тэнцэж гэсэн бичилт хийсэн байдаг.
Нийгмийн даатгалын байгууллагаас миний цэргийн албанд ажилласан хугацааг 21 жил 10 сараар тооцож, бүрэн тэтгэвэр тогтоосон тул, цэргийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмжийг мөн бүрэн буюу 36 сараар тогтоолгохоор хүсэлт гаргахад Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б-н гарын үсэгтэй, Өргөдлийн хариу хүргүүлэх тухай мэдэгдэх хуудсаар ... Та цагдаагийн байгууллагад цол хэрэглэн 11 жил 9 сар ажилласан байна. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэсэн хариу ирүүлсэн. Гэвч би дараах үндэслэлээр 36 сарын тэтгэмжийг олгох боломжтой гэж үзэж байна. Үүнд:
Нэг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана. гэж заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага цэргийн тэтгэврийг бүрэн олгох шийдвэр гаргасан. Хоёр. Нийгмийн даатгалын байгууллагаар цэргийн тэтгэвэр тогтоолгоход иргэний байгууллагад энгийн ажилласан нэг жилийг зургаан сараар тооцон, 21 жил 10 сар ажилласнаар цэргийн бүрэн тэтгэвэр тогтоогдсон ба энэ нь 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй гэсэн шалгуур, болзол хангасан болно. Гурав. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно, энэ хуулийн 6 дугаар зүйл нь цэргийн тэтгэвэр тогтоолгох болон мөн тэтгэмж тооцоход баримталж болдог. Дөрөв. Иргэний нийгмийн байгууллагад ажилласан хугацааг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан хуваан тооцуулж байгаа учраас заавал цэргийн байгууллагад биеэр алба хаасан байхыг хуулиар шаардаагүй байна.
... Нийгмийн даатгалын байгууллагаар цэргийн тэтгэвэр тогтоолгоход иргэний байгууллагад энгийн ажилласан 1 жилийг 6 сараар тооцож 21 жил 10 сар ажилласнаар тооцож цэргийн бүрэн тэтгэвэр тогтоосон тул 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй гэсэн шалгуурыг хангаж байгаа. ... Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан цэргийн албаны тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хугацаа гэсэн байгаа нь уг хугацааг тэтгэвэр тогтоолгоход тооцож болно гэж үзэж байна.
Би Цагдаагийн байгууллагад ажиллахаас өмнө хувийн байгууллагад ажиллаж байсан. Төрийн байгууллагад ажиллаж байсан хугацаа нь Цэргийн байгууллагын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар 36 сарын тэтгэмж олгоход тооцогдохгүй байгаа. Цаашид ч 57, 58 нас хүртэл ажиллах боломжтой. Цэргийн байгууллагад ажилласнаар тооцоод 1,6 хувиар тооцуулбал 50 жил ажилласнаар тогтоох боломжтой атлаа 36 сар цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах боломжгүй нөхцөл үүсч байгаа.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1*** тоот Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, тус актыг хүчингүй болгож, Ц.Б надад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал дээр дурдахдаа тухайн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж тогтоох тухай хуулийн холбогдох хэсэг цагдаагийн албан хаагч орсон байгаа. Хуулийн харилцаа зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж тогтоох тухай хуулийн 3.1 дэх хэсэгт цагдаагийн байгууллагад ажилласан ажилтан байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан цагдаа хамаарна, 6.4 дэх хэсэгт зааснаар 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэй ажилтан орно гэсэн болзлыг хангасан байгаа. Хоёрдугаарт хавтаст хэрэгт авагдсан иргэний энгийн байгууллагад ажилласан жил болон цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа нийгмийн даатгалын бичилт ажилласан тодорхойлолт, лавлагаа мөн энгийн байгууллагад ажиллаж байсан тушаал шийдвэрийг харахад тасарсан зүйл байхгүй. Цэргийн албаны тухай хуульд хамраах энгийн байгууллагад ажилласан жилийг дүйцүүлэн оруулж байгаа. Хугацаанд нь тодорхой байхад Цагдаагийн ерөнхий газраас 8.2.3, 19.2 дахь заалтуудыг үндэслэл болгож гаргасан. Хуулийг 18 сарын хугацаагаар гэж тогтоож гаргахаар нэг удаа тэтгэмжийг төрөөс авна. Энэ нь Цагдаагийн ерөнхий газраас гарч байгаа тэтгэмж биш юм. Төрөөс авах ёстой зүйлээ төрд ажилласан 32 жилээр зөв тооцуулж, тогтоолгож гаргахгүй бол цаана нь тооцуулаагүй хугацаагаар хохирч байгаа. Хуулийн заалтыг зөв хэрэглэж бүрэн тогтоож 32 жил гэж тогтоосноор тооцуулж тэтгэмжийг олгуулахгүй бол дахин Цагдаагийн ерөнхий газрын тушаал гарахгүй, тэтгэврийн дэвтэр дээр уг бичигдсэнээр явна. Энэ нь нэхэмжлэгчид хохиролтой байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд тэтгэвэр тэтгэмжийн тухай дурдахдаа холбогдох заалтыг бүрэн тусгаагүйн улмаас нэг хүнд оногдох ёстой тэтгэвэр тэтгэмж нь дутуу буюу 18 сараар бодогдож байгаа нь нэхэмжлэгчид хохиролтой байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Нийгмийн даатгалын ерөнхий газраас хуулийг зөв хэрэглэж тооцож байхад Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал нь эрх зүйн акт нь тухайн байгууллагаас гарч байгаа хуульд нийцсэн актыг дурдаж шийдвэр гарч байгаа. Тэгэхээр Цэргийн байгууллагын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар 8.2.3, 19.2 дахь хэсгийг дурдаж 6.4 дэх хэсгийг харгалзахгүйгээр хуулийн өөрийнх нь заалтыг хэрэглээгүйгээс болж нэхэмжлэгч хохироход хүрч байгааг Захиргааны хэргийн шүүхэд хандан зөвтгүүлэх нь зүйтэй юм. Төрөөс хэрэглэж байгаа хуулийг бүхэлд нэг ойлголтойгоор Цагдаагийн байгууллага, Нийгмийн даатгалын газар хэн хэн нь зөв хэрэглэж иргэнд хохиролгүйгээр зөв шийдэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу цагдаагийн албанд 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй нас харгалзахгүйгээр цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэсэн зохицуулалттай. Нэхэмжлэгч Ц.Б нь 2008-2021 оны хооронд цагдаагийн байгууллагад ажилласан ба 20 жил ажиллаагүй тул цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох боломжгүй учир 2020 оны Б/1*** дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно. гэсэн ба нэхэмжлэгч 20 жил ажиллаагүй тул иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг цэргийн тэтгэвэрт оруулж тооцох боломжгүй.
Иймд Ц.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, шүүхийн шинжилгээний болон авилагтай тэмцэх онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын генерал ахлах түрүүч цэрэг цагдаагийн байгууллагын ахлах сонсогч нарт тэтгэвэр тэтгэмж тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино гэсэн байдаг. Энэ хуульд мөн цагдаагийн албанд 25 жилээс доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй нас харгалзахгүй цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй ба энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар цэргийн албан хаагч нь эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн зохицуулалтай байдаг. Нэхэмжлэгч Ц.Б нь 2008-2021 онд хүртэл цагдаагийн байгууллагад ажилласан ба тус байгууллагад 20 жил ажиллаагүй учир цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох боломжгүй. 2020 оны Б/1*** дугаартай тушаалаар өөрийнх нь хүсэлтээр хувь тэнцүүлэн цэргийн тэтгэвэр тогтоосон. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт энэ хуулийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд заасан болзол хангасан цэргийн албан хаагч иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласныг 6 сараас бодон цэргийн байгууллагад ажилласан жилд оруулан тооцож Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоож болно гэсэн. Нэхэмжлэгч нь 20 жил ажиллаагүй тул иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг цэргийн тэтгэвэрт оруулан тооцох боломжгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын байгууллага Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг барьж энгийн байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласан жилд тооцон тэтгэвэр тогтоосныг ойлгохгүй байна. Учир нь тус хуулийн заалтад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт энэ хуулийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд буюу эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил ажилласан албан хаагчдын иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласан жилээр нэмж тооцно гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллага Ц.Б нь 20 жил ажиллаагүй байхад иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласан жилээр тооцож бүтэн тэтгэвэр тогтоосон гэсэн агуулга гарган тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан иргэн Ц.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж тогтоох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд цагдаагийн байгууллагад алба хаасан нийт хугацааг оруулан тооцно гэж байгаа. 32 настай хүн иргэний байгууллагад 10 жил ажилласны дараа 5 жил цэргийн байгууллагад ажиллаад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар 45 насандаа тэтгэвэрт гарах нь хуультай зөрчилдөж байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа иргэний байгууллагад ажилласан нэг жилийг цэргийн байгууллагад ажилласан 6 сараар тооцох зохицуулалт нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн байгууллагад ажилласан эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил ажилласан албан хаагчдын тэтгэвэр авах эрх нь нээгдэж байгаа. 2020 оны 12 сард нэхэмжлэгч өөрөө тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөд тушаал нь гарсан. Нэхэмжлэгчийн Цагдаагийн байгууллагад цэргийн цолтой ажилласан жил нь 2008-2021 оны хооронд юм. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласныг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан жилд оруулан тооцно гэсэн хуулийн зохицуулалт нь тус хуулийн 6.4 дахь хэсэгт илүү ажилласан хугацаа тооцохоор байгаа. Үүнд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас гэхээр эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил ажилласнаас илүү ажилласан жил тутамд 1,5 хувиар нэмэгдүүлж тооцох хуулийн зохицуулалт байна. Амьдрал дээр цэргийн албан хаагч 2-5 жил энгийн иргэний байгууллагад ажиллаж байгаа цэргийн байгууллагад ороод тэтгэвэр тогтоолгох нас хүртэл 25 жил ажиллаад бүрэн тэтгэвэр тогтоолгоод гардаг. Тус хүний өмнө нь иргэний байгууллагад ажиллаж байсан жилүүд нь тооцогдохгүй байгааг зохицуулсан хуулийн заалт юм. Цэргийн байгууллагад 10 жил ажиллаад иргэний байгууллагад ажилласан 10 гаран жилээ нэмээд цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох хуулийн зохицуулалт биш юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б-гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1*** дүгээр Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын хувь тэнцүүлэн гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар олгохыг даалгах[1] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[2] хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1*** дүгээр Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг хариуцагчид даалгах гэж тодруулсан[3] тул тодруулсан дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/1*** дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 19.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 86 дугаар зүйлийн 86.2, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, буруулах, хураан авах, сэргээх журам-ын 1 дүгээр зүйлийн 1.5, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын 3, 4 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын хэлтсийн дотоод аудит хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц*******ийн Б*******г цэргийн хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, цагдаагийн хошууч цолыг хадгалуулж, 18 /арван найм/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэжээ[4].
Нэхэмжлэгчээс миний бие Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж заасны дагуу 20-оос доошгүй жил ажилласан байхад бүрэн биш хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор, мөн нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 18 сараар олгож шийдвэрлэсэн хууль бус, хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Б нь цэргийн алба хаагчаар 20 жил ажиллаагүй тул цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах боломжгүй гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь цэргийн алба хаагчаар 11 жил 2 сар 29 өдөр, энгийн байгууллагад 17 жил 8 сар 8 өдөр, 2 хүүхэд төрүүлсний 3 жил, нийтдээ 31 жил 10 сар ажилласан байна.
Хэргийн оролцогч нар нэхэмжлэгчийн дээрх ажилласан хугацаатай маргаангүй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.... иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 1 жилийг 6 сараар бодон, цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож ... цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно гэх заалтын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргажээ.[5]
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг үндэслэн маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/1*** дүгээр тушаалыг гаргасан байна.
Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 578 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Цэ*******ийн Б******* /РД:ПЮ70******/ нь улсад 28 жил 11 сар, 2 хүүхэд төрүүлсний 3 жил нийтдээ 31 жил 10 сар ажилласан байна. Үүнээс цэргийн албанд 11 жил 2 сар 29 өдөр, энгийн байгууллагад 17 жил 8 сар 8 өдөр, 2 хүүхэд төрүүлсний 3 жил ажилласныг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... энгийн ажилласан 1 жилийг цэргийн албанд 6 сар ажилласнаар шилжүүлэн тооцно гэсэн заалтын дагуу энгийн болон хүүхэд төрүүлсэн 20 жил 8 сар 8 өдрийг цэргийн албанд ажилласнаар шилжүүлэн цэргийн албанд 21 жил 2 сар ажилласнаар тооцон цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон байна. ... гэжээ[6].
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх, 1. Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, 2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;, 19 дүгээр зүйл. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ, 1.Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, цэргийн алба хаагчаар 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх бөгөөд мөн нэг удаагийн 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна.
Мөн хуулийн 8 дугаар зүйл. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх, 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:, 19 дүгээр зүйл. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ, 2. Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, цэргийн алба хаагчаар эрэгтэй 25, эмэгтэй 20-оос доошгүй жил ажилласан байх хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй байх бөгөөд мөн нэг удаагийн 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн миний бие Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цэргийн алба хаагчийн 20-оос дээш ажилласан гэх тайлбар үндэслэлгүй.
Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйл. Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа, 4. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно. гэж заажээ.
Дээрх хуулийн заалт нь утга агуулгын хоёрдмол утгагүй бөгөөд цэргийн алба хаагчаар 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй, 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэй алба хаагчдад хамааралтай зохицуулалт байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтын дагуу цэргийн алба хаагчаар 11 жил 2 сар 29 өдөр ажилласан нэхэмжлэгчийн энгийн байгууллагад ажилласан хугацааг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй юм.
Хуулийн дээрх заалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн цэргийн байгууллагад ажилласан нийт хугацааг тогтоосон нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Дээрх байдлаар нэхэмжлэгчийн цэргийн байгууллагад ажилласан нийт хугацааг тооцож, тогтоон, цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр нэхэмжлэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн шийдвэр байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй; гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгож, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах эрхгүй юм.
Харин Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтуудыг үндэслэн цэргийн алба хаагчаар 11 жил 2 сар 29 өдөр ажилласан нэхэмжлэгчийг цэргийн хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас чөлөөлж, 18 /арван найм/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Ц.Б-гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1*** дүгээр Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг тус тус баримтлан иргэн Ц.Б-гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1*** дүгээр Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ