| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0883/З |
| Дугаар | 221/МА2025/0242 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0242
“Э ” Г -ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-0000000000 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг “Э ” Г -аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг “Э ” Г -аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1058 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн Ж.О, С.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, М.А, Б.М, Х.А, С.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0883/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э ” Г нь “...Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-0000000000 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг “Э ” Г -аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг “Э ” Г -аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1058 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.2, 47.4, 47.6, 47.12, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ” Г -аас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-0000000000 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг “Э ” Г -аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг Э Г -аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар дээрх шийдвэрээс 2019 оны зэс молибдений дагалдах элемент болох төмөрт ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 1,523,596,867,54 төгрөгөөр бууруулах тооцоололыг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэдийгээр экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн мэдээлэлд зэс, молибден металлаар, төмрийн хүдэр баяжмалаар зарлагддаг боловч манай үйлдвэр цэвэр зэс,молибден ачуулдаггүй зэсийн хүдэр болон молибдений хүдрийг боловсруулж баяжмал болгон ачуулдаг. Худалдан авагч тал энэхүү баяжмалыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүний шаардлага хангасан металлыг ялган авдаг тул зэс молибдений АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг тооцохдоо экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд тавигдсан үнээр тооцдог.
3.2. Мөн дээрх баяжмалд агуулагддаг дагалдах элемэнт болох 70-99% ийн агуулгатай мөнгийг ялган авдаг тул дагалдах элемент болох мөнгөнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Харин зэсийн баяжмал дахь дагалдах элемент болох төмөр нь химийн нэгдэл хэлбэрээр баяжмалд агуулагдаж, зэсийн баяжмалын шаардлага хангагддаг бөгөөд тэрхүү төмрийн агуулга нь гаалийн лабораторийн дүгнэлтээр 25-30 хувийн агуулгатай төмрийн элемент байна гэж дүгнэгддэг.
3.3. Татварын улсын байцаагчид энэхүү дүгнэлтэнд үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д” зааснаар уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцно гэсний дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр тооцоолол хийсэн. “Э ” Г нь төмрийг зэсийн баяжмалаас ялган авч худалдан борлуулдоггүй боловч тодорхой хэмжээгээр төмөр агуулагдаж байгаа тул дагалдах элементийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зэсийн баяжмалд агуулагдах агуулгын хэмжээ, агуулгын нэгж хувьд ногдох үнэлгээгээр тооцож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр тооцоо хийсэн.
3.4. Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалын хавсралтаар баталсан аргачлалын 2.7 дугаар заалтыг үндэслэн баяжмалын хуурай жингээс цэвэр металлын хэмжээг тодорхойлж, агуулга хүрээгүй төмрийн нэгжийн үнэлгээгээр тооцож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг тооцож төсөвт төлөх нөхөн төлбөр, торгууль алдангийн хэмжээг 1,523,596,867,54 төгрөгөөр бууруулахаар байгааг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулж, үндэслэл тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Э ” ХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.О, М.А, Б.М, Булган аймгийн татварын газрын улсын байцаагч С.С, Б.С нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-0000000000 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг “Э ” Г -аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг “Э” Г-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “...Маргаан бүхий тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын актын 2 дахь хэсэг дэх тооцооллыг хийхдээ нэхэмжлэгчийн экспортолсон зэс, молибдений баяжмалд агуулагдах төмрийн тоо хэмжээг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн чийглэгийг хассан дүнгээс төмрийн агуулгын хувиар үржүүлж гарсан хэмжээг цахим хуудсаар зарласан зах зээлийн үнийн мэдээлэл /60 хувь/-д тулгуурлан төмрийн баяжмалын үнэлгээг 100 хувийн бүтээгдэхүүнд шилжүүлэн нэгж үнэлгээгээр үржүүлэн тооцож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцсон нь үндэслэлтэй. Түүнчлэн, нэхэмжлэгч “Э ” Г нь Татварын ерөнхий газрын татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн цахим тайлангийн мэдээлэлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар худалдсан, худалдахаар ачуулсан 131,826.29 тонн зэс, 2,5900.80 тонн молибден, 45,102.120 грамм мөнгөнд нийт дүнгээр 357,105,658,344.077 төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнасан болох нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсоноос үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ... зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тооцооллыг хийхдээ холбогдох журмыг буруу хэрэглэснээс илүү төлбөр ногдуулсан гэж маргаж буй нь үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...2019 оны зэс молибдений дагалдах элемент болох төмөрт ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 1,523,596,867,54 төгрөгөөр бууруулах тооцоололыг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч байна … Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалын хавсралтаар баталсан аргачлалын 2.7 дугаар заалтыг үндэслэн баяжмалын хуурай жингээс цэвэр металлын хэмжээг тодорхойлж, агуулга хүрээгүй төмрийн нэгжийн үнэлгээгээр тооцож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг тооцож төсөвт төлөх нөхөн төлбөр, торгууль алдангийн хэмжээг 1,523,596,867,54 төгрөгөөр бууруулж өгнө үү” гэжээ.
2.5. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшил нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улс, орон нутгийн төсөвт төлнө” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар баталсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын 2.5-д “... Тухайн экспортын бүтээгдэхүүний агуугын хувийг тогтоохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх дүгнэлт гаргах эрх бүхий бусад итгэмжлэгдсэн лаборатороор тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх дүгнэлтийг гаргуулж болно”, 2.7-д “... Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно” гэж тус тус заасан байх бөгөөд ийнхүү тооцохдоо олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, бусад зах зээлийн үнийн мэдээллийг харгалзан тооцохоор байна.
2.6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй зэсийн баяжмалд агуулагдах төмрийн хэмжээг буруу тооцоолсноос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлбөр зохих хэмжээнээс илүү тогтоосон гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцсоныг бүрэн тодруулаагүй байх төдийгүй энэ талаарх талуудын хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний нотлох болон үгүйсгэх байдлын талаарх тайлбар мэдүүлгийг сонсож, мэтгэлцүүлсний үндсэн дээр эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
2.7. Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа Засгийн газраас баталсан аргачлалын дагуу ашигт малтмалын зэсийн баяжмал боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлсон эсэх, Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэсэн эсэх, нэхэмжлэгч “Э ” Г -ын 2019 оны экспортод гарган борлуулсан зэсийн баяжмалд агуулагдаж буй дагалдах металлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Монголбанкны зарлагдсан үнээр тооцсон эсэхийг шүүх тодруулан тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
2.8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ