Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 07

 

ЖБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай  

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн ....сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 137/ШШ2018/00037 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ЖБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь .......... сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2844525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,  

Хариуцагч Дорноговь аймгийн ........ сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЖБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: ЖБ ХХК нь Дорноговь аймгийн ....... сумын Засаг даргын тамгын газартай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЖМ16/683 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 11 426 000 төгрөгийн гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдсан. Гэрээг ....сумын Засаг дарга М.Даринчулуун, ерөнхий нягтлан бодогч Б.Чулуунцэцэг нар байгуулсан ба гэрээний дагуу төлөх төлбөрөөс 9 529 650 төгрөгийг төлж, үлдэх 1 896 350 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын тамгын газраас ЖМ16/683 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 1 896 350 төгрөгийг гэрээний 3.3-т “... гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасны дагуу 948 175 төгрөг, нийт 2 844 525 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас компанид учруулсан хохирлыг арилгаж өгнө үү. ...  Талуудын хооронд байгуулагдсан ЖМ16/683 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хууль зүйн хувьд Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээг тус сумын Засаг дарга Д.Даринчулуун, ерөнхий нягтлан бодогч Б.Чулуунцэцэг нар байгуулж, бараа хүлээлцсэн актанд гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байдаг. Тус байгууллагын санхүүгийн бүртгэлд бүртгэх эсэх нь тухайн байгууллагын дотоод асуудал юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3 дахь хэсэгт худалдан авагчийн үйл ажиллагаа зогссон, удирдлага солигдсон нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй" гэж заасан тул өмнөх засаг даргын байгуулсан гэрээ хууль бус гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Днь ЖБ ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Уг гэрээний хувь хэсэг Засаг даргын тамгын газрын архив болон санхүүгийн баримтад хадгалагдаагүй байхаас гадна гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш Samsung A3 гар утасны багц 9 ширхэг 5 868 000 төгрөг, Samsung J5  гар утасны багц 9 ширхэг 4 248 000 төгрөг , L-6 hisense  гар утасны багц 5 ширхэг 1 310 000 төгрөг бүхий гар утаснууд Засаг даргын тамгын газрын өмч болгон огт тусгагдаж бүртгэгдээгүй байгааг нэхэмжлэл гарсан дараагаар нягтлан шалгаж тогтоосон болно. Улмаар Засаг даргын тамгын газрын холбогдох данснаас ЖБ ХХК-д ямар нэгэн зээлийн эргэн төлөлтийг хийж байгаагүй байх тул уг гэрээтэй холбоотой асуудлыг цаашид цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж төрийн байгууллагад учирч болох хохирлыг өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хийсэн байгаа буруутай этгээдүүдээр төлүүлэхээр хариу тайлбарыг хүргүүлж байна. Дээрх байдлыг дүгнэн уг асуудлыг хариуцагчаар татагдсан сумын Засаг даргын тамгын газраас төлбөрийг эс зөвшөөрч хохирлыг буруутнаар төлүүлэх хүсэлтэй тул ....сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст нэхэмжлэлийг шилжүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Днь ЖБ ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээний хувь хэсэг нь тамгын газрын архив болон санхүүгийн баримтад авагдаагүй байна. Гэрээ байгуулснаас хойш Samsung A3 гар утас 9 ширхэг8 Samsung J5  гар утас 9 ширхэг8 L-6 hisense  гар утас 5 ширхэг нь Засаг даргын Тамгын газрын өмчид огт тусгагдаж бүртгэгдээгүй болно. Улмаар Засаг даргын Тамгын газраас холбогдох данснаас ЖБ ХХК-нд ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаагүй бөгөөд уг гэрээтэй холбоотой асуудлыг цаашид Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байна. Засаг даргын тамгын газрын дарга нь Төрийн захиргааны албан тушаалтан бөгөөд байгууллагуудтай Засаг даргын тамгын газрын нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулж, тухайн өмч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн газарт бүртгэгдэх ёстой байсан. Гэтэл бүртгэгдээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байгаа. Үүнтэй холбогдуулан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний хохирлын хариуцлагыг хүлээх болно гэсэн заалт байгаа. Манай байгууллагад нэр бүхий утаснуудыг ямар нэг актаар хүлээлгэн өгсөн баримт байдаггүй гэв. 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын тамгын газраас гэрээний үүрэг 1896350 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 948175 төгрөг, нийт 2844525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЖБ ХХК-д олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын тамгын газраас 60462 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖБ ХХК-д олгож, 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЖБ ХХК-тай 2016.09.15-ны өдөр байгуулсан гэрээний агуулгад зөвхөн хавсралт 1, хавсралт 2 гэж дурдагдсан байдаг ба хавтаст хэрэгт авагдсан гэрээний хавсралт 3 болон хавсралт 4-т сумын ЗДТГ-ын тэмдэг огт дарагдаагүй, уг хавсралтуудыг сүүлд өөрсдөө хуурамчаар үйлдэж эх гэрээний хамт нотариатчаар хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлж батлуулсан байна. Нотариатч гэрээний үнэн зөв бус хуулбарын үнэн зөвийг баталсан тэмдэг дарсан байдаг ба анхан шатны шүүх нотлох баримтыг шинжлэн судлалгүй, хуурамч нотлох баримтыг үнэлсэн байна. Мөн бараа хүлээлцсэн акт гэх хавсралт 3-т тухайн эд зүйлийг хэн хүлээлгэж өгсөн, хэн хүлээж авсан тухай тодорхойгүй, төгсгөлгүй, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр албан хаагчид өөрсдөө очиж гар утсыг авсан байдаг тул уг актыг эд хөрөнгө хүлээлцсэн баримт гэж үзэх боломжгүй, хуурамчаар үйлдсэн болохыг харуулж байна. 

Анхан шатны шүүхийн шатанд сумын ЗДТГ-аас гэрээний үнэн зөв эсэхийг тогтоолгох, гэрээ байгуулснаас хойших хугацаанд ЖБ ХХК-д төлбөрийг хэрхэн ямар данс, баримтаар төлж байсныг нэхэмжлэгч талаас гаргуулах зорилгоор хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг удаа дараа гаргасан байх боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж нэг талыг барьж шийдвэрлэсэн. ЖБ ХХК-аас төлбөрийн мэдээлэл, баримтыг гаргуулан авах нь ямар үндэслэлээр нэхэмжлэлийн үнийг тогтоосон, тооцоог нягтлах, гар утсыг хүлээн авч ашигласан этгээд тус бүрт ногдох төлбөрийн үлдэгдлийг тодорхойлох ач холбогдолтой юм.

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт зээлээр худалдан авсан гар утаснуудыг эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээд бүрэн шилжиж 11 албан хаагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Ийнхүү зээлээр худалдан авсан эд хөрөнгө нь гуравдагч этгээдэд бүрэн шилжсэн байхад шууд дан ганц ....сумын ЗДТГ-аас нэхэмжлэлийн үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн Иргэний уулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “гэм хор учирсан бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлынх нь төлөө үйлдэл хийгдсэн гуравдагч этгээдэд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх, эсхүл гэм хор учруулагч буюу гуравдагч этгээдийг дээрх үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно” гэж заасанчлан шүүх гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзаж, эрх хууль ёсны ашиг сонирхлынх нь төлөө үйлдэл хийгдсэн гуравдагч этгээдэд уг гэм хорыг хүлээлгэх шийдвэрийг гаргах боломжтой, хууль зүйн хувьд маргаангүй үндэслэл бүхий юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгуулсан гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтууд бүгд тамгатай, тухайн үед гэрээ байгуулахад ....сумын Засаг дарга Даринчулуун, нягтлан бодогч Чулуунцэцэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээг нотариатчаар батлуулахдаа хуульд заасны дагуу эх хувиар нь байхыг шаарддаг учраас хуурамчаар байгуулах ёсгүй гэж үзэж байна. Төлбөрийн задаргааг хариуцагч талаас шаардсан ба манай талаас өглөг, авлагын баримтыг шүүхэд нотлох баримт болгож өгсөн. Манай талаас гэрээ байгуулахдаа анхнаасаа хувь хүнтэй биш байгууллагатай гэрээ байгуулдаг учраас ....сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэх эрхтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ЖБ ХХК нь хариуцагч Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 1896350 төгрөг, алданги 948175 төгрөг, нийт 2844525 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээнд үндэслэсэн байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч худалдан борлуулсан эд хөрөнгө нь байгууллагын хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, эд хөрөнгийг хүлээж аваагүй тул төлбөрийг хариуцахгүй, хэлцлийг дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж маргажээ. 

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч “... хуурамч нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, ... хуулийг буруу хэрэглэсэн “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна. 

 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байх боловч хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Энэ нь талууд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Зээлээр худалдах худалдан авах гэрээ” нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний агуулгаас үзэхэд худалдагч нь гар утас төхөөрөмж, цэнэглэгч карт зэргийг худалдах, худалдан авагч нь үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх, худалдаж буй бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлбөргүй, барьцаагүй, хүүгүй олгохоор тохиролцсон нь талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаараагүй хуулийг буруу хэрэглэсэн байна. 

 

Тодруулбал талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийг тодорхой цаг хугацааны дараа төлөхөөр тохиролцсон хэдий ч энэхүү нөхцөлийг тохиролцсон гэрээ болгон зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохгүй ба дээрх нөхцлөөс гадна талууд үнийг хариу төлбөртэйгээр буцаан төлөх буюу хүүгийн нөхцлийн талаар тохиролцсоноор талуудыг зээлээр худалдах худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээг байгуулсан гэж үзнэ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талууд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЖМ16/683 дугаартай гэрээг /хх-12/ бичгээр байгуулж, гэрээгээр хавсралт 1-д заасан буюу Samsung A3 гар утасны багц 9 ширхэг нэг бүрийн үнэ 652000 төгрөг, нийт 5868000 төгрөг, Samsung J5 гар утасны багц 9 ширхэг, нэг бүрийн үнэ 472000 төгрөг, нийт 4248000 төгрөг, L-6 hisense гар утасны багц 5 ширхэг, нэг бүрийн үнэ 262000 төгрөг, нийт 1310000 төгрөг, нийт 11426000 төгрөгийн үнэ бүхий гар утас төхөөрөмж, дугаар цэнэглэгч карт, сунгалтын карт зэргийг Жб ХХК нь худалдан авагч буюу Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөх, хариуцагч Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын Тамгын газар үнийг тогтоосон хугацаанд төлж, эд хөрөнгийг хүлээн авах үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. 

 

Хариуцагч Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын Тамгын газар нь гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан ба гэрээний 2.1.2-т зааснаар “Зээлээр худалдаж байгаа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг актаар хүлээлгэн өгөх” гэж заасан байх боловч ийнхүү хүлээлгэж өгсөн нь тогтоогдоогүй хэдий ч зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын Тамгын газар нь дээрх нэр бүхий эд хөрөнгийг өөрийн ажилчдад олгож, үнийг тэдний цалингаас суутгах хэлбэрээр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байх ба гэрчүүдийн мэдүүлэг болон гэрээний хавсралт-1 зэргээр хариуцагч эд хөрөнгийг хүлээн аваагүй гэх нөхцөл тогтоогдсонгүй. 

 

Улмаар худалдан авагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Тамгын газрын дарга Д.Д-гэрээг байгуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д  “...Засаг даргын Тамгын газрын дарга, ... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж,  тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.15-д  “ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын тасвийн шууд захирагч байна” гэж тус тус заасныг зөрчөөгүйн гадна Д.Даринчулууныг өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн болон Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй болно. 

 

Түүнчлэн уг худалдах, худалдан авах гэрээ нь Жб ХХК болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулагдсан байх ба хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь худалдан авсан эд хөрөнгийг өөрийн ажилчдад олгож, төлбөрийг цалингаас нь суутган төлүүлж байсан нь зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй, эд хөрөнгийг хүлээж аваагүй гэх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ ёсоор хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар эд хөрөнгийг хүлээж, авах үнийг төлөх үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч буюу Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар  эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Жимобайл ХХК нь шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч тал гэрээг дүр үзүүлэн хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан байх боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь эд хөрөнгийг худалдах, худалдан авах зорилготой байсан нь тогтоогдсон ба тэд энэхүү хэлцлийн үр дагаврыг хүсээгүй гэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

Мөн  нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болон тооцооллын /хх-9-11 /хувьд хариуцагч тал маргасан байх боловч нэхэмжлэгч талаас гаргасан тооцоог үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй  ба гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /хх-42-43/ болон тооцоо нийлсэн баталгаа /хх-20/ баримтаар хариуцагч нь 1896350 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, алдангийн нөхцлийн талаар бичгээр тохиролцсоноос 948175 төгрөгийг, нийт 2844525 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж үзэв. 

 

Харин анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас төлбөрийг хэрхэн ямар данс, баримтаар төлж байсныг нэхэмжлэгч талаас гаргуулахаар хүсэлт гаргасныг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-д заасныг зөрчөөгүй ба энэ талаарх нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгч талаас гаргуулах буюу зохигч өөрөө олж авах боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн ....сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 137/ШШ2018/00037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 ...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн ....сумын Засаг даргын тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                  Х.БАЙГАЛМАА