| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Г.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.М нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн дотуур байрны 216 тоот өрөөнөөс тус өрөөнд хамт байрладаг Б.Цгийн өмчлөлийн эд хөрөнгө болох Product id 00330-80000-00000-AA553 дугаартай 8192 мегабайт багтаамжтай Dell маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Б.Цд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тэр өдөр нөүтбүүкийг нь авахыг харсан хүн байхгүй. Би хүнд өртэй байсан. Тэгээд ломбардад тавиад өрөө дарсан. Буруу зүйл хийсэн. Дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй. Ломбардад 1.230.000 төгрөгөөр тавьсан. Энэ мөнгөө тушаагаад нөүтбүүкийг нь хохирогчид буцааж өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хэргийн хувьд маргахгүй, ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би АШУҮИС-ийн Дорноговь аймгийн Салбар сургуулийн 5 курсийн оюутан. Тухайн сургуулийн дотуур байранд 2 давхарт 216 тоотод хамт нэг ангид суралцдаг Г.М, Л.У нарын хамт байдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1 дүгээр семестрийн хичээл дуусаад шалгалтаа өгөөд амралт эхэлсэн. Тухайн өдөр 12 цагийн үед би Л.Утай хамт явах бэлтгэлээ хийж хувцсаа янзалж байсан. Би байранд үлдээх хувцас хийсэн байсан ягаан өнгийн чемоданд өөрийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр УлаанБ хотоос Пи си молл нэртэй дэлгүүрээс Дэлл маркийн 13 инч бүдэг ягаан өнгийн нөүтбүүкээ цүнхтэй нь хамт хийсэн. Цүнх нь хар өнгийн даавуун цүнхтэй нь хувцасны доор хийгээд дээрээс нь хувцсаа эвхэж хийсэн. ...Л.У бид хоёр шалгалтын дүн сонсох гээд Мандах наран эмнэлэг рүү явсан. Г.М "явахгүй" гээд байранд үлдсэн чинь багш дуудаад удалгүй араас ирсэн. Бид хэд дүнгээ сонсоод буцаад гурвуулаа байранд ирсэн. Л.У бид хоёр хамт байрнаас гарсан. У усчин орсон. Би найзтайгаа уулзсан. Тэгээд 18 цаг өнгөрч байх үед би байранд ирсэн. Намайг байр руу орж байх үед Г.М өөрийн авч явах том хөх өнгийн чемодантайгаа жижүүрт бүртгүүлж байсан. Би дээшээ өрөөнд ороход хүн байхгүй цоожтой байсан. Би өрөөнд орж авч явах байсан эд зүйлсээ аваад байрны хаалга түгжээд жижүүрт түлхүүрээ өгч бүртгүүлээд явсан. Л.У намайг ирэхээс өмнө явсан байсан. ...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний 13 цагийн үед байрандаа ирсэн. Өрөө тасалгаагаа цэвэрлэж дуусаад хувцсаа янзлаад байж байгаад үлдээсэн нөүтбүүкээ гаргаж ирэх гэсэн чинь чемодан дотор байхгүй, миний хувцас бас миний үлдээсэн шиг эвхээстэй байсан. Би Л.У руу залгаж "миний нөүтбүүк байхгүй байна" гэсэн чинь "чи авч яваагүй юм уу" гэсэн. Мөн Г.М руу залгаж асуухад "чи авч яваагүй юм уу. Багшид хэлсэн юм уу" гэж хэлсэн. Би байрны багшид хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ... Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр УлаанБ хотоос Пи си молл нэртэй дэлгүүрээс Дэлл маркийн 13 инч бүдэг ягаан өнгийн нөүтбүүкээ цүнхтэй хамт 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Кодтой мөн манай өрөөний хоёр мэдэж байгаа. Би өөрийн Dell загварын зөөврийн компьютерыг цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Харин миний Dell загварын зөөврийн компьютерын хулгана болон үнэлгээ хийлгэсэн 50.000 төгрөгийг Г.М суулд надад төлж барагдуулсан. Одоо би Г.Мгаас хохирол, төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 57-58, 116 ху/,
-Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 04 минутанд Б.Ц над руу яриад "Өрөөндөө чемодандаа хийж үлдээсэн нөүтбүүк алга болчихсон байна. Манай өрөөгөөр орж гарсан хүн байгаа юу" гэж асууж байсан. ...Дотуур байрны дотоод хяналтын камер нь 14 хоногийн хугацаанд хяналтын камерын бичлэгээ хадгалдаг гэсэн мэдүүлэг /хх 60-61 ху/,
-Гэрч Л.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 13 цагийн үед шалгалтын дүнгээ сонсоно гээд дотуур байрнаас Ц бид хоёр түрүүлж сургууль руу явсан. М дүнгээ сонсохгүй гээд байрандаа үлдсэн. Тэгсэн чинь багш дуудаад "бүгд ирж дүнгээ сонсоно" гэж хэлээд М 10-аас 20 минутын дараа ирсэн. Дүнгээ сонсоод буцаад байрандаа ирсэн. Ирээд Ц бид хоёр буцаад гарсан. ...Тэр үед М байрандаа үлдсэн. Тэгээд би 17 цагийн үед байрандаа буцаж ирсэн. Намайг ирэхэд Ц байхгүй байсан. М орон дээр сууж байсан гэсэн мэдүүлэг /хх 71-72 ху/,
-Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай ломбардууд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээлийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг. Би өөрөө тухайн байгууллагынхаа үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Тухайн өдөр Dell маркийн 14 инчийн дэлгэцтэй, бор өнгөтэй, райзен 7 5700 үзүүлэлттэй нөүтбүүкийг Г.М ..., утас ... дугаартай иргэн надад 1.230.000 төгрөгөөр худалдан борлуулж надад зарсан. Би тухайн иргэний мэдээллийг бүртгэл дээрээ бичиж авсан байна. ...Би Хаан банкны ... тоот данснаас Хаан банкны ... М гэсэн данс руу шилжүүлж хийсэн. ...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгөөр үл таних хүнд худалдан борлуулсан. Мөнгөө Хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн. "Өндөр Захир" нэртэй барьцаат зээлийн газрыг одоог хүртэл ажиллуулж байна. ...Г.М надад учруулсан хохирлоо бүгдийг нь барагдуулсан тул одоо надад ямар нэг гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй болно гэсэн мэдүүлэг /хх 79-80, 113-114 ху/,
-Гэрч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Сансарын Баянцээлийн худалдааны төвөөс хойд зүгт байрлах барьцаалан зээлдүүлэх төв рүү ороход Dell брэндийн бор шаргал өнгийн зөөврийн компьютер байсан. Тэгээд ломбардын хүнээс асуухад 1.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгийг нь ломбардын эзний данс руу шилжүүлээд авсан. Тэгээд тухайн зөөврийн компьютероо тэр өдөртөө яваад 100 айлын компьютер ланд 2 дээр очиж форматлуулсан. ...өнөөдөр тухайн ломбардын хүн 1.500.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 85-86 ху/,
-Яллагдагч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр... би Цгийн ягаан өнгийн чемоданыг нээгээд дотор нь байсан хар өнгийн цүнхтэй Dell загварын зөөврийн компьютерыг аваад өөрийнхөө хар өнгийн чемоданд хийсэн. ...Цгийн хар өнгийн цүнхтэй Dell загварын зөөврийн компьютерыг аваад Сансарт байдаг нэрийг нь санахгүй байна, ломбардад тухайн Цгийн хар өнгийн цүнхтэй Dell загварын зөөврийн компьютерыг 1.230.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэсэн мэдүүлэг /хх 107-109 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 89-90 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6 ху/,
-Г.Мгийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /хх 15 ху/,
-Эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 50-52 ху/,
-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 53 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 97-100, 107-109 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 117 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.М нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн дотуур байрны 216 тоот өрөөнөөс тус өрөөнд хамт байрладаг Б.Цгийн өмчлөлийн эд хөрөнгө болох Product id 00330-80000-00000-AA553 дугаартай 8192 мегабайт багтаамжтай Dell маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Б.Цд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Мгийн “...Тэр өдөр нөүтбүүкийг авахыг харсан хүн байхгүй. Би хүнд өртэй байсан. Тэгээд ломбардад тавиад өрөө дарсан. Буруу зүйл хийсэн. Дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй. Ломбардад 1.230.000 төгрөгөөр тавьсан. Энэ мөнгөө тушаагаад нөүтбүүкийг нь хохирогчид буцааж өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Цгийн “...Би өөрийн Dell загварын зөөврийн компьютерыг цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Харин миний Dell загварын зөөврийн компьютерын хулгана болон үнэлгээ хийлгэсэн 50,000 төгрөгийг Г.М суулд надад төлж барагдуулсан. Одоо би Г.Мгаас хохирол, төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, гэрч Б.Мгийн “Б.Ц над руу яриад өрөөндөө чемодандаа хийж үлдээсэн нөүтбүүк алга болчихсон байна. Манай өрөөгөөр орж гарсан хүн байгаа юу гэж асууж байсан” гэсэн, гэрч Л.Угийн “...М дүнгээ сонсохгүй гээд байрандаа үлдсэн. Тэгсэн чинь багш дуудаад бүгд ирж дүнгээ сонсоно гэж хэлээд М 10-аас 20 минутын дараа ирсэн. Дүнгээ сонсоод буцаад байрандаа ирсэн. Ирээд Ц бид хоёр буцаад гарсан... Тэр үед М байрандаа үлдсэн. Тэгээд би 17 цагийн үед байрандаа буцаж ирсэн. Намайг ирэхэд Ц байхгүй байсан. М орон дээр сууж байсан” гэсэнг, гэрч Д.Аын “...Dell маркийн 14 инчийн дэлгэцтэй, бор өнгөтэй, райзен 7 5700 үзүүлэлттэй нөүтбүүкийг Г.М ..., утас ... дугаартай иргэн надад 1.230.000 төгрөгөөр худалдан борлуулж надад зарсан” гэсэн, гэрч Ш.Бын “... Dell брэндийн бор шаргал өнгийн зөөврийн компьютер байсан. Тэгээд ломбардын хүнээс асуухад 1.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгийг нь ломбардын эзний данс руу шилжүүлээд авсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Мгийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга, эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Шүүгдэгч Г.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирлыг төлж барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Цгийн эд хөрөнгөд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.М нь хохирогчид 1.800.000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүкийг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн нь хавтаст хэргийн 131 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА