Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0501

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0501

Улаанбаатар хот

 

“Сонголон Хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Сонголон Хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Сонголон Хайрхан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан давж заалдах гомдолдоо: ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу “холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлуүлэх ажиллагааг зөрчсөн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессийн алдаа гарсан.

“Сонголон хайрхан” ХХК-д газрын байршлыг өөрчилж газар эзэмших эрхийг А/302 дугаар захирамжаар олгохдоо Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын барилга, хот байгуулалтын газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг зөрчсөн, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 146 дугаар захирамжийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй зэрэг зөрчилтэй байхад газэр эзэмшүүлсэн.

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан тул 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 32 дугаар зүйлийн 32.7, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187, 188 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн Дархан сумын 13 дугаар баг, үйлдвэрийн бүсэд 8664 м.кв газрыг “Сонголон хайрхан” ХХК-д авто зам, талбайн зориулалтаар эзэмшүүлсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/302 дугаар захирамжийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

            Тэрээр дээрх захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ “2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр С.Насанбат нь Аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, бүрэн эрх дуусгавар болсон байхад “Газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/302 дугаар захирамжийг гаргасан, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, байршлыг өөрчилсөн нь үндэслэлгүй” гэж тайлбарлах боловч энэ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/302 дугаар захирамжийг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл болохгүй.

            Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар хариуцагч энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.

Гэтэл урьд нь ажиллаж байсан Засаг даргын гаргасан 2015 оны А/302 дугаар захирамж нь бусад этгээдийн эрхийг зөрчөөгүй, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас Дархан сумын 13 дугаар баг, үйлдвэрийн бүсэд 8664 м.кв газрыг “Сонголон хайрхан” ХХК нь хууль бус эзэмшиж, ашиглаж байгаа талаар ямар нэгэн гомдол гараагүй байх ба нэхэмжлэгчийн “тухайн ...газрын байршлыг солиулах”-аар гаргасан хүсэлт, холбогдох баримтуудад үндэслэн түүний газрын байршлыг өөрчлөн 13 дугаар багийн үйлдвэрийн бүсэд кадастрын зурагт орсон газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн “дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, ...хууль журмын дагуу олгогдож байгаа газарт хууль бус олгож байгаа газар байх вий гэж сэжиг төрүүлж байгаа учраас хүчингүй болгосон” гэж хариуцагч талаас маргаж байгаа боловч дуудлага худалдаа явуулах эсэх асуудал нь захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа болохоос энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохгүй юм.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхий сайдын  2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, мөн өдрийн 188 дугаар захирамжаар А.Энхболдыг тус аймгийн Засаг даргаар томилсон байх боловч эдгээр захирамжуудад ажил хүлээлцэх хугацааг тодорхой заагаагүй, харин хэрэгт авагдсан баримтуудаар 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Засаг даргын албан ажлыг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байх тул тухайн өдрөөр түүний бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймээс “Дархан сумын 13 дугаар баг, үйлдвэрийн бүсэд аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 194 дүгээр захирамжаар 8664 м.кв газрыг авто зам, талбайн зориулалтаар эзэмшиж байсан “Сонголон хайрхан” ХХК-ийн эзэмшил газар нь цахилгаан эрчим хүчээр хангах 35 кв-ын цахилгаан шугамын хамгаалалтын зурваст орсон” гэсэн үндэслэлээр газрын байршлыг өөрчлөн 13 дугаар баг, үйлдвэрийн бүсэд кадастрын зурагт орсон газрыг шилжүүлсэн” Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/302 дугаар захирамжийг “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад гаргасан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон тус аймгийн Засаг дарга А.Энхболдын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.  

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

       ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР