| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/209 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/209
2023 02 09 2023/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Баасанбаяр,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М ургийн овогт Г Бд холбогдох эрүүгийн 2206053560275 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, .... дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б маргалдан түүний толгойн тус газарт мөргөж, цохиж, 1-2 удаа өшиглөж биед нь хамрын нуруунд хугарал, баруун зовхи, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Нэг. Гэм буруу болон хууль хэрэглээний талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б маргалдан түүний толгойн тус газарт мөргөж, цохиж, 1-2 удаа өшиглөж биед нь хамрын нуруунд хугарал, баруун зовхи, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Б өгсөн “... эхлээд нэгнийгээ тэнэг гэж дуудалцаж байгаад дараа нь Г.Б нь Э.Б рүү пиво ууж байсан аягаа шидсэн. Шидсэн аяга нь хана оносон. Тэгэхэд Э.Б “Чи гэрт байх үед ийм зан гаргалаа, эхнэр хүүхэд унтаж байна" гээд хүрч ирээд Г.Быг заамдаж аваад харилцан заамдалцаж хана нэгийгээ түлхэж байтал Г.Б Э.Б хамар руу гараараа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдээгүй. Эргүүлээд Э.Б Г.Быг мөн цохисон. Тэр үед Э.Б хамраас цус гарсан. Би тэр хоёрыг очиж салгасан. Дараа нь Э.Б Г.Б-д хандаж “Гадна гараад асуудлаа шийдчихье” гээд тэр хувцсаа өмссөн. Би гоожсон цусыг нь арчиж цэвэрлээд байж байх үед тэр хоёр гэрийнхээ хаалгыг онгойлгоод орцонд гарсан. Намайг шал арчиж байтал тэр хоёр хоорондоо маргалдаад, зодолдоод байгаа чимээ гарахаар нь би арчиж байсан шалаа хаячхаад гарч очиход тэр хоёр орцонд зодолдоод орцны шал цус болчихсон байсан. Э.Б, Г.Б хоёрын аль алиных нь хамраас цус гарсан байсан. Би тэр хоёрыг арай гэж салгаад хоёр талд суухаар нь тайвширчихлаа гэж бодоод цусыг нь цэвэрлэх гээд холдох үед дахиж барьцалдаж аваад зодолдоод байсан. Э.Б Г.Бын доор орчихсон зодуулж байх үедээ “Цагдаа дууд” гэж хэлсэн. Би тэгээд цагдаа дуудсан. Би тэр хоёрыг салгаад лифтэнд гурвуулаа хамт суугаад гадна гараад цагдаа ирэхийг хүлээж байтал Э.Б Г.Быг гар, хөлөөрөө цохиж эхэлсэн. Дахиад би арай гэж салгаад байж байтал Г.Б Э.Бг сууж байх үед нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд дахиж очоод гараараа зодож эхэлсэн. Тэгээд яг салгаад байж байтал цагдаа ирсэн. Б Б сууж байхад нь өшиглөснөөс хамар нь хугарсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14262 дугаартай “...Э.Бд хамрын нурууны хугарал, баруун зовхи, дээд уруулд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би тухайн үед шар айраг уугаад согтчихсон байсан. Гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд нь “...хохирогч Э.Б биед хамрын нурууны хугарал, баруун зовхи, дээд уруулд цус хуралт гэмтэл учирсныг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан.
Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Г.Бын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Б нь зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбараар болон бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Бын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА