| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2023/0179/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/189 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/189
2023 02 06 2023/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,
Улсын яллагч Н.Өнөрбаяр
Шүүгдэгч Я.Б түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И ургийн овогт Я-ын Б-д холбогдох эрүүгийн 2306000000155 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар гудамжны 00 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор тус хорооны 0 дугаар хэсгийн 00 дугаар гудамжны 00 тоотод түр оршин суудаг гэх И ургийн овогт Я-ын Б /РД:000000000000/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 12 дугаар сарын 24-аас 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 000—00-00 тоотод байрлах гэртээ хохирогч болох хойд аав С.А-ийг өөрийн ойр дотны хүн болох ээж М.С-г хүч хэрэглэн зодсон хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цожролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүний баруун дал орчим 2 удаа хутгалж, баруун далны дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт “... ...” гэжээ.
НЭГ: Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал шүүгдэгч Я.Б нь 2022 оны 12 дугаар сарын 24-аас 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 0000000 тоотод байрлах гэртээ хохирогч болох хойд аав С.А-ийг өөрийн ойр дотны хүн болох ээж М.С-г хүч хэрэглэн зодсон хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цожролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүний баруун дал орчим 2 удаа хутгалж, баруун далны дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд гэмтлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давждасны улмаас учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.А-ийн өгсөн “...Тухайн өдөр манай найз Э, Д нар манай гэрт 0.75 литрийн Соёл нэртэй хоёр шил архи авч ирж манай эхнэр С бид хэд ууцгаасан. Ингээд архи дуусаад бид унтах гээд хэвтэхэд манай хүү гаднаас орж ирсэн. Тэгэхээр би аавдаа хоол халаагаад өгөөч гэж хэлтэл чихэндээ хөгжим хийчихсэн миний яриаг сонсохгүй байсан. Мөн тухайн өдрийн өдөр нь манай хүү гэр орныхоо ажлаас хийлцэхгүй, гал хөсгөө түлэхгүй байсан учраас би жаахан бухимдалтай байсан. Ингээд би уурлаж босоод Б-ийг бариад зууралдаад орилолдох үед манай эхнэр С том өрөөнөөс сонсож босож ирээд хүүхдээ өмөөрөөд байхаар нь би эхнэрийнхээ хүзүү хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл манай найз Э манай хүүд хандан танай аав чинь ээжийг чинь зодоод байна, ямар даварсан юм бэ гэх мэтээр хэлсний дараа манай хүү миний баруун дал хэсэгт хатгах шиг болсон. Тэгээд миний ухаан балартаад ухаан алдаж унасан бөгөөд нэг сэрэхэд Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тухайн хэрэг гарахад би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхнэр хүүхдэдээ шалтгаангүйгээр агсам, согтуу тавьснаас болсон. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, бүх зүйл надаас болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 649 дугаартай “...С.А-ийн биед баруун далны дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа /400мл/ баруун эгэм, хөхний хэсэгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. С.А-ийн баруун далны дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, /400мл/ гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.М-ын өгсөн “...А нь Соёлмаатай зууралдаад түүнийг зодоод байхаар нь би том хүүд нь хандан “ээжийг чинь аллаа” гэж хэлсэн. Тэгтэл Б- нь ээж аав хоёрыгоо салгаж байх шиг байсан. Гэтэл Алтансүхийн нуруунаас цус гарсан. Энэ үед С нь Б-д хандаж “...Миний хүү яаж байгаа юм бэ...” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Я.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Өөрийн хийсэн үйлдлээ болон прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал хохирогч хэрэг гарсан гэх өдөр хохирогч С.А болон гэрч М.С, Л.М, н.Д нар нь ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар гэр бүлийн маргаан үүсэж, хохирогч С.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.С-г зодсоны улмаас шүүгдэгч Я.Б нь хохирогч С.А-ийн баруун дал орчимд хутгалсан байна.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Б нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ээж М.С-г нь хохирогч С.А зодсоны улмаас сэтгэл сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж улмаар хутга авч хохирогчийг араас хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Гэмтлийн "хүнд" зэрэг гэдэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Амь насанд аюултай гэмтэл учруулсан, амь тэнссэн байдал үүсгэсэн, гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% алдсан байхыг ойлгоно.
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №649 дугаартай дүгнэлтээр “...С.А-ийн биед баруун далны дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа /400мл/ баруун эгэм, хөхний хэсэгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. С.А-ийн баруун далны дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, /400мл/ гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ.
Дээрх үйл баримтуудаас харвал Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Б-гийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд, Я.Б-г санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирогч С.А нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Я.Бг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Я.Б-гийн зүгээс өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэж шүүгдэгч Я.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүргийг тус тус хүлээлгэх талаар санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Я.Б-д прокурорын саналыг хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
Мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...” тус тус сануулах нь зүйтэй.
ГУРАВ. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Я.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И ургийн овогт Я-ын Б-ийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...” тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Я.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА