| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Э.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод хохирогч Т.Оын нүүр рүү өшиглөж, түүний биед баруун хөмсөгний шарх, баруун нудний алимны цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Боос мөнгөний авлагатай байсан. Тэрнээс болж бид маргалдаж зодолдсон. Бид хоёрыг О салгасан. Тэр үед санамсаргүй өшиглөсөн. Бид гурав 0.75 литрийн нэг архи ууж байсан юм. Би нэг их архи уудаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохиролд 150.000 төгрөг өгсөн. Хэргийн хувьд маргахгүй, гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Бтүүний эхнэр Н, манай эхнэр Э нарын хамт 0,75 литрийн Хараа архи хувааж ууж байсан. Танил Бгаднаас согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирсэн. Нэг мэдсэн чинь ББхоёр гэрийн гадаа муудаж газарт өнхөрч байхаар нь салгах гээд доош тонгойсон чинь нүдэнд оч үсрээд явахаар нь яая гээд харсан чинь найз М /жинхэнэ нэр нь Б/ байсан. ББхоёр юунаас болж муудаж зодолдох болсон талаар мэдэхгүй байна. Харин М миний нүүр хэсэгт яагаад өшиглөснийг мэдэхгүй байна. ...гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Ө.Нн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...БО хоёр нь 0,75 литрийн архи гэрт авчран ууж байхад гаднаас М ганцаараа орж ирсэн. Мг орж ирэхэд нь Бнайз орж ирлээ гээд тэвэрсэн чинь М нь намайг зодлоо гэж бодоод хоорондоо маргалдахаар нь гэрээс гаргасан. ...Бгэрт орж ирээд Бтой маргалдаад байсан. Тэгсэн чинь ББыг гэрийн хойд талын орон дээр сууж байхад нь цохисон. Тэгээд Б, Бхоёр хоорондоо ноцолдоод гэрээс гарсан. Гадаа гараад яг юу болсон талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,
-Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: О, Б гэх хүмүүс намайг найз Бы гэрт 2023 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим очиход байсан. ...Ббид хоёр бие биеэ шальтай цохиж бариагүй. Б, Бхоёр бас хоорондоо маргалдаж муудаад байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Яллагдагч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Быд 21 цагийн орчим ганцаараа очиход гэрт нь Б, О, Бы эхнэр 3 байсан. Тэгээд Б, О бид 3 нэг шил архи уусан. Ббид хоёр өр зээлнээс болж маргалдсан. ...Гэртээ байхдаа Бминий нүүрэн хэсэгт 2 удаа цохисон. ...гэрээс гараад Бтой муудаж маргалдан газарт унан өнхрөлдөхөд О бид хоёрыг салгасан. Би газраас босож ирээд Оын нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 15-16, 35 ху/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/080 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Т.Оын биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний алимны цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 20 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх 21-23 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30-31, 35 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод хохирогч Т.Оын нүүр рүү өшиглөж, түүний биед баруун хөмсөгний шарх, баруун нудний алимны цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Бгийн “Бид хоёрыг О салгасан. Тэр үед санамсаргүй өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Оын “...Б, Бхоёр Бы гэрийн гадаа муудаж, маргалдаж газарт өнхөрч байхаар нь салгах гэхээр доош тонгойсон чинь нүдэнд оч үсрээд явахаар нь ёооё гэж хэлээд харсан чинь М байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Н, Н.Бнарын мэдүүлэг, хохирогчийн биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний алимны цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/080 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирлыг төлж барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Хохирогч Т.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б нь хохирогчид 150.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн нь хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА