Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

шүүгдэгч нарын өмгөөлөгчид Я.С-, С.Н-,

хохирогч бөгөөд шүүгдэгч М.Н-, М.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.б овогт М-ийн Н-, А овогт М-ын А- нарт холбогдох эрүүгийн 2213002160235 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 28 настай эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Гёо орон ХХК-д геологич ажилтай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр ял шийтгүүлж байсан, Х.б овогт М-ийн Н-, регистрийн дугаар БВ.............,

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 27 настай эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт М-ын А-, регистрийн дугаар БВ..............

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:  “Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршигтай холбоотой ярихад, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан  болох нь тогтоогдож байна. Үүний улмаас хохирогч М.Н- 3.640.100 төгрөгийг нэхэмжилнэ гэж хэлж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар шүдээ хийлгээгүй, шүд солиулахад гарах 3450000 төгрөгийг өнөөдрийн байдлаар хийлгээгүй, хор уршиг гараагүй байгаа учраас тухайн 3450000 төгрөгийг гаргуулах боломжгүй. Нотлох баримт шинжлэн судлуулах шатанд гарсан нотлох баримтуудыг танилцуулсан. Нийтдээ 190.101 төгрөг хохирогч М.Н-аас гарсан. Уг 190.101 төгрөгийг шүүгдэгч М.А-оос гаргуулж, хохирогч М.Н-д олгох саналтай. Харин хохирогч нарын бусад эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг аль алинд нь нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч М.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Асылбек бид хоёр бензин колонкид бензин авах гээд зогсож байсан. Тэгээд би Е-тэй ярих ажил байсан учраас Е- луу залгахад, Соёлын төвийн хойд талд байгаа гэхээр нь Асылбек бид хоёр очсон. Бид очиход Е-, Ес- нар машины хойд талд, урьд талд нь М-, М.А- нар сууж байсан. Тэгээд би М.А-д “...би данхраатаа авъя, утсаа яагаад авахгүй байгаа юм вэ, мессеж бас бичлээ” гэж хэлэхэд, чамаас би юм аваагүй гэж ер нь айлган сүрдүүлсэн маягийн юм яриад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдаад М.А- ууж байсан пивог миний нүүр лүү цацсан. Тэгээд би уурлаад хойшоо харж байхад нь малгай хэсгээс нь гараараа далласан. Тэгээд М.А- намайг хараагаад байхаар нь урагшаа очсон чинь гараараа саваад миний амь руу цохисон. Тэгэнгүүт миний шүд хазайж дотогшоо орж, би ярьж чадахгүй болонгуут хойшоо болоод бид хоёр холдсон. Тэгээд би шууд цагдаагийн газарт очиход, цагдаа нар байгаагүй. Тэгж байхад араас М.А- нар ирээд намайг машиндаа суулгачхаад явуулахгүй “...чамд 2 сая төгрөг өгье, ингээд дуусгачихъя” гэж айлган сүрдүүлж байсан. Тэгээд тухайн өдөрт би аймагт ирээд эмнэлэгт үзүүлээд анхны тусламж авсан. Эмнэлэгт үзүүлчхээд буцаад нуурын эрэгт байдаг кемп дээр очоод ажиллаж байхад хэдэн залуучуудтай машинтай ирээд чангаар хөгжим тавьж, удаа дараа гараад ир гэж айлган сүрдүүлсэн. Надад шүдийг чинь янзлуулаад өгье, гомдлоо татаад авчих гэж зөндөө  хэлж байсан. Гэхдээ намайг айлган сүрдүүлж байсан болохоор би шүүхийн дагуу арга хэмжээ авхуулна гэсэн. ...Тухайн өдөр би аймагт ирж анхны тусламж авч байсан. Тэрнээс хойш томограф болон шүдний зураг авхуулсан. Шүдэнд зохих хэмжээний эмчилгээ хийлгэсэн зардлуудыг нэхэмжилж байна. Мөн Улаанбаатар хотод очиж шүд хийлгэх үнэлгээгээ гаргуулсан. Нийт 3641000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

3. Шүүгдэгч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Е-, М- бид 3 сууж байсан. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. М.Н- бид хоёр өнгөрсөн жилээс хойш уулзаагүй.  Өнгөрсөн жил М.Н-ын хамаатан дүү нь намайг зодоод Улаанбаатар хот руу очиж толгойгоо эмчлүүлж ирж байсан. Тэрнээс хойш бид хоёр уулзаагүй. М.Н-ын ярьж байгаа данхраатыг би М.Н-аас аваагүй. Данхраатыг би А-ээс албан ёсоор мөнгийг шилжүүлээд худалдаж авсан. М.Н- надад данхраат өгсөн гэж худлаа яриад, над дээр ирээд “....чи яагаад утсаа авахгүй байна” гэсэн. Тэгэхэд, би ээлжийн амралттай байна, утас байхгүй гэж хэлсэн. Манай гэрт очоод 2-3 удаа намайг хайж асуусан байна. Тэгэхэд, М.Н- намайг нэг удаа толгойноос 2-3 удаа  цохисон. Би машины урьд талд сууж байсан. Би машинаас бууж М.Н-тай ноцолдож, цохисон юм байхгүй. Өөрийгөө хамгаалахын тулд нэг удаа цохисон. Гэхдээ тийм хүчтэй цохиогүй. ... Би М.Н-аас болж хоёр удаа толгойндоо гэмтэл авсан. Цаашид Улаанбаатар хотод очиж толгойны зураг авхуулж, эмчилгээ хийлгэнэ. Тиймээс цаашид хохирол нэхэмжилнэ ” гэв.

4. Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгчөөр оролцож байна. М.Н- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос ирүүлсэн зүйл ангийг зөвшөөрч байгаа учраас гэм буруутайд тооцогдох байх. Шүүгдэгч, хохирогч М.А- би М.Н-ыг зодоогүй гэж байна. М.А- М.Н-ыг зодсон нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. М.А- М.Н-ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байгаа учраас түүнийг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд 190101 төгрөгийг хохиролд тооцох хэрэгтэй. Хор уршгийн асуудал байгаа учраас мэргэжлийн байгууллагаас хохирлын хэмжээг гаргуулсан. Тиймээс М.А-оос гаргуулан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Шүүгдэгч  М.А-ын өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний бие шүүгдэгч М.А-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар прокурорын мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгасан тогтоосон зүйл байгаа. Данхраттай холбоотой, бусдын өмч хөрөнгийг авч зугтсан, залилан мэхэлсэн нөхцөл байдал байгаа юм шиг. Тэрнээс болж хэрүүл маргаан гарсан эд хөрөнгөтэй холбоотой хэрүүл маргаан юм шиг өнгөцхөн дүгнэлт гаргасан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан дутуу тогтоогдсон. М.Н-ын хувьд 2021 онд М.А-тай хамт явж байсан хүний биед гэмтэл учруулсан, өмч хөрөнгийг нь авч зугтсан. Үүний улмаас шүүхээс ял сонссон байсан. Хоорондоо өс хонзонгийн холбоотой. Харин М.А-ын хувьд Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай, улс төрийн өндөр албан тушаалтай, залуу хүн учраас нам болон бусад үзэл баримтлалаар ялгаварлан гадуурхаж биед нь халдаж, ажлаас нь огцруулах чөлөөлүүлэх гэсэн ажиллагаанууд санаатай өдөөн хатгах байдлаар хийгдэж ирсэн. М.А- М.Н-аас ямар нэгэн эд хөрөнгө аваад өгөхгүй байсан зүйл байхгүй. Гэрч нар бодит байдлыг хэлж өгсөн. Машин дотор сууж байхад М.А-ын арын хэсгээс хэд хэдэн удаа М.Н- нь зодоод дараа нь машинаас бууж М.А-ын сууж байсан машины урьд тал очоод дахиж зодож байх үед М.А- баруун гараа далласан. Тухайн үед М.Н-ын шүд унаагүй байсан. М.А- пиво цацсан зүйл ч байхгүй. М.А- санаатайгаар М.Н-ыг зодъё гэсэн санаа зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн аргагүй хамгаалалт гэсэн зүйл байгаа, хэрэглэх боломжтой. Шүүхээс гэм буруутай гэж шийдсэн тохиолдолд хохирлын хэмжээг шийдэх байх. Хохирол шийдэхдээ бодит хохирлыг гаргуулан шийдвэрлүүлнэ үү гэсэн саналтай байна. Хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213002160235 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

6. Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дахь тал/,

 

7. Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

8. Гэрч Ж.М-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

9. Гэрч З.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

10. Гэрч Ж.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

11. Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

12. Гэрч А.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

13. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

14. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

15. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 608 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

16. Шүүгдэгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

17. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

18. Шүүгдэгч М.Н-, М.А-, тэдний өмгөөлөгч Я.С-, С.Н- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

19.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

20. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Н-, М.А- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

21. Шүүгдэгч М.Н- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

22. Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Н- машинтайгаа ирж зогссон. ...Би машины урд буюу жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан юм. Тэгснээ М.Н- ирснээ шууд гараа зангидаж байгаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. ...М.Н-д хандаад за чи больчих, юм санаад яваад байдаг юм уу гэсэн чинь тэр баруун гараараа миний цээжний баруун тал руу гараараа 2-3 удаа дараалан цохиж авсан. ...Тэгснээ бууж ирснээ шууд миний талын цонхон дээр ирж гараараа миний ам руу нэг удаа цохихоор нь би бас өөрийгөө хамгаалах зорилгоор түүнийг гараараа нэг удаа цохисон чинь л шүд уначихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дахь тал/,

 

23. Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баяннуур сумын Соёлын төвийн гадна З.А- бид хоёр очсон. Тэнд очиход Соёлын төвийн зүүн хойд хэсэгт М-ийн “Истана” загварын машин зогсож байсан. Яваад очиход машины урд буюу жолооч талд М-, туслах талын суудалд М.А-, хойно жолоочийн арын суудалд Е-, дараагаар нь Ес-, хамгийн зах буюу туслах жолоочийн арын суудалд Ж.М- сууж байсан. ...М.А-д хандаж би юмаа авмаар байна шүү дээ чи утсаа авахгүй юм, данхраадаа алга болгосон бол ядаж утсаа аваад хэлж болдоггүй юм уу гээд ер нь гомдсон байдлаар ярьсан. ...М.А- өөрийнхөө уугаад сууж байсан пивыг миний нүүр лүү цацсан. ...Түүнийг над руу пиво цацахаар нь би шууд М.А-ын сууж байсан урьд талын хаалга руу гүйж очсон чинь тэр өөрийнхөө сууж байсан талын машины цонхоор баруун гараа савж гаргаад миний ам руу буюу нарийвчлан хэлбэл дээд уруулын гол хэсэгт гар нь хүрсэн байх, тэгсэн миний дээд талын голын шүд болон доод талын урт соёо хэлбэрээр ургасан шүд давхар хөдлөөд, хэл хазагдсан уу амнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

24. Гэрч Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ес-, М- нартай хамт тус сумын “Соёлын төв”-ийн ард талд очоод тээврийн хэрэгслийн дотор “Сэнгүр” гэх пивоноос уух гээд сууж байх үед гаднаас М.Н- болон З.А- нар хүрээд ирсэн. М.Н- нь ард талын хаалгыг онгойлгож орсон бөгөөд машины урд талд сууж байсан М.А- эргэж харах үед түүний уруул хэсэгт нэг удаа цохиж авсан бөгөөд машинаас бууж М.А-ын сууж байсан урд талын хэсэгт очмогц М.А- нь М.Н-ын аман хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Тухайн үед М.Н- нь миний шүд уначихлаа хэмээн яваад өгсөн. М.Н- нь М.А-ын уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан. М.А- нь М.Н-ыг мөн адил уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан. Би тухайн үед эрүүл байсан. Бид тухайн газарт очиж дөнгөж пиво уух гэж байсан юм. Тухайн болсон үйл явдлыг би нүдээрээ харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

25. Гэрч З.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Н- нь манай сумын залуу Ж.Е- гэх хүн рүү залгахад “Соёлын төв”-ийн ард талд сууж байна гэж хэлсэн. Бид хоёрыг яваад очиход М-ийн тээврийн хэрэгсэл дотор Ес-, М.А-, Д-, Е- нар сууж байсан юм. Тухайн үед М.А- нь тухайн машины урд талд сууж байсан. М.Н- нь тээврийн хэрэгслийн ард талд зогсож байсан бөгөөд М.А- руу хандаж чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, яагаад надаас зугтаад байгаа юм бэ, авсан юм аа цаг хугацаанд нь өг л дөө гэж байсан. Энэ асуудлаас болоод тэр хоёр хоорондоо муудалцсан ба М.Н- нь М.А-ын малгайн саравч хэсгийг нэг удаа цохисон бөгөөд М.А- нь М.Н-ын нүүр хэсэг рүү ууж байсан пивог цацчихсан. Тухайн үед М.Н- уурлаж машины урд талын хэсэг рүү буюу М.А-ын сууж байсан тал руу нь очиход М.А- нь М.Н-ын уруул хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан бөгөөд М.Н- эвгүй болчихлоо хэмээн цагдаагийн хэсэг рүү яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

26. Гэрч Ж.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр М.А- болон М- бид гурав М-ийн машинтай хамт явж байсан юм. Тэгээд М.Н- над руу залгаж “Та хаана байна” хэмээн асуусан бөгөөд бид тус сумын Соёлын төвийн ард талд машин дотор сууж байх үед Ес-, Д- нар гарч ирээд бидний сууж байсан машинд ирээд суусан. Бид уг тээврийн хэрэгсэл дотор “Сэнгүр” гэх нэртэй 0.5 литрийн пивоноос тус бүр 1 ширхгийг уугаад сууж байх үед гаднаас М.Н- болон З.А- нар хүрээд ирсэн. Тухайн үед М.А- уг тээврийн хэрэгслийн урд талд сууж байсан бөгөөд М.Н- нь М.А-ын хажуу талд очоод зогсож байсан бөгөөд уг хоёр залуу хоорондоо юм яриад байсан. Тэгээд удалгүй тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд М.Н- эхлээд М.А-ыг нэг удаа цохиж авсан бөгөөд М.А- мөн адил М.Н-ыг нэг удаа цохиж авсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. М.Н- өөрөө яваад өгсөн. М.А- нь М.Н-ыг мөн адил уруул хэсэгт гарынхаа гадна талаараа нэг удаа цохиж авсан. Өөр тэр хоёр нэг нэгнийгээ цохисон асуудал болоогүй. М.А- нь 1-2 жижиг пиво л уусан байсан. Согтсон зүйл болоогүй. М.Н- нь эрүүл харагдаж байсан. Тухайн үед М.А-ын биеийн байдал хэвийн харагдаж байсан. Ямар нэгэн шарх, сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

27. Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед М.А-, Ж.Е- бид гурав сумын Соёлын төвийн ард талд миний машин дотор сууж байхад гаднаас А.Ес-, Ж.М- нар 1 ширхэг 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авч ирж миний машинд орж суусан. Тэгээд бид нар нөгөө пивог уух гэтэл М.Н-, З.А- нар ирсэн. Тухайн үед М.А- миний машины урд талын суудалд сууж байсан ба М.Н- М.А-д хандаж авсан юм аа цаг хугацаанд нь өгөхгүй том болсон байна гэж хэрүүл маргаан гаргаж М.А-ын уруул хэсэгт нэг удаа гараараа цохисон үед М.А- нь М.Н-ын аман тус газарт нэг удаа гараараа цохисон. Тэгээд бид нар салгаж авах үед М.Н- миний шүд уначихлаа гэж яваад өгсөн. Тухайн үед М.А- эрүүл байсан. Харин М.Н- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

28. Гэрч А.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Соёлын төвийн хашаанд очиж зогсоод нөгөө пивыг М.А- задлаад уух гэж байхад бидний сууж байсан истана машины хажууд мөнгөлөг өнгийн приүс загварын машин ирж зогсоод машинаас М.Н- бууж ирээд бидэнтэй мэндлээд тэгээд М.А-оос миний машины данхраад хаана байна чи дандаа ингэдэг шүү дээ би данхраадгүй зөндөө явлаа гээд тэр хоёр хэрэлдээд М.А- машины урд талд жолоочийн хажууд сууж байхад нь чи буугаад ир гэхэд тэрээр буухгүй байхаар нь М.Н- түүнийг заамдаад татаад М.А-ын нүүр рүү нь гараараа нэг удаа алгадаж цохисон тэгээд М.А- нь түүнийг эсэргүүцээд М.Н-ыг буцаагаад баруун гараараа түүний ам руу нэг удаа цохисон тэгээд тэр хоёрыг салгаж авахад М.Н- миний нэг шүд уначихлаа, чамайг харна гэж хэлээд машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

29. Шинжээч К.Х-ын “...Тархины доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тодруулбал мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тус гэмтэл үүсэн байх боломжтой. Харин хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зулайд дунд хэсэгт хавдартай, зулайд баруун талд хавдартай байх энэ нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэхдээ энэ хоёр гэмтэл нь тархины доргилттой хавсарч явагдана. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр тархины доргилт хавсарч үүснэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

30. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “...Иргэн М.А-ын биед тархины доргилт, зулайд дунд хэсэгт хавдартай, зулайд баруун талд хавдартай, баруун бугалганд дунд хэсэгт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн М.А-ын дээрх гэмтлүүд 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно. Иргэн М.А-ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 617 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

31. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “...Иргэн М.Н-ын биед 2 шүдний 4-р зэргийн хөдөлгөөн мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 608 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

32. Шүүгдэгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

 

33. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

34. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч С.Н-ын зүгээс “..М.А- нь өөрийгөө хамгаалахын тулд эсрэг үйлдэл хийснээс болж бусдын биед гэмтэл учруулсан, иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн аргагүй хамгаалалтыг хэрэглэх боломжтой” гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3-т “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.А- нь өөрөө зодуулсны дараа буюу шүүгдэгч М.Н-ын түүн рүү чиглэсэн довтолгоо төгссөний дараа М.Н- нь тус тээврийн хэрэгслээс бууж М.А-ын сууж байсан цонхны талаас очиход тэрээр М.Н-ыг зодсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт.

35. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

36. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     37. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

38. Шүүгдэгч М.Н- нь хохирогч М.А-ын дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж,  тархины доргилт, зулайд дунд хэсэгт хавдартай, зулайд баруун талд хавдартай, баруун бугалганд дунд хэсэгт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

39. Шүүгдэгч М.А- нь хохирогч М.Н-ын дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, биед 2 шүдний 4-р зэргийн хөдөлгөөн мултрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

40. Шүүгдэгч М.Н-, М.А- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

41. Иймд шүүгдэгч М.Н-, М.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

42. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, шүүгдэгч нарын таарамжгүй харилцаа зэрэг нөхцөл байдал зэрэг нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

43. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

44. Шүүгдэгч М.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч М.А-оос шүдний зураг авахуулахад 40.000 төгрөг, оношлогооны зардал 100.000 төгрөг, компьютер томографийн оношилгоо хийлгэхэд 36.000 төгрөг, өвчин намдаах эм авахад 2500 төгрөг, үрэвслийн эсрэг эм авахад 9601 төгрөг, бусад эм авахад 2000 төгрөг, сувгийн эмчилгээ хийлгэхэд 150.000 төгрөг, бүрээс хийлгэхэд 650.000 төгрөг, шүдний имплант, хиймал яс хийлгэхэд 2.650.000 төгрөг, нийтдээ 3.640.101.000 төгрөг нэхэмжилжээ. 

45. Шүүхээс шүүгдэгч М.Н-ын шүдний зураг авахуулсан 40.000 төгрөг, оношлогооны зардал 100.000 төгрөг, компьютер томографийн оношилгоо хийлгэхэд 36.000 төгрөг, өвчин намдаах эм авахад 2500 төгрөг, үрэвслийн эсрэг эм авахад 9601 төгрөг, бусад эм авахад 2000 төгрөг, нийтдээ 190.101 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-оос 190.101 төгрөг гаргуулан хохирогч М.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 3.450.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

46. Хохирогч М.А- нь шүүгдэгч М.Н-аас хохирол нэхэмжлэх нотлох баримтыг шүүхэд өнөөдрийн байдлаар гаргаж өгч чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Н-, М.А- нар нь эрүүл мэндтэй холбоотой цаашид нэг нэгнээсээ гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

47. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 1000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.А-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг,

48. Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Я.С-ээс “шүүгдэгч М.Н-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

49. Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч С.Н-аас “Шүүгдэгч М.А-ыг гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь гарцаагүй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд миний үйлчлүүлэгч М.А-ын хувьд хэд хэдэн үндэслэл байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”. Өөрийгөө зодсон үед өөрийгөө хамгаалахын тулд эсрэг үйлдэл хийснээс болж бусдын биед гэмтэл учруулсан байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шийдвэрлэх нь зүйтэй. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэг. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

50. Шүүгдэгч М.А-, М.Н- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

52. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

53. Шүүгдэгч М.А- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

54.Шүүгдэгч М.Н- нь хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 119-124 дэх талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

55. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял,  

Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

56. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А-, М.Н- нар нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

57. Шүүгдэгч М.А-, М.Н- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.б овогт М-ийн Н-, А овогт М-ын А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч М.А-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-, М.А- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-оос 190.101 /нэг зуун ерэн мянга нэг зуун нэг/ төгрөг гаргуулан хохирогч М.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Н-, М.А- нар нь мэрүүл мэндтэй холбоотой цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч М.Н-, М.А- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

 

7.  Шүүгдэгч М.Н-, М.А- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК