Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар, ЭХЯ/20240102*** дугаартай тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдэл, захиалагчтай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737*** дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124/ШШ2025/0005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.З, хариуцагч Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 124/2024/0047/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар, ЭХЯ/20240102*** дугаартай тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдэл, захиалагчтай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737*** дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга, Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх тухайд: “Х” ХХК нь тендер сонгон шалгаруулалт хууль бус болсон талаарх гомдлыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамд гаргаж, тус газраас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/5330 дугаар албан бичгээр 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаар албан бичгээр "сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх"-ийг мэдэгдсэн. Сангийн яамнаас тодорхой ажиллагаа буюу тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсний дагуу энэхүү шийдвэр заавал биелэгдэх ёстой гэж үзэж захиргааны байгууллагаас сайтаар мэдээлэл тавигдана гэсний дагуу дахин үнэлгээ хийгдэнэ гэж хүлээж байсан. Мөн 2024 оны хувьд Монгол улсын их хурлын сонгууль, Орон нутгийн гэх мэт сонгуультай жил байсан учир ажлын ачаалал их байгаа гэж ойлгон хүлээлтийн байдалтай байсан. Хэрэв хариуцагчаас татгалзсан буюу хүсэл зоригийн эсрэг хариу өгсөн тохиолдолд шүүхэд хандах боломжтой байсан. Иймд шүүгчийн эс үйлдэхүйтэй холбоотой шүүхэд хандаагүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

3.2. Нэхэмжлэгчид шүүхийн шийдвэр эрхийн хамгаалалт үүсгэхгүй гэх тухайд: Төрийн худалдан авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явах ёстой бөгөөд хуулиар зохицуулагдсан харилцааг төрийн захиргааны байгууллага зөрчиж явуулах нь худалдан авах ажиллагааг гажуудуулах, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж дахин энэ төрлийн маргаан үүсэж, түүнийг үндэслэж сонгон шалгаруулалтад оролцогчдын эрх ашиг дахин хөндөгдөх практик болж үлдэж болохоор байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Увс аймгийн Засаг дарга болоод Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо хууль бус үйлдэл цаашид үргэлжлэх ёсгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж хууль бус байсан болохыг тогтоолгох болгож шаардлага гаргасан. Гэтэл шүүх шийдвэртээ зөвхөн өнөөдрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан цаг хугацаанд уялдуулан тухайн маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосноор тодорхой эрхийн хамгаалалт үүсэхгүй, бодитой эерэг нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэж байгаа нь хуулийн зорилгыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.3. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явагдаж дууссан ч гэсэн дараа дахин энэхүү хэргийн хариуцагч болоод төрийн захиргааны байгууллагаас дахин хууль зөрчсөн шийдвэрээр хууль бус явагдсан сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлэн дуусгах ёсгүй гэдгийг энэхүү шаардлагаар тогтоолгох зайлшгүй шаардлага байна. Үнэлгээний хорооны зүгээс хууль зөрчсөн үйлдлээ тендерийн хүчинтэй хугацаа дуусаж байсан учир анхны шалгаруулалтын дагуу үргэлжлүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл үнэлгээний хороо нь худалдан авах ажиллагаанд хяналт тавьж буй дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүйгээр Худалдан авах ажиллагааны хуулийн зорилго болох хамгийн сайн тендерийг шалгаруулах үүргээ зөрчсөн.

3.4. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн сонгон шалгаруулалтад оролцохдоо тендерийн баталгаа 6,000,000 төгрөгийг байршуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д сонгон шалгаруулалтад гаргасан гомдол хангагдаагүй тохиолдолд тендерийн баталгаа улсын орлого болохоор зохицуулагдсан.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн өмч хөрөнгөтэй байх эрх хөндөгдсөн талаар буюу тендер сонгон шалгаруулалтад гаргасан баталгаа болох 6,000,000 төгрөгийг нэхэмжлэл хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд буцаан авах боломжтой гэх байдлаар тайлбарласан боловч шүүгч энэхүү хэсэгт шүүхийн шийдвэртээ дүгнэлт өгөөгүй байна. Хэдийгээр Сангийн яамнаас гомдлыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхээс тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь тухайн гомдлын агуулгыг үгүйсгэсэн учир баталгааг буцаан авах асуудлыг боломжгүй болгож байна.

3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан тухайд: Б.Ань тухайн хэрэг маргааны хариуцагч буюу Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан мөн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.А-г шүүхийн санаачилгаар 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.А-г дуудаж гэрчийн мэдүүлэг авсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч"-ийг гэрчээр дуудан мэдүүлэг авч болохгүй гэж заасныг зөрчсөн.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124/Ш2025/0005 дугаар шийдвэрийг хүчингүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Увс аймгийн Засаг даргын захиалгаар Худалдан авах ажиллагааны газраас ЭХЯ/20240102*** дугаартай “Эрчим хүчний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, үнэлгээ хийжээ.

2.2. Улмаар захиалагч Увс аймгийн Засаг даргаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар албан бичгээр тендерт шалгараагүй гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч “Х” ХХК-д, мөн өдрийн 1/1156 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож буйг гуравдагч этгээд “М” ХХК-д тус тус мэдэгдсэн байна.

2.3. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/5330 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1156, 1/1166 тоот шийдвэрүүдийг “...хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд хэт ойр үнийн санал ирүүлсэн нь чанаргүй бараа нийлүүлэх эрсдэлтэй гэж “Х” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...” гэж хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Увс аймгийн Засаг даргад мэдэгдсэн байна.

2.4. Гэтэл тендерийн үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийх ёстой байхад дахин үнэлгээ хийхгүйгээр 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр захиалагч Увс аймгийн Засаг дарга “М” ХХК-тай “Эрчим хүчний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах гэрээ хийж, уг гэрээний дагуу техник нийлүүлэгдснээр энэхүү маргаан үүсжээ.

3. Улмаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас “Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдэл, захиалагчтай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737*** дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3.1. Анхан шатны шүүх “... тендерийн үнэлгээний хороо тендерийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу 5 хоногийн дараа оролцогчоос гомдол гаргасныг мэджээ ... Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийх болсон тул гэрээг хүчингүй болгож шийдвэрлэхээр байсан байна ... тендерийг дахин үнэлэх боломжгүй болсон энэхүү нөхцөлд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүхийн шийдвэрээр сэргээгдэх боломжгүй болсон байна ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, 59.6-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана”, 59.10-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” 59.10.1-д “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах”, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.1-д “Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

3.3. Сангийн яам нь дээрх хууль, холбогдох журмын дагуу “Х” ХХК-ийн гомдлыг хүлээн аваад Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д ЭХЯ/20240102*** дугаартай тендер шалгаруулалтыг гомдол гарсан төлөвт шилжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1156, 1/1166 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 тоот албан бичиг гарсан өдөр мөн систем дээрх төлвийг “гомдол үндэслэлтэй” болгож, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15.06 цагт цахим шуудангаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга /ch*****[email protected]/-д илгээсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

3.4. Хэрэгт авагдсан Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Сангийн яаманд хүргүүлж байсан 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот албан бичигт /1хх-51 хуудас/ “Манай байгууллагаас зарласан тендер шалгаруулалттай холбоотой гаргасан гомдлын тухай мэдэгдлийг ажлын зургаагаас доошгүй өдөрт багтаан утсаар болон цахим хаягаар мэдэгдэж өгнө үү. Манай аймаг нь Улаанбаатар хотоос 1380 километр алслагдмал бүсэд оршдог ба шуудангаар илгээсэн албан бичиг нь 7-14 хоногт ирдэг. Бид шууданг хожимдож хүлээж авснаар хугацаандаа багтаан гэрээ байгуулсан компани, гомдол гаргасан компани болон захиалагч хооронд үл ойлголцол үүсэн ажил удааширч зарим тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдлууд гарч байгааг харгалзан үзнэ үү” гэснээс үзвэл хариуцагч нь тендерт оролцогчдоос гомдол гаргах, гаргасан гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа, Сангийн яамнаас гомдол хянасан мэдэгдлийг цахим шуудангаар болон Худалдан авах ажиллагааны цахим системээр явуулдаг ажиллагааг мэдэхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

3.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын “... энэ талаар шуудангаар бичиг ирэхэд мэдсэн, гэрээ байгуулагдсанаас хойш мэдсэн учраас дахин үнэлгээ хийх боломжгүй, цахим шуудан болон Худалдан авах ажиллагааны цахим систем дээрх мэдэгдлийг хараагүй” гэх тайлбар нь тэдгээрийн гаргасан шийдвэрийг зөвтгөх үндэслэл биш.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан. 

4.1. Энэ тохиолдолд худалдан авах ажиллагаа дууссан уг худалдан авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй болохыг эрх бүхий этгээдээс тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс ашиг сонирхол байгаа гэж үзэж гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй.

4.2. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Төрийн худалдан авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явах ёстой бөгөөд хуулиар зохицуулагдсан харилцааг төрийн захиргааны байгууллага байгууллага зөрчиж явуулах нь худалдан авах ажиллагааг гажуудуулж, сонгон шалгаруулалтын оролцогчдын эрх ашиг хөндөгдөх практик болж үлдэж болохоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын хууль бус үйлдэл цаашид үргэлжлэх ёсгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хууль бус байсан болохыг тогтоолгох” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

4.3. Учир нь, Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасанчлан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой.

4.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна:”, 41.1.1-т “энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан” гэж зааснаар Увс аймгийн Засаг дарга, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Эрчим хүчний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах гэрээ” нь илт хууль бус гэрээний шинжийг агуулж байхад анхан шатны шүүх “... шүүхийн шийдвэр тодорхой эрхийн хамгаалалтыг үүсгэхгүй, бодитой, эерэг нөлөө үзүүлэхээргүй байна” гэж дүгнэх нь хуульд заасан захиргааны шүүхийн зорилгод нийцэхгүй.

4.5. Тендер хэрэгжиж дууссан хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус харин хариуцагч нарын хуульд заасан журмыг зөрчсөн хууль бус үйлдлээс шалтгаалсан бөгөөд Сангийн яамнаас “... “М” ХХК-ийн тендерт санал болгосон техник хэрэгсэл нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийгээгүй байх тул хянан үзэх шаардлагатай” гэж үзэж, захиалагчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоож, харин гуравдагч этгээд “М” ХХК-д гэрээ байгуулах тухай хүргүүлсэн 1/1165 дугаар мэдэгдлийн дагуу байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737*** дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.6, 59.10, 59.10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг, захиалагчтай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737*** дугаартай гэрээг илт хууль бус болохыг тус тус тогтоож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ