Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0767

 

2021 11 16 128/ШШ2021/0767

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: * Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл

Хариуцагч : * дүүргийн Татварын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: 1.*дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ********* дугаартай актыг хүчингүй болгуулах, 2. * дүүргийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, Татварын хяналт шалгалтын дарга нар ******** дугаартай Ц ХХК-иас А ХХК-д олгосон *,***,***** төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, 3. * Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч * дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, А.Ө, хариуцагч * маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ********* дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актын үндэслэлд 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.14-т газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаарх мэдээлэл, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяа татварын албанд хүргүүлэх, 33 дугаар зүйлийн 33.2.2-т татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэх/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар өдрийг тусгана; гэж заасныг болон 34 дүгээр зүйлийг үндэслэсэн. Мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дах хэсгийн заалтуудыг үндэслэсэн байна. Актын хавсралтад татварын улсын байцаагчийн зүгээс Татварын ерөнхий хуулийн 74.1-т Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварын улсын байцаагч татварын нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх торгууль ногдуулна ..., 74.2-д татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх торгууль ногдуулна..., 74.3-д Энэ хуулийн 74.2-т заасны дагуу төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн ***,***,*** төгрөгийн нөхөн татвар, **,****,*** төгрөгийн торгууль, ***,***,*** төгрөгийн алданги нийт ***,***,*** төгрөгийн төлбөрийн акт тогтоосон.

Хуулийн 74 дүгээр зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулснаар: 74.1-т Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна, 74.2-т Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй. Тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хууль нь 2008 онд батлагдаж, 2019 онд хүчингүй болсон.

Татварын улсын байцаагчийн актад А ХХК-ийг 2011 онд *,***,***,*** төгрөгийн бараа материалыг худалдан аваагүй атлаа бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнасан зөрчилд ***,***,*** төгрөгийн нөхөн татвар, **,***,*** төгрөгийн торгууль, ***,***,***төгрөгийн алданги ногдуулж шийдвэрлэсэн.

Гэтэл А ХХК нь Ц ХХК-аас *,***,***,***төгрөгийн барилгын бараа материал худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж бүртгүүлсэн, Ц ХХК ч мөн ялгаагүй борлуулалтын орлогоор хүлээн тайлагнасан нь татварын тайлангийн системд бүртгэлтэй байгаа болно. Үүгээр ч зогсохгүй А ХХК нь уг худалдан авсан бараа материалаараа * аймгийн * сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 48 айлын 6 давхар орон сууц, 90 айлын 6 давхар 2 орон сууцыг тус тус барьж, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд 38/24-**, 38/24-** тоот актуудаар улсын комисст хүлээлгэн өгсөн. Худалдан авсан бараа материалаараа орон сууц барьж босгоод, татварын тайландаа тусгасан атал татварын улсын байцаагч бодитой худалдан авалт хийгээгүй, Ц ХХК-аас падаан хуурамчаар хийлгэж авсан гэх зэрэг байж боломгүй нотлох баримтгүй дүгнэлт хийсэн. Түүгээр ч зогсохгүй 2008 оны Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд татварын хяналт шалгалтыг хэрхэн явуулах талаар тодорхой зохицуулсан. ... 47.3.1-д татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой татварын улсын байцаагч нь худалдан авагч компани болох А ХХК ч, худалдагч болох Ц ХХК ч бараа худалдсан, худалдан авсан тухайгаа татварын тайландаа тусгаж, худалдан авсан бараа материалаараа бүхэл бүтэн орон сууц барьж ашиглалтад оруулаад холбогдох бүх баримтуудаа гаргаж өгсөөр атал бодитой худалдан авалт хийгээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь татварын улсын байцаагч хоёр компанийн санхүү, тайлан бүртгэлд туссан худалдан авалтыг бодитой биш, падаан хуурамч гэж шинжилдэг, дүгнэлт гаргадаг эрх бүхий этгээд биш төдийгүй Татварын хуулиар түүнд ийм эрх хэмжээг олгоогүй болно. Иймд Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ********* дугаартай акт нь хууль бус болоод бодит байдалд огтхон ч нийцээгүй, А ХХК-ийг өдийг хүртэл хилсдүүлж, хохироож байна.

А ХХК-ийн зүгээс хуульд заасан 30 хоногийн дотор татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гомдол гаргахад Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоол гаргаж А ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан. Уг тогтоолд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль-ийн 4.3, 10.1 дэх заалтуудыг баримтлан татварын улсын байцаагчийн актад дурдсан 287,909,090 төгрөгийн нөхөн татвар, **,4**,*** төгрөгийн торгууль ***,***,*** төгрөгийн алданги нийт ***,***,*** төгрөгөөс торгууль, алдангийг нь өршөөлд хамруулаад ****,***,*** төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулсан. Энэхүү өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн учир нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ., 10.1-д Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна. гэж тус тус заасныг баримтлах гэж байгаа тохиолдолд нөхөн татвар гэх ***,***,***төгрөгийг мөн өршөөлд хамруулах ёстой байсан. Ер нь А ХХК хууль зөрчөөгүй учраас энэ бүх нөхөн татвар, торгууль, алдангийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

2019 онд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2019 оны Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно гэж заасан. Энэ хугацаа нь Татварын ерөнхий хуулийн 15.1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. гэж зааснаар 4 жил байна. Татварын улсын байцаагчийн зөрчил гэж акт тогтоосон асуудал нь 2011 онд болсон бөгөөд түүнээс хойш 9 жил өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мөн дурдах нь зүйтэй. гэжээ.

... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан. Ийм дүгнэлт хийх үндэслэлгүй байсан. Энэ падаан нь хуурамч биш бодитой бичигдсэн хуурамч гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байхад падаан хуурамчаар бүрдүүлж авсан гэсэн. Ц ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бичдэг зүйл байхгүй гэж ерөнхий газраас бичиг ирүүлдэг. Ц ХХК нь А ХХК руу борлуулалт хийсэн гэж байхад үндэслэлгүйгээр хуурамч гэж дүгнэсэн.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Г.О, Н.Б, Татварын хяналт шалгалтын тасгийн дарга М.Г нарын ********* дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ акт нь дараах хуулийн үндэслэлийг тусгасан байна. Үүнд 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх гэж заасныг зөрчсөн гэж үндэслэсэн гэвч нэхэмжлэгч компани нь хугацаандаа нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангуудаа тайлагнасан.

Уг тайландаа худалдан авсан бараа ажил үйлчилгээ буюу 2,8 тэрбум төгрөгт худалдан авалт хийсэн гэдгээ тайлагнасан. Үнэн зөвөөр тодорхойлсон байхад үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.14 дэх заалтыг үндэслэсэн энэ нь эцсийн эзэмшигчийн өөрчлөлтийн 10 хоногийн дотор харьяа татварын газарт бүртгүүлэх үүрэгтэй үүнийг зөрчсөн гэсэн. Ямар байдлаар зөрчсөн маргааны акттай яаж холбогдож байгаа нь тодорхойгүй. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу ногдол татварыг тодорхойлох эд хөрөнгө битүүмжлэх холбогдох хуульд заасан хариуцлага ногдуулахад акт үйлдэнэ гэдэг үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөн татвар болон алданги, торгуулийг ногдуулсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль 2008 онд батлагдаж 2019 онд хүчингүй болсон. Энэ хуулиар нэхэмжлэгч компанийг татварын улсын байцаагч хуурамч нөхөн падаан бичүүлсэн.

Маргаан бүхий акт нь хоёр үндэслэлээр гарсан. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14 дэх хэсэгт заасан. Тус хуулийн 18.1.14 дэх хэсэг нь тухайн тохиолдолтой хамаагүй, манай компанийн хамааралгүй заалтыг үндэслэсэн. Энэ нь газар эзэмших ашиглах эрхтэй хуулийн этгээд эсхүл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд эцсийн эзэмшигчийн талаарх мэдээллийг газрын албанд хүргүүлэх ёстой гэдэг асуудал гараагүй. Захиргаа нь энэ талаар тодорхойлоогүй, нотлоогүй тайлбарлаагүй заалт юм. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 татварт ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд татвараа төлөх гэдэг зүйлийг үндэслэсэн. Татварыг хуулийн хугацаандаа татварын тайлангаа цахим системд гаргадаг. Эдгээр татварын тайлангаа гаргасан, мэдүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 33, 34, 74 дүгээр зүйлүүд нь акт гаргах хэлбэрийн шаардлагыг хуульчилсан заалт юм. Иймд нэхэмжлэгч компанид 497,420.534 төгрөгийн алданги, торгууль, нөхөн татвар ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу бодит байдалд нийцээгүй авсан бараа материалаар барилга барьсан тэрийг тайлагнасан.

Гурав дахь шаардлагын хувьд татварын маргаан таслах зөвлөл 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр А ХХК-ийн гомдлыг хянан хэлэлцээд торгууль алдангийг Өршөөлийн хуульд хамруулж, нөхөн татварыг төл гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Үүнийг шийдвэрлэхдээ манай гаргаж өгсөн баримтуудыг үндэслээгүй, юуг ч шалгалгүйгээр маргаан таслах зөвлөл хуралдаж уг тогтоолыг гаргасан. Өршөөлийн тухай хуульд заахдаа нөхөн татварыг төлүүлэхээр хэсэгчилж өршөөх тухай хуулийн зохицуулалт байхгүй байхад үзэмжээрээ шийдсэн гэж үзэж байна. Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан бол шийтгэл хүлээлгэхээс өршөөнө гэж заасан.  Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл оногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэсэн нөхцөлийг хуульчилсан. Гэтэл энэ дотор нөхөн татварыг үлдээж бусдыг нь өршөөж болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэв өршөөхөөр бол бүгдийг нь өршөөх байсан. Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн актыг дүгнэхдээ татварын маргаан таслах зөвлөл тус акт үндэслэлтэй байсан эсэх дээр баримтад тулгуурлан судалж үзээгүй. Уг акт нь үндэслэлтэй мэтээр хэсэгчилж өршөөснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд маргаан таслах зөвлөлийн 49 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, Б.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: * дүүргийн татварын хэлтэстэй харилцагч ******** тоот регистрийн дугаартай А ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд .... дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын ************ тоот томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийн дагуу санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, гаалийн мэдээ баримт материал зэрэгт үндэслэн шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалт хийх явцад ******* регистрийн дугаартай Ц ХХК-иас 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* тоот падаанаар *,***,***,***.00 төгрөгийн ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил илэрч, Ц ХХК-аас худалдан авалт хийсэн нь анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлд тусгагдаагүй тул Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.1.6-д баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг үндэслэн ***,***,***.00 төгрөгийн нөхөн татвар, **,***,***.00 төгрөгийн торгууль, ***,***,***.00 төгрөгийн алданги ногдуулсан байна.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ** дүгээр тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн А ХХК-ийн **,***,***.00 төгрөгийн торгууль, ***,***,***.00 төгрөгийн алдангийг өршөөлийн хуульд хамруулсан байна.

Гэвч А ХХК нь өршөөлийн хуульд нөхөн татвар болох ***,***,***.00 хамрагдах ёстой гэж гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн Татварын ерөнхий хууль шинэчлэгдэн батлагдсан, хөөн хэлэлцэх хугацаа зэргийг гомдолдоо дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна учир нь татварын хяналт шалгалт нь хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийгдэж 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3500***** дугаар татварын улсын байцаагчийн акт үйлдсэн гэжээ.

Хариуцагч Маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А ХХК нь * дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б нарын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3500***** дугаартай актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар * татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч хянан 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар 49 дүгээр тогтоолыг гаргасан. Дээрх тогтоолоор татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон нийт ***,*****,***.00 төгрөгийн төлбөрөөс торгууль, алданги нийт ***,***,*** төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамруулж, *,***,***,***.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан ***,***,***.00 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр улсын байцаагчийн актыг өөрчилж шийдвэрлэсэн.

Нөхөн татварын ***,***,***.00 төгрөгийн төлбөрийн тухайд: А ХХК нь Ц  ХХК-иас 2012 оны 12 дугаар 23-ны өдрийн 00****** дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар *,***,***,***.00 төгрөгийн худалдан авалт хийж , уг худалдан авалтад ногдох ***,***,***.00 төгрөгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцон 2012 оны 1 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан байна. Мөн Б дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг “Ц” ХХК нь  “А” ХХК-д 006****** дугаартай падаанаар *,***,***,***.00 төгрөгийн борлуулалт хийж, борлуулалтад ***,***,***.00 төгрөгийн албан татварыг ногдуулан 2012 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан нь татварын удирдлагын нэгдсэн системд хадгалагдсан байна. Гомдол гаргагч А  ХХК нь дээрх худалдан авалттай холбоотой ажил, гүйлгээ гарсныг нотлох гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт, дансны хуулга зэрэг бусад нотлох баримтыг Маргаан таслах зөвлөлд ирүүлээгүйгээс үзэхэд Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 3.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж зааснаас үзэхэд худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна . Иймд Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар 49 дугаар тогтоол үндэслэлтэй байх тул А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх А ХХК-аас ... дүүргийн татварын хэлтэст холбогдуулан * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3500***** дугаартай актыг хүчингүй болгуулах тухай[1] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[2], хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нар 0063***** дугаартай Ц  ХХК-аас А  ХХК-д олгосон *,***,***,*** төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж[3], 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 7 сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын үндэслэх хэсгийн 1 дүгээр заалт буюу тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3 дах заалтыг үндэслэн татварын улсын байцаагчийн 3500**** дугаар актаар *,***,***,000 төгрөгийн зөрчилд 2**,***,*** төгрөгийн нөхөн татвар, **,***,*** төгрөгийн торгууль, ***,***,*** төгрөгийн алданги нийт ***,***,*** төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10.1 дэх заалтыг үндэслэн **,***,*** төгрөгийн торгууль, **1*,***,*** төгрөгийн алданги нийт ***,***,*** төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, **,***,***,000 төгрөгийн зөрчилд ***,***,000 төгрөгийн нөхөн татвар, нийт ***,***,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн актыг өөрчилсүгэй гэснийг хүчингүй болгуулах[4] гэж тус тус нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, Нийслэлийн маргаан таслах зөвлөлийг хамтран хариуцагчаар татан[5] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, * дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2008 оны 05 сарын 02 өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн 9011****** тоот гэрчилгээ, 522****тоот регистрийн дугаартай "А" ХХК-ийн 2011.01.01-2013.12.31 өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-тайгаар Төлөвлөгөөт (бүрэн) шалгалтыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэжээ[6].

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг болон бусад хууль (хавсралт актад бичигдсэн)-ийн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 2,879,934,900 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 , 34 дүгээр зүйл, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн **.1**,7**2,74.3 заалтыг үндэслэн***,***,*** төгрөгийн нөхөн татвар, **,***,751 төгрөгийн торгууль, ***,***,*** төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, Нийт***,***,*** төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр маргаан бүхий 3500***** дугаар актаар тогтоож шийдвэрлэсэн байна[7].

Нэхэмжлэгч А ХХК-аас маргаан бүхий * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3500***** дугаартай актыг эс зөвшөөрч * татварын газрын дэргэдэх маргааны таслах зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 , 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг үндэслэн татварын улсын байцаагчийн 3500***** дугаар актаар *,***,***,***.00 төгрөгийн зөрчилд ****,***,***.00 төгрөгийн нөхөн татвар, **,***,***.00 төгрөгийн торгууль,***,***,***.00 төгрөгийн алданги нийт ***,***,639.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн **,***,751.00 төгрөгийн торгууль, ***,***,798.00 төгрөгийн алданги нийт ***,***,549.00 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, *,***,***,***.00 төгрөгийн зорчилд ***,***,090.00 төгрөгийн нөхөн татвар, нийт ***,***,090.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн актыг өөрчилж шийдвэрлэжээ[8].

Нэхэмжлэгч А ХХК-аас ...тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хууль нь 2008 онд батлагдаж, 2019 онд хүчингүй болсон. Татварын улсын байцаагчийн актад "А" ХХК-ийг "2011 онд *,***,090,909 төгрөгийн бараа материалыг худалдан аваагүй атлаа бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнасан зөрчилд ***,***,090 төгрөгийн нөхөн татвар, **,372,727 төгрөгийн торгууль, ***,***,717 төгрөгийн алданги ногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл "А" ХХК нь "Ц" ХХК-иас *,***,090,909 төгрөгийн барилгын бараа материал худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж бүртгүүлсэн, "Ц" ХХК ч мөн ялгаагүй борлуулалтын орлогоор хүлээн тайлагнасан нь татварын тайлангийн системд бүртгэлтэй байгаа болно. Үүгээр ч зогсохгүй "А" ХХК нь уг худалдан авсан бараа материалаараа * аймгийн * сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 48 айлын 6 давхар орон сууц, 90 айлын 6 давхар 2 орон сууцыг тус тус барьж, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд 38/24-**, 38/24-** тоот актуудаар улсын комисст хүлээлгэн өгсөн. Худалдан авсан бараа материалаараа орон сууц барьж босгоод, татварын тайландаа тусгасан атал татварын улсын байцаагч "бодитой худалдан авалт хийгээгүй, Ц ХХК-аас падаан хуурамчаар хийлгэж авсан" гэх зэрэг байж боломгүй нотлох баримтгүй дүгнэлт хийсэн. Түүгээр ч зогсохгүй 2008 оны Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд татварын хяналт шалгалтыг хэрхэн явуулах талаар дараах байдлаар тодорхой зохицуулсан, 47.1. Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана. 47.3. Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дараахь хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна:, 47.3.1.татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой татварын улсын байцаагч нь худалдан авагч компани болох "А" ХХК ч, худалдагч болох "Ц" ХХК ч бараа худалдсан, худалдан авсан тухайгаа татварын тайландаа тусгаж, худалдан авсан бараа материалаараа бүхэл бүтэн орон сууц барьж ашиглалтад оруулаад холбогдох бух баримтуудаа гаргаж өгсөөр байтал бодитой худалдан авалт хийгээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь татварын улсын байцаагч хоёр компанийн санхүү, тайлан бүртгэлд туссан худалдан авалтыг бодитой биш", "падаан хуурамч" гэж шинжилдэг, дүгнэлт гаргадаг эрх бүхий этгээд биш төдийгүй Татварын хуулиар түүнд ийм эрх хэмжээг олгоогүй болно.

Иймд Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай акт нь хууль болоод бодит байдалд огтхон ч нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.3. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан., 47.1.6. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. гэж заасныг зөрчсөн тул 006375397 дугаартай Ц ХХК-аас А ХХК-д олгосон 2,***,****,*** төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

Дээрхээс үзвэл Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргааны таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч А ХХК-ийг Ц ХХК-аас бодитой худалдан авалт хийсэн нь нотлогдохгүй гэж үзэж 2,879,090,909 төгрөгийн зөрчилд ***,***,090.00 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүх нэхэмжлэгч А ХХК-ийн Ц ХХК-аас бараа материал авсан гэх *,***,090,909 төгрөгийн худалдан авалт нь бодитой байсан эсэх мөн Ц ХХК-аас А ХХК-д олгосон*,***,0***,*** төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн хариуцагч нарын үйлдэл нь захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн/ 34 дүгээр зүйлийн 34.1. Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1 , 48.1 , 67 , 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, ... бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ., 34.2. Татварын улсын байцаагчийн акт , дүгнэлтэд /цаашид акт, дүгнэлт гэх / татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж тус тус заасны дагуу татварын улсын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актад хийсэн татварын улсын байцаагч ... дүүргийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б нар гарын үсэг зурж, Татварын хяналт шалгалтын тасгийн дарга М.Г хянан баталгаажуулсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3. Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. гэж заажээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохооргүй байна.

Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч А  ХХК-ийн Ц  ХХК-аас худалдан авсан гэх худалдан авалттай холбоотой *,***,090,909 төгрөгийн үнийн дүн бүхий падаанаас өөр баримт авагдаагүй байх тул хуулийн дээрх заалтын дагуу хасаж тооцогдохгүй боломжгүй худалдан авалт гэж үзсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна.

Маргаан бүхий хяналт шалгалтаар хийгдсэн ярилцлагын тэмдэглэл 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл нягтлан бодогч Ц.Ц хийсэн ярилцлага Асуулт: ...Ц ХХК-ийн худалдан авалт нэг 2 тэрбум худалдан авалт 2011 оны сүүлд хийсэн юу бэ. Тухайн компани барилгын компани биш байлаа?, Хариулт:Тэрийг сайн мэдэхгүй. Манай компани юу ч худалдан аваагүй.[9], 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл захирал В.Ганзоригтой хийсэн ярилцлага Асуулт: ...Ц ХХК-аас юу худалдан авсан вэ?, Хариулт:Энэ компаниас юм аваагүй мэдэхгүй.[10], гэх тайлбарууд, маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэргээс үзвэл нэхэмжлэгч А ХХК нь тухайн үед Ц ХХК-аас бодитоор худалдан авалт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч А ХХК нь бодитоор Ц ХХК-аас 2,***,***,*** төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалт хийгээгүй болох нь тогтоогдож байх тул дээрх зөрчилд нь нөхөн татвар ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна. Мөн Ц ХХК-аас олгосон ****,090,909 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн хариуцагч нарын үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт илт хууль бус байх шинжүүдийг агуулаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А ХХК-иас * дүүргийн Татварын хэлтэс, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан * дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3500***** дугаартай актыг хүчингүй болгуулах, ... дүүргийн татварын улсын байцаагч нар 0063***** дугаартай Ц ХХК-аас А ХХК-д олгосон 2,***,090,* төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, * Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 7 сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан А ХХК-аас * дүүргийн Татварын хэлтэс, * татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан ... дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016... дугаартай актыг хүчингүй болгуулах, ... дүүргийн татварын улсын байцаагч нар 0063***** дугаартай Ц ХХК-аас А ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 7 сарын 03-ны өдрийн ** дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 


 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 1-8 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 29-30 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 230-231 дүгээр хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтас, 151-152 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтас, 152-155 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 36-37 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 37-40 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 41-46 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтас 97-98 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтас 118 дугаар хуудас