| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,
шүүгдэгч Ж.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.т овогт Ж-ын О-д холбогдох эрүүгийн 2313000000013 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Э.т овогт Ж-ын О-, регистрийн дугаар: БЕ..................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах иргэн Ч.Т-ийн эзэмшлийн “Ц-Х” хүнсний дэлгүүрт 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч 0,5 литрийн “ЕІіх” нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи 1 ширхэг, 0,35 литрийн “Хараа” нэртэй архи 2 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 56,000 төгрөгийн хохирол,
2. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч.Т-ийн эзэмшлийн “Ц-Х” гэх нэртэй хүнсний дэлгүүрт 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэвтрэн орж 0,5 литрийн ЕІіх нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэг, 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 1 ширхэг, 1.25 литрийн Fаnta ундаа 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 45,500 төгрөгийн хохирол,
3. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах “Р” сүм хийдэд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч бурхны тахилын урд тавьсан тахилын задгай мөнгөн дэвсгэртүүдийг хулгайлан авч явж нийт 10,000 төгрөгийн хохирол,
4. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах Цамбагарав худалдааны төв рүү 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 460.000 төгрөг, Чингис архи /сүүн/ 1 ширхэг, Аrkһі /экс/ 1 ширхэг, Алтан нутаг зайдас 12 ширхэг , Панта ундаа 1 ширхэг, Үе уе кофе 6 ширхэг, Schеррес нэртэй ундаа 1 ширхэг, шпрот 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 525.250 төгрөгийн хохирол,
5. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн аймгийн Өлгий сумын 08 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Nехt” группийн Баян-Өлгий аймгийн салбараас 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2 давхрын цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч 139,900 төгрөгийн “Рһіlірs” загварын сахлын машин 1 ширхэг, 829,900 төгрөгийн ТСL 30 SЕ загварын гар утас 1 ширхэг, уг гар утасны дагалдах хэрэгсэл бүхий 15,000 төгрөгийн чихэвч 1 ширхгийг хулгайлан авч, нийт 984,800 төгрөгийн хохирол,
6. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нур” хүнсний дэлгүүрт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн үед нууцаар, хууль бусаар нэвтэрч 15,000 төгрөгийн “Ерөөл” нэртэй архи 2 ширхэг, дэлгүүрийн кассанд байсан бэлэн мөнгө 310,000 төгрөгийг хулгайлан авч явж нийт 340,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгч Ж.О- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Шүүгдэгчийн эхнэр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр 100 хувь төлж барагдуулсан” гэв.
4. Иргэн Ч.Т-өөс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 03-10 дахь тал/,
6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
7. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,
8. Хохирогч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30, 33-34 дэх тал/,
9. Гэрч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
10. Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
11. Гэрч Ө.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
12. “Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-0347 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-59 дэх тал/,
13. Иргэн Ч.Т-өөс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,
14. Хэргийн газарт буюу “Ц-Х” гэх нэртэй хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 77-84 дэх тал/,
15. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 100-105 дахь тал/,
16. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/,
17. Хохирогч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111, 114 дэх тал/,
18. Насанд хүрээгүй гэрч А.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
19. “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-0348 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 132-135 дахь тал/,
20. Иргэн Б.М-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,
21. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 153-159 дэх тал/,
22. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 169-178 дахь тал/,
23. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал/,
24. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал/,
25. Гэрч Б.Мө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-194 дэх тал/,
26. Гэрч Ү.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал/,
27. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
28. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 03-11 дэх тал/,
29. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 12-19 дэх тал/,
30. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 138, 175 дахь тал/,
31. Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
32. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА-23- 0031 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 57-60 дахь тал/,
33. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 72 дахь тал/,
34. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 73-76 дахь тал/,
35. Гар утсанд эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 78-81 дэх тал/,
36. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90, 173 дахь тал/,
37. Эд зүйлд үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №БӨА-23-0020 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 94-98 дахь тал/,
38. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/,
39. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 116-121 дэх тал/,
40. Мөрдөгчөөс таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 122-125 дахь тал/,
41. Мөрдөгчөөс дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
42. Хохирогч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 136-137, 171 дэх тал/,
43. Эд зүйлд үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан БӨА-23-0026 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 141-144 дэх тал/,
44. Шүүгдэгч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74, 146, 204, 2 дахь хавтаст хэргийн 69-70, 111-112, 156-157, 179-180 дахь тал/ зэргийг,
45. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: 2 дахь хавтаст хэргийн 167 дахь талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
46. Шүүгдэгч Ж.О-гээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
47.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
48. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.О-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
49. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах иргэн Ч.Т-ийн эзэмшлийн “Ц-Х” хүнсний дэлгүүрт 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч 0,5 литрийн “ЕІіх” нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи 1 ширхэг, 0,35 литрийн “Хараа” нэртэй архи 2 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 56,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
49.1. Иргэн Ч.Т-өөс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
49.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 03-10 дахь тал/,
49.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
49.4. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,
49.5. Хохирогч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц-Х гэх нэртэй хүнсний дэлгүүрийг 1992 оноос ажиллуулж байгаа билээ. Би амралтын хоёр өдөр болох хагас сайн болон бүтэн сайн өдрүүдэд дэлгүүр ажиллуулдаггүй амардаг. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дэлгүүрээ нээж ажиллуулахаар өглөөний 10 цагийн үед ирсэн бөгөөд дэлгүүрээ нээж ороход манай дэлгүүрийн худалдан борлуулж байсан архи, согтууруулах ундааны зүйлээс баримжаагаар гурваас дөрвөн ширхэг алга болчихсон байсан тул би гайхаад хоцроод юм бодолгүй ажлаа хийгээд оройн 16 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэртээ харьсны дараагаар буюу 17 цагийн үед манай дэлгүүрийн хойно хоолны газар ажиллуулдаг Б- гэх эмэгтэй над руу залгаж танай хойд талын цонхны төмөр хаалтыг хүн авч тавьсан байна гэж хэлсэн. Би яаран очиж үзэхэд манай хүнсний дэлгүүрийн хойд цонх буюу ертөнцийн зүгээр хойд талын цонхны төмөр хаалтыг авч хана налуулж тавьчихсан байсан. Намайг очиход Б- дэлгүүрийн хажууд зогсож байсан бөгөөд юу болсныг асуухад Ж.О- танай хадчихсан паниар модыг авч байх шиг байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж хэлэхэд Ж.О- яваад өгсөн гэж хэлсэн. ... Миний санаж байгаагаар 0,5 литрийн Еlix нэртэй архи нэг ширхэг, 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэг, 0,35 литрийн Хараа нэртэй архи 2 ширхэг алга болчихсон байсан. Намайг очиход төмөр хаалтыг аваад хана налуулж тавьсан, паниар модыг авчихсан байдалтай байсан бөгөөд дэлгүүр лүү нэвтрэх өрөөний хаалганы цонхыг хагалчихсан байсан. Тухайн доторх өрөөний хаалгыг галын хайчаар налуулж түгжсэн байсан тул амархан онгойж байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа. Би Ж.О-г сэжиглэж байгаа бөгөөд манай дэлгүүрээс архи хулгайлж уусан гэж үзэж байна..., ...хохирлыг Ж.О-гийн гэр бүлийн гишүүд болох эхнэр Н.Ц-, эгч Ж.Одонтуяа нар барагдуулсан. Надад одоо гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30, 33-34 дэх тал/,
49.6. Гэрч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.О- нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 08 цаг өнгөрч байх үед ирээд гараад явсан бөгөөд тухайн үед Ж.О- нь согтуу байсан ба манай хүү болох Ө.Э-ийн хамт гараад явсан. Харин 2 цагийн дараа манай хүү болох Ө.Э- нь Ж.О-гийн өгсөн архи гэж 0,75 литрийн Соёрхол гэдэг тал шилтэй архийг миний гаргасан хүнсний хонины арьсан дунд хийгээд гараад явсан. Тэгээд орой 19 цагийн үед Н.Г-О- буюу Жогногийн хамт Ж.О- нь ирж манай гэрт үлдээсэн архи уухаар ирлээ гэхээр нь би гаргаж өгсөн. Би Ж.О-гээс “Чи архи хаанаас авсан юм. Чамд 0,75 литрийн архи авах мөнгө байхгүй биз дээ” гэхэд надад ямар нэгэн хариулт өгөөгүй ба архи дуусгаад шилээ аваад гараад явах гэхээр нь би наад шилийг чинь би чамд өгөхгүй би гэрч болно гэж хэлээд аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
49.7. Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед ажлаасаа буухаар цайны газраа хаасан бөгөөд намайг гарахад манай эгчийн хүнсний дэлгүүрийн баруун хананд “Ц-Х” дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг хана налуулж тавьсан байсан тул би эгч болох Ч.Т- луу залгаж хаалтыг нь хэлсэн бөгөөд удалгүй зүүн эргэж ороход “Ц-Х” хүнсний дэлгүүрийн хойд талын цонхны паниарыг Ж.О- оролдож байсан бөгөөд би харангуутаа сандраад “хүүе Ж.О-” гэж хэлэхэд Ж.О- үг хэлэлгүй цаашаа алхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
49.8. Гэрч Ө.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Буянт сумын төвд Од- гэх хүний мал туух ажлаар 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд 8 цаг идэш гаргасан бөгөөд гэртээ ирж амарсан. Харин маргааш нь буюу 12 дугаар сарын 05- ний өдрийн 08 цагийн үед би ээжийнхээ гэрийн гадаа таарсан бөгөөд Ж.О- нь 0,75 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи гаргаж ирсэн бөгөөд бид хоёр Ж.О-гийн аав нь болох Ж- гэх хүний хашаанд хувааж уусан ба архи нь талдаа оронгуут нь Ж.О- надад “Наад архиа гэртээ очоод хадгалж бай” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ Ж.О-гийн өгсөн дундуур болтол нь уусан 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг аваачаад ээж болох Өрхөд хадгалуулсан. Тэгээд би Од- гэх хүний үлдсэн идшийг гаргаад гэртээ буцаж ирэхэд манай ээж Өрх нь надад “Ж.О- ирээд чиний хадгалуулсан архийг Н.Г-О-той хамт уугаад явчихлаа” гэж хэлсэн бөгөөд тухайн архины шил нь одоо ч хүртэл манай гэрт байгаа. Би танд гаргаж өгнө. Түүнээс хойш огт Ж.О-тэй уулзаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
49.9. “Ашид Билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-0347 дугаартай “...2022 оны 12 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан ЕLIХ, Соёрхол, Хараа архинууд нийтдээ 56,000 /тавин зургаан мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-59 дэх тал/,
49.10. Шүүгдэгч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэргээр,
50. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч.Т-ийн эзэмшлийн “Ц-Х” гэх нэртэй хүнсний дэлгүүрт 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэвтрэн орж 0,5 литрийн ЕІіх нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэг, 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 1 ширхэг, 1.25 литрийн Fаnta ундаа 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол 45,500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
50.1. Иргэн Ч.Т-өөс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад гаргасан “...миний “Ц-Х” гэх хүнсний дэлгүүрт хулгай орж дотроос нь архи согтууруулах ундааны зүйл алдагдсан...” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,
50.2. Хэргийн газарт буюу “Ц-Х” гэх нэртэй хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 77-84 дэх тал/,
50.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 100-105 дахь тал/,
50.4. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/,
50.5. Хохирогч Ч.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Буянт сумын 4 дүгээр багт амьдардаг бөгөөд хувиараа “Ц-Х” гэх нэртэй хүнсний дэлгүүрийг 1992 оноос ажиллуулж байгаа билээ. Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай дэлгүүрт хулгай орчихсон байсан тул би цагдаад мэдэгдэж оройн 22 цагийн үед аймгаас цагдаа нар ирж манай дэлгүүрт үзлэг хийж 23 цагийн үед дууссан тул би дэлгүүрээ хааж түгжээд явсан бөгөөд маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед дэлгүүрээ нээхээр ирээд ороход өчигдөр шинээр цоож хийж түгжсэн байсан дэлгүүрийн өрөөний хаалгыг эвдэлж орсон байсан тул би цагдаад мэдэгдсэн. Өчигдөр цагдаа нар үзлэг хийхэд би бараагаа бүртгэсэн бөгөөд өнөөдөр өглөө үзэхэд 0,5 литрийн ЕІіх нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэг, 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 1 ширхэг, 1,25 литрийн fаntа ундаа 1 ширхэг тус тус алга болсон байсан. ...хохирлын үнэлгээ 45.500 төгрөг болсон бөгөөд тухайн хохирлыг Ж.О-гийн эгч Ж.О-, эхнэр Н.Ц- нар барагдуулсан. Надад одоо гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111, 114 дэх тал/,
50.6. Насанд хүрээгүй гэрч А.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.О-гийн унтаж байсан газраас 0.75 литрийн савлагаатай нэрийг нь сайн мэдэхгүй, цагаан өнгийн хоосон архины шил гарч ирсэн бөгөөд эгч А.Уу- нь гаргаад манай үнс рүү хаясан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
50.7. “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-0348 дугаартай “...12 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан ЕІіх, Соёрхол, Ерөөл архи, fanta ундаа нийтдээ 45,500 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 132-135 дахь тал/,
50.8. Шүүгдэгч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/ зэргээр,
51. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах “Р” сүм хийдэд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нууцаар, хууль бусаар нэвтэрч бурхны тахилын урд тавьсан тахилын задгай мөнгөн дэвсгэртүүдийг хулгайлан авч явж нийт 10,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
51.1. Иргэн Б.М-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,
51.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 153-159 дэх тал/,
51.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 169-178 дахь тал/,
51.4. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал/,
51.5. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ....Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед “Р” хийдийн хашаанд байсан цахилгааны гэрлийн шонгийн гэрлийн утас тасарсан гэрэл унасан байдалтай байна гэж Б- над руу утсаар холбогдсоны дагуу хийдэд очиж үзэхэд зүүн урд талын цонх скочоор нааж хаасан байсан цонх гар орох хэмжээний зай гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хийдээс бурхан тахилын урд тавьсан байсан мөнгө алга болсон байсан ба ойролцоогоор 10 төгрөг, 20 төгрөг, 50 төгрөг, 100 төгрөг, 500 төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт нийлсэн 10,000 орчим төгрөг байсан. Гэхдээ 10,000 төгрөгөөс бол илүү гарахгүй мөнгө байсан юм. ...ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал/,
51.6. Гэрч Б.Мө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Буянт сумын 4 дүгээр багт амьдардаг бөгөөд тус сумын “Р” хийдэд хамба ламын албан тушаал хашдаг. Харин тус сумын иргэн Б.М- нь тухайн “Р” хийдийн дэргэдэд "Есөн эрдэнэ” сүсэгтэй холбооны тэргүүн гэж явдаг бөгөөд тус хийдийн мэдээллийг иргэдэд дамжуулж, үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй хүн байгаа юм. Б.М- гэх хүн нь надад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Р” хийдэд хулгай орсон байна” гэх мэдээллийг утсаар бөгөөд тухайн үед би Баян-Өлгий аймагт ажлаар явж байсан. Төд удалгүй цагдаа нар ярьж хэргийг шалгаж байгаа гэсэн бөгөөд Б.М- гэх хүн гомдол гаргаж манай сүмийг төлөөлөн явж байгаа. Б.М- нь надад “Р” хийдэд хулгай орж дотроос нь бурхан тахилын мөнгө алдагдсан байна гэж хэлсэн бөгөөд би 4 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 09-ний өдөр сүм доторх судар, бурхны тахилын ёожид /эд зүйл/-ийг бүртгэж үзэхэд алга болсон зүйл байхгүй байсан. Харин Б.М- нь бурхны урд байсан тахилын 10,000 /арван мянга/ орчим мянган төгрөг алга болсон байсан гэх мэдээллийг надад өгсөн. Бид бурхны тахилын тоолдоггүй бөгөөд яг хэдэн төгрөг алга болсныг хэлэхэд хэцүү байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-194 дэх тал/,
51.7. Гэрч Ү.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Р” хийдэд хааяа орж зул өргөдөг бөгөөд би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай “Р” хийд рүү ороход Бурхан тахилын мөнгө ширээнд байсан билээ. Харин 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Р” хийдийн тогийн шонг өвс ачсан машин унагаасан байсан тул Б.М- гэх хүн над руу залгаж “Р” хийдийн түлхүүрийг асуусан бөгөөд намайг очиход бурхан тахилын мөнгө байхгүй байсан.Тэгээд Б.М- цагдаа дуудаж мэдэгдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Мөнгө хэзээ алаг болсон, хэн авсныг нь хэлж мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал/,
51.8. Шүүгдэгч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/ зэргээр,
52. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах Цамбагарав худалдааны төв рүү 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 460.000 төгрөг, Чингис архи /сүүн/ 1 ширхэг, Аrkһі /экс/ 1 ширхэг, Алтан нутаг зайдас 12 ширхэг , Панта ундаа 1 ширхэг, Үе уе кофе 6 ширхэг, Schеррес нэртэй ундаа 1 ширхэг, шпрот 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 525.250 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
52.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
52.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 03-11 дэх тал/,
52.3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 12-19 дэх тал/,
52.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай дэлгүүрт Буянт сумын иргэн Ж.О- гэгч нь шөнийн цагаар хоёр давхрын цонхны шилийг хагалж, хууль бусаар нэвтэрсэн байна. Энэ тухай манай дэлгүүрийн хяналтын камерт тодорхой бичигдсэн байна. Манай дэлгүүрт хулгай орсон асуудлаас болж нийт 620.650 төгрөгийн хохирол учирсан байна. ...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 625.250 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, хохиролгүй болгосон. Тийм учраас одоо бидний зүгээс энэ хэрэгт холбоотой ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 138, 175 дахь тал/,
52.5. Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагийн үед очсон юм. Намайг очиход гадна талын буюу урд талын хоёр хаалга цоожтой байсан юм. Тухайн хоёр хаалгыг онгойлгож ороход манай “Цамбагарав-Өгөөж” ХХК-ний Цамбагарав-1 супермаркетын доторх хаалгыг ямар нэгэн эвдлэгч багажаар цоожийг нь мултлан хулгайч орсон байж болзошгүй байдалтай байсан юм. Би тухайн үед хулгайч орсон гэж мэдээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар орж ирсэн үед хамт орж Касс-1, Касс-2 байсан мөнгийг үзэхэд кассанд байсан бэлэн мөнгө хулгайд алдагдсан байсан. Мөн камер шүүж үзэхэд 30-40 насны саарал өнгийн гэмээр малгайтай, хүрэн бор өнгийн савхин куртиктэй, хар урт түрийтэй гуталтай хүн манай супермаркетын хаалгыг эвдэж кассанд байсан бэлэн мөнгө болон бараа хулгайлж авсан байсан. Тухайн эрэгтэй хүн нь хоёр давхар буюу Некст Электрониксын давхраас бууж ирсэн байж болзошгүй байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
52.6. Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА-23-0031 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 57-60 дахь тал/,
52.7. Шүүгдэгч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэргээр,
53. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн аймгийн Өлгий сумын 08 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Nехt” группийн Баян-Өлгий аймгийн салбараас 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2 давхрын цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч 139,900 төгрөгийн “Рһіlірs” загварын сахлын машин 1 ширхэг, 829,900 төгрөгийн ТСL 30 SЕ загварын гар утас 1 ширхэг, уг гар утасны дагалдах хэрэгсэл бүхий 15,000 төгрөгийн чихэвч 1 ширхгийг хулгайлан авч явж нийт 984,800 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
53.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 72 дахь тал/,
53.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 73-76 дахь тал/,
53.4. Гар утсанд эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 78-81 дэх тал/,
53.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “Nехt групп”-ийн Баян-Өлгий аймгийн салбар нь тус аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цамбагарав” супермаркетын 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг ба 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2 давхрын цонхыг хагалж, манай салбараас Рһіlірs загварын сахлын машин 1 ширхэг, ТСL 30 5Е загварын гар утсыг хулгайлсан байна. Мөн 2 давхраас 1 давхарт дамжин буух төмөр хаалганы дээд, доод хэсэгт байрлах 2 ширхэг цоожийг эвдэлсэн байх тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, буруутай этгээдээр манай байгууллагад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна... Рһіlірs загварын сахлын машиныг 139.900 төгрөгөөр, ТСL 30 ЗЕ загварын гар утсыг 829.900 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна. Гэмт хэргийн улмаас Рһіlірs загварын сахлын машин хулгайд алдагдсан бол ТСL 30 ЗЕ загварын гар утасны дагалдах хэрэгсэл буюу чихэвч нэг ширхэг алдагдсан байна, уг гар утсыг манай салбараас хулгайлж Цамбагарав супермаркет буюу 1 давхрын цайны өрөөнд цэнэглэсэн байсныг олж авсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүн тухайн гар утсыг ашиглах зорилгоор манай салбараас нууцаар авч, өөр газарт шилжүүлсэн байсныг олж авсан... Сэжиглэж байгаа хүн гэвэл Ж-ын Ж.О- гэх хүнийг сэжиглэж байна, учир нь Цамбагарав супермаркетаас мөн адил эд зүйл, бэлэн мөнгө хулгайлсан тул манай байгууллагаас мөн адил эд зүйл хулгайлсан байж болзошгүй гэж бодож байна. Манай байгууллагын хяналтын камерын цаг зөрүүтэй бөгөөд шаардлага хангасан дүрс бичлэг бичигдээгүй байна. Тооллого хийсний үр дүнд дутсан эд зүйлсийг тоо ширхэг, шинж чанараар нь мэдүүлж байна. ...манайд учирсан нийт 210.000 төгрөгийг миний данс руу шилжүүлэн өгч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. ...бидний зүгээс энэ хэрэгт холбоотой ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90, 173 дахь тал/,
53.6. Эд зүйлд үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №БӨА-23-0020 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 94-98 дахь тал/,
53.7. Шүүгдэгч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 111-112 дахь тал/ зэргээр,
54. Шүүгдэгч Ж.О- нь Баян-Өлгий аймгийн аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нур” хүнсний дэлгүүрт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн үед нууцаар, хууль бусаар нэвтэрч 15,000 төгрөгийн “Ерөөл” нэртэй архи 2 ширхэг, дэлгүүрийн кассанд байсан бэлэн мөнгө 310,000 төгрөгийг хулгайлан авч явж нийт 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
54.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/,
54.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 116-121 дэх тал/,
54.3. Мөрдөгчөөс таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 122-125 дахь тал/,
54.4. Мөрдөгчөөс дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
54.5. Хохирогч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө унтаж байгаад босож дэлгүүр орж хаалгыг нь цоожилсон эсэхийн шалгах гээд очиход дэлгүүр дотор талын хаалга онгорхой гадна талын хаалга цоожтой байсан. Тэгээд дэлгүүр дотор дуу чимээ гарахаар нь ороод дотор талын хяналтын камерын дэлгэц рүү харахад дэлгүүр дотор нэг хүн явж байсан. Тэгээд би хэн бэ гэж хэлэхэд хүн дуугарахгүй байсан. Тэгээд шууд гараад гадна талын хаалганд өлгөөтэй байсан түлхүүрийг авч дэлгүүрийн дотор талын хаалгыг гаднаас нь цоожилсон. Тэр үед дэлгүүрт хулгайгаар орсон залуу хаалганы цаад талаас нь гүйгээд ирэхээр нь хэн бэ? наад дэлгүүр дотор юу хийгээд яваад байна гэж хэлсэн. Тэгэхэд тус залуу над руу хараад юм дуугарахгүй байсан. Тэгээд би гэр лүү гүйж ороод гэрээс хүн дуудаад буцаж ирэхэд тухайн хулгай хийж байсан гэх залуу дэлгүүрийн дотор талын хаалганы цоожийг эвдэж цонхоор гараад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай дэлгүүрийн гадна талын хаалга болон цонх цоожтой байсан. Харин дотор талын хаалгыг цоожлоогүй юм байна. Тухайн өдөр дэлгүүрийн дотор тал болон гадна талын хяналтын камерын бичлэгийг үзэхэд тухайн хулгай орсон гэх хүн эхлээд хашааны дотор талаар дэлгүүр лүү ордог цонхыг түлхэж цоожийг нь мулталж цонхоор дамжин дэлгүүр лүү орж эд зүйл хулгайлсан байна. Харин би ирээд тухайн хүнийг хараад дэлгүүрийн дотор талын хаалгыг гаднаас нь цоожлоод гэрээс хүн дуудах гээд явахад дэлгүүрийн дотор талын хаалганы цоожийг хөлөөрөө өшиглөн эвдэж, орж ирсэн гэх цонхоор дамжаад буцаад гараад зугтсан байна. Тухайн өдрийн орлого болох 20.000 дэвсгэртээс 14 ширхэг байсан ба тэр алга болсон байна. Харин 20.000 дэвсгэрттэй цуг 1.000 болон 50 төгрөгийн дэвсгэрт хэд байсныг мэдэхгүй байна. Мөн Ерөөл нэртэй 0.75 литрийн 2 шил архи алга болсон байна. Манайх Ерөөл нэртэй 0.75 литрийн архийг бөөний үнэ болох 13.300 төгрөгөөр авч дэлгүүрт авч ирээд 15.500 төгрөгөөр худалдан борлуулдаг. Тус хэрэг болсон гэх өдөр манай дэлгүүрээс 26.600 төгрөгийн архи болон 310.000 гаруй бэлэн мөнгө алдагдсан байсан. Өөр ямар нэгэн алга болсон гэх эд зүйл байхгүй. Тухайн хулгайгаар орсон гэх хүн торонд хиам болон ундаа, ажлын бээлий, оймс гэх мэт зүйл хийсэн байсан ба тэрийг авч чадалгүй орхиод зугтаад явсан байна. ...миний данс руу тухайн мөнгийг бүрэн шилжүүлсэн. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 136-137, 171 дэх тал/,
54.6. Эд зүйлд үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан БӨА-23-0026 дугаартай үнэлгээний “...2023 оны 01 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан Ерөөл нэртэй 0.75 литрийн 2 ширхэг архи 30.000 /гучин мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 141-144 дэх тал/,
54.7. Шүүгдэгч Ж.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна /2 дахь хавтаст хэргийн 156-157, 179-180 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт.
55. Шүүгдэгч Ж.О- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
56. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
57. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
58. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Ч.Т-, Б.М-, Д.Г-а болон “Цамбагарав” ХХК, “Next” группт хохирол учирсан байна гэж үзлээ.
59. Шүүгдэгч нь иргэн Ч.Т-ийн эзэмшлийн “Ц-Х” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хаалгыг эвдэлж хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, ““Р”” хийдийн цонхыг хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн “Цамбагарав” худалдааны төвийн цонхыг хагалж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, “Next” группийн Баян-Өлгий аймгийн салбарын 2 ширхэг цонхыг хагалж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, иргэн Д.Г-гийн эзэмшлийн “Нур” хүнсний дэлгүүрийн цоожийг мулталж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байр нь байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарна.
60. Шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
61. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
62. Иймд шүүгдэгч Ж.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
63. Гэмт хэрэг гарахад хохирогч нарын эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
64. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
65. Шүүгдэгч Ж.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Т-т 101.500 төгрөгийн, хохирогч Б.М-ад 10.000 төгрөгийн, “Цамгарав” ХХК-д 525.250 төгрөгийн, “Next” группт 984.800 төгрөгийн, хохирогч Д.Г-д 340.000 төгрөг хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.О- нь дээрх хохирлуудыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
66. Шүүгдэгч Ж.О- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
67. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
69. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
70. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
71. Шүүгдэгч Ж.О- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 193 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоол /2 дахь хавтаст хэргийн 195-197 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
72. Шүүгдэгч Ж.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
73. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
74. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг Ж.О-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
75. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
76. Шүүгдэгч Ж.О-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
77. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
78. Шүүгдэгч Ж.О- нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЦХШЗ/10 дугаар захирамжаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.О-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
79. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Соёрхол нэртэй архины шил 2 ширхэг, ЕІіх нэртэй архины шил 1 ширхэг, 94539252 гэх бичиглэлтэй Мобикомын сим картын үр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, гарын хээ бэхжүүлсэн баримт 1 ширхэг, СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
80. Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-гийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.000 /нэг мянга/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 500 /таван зуу/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 100 /нэг зуу/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 9 ширхэг, 50 /тавь/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 6 ширхэг, нийт 3700 төгрөгийг, 1000 /нэг мянга/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 100 /нэг зуу/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 33 ширхэг, 50 /тавь/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 20 ширхэг, нийт 8300 төгрөгийг, Самсунг галакси гранд макс загварын цагаан өнгийн гар утас 1 ширхгийг тус тус хурааж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
81. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
82. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ж.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.т овогт Ж-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.О-г 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон шүүгдэгч Ж.О-гийн 45 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Соёрхол нэртэй архины шил 2 ширхэг, ЕІіх нэртэй архины шил 1 ширхэг, 94539252 гэх бичиглэлтэй Мобикомын сим картын үр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, гарын хээ бэхжүүлсэн баримт 1 ширхэг, СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-гийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.000 /нэг мянга/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 500 /таван зуу/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 100 /нэг зуу/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 9 ширхэг, 50 /тавь/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 6 ширхэг, нийт 3700 төгрөгийг, 1000 /нэг мянга/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 100 /нэг зуу/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 33 ширхэг, 50 /тавь/ төгрөгийн мөнгөн дэвсгэрт 20 ширхэг, нийт 8300 төгрөгийг, Самсунг галакси гранд макс загварын цагаан өнгийн гар утас 1 ширхгийг тус тус хурааж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК