Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2020/0675/з |
Дугаар | 128/ШШ2021/0753 |
Огноо | 2021-11-11 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2021/0753
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М Г, У У М И ГҮТББ
Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгуулах А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ТББ-ын гүйцэтгэх захирал Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** ТББ (цаашид МГУУМИ гэх) нь геологи, уул уурхайн салбарын хувьд Ашигт малтмалын нөөц тайлагнах стандартын Олон Улсын хороонд Монгол Улсын төлөөлөхөөр хүлээн зөвшөөрөгдсөн, түүнчлэн Уул уурхайн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2** тоот Эрх шилжүүлэх тухай тушаалаар Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхийг авсан. Ингээд тус эрхийг Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай журам (сайдын 2015 оны 81 тоот тушаал)-ын дагуу хэрэгжүүлж ирсэн. Журмын дагуу МГУУМИ нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг хэрэгжүүлж байхтай зэрэгцэн Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ТББ уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгож эхэлсэн.
Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаа гүйцэтгүүлэх тухай журамд зааснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд манай байгууллагаас өөр төрийн бус байгууллага журмыг хэрэгжүүлэн уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгоод байгаа асуудалд хяналт тавина уу хэмээн удаа дараа хандсан боловч уг асуудлыг шийдээгүй.
Иймд Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05/7***тоотоор ... Уул уурхайн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2** тоот Эрх шилжүүлэх тухай тушаал хүчин төгөлдөр үйлчилж байхад зохих эрх олгогдоогүй этгээд уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг хэрэгжүүлсэн нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байна ... гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт гарсны дараа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/1**тоот Эрх хүчингүй болгох тухай тушаал гаргасан байна. Энэ тушаалыг МГУУМИ нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гишүүдийн мэдээллээр Монголын Геологийн холбооны фейсбүүк хуудаснаас мэдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын манай байгууллагатай холбоотой тушаалыг бид мэдээгүй, хөндлөнгийн этгээдээс харлаа. Түүнчлэн уг шийдвэрийн үндэслэлд дурдаж буй Ажлын хэсгийн дүгнэлт-тэй танилцаагүй, дүгнэлт гарсан тухай сонсоогүй юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын энэхүү тушаал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим ...-ыг алдагдуулсан гэхээр байна. Мөн захиргааны байгууллагаас хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа бол зөвхөн хуульд заасан тодорхой эрх зүйн үндэслэлтэй байх ёстой билээ.
Иймд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/1**тоот Эрх хүчингүй болгох тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж буй тул хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд эрхийг хүчингүй болгох, эрхийг шилжүүлэх эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн. Хууль бус ажиллагаа явуулсан учир уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Учир нь сонсох ажиллагаа явуулаагүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн эрхийг хүчингүй болгосугай гэж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг шалгасан байгууллага манайд танилцуулаагүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулаагүйгээс гадна шийдвэрийг гаргачхаад манайх руу явуулаагүй. Уул уурхай геологийн холбоо гэсэн байгууллага руу явуулсан. Сонсох ажиллагааны талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан. Ажлын хэсгийн дүгнэлтийг байгууллагад танилцуулах ёстой. Хуульд ил тод байх ёстой гэж заасан байтал тушаалыг нууцаар гаргасан. Манай эрхийг хүчингүй болгосон талаарх мэдэгдлийг манай байгууллага руу амаар болон бичгээр мэдэгдээгүй. Захиргааны актыг гаргахдаа тус актад оролцогч талыг өөрийгөө хамгаалах боломжийг олгох ёстой байтал ийм ажиллагаа явуулаагүй шийдвэрийг гаргасан. Ингэснээр Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийг зөрчсөн. Хариуцагч нь бид үүнийг танилцуулсан гэж тайлбартаа бичсэн байна. Энэ нь шалгалтын явцад материал шаардсан буюу үндсэн материалаас асуух зүйлээ асуусан. Аливаа шалгалтыг хамт олонд нь танилцуулж гарын үсэг зуруулж тэмдэглэл үйлддэг. Иймд баримт хавтаст хэрэгт байхгүй. Шалгалтын явцад бидэнтэй уулзаж байсан. Манай гишүүдтэй уулзсаныгаа уулзаж мэдэгдэх ажиллагаа хийж байсан гээд худлаа бичсэн. Захиргааны акт гаргахдаа Захиргааны хуулийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийж тайлбар гаргах бололцоог олгоогүй.
Хоёрдугаар асуудал буюу журмын боловсруулах гэсэн энэ заалттай дээр Хууль зүйн дотоод хэргийн яамнаас хариу ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага өөрийн зөвшөөрлийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний акт жил бүр хяналт шинжилгээ үнэлгээ хийж хэрэгжилтийн үр дүнгийн тайланд авах хэмжээний талаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа. Гэтэл үүнийг 81 дүгээр журам хэрэгжиж байх явцад нэг ч удаа хэрэгжүүлээгүй, тайлан гаргаагүй, хяналт үйлчилгээ хийгээгүй нотлох баримт шинжлэн судлахад Хууль зүйн яамны албан бичигт байна. Тэгэхээр тушаалын энэ заалтууд үндэслэлгүй. Үнэлгээний явцад гурван удаа журмын хэрэгжилт хангалтгүй гэсэн үнэлгээ гарвал журмыг өөрчлөх ёстой гэсэн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны журам байдаг. Энэ журмаар Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөрчиж уг журмыг шинэчлэх ажиллагааг хийсэн. Тухайн үеийн эрх зүйн асуудлын хүрээнд энэ асуудал шийдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ямар эрх зүйн акт үйлдэж байсан. Үйлчилж байсан тушаал нь А/1**дугаар тушаалын хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр нөлөөлөхгүй. Тухайн үед байсан эрх зүйн хүрээнд энэ маргаан шийдэгдэх ёстой гэж үзэж байна. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/** тоот эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ... Шүүхийн шийдвэр гарахад 3** дүгээр тушаалын хувьд аюултай үр дагавар гарч байна. Үүнд мэргэшсэн мэргэжилтнүүд төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй байхыг шаардахгүй гэж байгаа. Тэгэхээр ёс зүйн хариуцлагаас зугтаах ноцтой зохицуулалт орж ирсэн. Одоо эрх олгосон байгууллага иргэдийн холбоодын зөвлөл гээд хоёр мянга арваад оноос хойш гомдол гаргаад явж байгаа. Энэ байгууллага нь анхнаасаа ашиг сонирхлын зөрчлөөр эрх авсны таслан зогсоож өгнө үү. Төрийн бодлого нь мэргэжилтнүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр бэлтгэх зорилготой байсан хэдий ч сонирхлын зөрчил гарч салгах, хуваах гишүүнчлэлгүй болгох, хариуцлагагүй байлгасан. Сүүлд хууль бусаар эрх олгосон мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өнөөдрөөс эрдэс баялгийн зөвлөлд сууж байгаа. Эрдэс баялгийн зөвлөл шинжээч хийж, мэргэшсэн зөвлөх тайлан хийж байна. Иймд энэ хүмүүсийн буруу хийж байгаа зүйлд хэн хариуцлага тооцох гэдэг асуудал байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 2 дугаар сарын 14-ний А/**дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг баталсан. Энэ тушаал болон геологи уул уурхайн мэргэшсэн мэргэжилтэн шинжээчийн эрх олгох тухай асуудлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 81 дүгээр журмын 6.2 дахь заалтыг үндэслэн энэ тушаалыг гаргасан. Энэ тушаалын 6.2 дахь заалтаар ажлын хэсгийн дүгнэлтийг харахад зөвхөн 81 дүгээр журмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны хүрээнд хяналт тавих зорилгыг агуулсан байдаг. Уг тушаалыг 2 дахь заалт болон удирдамжийн 1 дэх заалтад журмын мэргэжилтэн хяналт тавих гэсэн утга агуулгыг бичсэн байгаа. Энэ нь үндэслэлгүй. Төрийн нарийн бичгийн даргын үндэслэл болон зорилго нь хоорондоо зөрчилтэй байна. Мөн шалгах байгууллагын нэрийг бичээгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байгаа нь үнэн мөн гол нь шалгалт явуулах шаардлагатай тохиолдлоо мөн дурдаагүй, хариуцагчийн хариу тайлбар болон н.Ганхүү даргын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Уул уурхайн мэргэжлийн институтийн ирүүлсэн бичиг дээр танай ажлын хэсэгтэй танилцсан, үүгээр ажлын хэсэг байгуулагдаж байгаа тухай мэдэгдэл ирж байсан. Тэр нь тушаалын шаардлагатай тохиолдолд дурдагдаагүй байгаа. Үүгээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн нарийн бичгийн даргын тушаал нь хууль бус гэж үзэж байна. Хоёрдугаарт, хяналт шалгалтын ажлын явцад мэдээллийг бүрэн бус цуглуулсан гэж үзэж байна. Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институт нь Төрийн бус байгууллага ба хяналт шалгалтын ажлын объект болох боломжгүй. Зөвхөн эрх шилжүүлэн авсан 2** дугаар тушаалын хүрээгээр захиргааны байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байгаа учир 81 дүгээр журмын 2 дугаар бүлгийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа хянуулах байгууллага юм. Мөн хяналт шалгалтын ажлын үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байсан. Учир нь шалгалтын удирдамжид үргэлжлэх хугацааг заагаагүй учир үүнийг зөрчил гэж үзэж байна. Мөн тайлан 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор боловсруулагдан төрийн нарийн бичгийн даргад танилцуулагдах байсан боловч 5 дугаар сарын 04-ний өдөр гарсан байдаг. Нотлох баримтаар өгсөн 122 дугаар журмаар тухайн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр боловсруулагдан гарсан байх ёстой байсан. Тэгэхээр хугацаа зааснаас хэтэрсэн гэж үзэж байна. Ажлын хэсгийн тайлан нь төрийн бус байгууллагын дотоод үйл ажиллагаанд тулгуурлан дүгнэлт өгсөн. Энэ журмын хүрээнд нийцэхгүй болсон гэж үзэж байгаа. 81 дүгээр журмын хүрээнд хэрэгжүүлсэн байгууллагын хүрээнд хийсэн тайлан биш гэж үзэх үндэслэлтэй байна. Ажлын хэсгийн тайланг Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институтэд танилцуулаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар хяналт шалгалт зохион байгуулж байгаа байгууллага шударга, ил тод байх зарчим, 122 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ил тод байх зарчимтай нийцээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан гомдол гаргах эрхийг зөрчсөн нь илэрхий байна. Нийт хяналт шалгалттай холбоотой тушаал удирдамж нь 81 дүгээр журмын хүрээнд хэрэгжүүлсэн байгууллагыг бичээгүй, хууль бус ажлын хэсгийн дүгнэлт нь 81 дүгээр журмын хүрээнд гараагүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 01-ний тушаалаар шийдвэр гаргах үед Авлигатай тэмцэх газраас 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг ирсэн үүнтэй сайд шийдвэр гаргахаас өмнө танилцсан байсан. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт заасан татгалзах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Сонсох ажиллагаа журмын дагуу хийгдээгүй, биечлэн уулзах байдлаар зохион байгуулагдсан гэж байгаа боловч энэ нь тогтоогдоогүй. Иймд Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаал нь 81 дүгээр журмын 6.2 дахь хэсэгтэй нийцэхгүй байгаа талаар дурдсан. Энэ журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.26 дахь хэсэгт үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн геологи уул уурхайн салбарт төрийн бус байгууллага гэсэн зохицуулалтаас үзэхэд төрийн бус байгууллагын хууль зүйн шаардлагыг энэ зүйлд тодорхойлсон байдаг. Энэ шалгуурыг нэгэн зэрэг хангагдаагүй бол тусгай эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Гэтэл Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд нь энэ зүйлд заасан нөхцөл байдлыг хангаагүй бол эрхийг хүчингүй болгох бүрэн эрхтэй байсан.
Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институт ТББ нь 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны сайд болон мөн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Авлагатай тэмцэх газарт нэг ижил утга санаатай хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ Уул уурхай мэргэшсэн мэргэжилтэн шинжээч олгох асуудлыг өөр төрийн бус байгууллага хэрэгжүүлсэн үүнийг Уул уурхайн удирдлагууд хянахгүй байна гэсэн гомдлыг гаргаж байсан. Уг гомдлын дагуу Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны сайд ажлын хэсэг байгуулж шийдвэр гаргах үйл ажиллагааг явуулсан. Энэ ажиллагааны хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаснаар дуусгавар болсон гэж ойлгогдож байгаа. Энэ тушаал гаргасан нь хүсэлт гаргагчийн буюу үндэслэлтэйгээр хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй хуулийн хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлээ дэмжиж тус шүүх хуралдаанд оролцож байна. гэжээ.
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Б.Ц, Ч.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны талаар: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дах заалт геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах бүрэн эрхийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад олгосон.
Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Уул уурхайн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ыг баталж, Хууль зүйн яам /хуучнаар/-ны улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3*** дугаарт бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болсон.
Уул уурхайн сайд /хуучнаар/-ын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаар тушаалаар байгуулсан Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг хэрэгжүүлж эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж сонгон шалгаруулалтаар Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт ГҮТББ шалгарсан.
Үүний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2** дугаар тушаалаар геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, шинжээчийн эрх олгох асуудлыг шилжүүлсэн. Энэ эрх, үүргийнхээ дагуу эрхийг 2015 оноос хойш хийсэн үйл ажиллагааных нь үйл явц, нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан шийдвэрийг цуцалсан байдаг.
2. Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт нь төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн талаар: Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт нь Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрх хэмжээг хэтрүүлэн Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлах журам, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн гишүүнчлэлийн журам-уудыг баталсан нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-ыг бүхэлдээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. МГУУМИ ГҮТББ-аас баталсан дээрх журмууд нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй, эрх бүхий этгээд батлаагүй, хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг нийтээр дагаж мөрдүүлсэн зэрэг зөрчилтэй байна.
3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/**дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн талаар: Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/***дугаартай Гомдол мэдээлэл шилжүүлэх тухай албан бичиг, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт ГҮТББ-ын 2020 оны 20/02 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирүүлсэн. Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.2-т энэхүү журмын дагуу зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина гэж заасныг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/**дугаар тушаалаар тус байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, журмын хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр 1. Төрийн захиргааны төв байгууллага нь Уул уурхайн сайдын 2015 оны 81 дүгээр тушаалаар Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ын 6 дугаар зүйлийг бүрэн хангаж ажиллаагүй байна. 2. Журмын 2.2.1-д Энэхүү журмын нийтлэг үндэслэлд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байх гэж заасны дагуу Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт 2014 оны 09 сарын 05-ны өдрийн 01/**дугаартай хамтран ажиллах санамж бичгийг Уул уурхайн яамтай байгуулсан байна. Санамж бичиг байгуулснаас хойших хугацаанд МГУУМИ ГҮТББ үйл ажиллагааныхаа талаар 27 арга хэмжээнд илтгэлээр танилцуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр 8 удаа мэдээлсэн байх боловч Санамж бичгийн 4.1-д Санамж бичгийн хэрэгжилтийг талууд хамтран боловсруулсан төлөвлөгөөний дагуу олон нийтэд тайлагнана. гэсний дагуу холбогдох төлөвлөгөөг боловсруулаагүй байна. 7. ... МГУУМИ-ийн баталсан Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлах журам-ын 3.3-т Мэргэшсэн зэрэг хүссэн өргөдөл гаргагч нь бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш эрдэс баялгийн салбарт тухайн мэргэшлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх ба үүнээс 3-аас доошгүй жилд ахлах мэргэжилтний ажил эрхэлсэн байна. гэж, Зөвлөх зэрэг хүссэн өргөдөл гаргагч нь эрдэс баялгийн салбарт 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ахлах мэргэжилтний ажил эрхэлж байсан байх гэж заасан байгаа нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актаас давсан, гишүүнчлэл авах хүсэлтэй этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. 9. Жилд хэдэн удаа, ямар чиглэлээр сунгалт, семинар зохион байгуулж, хэдэн хүн хамруулсан, ямар үр өгөөж өгч байгаа талаар мэдээлэл ирүүлээгүй нь үндэсний геологи, уул уурхайн залгамж халааг бэлтгэх, чадваржуулах талаар хэрхэн ажилласныг үнэлсэн дүгнэлт гаргах боломжгүй байна. 10. Гишүүний жилийн татварыг хаанаас хэдэн төгрөгөөс тогтоосон талаар мэдээлэл ирүүлээгүй ба 2016 оны 01 дүгээр сарын 18-аас 25-ны өдрүүдэд удирдах зөвлөлийн гишүүдээс хураамжийн талаар санал асуулга авсан тухай асуулгын хуудсыг ирүүлсэн байна. Удирдах зөвлөлийн 9 гишүүнээс 8 гишүүн санал өгч гишүүнчлэлийн хураамжийг 120 ам.доллар хэвээр үлдээх гэсэн шийдвэрийг гаргажээ. Үүнийг гишүүнчлэлийн хураамжийг тогтоосон шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Иймээс хураамжийн хэмжээг анх ямар үндэслэлээр, хэзээ, хэний шийдвэрээр 120 ам.доллар байхаар тогтоосон тухай шийдвэр тодорхойгүй байх тул дүгнэлт гаргах боломжгүй байна. 11. Ажлын албаны цалингийн хэмжээг хэн, хэдэн төгрөгөөр тогтоодог эсэх талаар ямар нэг албан тайлбар байгаагүй талаар дүгнэлт гаргах боломжгүй байна.
Дээрх дүгнэлтэд үндэслэн Уул уурхайн сайдын 2015 оны Эрх шилжүүлэх тухай 2** дугаар тушаалыг хүчингүй болгож, цаашид геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх шинжээчийн эрх олгох асуудлыг тасралтгүй хэвийн явуулах хүрээнд холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна.
4. Уул уурхайн сайдын 2015 оны 2** дугаар тушаалыг хүчингүй болгосон талаар: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.М, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан болон Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/**дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Г.Гнар нь ажлын хэсгийн хяналт шалгалтын үед Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т биечлэн уулзах гэж заасны дагуу МГУУМИ ГҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.О, хуулийн зөвлөх О.О, зөвлөх Д.Бнартай уулзаж ажлын хэсгийн дүгнэлт болон цаашид авах арга хэмжээний талаар удаа танилцуулж байсан.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/1752 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаалыг МГУУМИ ГҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Од хүргүүлж мэдэгдсэн.
Иймд Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт ГҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дугаар зүйлд геологи уул уурхай салбарын мэргэшсэн эрх шинжээчийн эрх олгох асуудлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах эрхийг 2014 оны Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж өгсөн. Хууль тогтоомжийн хүрээнд 2015 оны 81 дүгээр тушаалаар уг журмыг баталж Хууль зүйн дотоод хэргийн яам 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3*** дугаарт захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болсон. Акт болсноос хойш Монголын геологи уул уурхай мэргэжлийн институт ТББ нь энэ эрхийг 2** дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр шилжүүлж авснаар үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Манайх энэ эрхийг 2020 оны А/1**дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь Авлигатай тэмцэх газрын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 0*** дугаартай гэсэн гомдол шилжүүлэхтэй тухай гэсэн албан тоотоор нэхэмжлэгч байгууллагыг хууль бус ажиллагаа явуулж байна. Гомдлыг шалгаж хариу өгнө үү гэж манай газарт мэдэгдсэн. Үүний дагуу мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 2002 дугаартай албан бичигт манайхыг шалгаж өгнө үү гэсний дагуу ажлын хэсэг гарсан. 2020 оны Төрийн нарийн бичгийн даргын А/**дугаартай албан бичгээр ажлын хэсэг байгуулсан. Нэхэмжлэгчид холбогдох асуудлаар санамж бичгийн хүрээнд ажлын хэсэг шалгах үйл ажиллагааг хийсэн. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлыг 14 асуудлаар шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр томилж хэлбэл үйл ажиллагаа нь хангалтгүй гэдэг үнэлгээтэй байсан. Цаашид авах арга хэмжээний санал нь Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны эрх шилжүүлэх тухай 2** дугаартай тушаалыг хүчингүй болгож, геологи уул уурхай салбарт мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх шинжээчийн эрх олгох асуудлыг тасралтгүй хэвийн явуулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэд дэлгэрэнгүй дурдагдсан байгаа. Нэхэмжлэгч нь 2014 оноос эхлэн Захиргааны ерөнхий хууль гарахаас өмнө санамж бичиг байгуулж үйл ажиллагаа явуулдаг байсан. Санамж бичгийн хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсан. 2017 оноос эхлэн Захиргааны ерөнхий хууль батлагдсан шинэ хууль батлагдсан учир захиргааны байгууллагыг хэвийн явуулах үүднээс журмыг шинэчлэх шаардлага бий болсон. Нэхэмжлэгчийн зүгээс биечлэн танилцуулах арга хэмжээ авагдаагүй, тушаал танилцуулаагүй гэдэг зүйл ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах талаар хуульчилсан. Мөн хуулийн 27.4.3 дахь хэсэгт биечлэн оролцох гэсэн хуулийн заалттай. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас тухайн үед Геологи уул уурхайн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Мөнхтөр болон хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга Г.Гнар тус ажлын хэсгийг ахалж ажиллаж байсны хувьд Монголын Геологи уул уурхайн мэргэжлийн институт ТББ-ийн захирал Б.О болон төлөөлөх бусад эрх бүхий этгээдийг хүлээн авч 3-4 удаа уулзсан. Шаардлагатай бол тэдний гэрчээр асуух боломжтой гэж үзэж байна. Бид хуульд заасан хүрээнд сонсох ажиллагаа хийсэн. Авилагтай тэмцэх газар болон өөрсдийнх нь хүсэлт түүнийг үндэслэж гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн эрхийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын тушаал батлагдсан гарсан.
Нэхэмжлэгч байгууллагын үүрэг нь олон улсад нөөцийн тайланг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд боловсруулдаг мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх чиг үүрэгтэй төрийн бус байгууллага юм. Өнөөдрийг хүртэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд тайлангаараа энэ хүний тайланг олон улсад хүлээн зөвшөөрсөн, хэн ч хүлээж авсан хууль ёсны байна гэж сургасан нэг ч хүний нэр байхгүй. Уг байгууллагын үйл ажиллагаа нь 5 жилийн хугацаанд татвар хураамжийн чиглэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байсан. Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх нөхцөл үүссэн гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ингэж үзэж байна. 81 дүгээр тушаалын хэрэгжилтэд хангалтгүй байсан учир Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж журмыг дахин шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж дүгнэлтээ боловсруулан журмыг боловсруулан Хууль зүйн дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн. Уг яамнаас захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдэж нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болсон талаар лавлагааг ирүүлсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас 2017 онд нэхэмжлэгч байгууллагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэсэн талаар танилцуулга ямар хүн сургалтад хамрагдаж гарсан талаарх жагсаалтаа ирүүл гэсэн албан бичгийг хүргүүлж байсан. Хариу ирдэггүй байсан. Үйл ажиллагааныхаа танилцуулгыг ирүүл гэхээр олон улсын хуралд бид төлөөлж оролцлоо гэдэг байдлаар хуралд явсан танилцуулга ирдэг байсан. Үүнээс хойших асуудлыг ахлах мэргэжилтэн Д.Цацрал гэдэг хүн хариуцан ажилласан. Сургалтад хэдэн хүн хамрагдсан, мэргэшсэн зөвлөхүүд авлаа гэсэн жагсаалтууд сүүлд ирдэг болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт ГҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаалыг хүчингүй болгуулах[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн[2] хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт ГҮТББ-ын /цаашид МГУУМИ ГҮТББ гэх/ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/**дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Уул уурхайн сайдын 2015 оны Эрх шилжүүлэх тухай 2** дугаар тушаалыг хүчингүй болгож, МГУУМИ ГҮТББ-д шилжүүлсэн Геологи, уул уурхайн мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ[3].
Нэхэмжлэгчээс ... Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/**дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаал гаргасан байна. Дээрх тушаалыг нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гишүүдийн мэдээллээр Монголын Геологийн холбооны фейсбүүк хуудаснаас олж мэдсэн. Хариуцагчаас маргаан бүхий тушаал гарсан талаар манай байгууллагад танилцуулаагүй, бид уг тушаал гарсныг мэдээгүй байсан, хөндлөнгийн этгээдүүдээс мэдсэн. Түүнчлэн уг тушаалын үндэслэл болсон Ажлын хэсгийн дүгнэлт-ийг мөн манай байгууллагад танилцуулаагүй, дүгнэлт гарсан тухай сонсоогүй байсан. ... гэж, хариуцагчаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.М, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан ажлын хэсгийн ахлагч Г.Гнар нь ажлын хэсгийн хяналт шалгалтын үед Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т биечлэн уулзах гэж заасны дагуу МГУУМИ ГҮТББ-ийн гүйцэтгэх захирал Б.О, хуулийн зөвлөх О.О, зөвлөх Д.Б нартай уулзаж ажлын хэсгийн дүгнэлт болон цаашид авах арга хэмжээний талаар удаа танилцуулж байсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/1752 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаалыг МГУУМИ ГҮТББ-ийн гүйцэтгэх захирал Б.Од хүргүүлж мэдэгдсэн. ... Нэхэмжлэгчээс уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/**дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт гараагүй, маргаагүй учир дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Иймд дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 10.1. Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 10.1.16. геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах; гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах эрхийг Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Уур уурхай, хүнд үйлдвэрийн яам хэрэгжүүлэхээр байна.
Хуулийн дээрх заалтын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Журам батлах тухай 81 дүгээр тушаалын хавсралтаар Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ыг баталжээ[4].
Уг журмыг хэрэгжүүлэх үүднээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 175 дугаар тушаалаар Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг хэрэгжүүлж, эхлүүлэх ажлын хэсэг байгуулсан байна[5].
Уул уурхайн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай 2** дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь хэсэг, Уул уурхайн сайдын 2015 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Уул уурхайн сайдын 2015 оны 175 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, шинжээчийн эрх олгох төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулсан тухай зөвлөмж зэргийг тус тус үндэслэн Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, шинжээчийн эрх олгох асуудлыг хэрэгжүүлэх эрхийг Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт гишүүнчлэлдээ үйлчилдэг төрийн бус байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ[6].
Дээрх тушаалын 2 дахь заалтаар шалгарсан МГУУМИ ГҮТББ-ийг геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, шинжээчийн эрх олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомж болон Уул уурхай сайдын 2015 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ыг мөрдөж ажиллах талаар заасан байна.
Нэхэмжлэгч МГУУМИ ГҮТББ нь дээрх тушаал, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байтал маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгуулах А/1**дугаар тушаалаар[7] Уул уурхайн сайдын 2015 оны Эрх шилжүүлэх тухай 2** дугаар тушаалыг хүчингүй болгожээ.
Маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/1**дугаар тушаал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/**дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгосон байна.
Ажлын хэсгийн дүгнэлтээр хяналт шалгалтаар нэхэмжлэгч МГУУМИ ГҮТББ-ийн үйл ажиллагаанд 11 төрлийн зөрчил илэрсэн гэж үзээд, Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны Эрх шилжүүлэх тухай 2** дугаар тушаалыг хүчингүй болгож, цаашид геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг тасралтгүй хэвийн явуулах хүрээнд холбогдох арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. гэсэн саналыг гаргажээ[8].
Уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан захиргааны актын бүхий л шинжийг агуулж байх тул захиргааны акт гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч МГУУМИ ГҮТББ-аас дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлаар ямар нэгэн байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна.
Нэхэмжлэгчээс захиргааны байгууллагаас дээрх дүгнэлтийг гаргахдаа манай байгууллагад танилцуулаагүй, бид мэдээгүй байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд уг дүгнэлт нотлох баримтаар ирснээр дүгнэлт гарсныг мэдсэн гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгчөөс уг дүгнэлт шүүхэд ирснээс хойш танилцаад холбогдох байгууллага, албан тушаалтан, шүүхэд уг дүгнэлттэй холбоотой гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/**дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/1**дугаар тушаал үндэслэлтэй гэж гэж үзэхээр байна.
Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Журам батлах тухай А-3** дүгээр тушаалын хавсралтаар Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам-ыг шинэчлэн баталжээ[9].
Уг тушаалын 4 дэх заалтаар Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "Журам батлах тухай" 81 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Журам батлах тухай /Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам/ А-3** дүгээр тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4953 дугаар бүртгэгдэн, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2021 оны 2 дугаарт нийтлэгдэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж байна[10].
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч МГУУМИ ГҮТББ нь анх Уул уурхайн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эрх шилжүүлэх тухай 2** дугаар тушаалаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "Журам батлах тухай" 81 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан байх бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 31-ний Журам батлах тухай өдрийн А-3** дүгээр тушаалаар Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 81 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/1**дугаар тушаал хүчингүй болсон байсан ч нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байна гэж үзлээ.
Тодруулбал, Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "Журам батлах тухай" 81 дүгээр тушаал хүчингүй болсноор нэхэмжлэгч нь Уул уурхайн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эрх шилжүүлэх тухай 2** дугаар тушаалын дагуу үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчингүй буюу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.
Хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Б.М, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан ажлын хэсгийн ахлагч Г.Г нар нь ажлын хэсгийн, хяналт шалгалтын үед Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т биечлэн уулзах гэж заасны дагуу МГУУМИ ГҮТББ-ийн гүйцэтгэх захирал Б.О, хуулийн зөвлөх О.О, зөвлөх Д.Б нартай уулзаж ажлын хэсгийн дүгнэлт болон цаашид авах арга хэмжээний талаар удаа танилцуулж байсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/1752 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаалыг МГУУМИ ГҮТББ-ийн гүйцэтгэх захирал Б.Од хүргүүлж мэдэгдсэн, нэхэмжлэгч МГУУМИ ГҮТББ-д оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/468 дугаар албаны бичгээр МГУУМИ ГҮТББ-д Геологи уул, уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмын дагуу зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих хүрээнд журмын хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэрэг байгуулагдсан бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үйл ажиллагааны хэрэгжилтийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/1752 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаалыг МГУУМИ ГҮТББ-ийн гүйцэтгэх захирал Б.Од хүргүүлсэн байна.
Үүнээс үзвэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т биечлэн уулзах гэж заасны дагуу МГУУМИ ГҮТББ -ийн гүйцэтгэх захирал Б.О, хуулийн зөвлөх О.О, зөвлөх Д.Бнартай уулзаж ажлын хэсгийн дүгнэлт болон цаашид авах арга хэмжээний талаар удаа танилцуулж байсан, МГУУМИ ГҮТББ -д маргаан бүхий акттай холбоотой оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, маргаан бүхий захиргааны акт гаргахтай холбоотой сонсох ажиллагаа явуулсан гэх зэрэг үйл баримтууд тогтоогдохгүй байна.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа оролцогчийн оролцоог хангаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
Гэхдээ дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийг оролцоог хангаж, сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан зөрчил байгаа ч маргаан бүхий үйл баримтыг шалгаж тогтоосон дүгнэлт хүчин төгөлдөр, захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь үндэслэлтэй байх тул захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг оролцоог хангалгүйгээр маргаан захиргааны актыг гаргасан гэх үндэслэлээр актыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт ГҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгуулах А/1**дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М Г, У У М И ГҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгох тухай А/1**дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 1-3 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 25-26 дугаар хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 89 дүгээр хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 40-46 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 48 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 133 дугаар хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 53-59 дүгээр хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтас, 198-203 дугаар хуудас
[10]Хэргийн 4 дүгээр хавтас, 39 дүгээр хуудас