Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04112 дугаар шийдвэртэй, Т.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 18 442 410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Т.А би хариуцагч Ц.Эд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай тус тус зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээ тус бүрийг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл Ц.Э 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний үндсэн зээл 8 000 000 төгрөгнөөс 1 394 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үндсэн зээл 5 000 000 төгрөгнөөс 2 834 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 10 000 000 төгрөгнөөс 8 612 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Үүнээс зээлийн гэрээний дагуу алданги тооцвол 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 1 394 000 төгрөгийг 112 хоног хугацаа хэтрүүлсэн тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодвол 697 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 97 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 1 374 490 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлийг 82 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 3 530 920 төгрөг болж байна. Одоо нэхэмжлэгч нь Ц.Эаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 1 394 000 төгрөг, алданги 697 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 2 834 000 төгрөг, алданги 1 374 490 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 8 612 000 төгрөг, алданги 3 530 920 төгрөг, нийт 18 442 410 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа боловч зээл тус бүрээр тооцоход 8 000 000 төгрөгөөс хүү ороогүй үлдэгдэл 754 000 төгрөг, хүү 640 000 төгрөг, алданги 377 000 төгрөг байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1 771 000 төгрөг, 5 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 2 194 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алданги 1 180 490 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 4 014 490 төгрөг, 10 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 7 812 000 төгрөг, хүү 800 000 төгрөг, алданги 3 202 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 11 814 000 төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдлийг нэгтгээд тооцоход үндсэн зээлийн нийт үлдэгдэл 10 760 000 төгрөг, нийт хүү 1 840 000 төгрөг, нийт алданги 4 676 900 төгрөг, эдгээрийн нийт дүн 17 276 900 төгрөг болж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 18 442 410 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Иргэний хуулинд заасан алдангийн заалтанд тулгуурлан тооцоолж үзээд 17 276 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Агаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөг зээлсэн. Үндсэн зээлэнд яаж тооцогдсон, хүүнд аль нь тооцогдсон нь тодорхойгүй, надаас авсан авсан мөнгөө жагсааж бичээд гарын үсэг зуруулж байсан. Хэрэгт авагдсан баримтаар 13 000 000 төгрөгийн эргэн төлөлт нь 13 490 000 төгрөг төлсөн гэж байгаа. Төлөх ёстой дүнгээс 490 000 төгрөг илүү төлсөн байгаа боловч сөрөг нэхэмжлээгүй болно. 10 000 000 төгрөгийг бол зээлж аваагүй учраас шүүх дүгнээд гаргаад ирэх байх. Нийт 17 276 900 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны үүргээ төлөх үүрэгтэй гэдэг нь бол зээлийн төлөгдөөгүй хугацаанаас тооцож нөхөн олгохыг ойлгож байна. Харин төлөх хугацаа болон зээлийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлнө, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх бололцоотой гэсэн байдаг. 13 000 000 төгрөгийг авсан, түүнийхээ 12 840 000 төгрөгийг зөвшөөрнө гэдэг нь бол 160 000 төгрөгийг Т.А эгчдээ хүү төлөх ёстой гээд авсан байдаг. Тиймээс зөвшөөрөхгүй байгаа, өөрөө авчихаад дунд нь баахан будилаан хутгаад, энэ талаар шүүхэд худал мэдүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэргийн 33 дугаар хуудаст байгаа 2017 оны 6 сарын дугаар 09-нд гаргаж өгсөн баримтанд Ц.Э өөрөө талыг буюу 7 000 000 төгрөгийг 7-10 хоногийн дотор төлнө, үлдсэн талыг 7 дугаар сарын 14-ний дотор төлнө гэсэн байдаг. Энэ хугацаанаасаа 10 000 000 төгрөг гарч ирсэн ба уг асуудал дээр маргаан болоод зөвшөөрөхгүй гэж шүүхэд хандсан байдаг. Үндсэн зээлээ төлсөн, илүү төлөлт хийсэн бол хүүд тооцно байх гэсэн. 8 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг дээр хүү тооцуулахад асуудал байхгүй гэдэг. 10 000 000 төгрөгийн асуудал дээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн тохиолдолд зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн байдаг тул хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Эаас 17 276 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 165 510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 7 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ад буцаан олгож, хариуцагч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 244 334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Т.Агаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцох, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тус тус зээлж авсан. Харин 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай зээлэхээр хэлцэл хийж, гэрээг нотариатаар батлуулсан боловч мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул маргаан үүссэн. Гэтэл шүүх дээрх байдлыг харгалзан үзээгүй, зээлийг хүүг багасгуулах талаар хүсэлт гаргахад шийдвэрлээгүй атлаа нотолгооны хэрэгслээр няцаагаагүй гэж дурдаад байгаа зэрэг нь хэт нэг талыг барьсан.

Т.А 10 000 000 төгрөгийг үндсэн зээл, хүү, алдангийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, хууль зөрчсөн байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл. 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөөгүй. Иймд зээлсэн гэх 10 000 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Ц.Эд холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 13, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 17 276 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 45 хоногийн хугацаатай, эргэн төлөлтийг өдөр бүр 192 000 төгрөг байхаар тохирч нийт 8 640 000 төгрөгийг зээлдэгч тал төлж барагдуулах, буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх 5/

 

Зохигчид дээрх гэрээний бүх заалттай адил буюу 45 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох тухай зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, 5 000 000 төгрөгийн зээл олгож, зээлдэгч нь өдөр бүр 120 000 төгрөг төлснөөр, нийт 5 400 000 төгрөгийг зээлдэгчид төлж барагдуулах, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг өдөр бүр 240 000 төгрөг төлж, нийт 10 800 000 төгрөгийг төлөх нөхцөл зааж, харилцан хүлээн зөвшөөрч, нотариат гэрчилсэн хэлцэл хийсэн үйл баримт тогтоогджээ. /хх 5-7/

 

Хариуцагч  Ц.Э нь нэхэмжлэгч Т.Атай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 13, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан дээрх зээлийн гэрээ тус бүрийг хүлээн зөвшөөрч, “мөнгө хүлээн авсан” гэх нэмэлт нөхцөл болон гэрээ байгуулсан “зээлдэгч” гэх хэсэгт тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн нэхэмжлэгч Т.А “Зээл төлөх график” гэх баримтыг тусгайлан үйлдэж, гэрээ бүрийн нэмэлт нөхцөлд заагдсан хугацааны өдөр тутамд төлбөр төлөгдсөн эсэхийг тэмдэглэн хөтөлж зээлдэгчээр гарын үсэг зуруулж байсан нь хэрэгт авагдсан байна. /хх 34-36/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэрэгт авагдсан дээрх бичгийн  баримтуудаар тогтоогдож буй нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Ц.Э нь эхний хоёр зээлийн гэрээний дагуу /8 000 000+5 000 000/ нийт 13 000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч, эдгээр гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгээр 10 000 000 төгрөгийн зээл өгсөн мэтээр дахин гэрээ хийсэн, уг мөнгийг бодитоор шилжүүлж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан “мөнгийг буцаан төлөх хугацаа заасан баталгаа бүхий” түүний өөрийн бичсэн баримт, шүүхэд гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзвэл дээрх зээлийн гэрээ тус бүрийн дагуу дурдсан хэмжээний мөнгийг хариуцагч Ц.Эыг хүлээн авсан гэж үзнэ. /хх 13, 33/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх, үүрэг үүссэн, мөн хүү төлөх талаар гэрээгээр тохиролцсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Хэрэгт авагдсан зээл төлөлтийн талаарх нэхэмжлэгчийн хөтөлсөн тэмдэглэлд үндсэн зээлийг хүүгийн хамт төлүүлэхээр өдөр бүрээр тооцоолсон, түүнийг хариуцагч төлж байсан байдлаас дүгнэвэл тухайн зээлийн хүү төлөгдөөгүй гэж үзэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд ижил нөхцөлөөр байгуулагдсан гэрээ нь үнийн дүнгээр ялгаатай бусад бүх нөхцөл нь адил агуулгатай буюу урьдчилан тогтоосон нөхцөлтэй, давтан хэрэглэгдэж байснаас үзэхэд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

 

Эдгээр гэрээ тус бүрийн 3 дахь заалтаар “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заажээ. Түүнчлэн, зээлийн үүргийг гүйцэтгэх гэрээний хугацааг 45 хоног, хүүг 8 хувь гэж тогтоосон атлаа гэрээний 2 дахь заалтаар зээлийг төлж дуусгах хугацааг тодорхой тусгаж, үндсэн зээлийг хүүгийн хамт өдөр бүр төлөх нөхцөл заасан байна.

 

Авсан зээлийг зээлийн гэрээний хугацаанд бүрэн ашиглах боломжгүй атал хүү бүрэн төлөх, хугацаа хэтэрвэл хуулиар тогтоосон дээд хэмжээгээр алданги төлүүлэхээр тохиролцсон нь зээлдэгч талд хохиролтой, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь талуудын харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол тухайн нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг. Бүрэн ашиглаагүй зээлийн хувьд хугацаа хэтэрсэн алданги төлөх заалт хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Т.А алданги шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь тухайн хэргийн үйл баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэлд хамаарах учиртай. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Эаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 12 240 000 төгрөгийг хүлээн авсан талаарх шүүхэд гаргасан түүний тайлбарыг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэлд 10 760 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хариуцагчийн хувьд 12 240 000 төгрөгөөс илүү хэмжээний үүргийг гүйцэтгэсэн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн буюу төлөгдсөн гэх тайлбарт үндэслэх нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцнэ.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 276 900” гэснийг “10 760 000” гэж, “1 165 510” гэснийг “7 682 410” гэж, 2 дахь заалтын “244 334” гэснийг “187 110” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА