Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0252

 

 

 

 

 

 

 

 

 

“Х ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч М.Г

Нэхэмжлэлийн шаардлага Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000000 тоот актыг хүчингүй болгуулах” тухай   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 159/2023/0038/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000000 тоот актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.             

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019 он) 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 28 дугаар зүйлийн 28.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.10, 41.12, 41.12.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.6, 42.7, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1,Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 27 дугаар зүйлийн 27.7, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х  ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000000 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “... зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогчоор тогтоогоогүй, улмаар ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж татварын улсын байцаагч акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажиллагаа явуулаагүй улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтны үйлдэл хууль бус талаар маргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэл бүхий няцааж чадаагүй.

3.2. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймаг дахь татварын хэлтэс, татварын улсын байцаагч О.Э , М.М нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх Сэлэнгэ аймаг дахь татварын хэлтсийг хариуцагчаар таталгүйгээр татварын улсын байцаагч О.Э , М.М нарыг хариуцагчаар татаж захиргааны хэрэг үүсгэсэн.

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэтэл ганцхан О.Э  гэх хүнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх боловч тэрээр нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй. Энэхүү процессын алдаанаас эхлээд хариуцагчаар татагдаагүй Сэлэнгэ аймаг дахь татварын хэлтсийг буюу хариуцагчийн төлөөлөгч гэх Х.Н-г шүүх хуралдаанд оролцуулсан, түүнчлэн татварын улсын байцаагч М.М-г хариуцагчаар татаагүй. Нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1,2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 59 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь татварын хэлтэс, татварын улсын байцаагч О.Э , М.М нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх О.Э , М.М нарыг хариуцагчаар татаж, захиргаан хэрэг үүсгэж, О.Э д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан, Х.Н-г шүүх хуралдаанд оролцуулсан хуулийг илтэд ноцтой зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

3.4. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчид Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсэн тэмдэг дарсан 12 хуудас бүхий баримтыг гардуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр зүйлийн 20-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 09 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг баталсан бөгөөд журмын 3.7-д “Шүүхийн шийдвэрийн эхний нүүрийг төрийн сүлд, шүүхийн нэр, баримт бичгийн нэр буюу шүүхийн шийдвэр, огноо, дугаар, үйлдсэн газрын нэрийг хөх өнгөөр хэвлэсэн хэвлэмэл хуудсан дээр үйлдэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.5. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд болох маргаан бүхий захиргааны актууд хэрхэн ямар процессын дагуу гарсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй ... 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн татварын хэлтэст 30 хоногийн хугацаанд “Х ” ХХК-ийн татварын тайланг засварлуулж авах, хэрэв уг хугацаанд засахгүй бол хяналт шалгалтаар дуудаж засуулах талаар албан тоот илгээсэн байдаг.

4.2. Гэтэл татварын улсын байцаагч М.М нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу манай байгууллагад татварын тайлангаа засах хугацаа олголгүй, бидэнд энэ талаар огт мэдэгдээгүй атлаа 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захирал Д.Г-тай холбогдож “танай компанид тайлангаа илгээгээгүй 3 компаниас НӨАТ-ийн падаан шивэгдэж байгаа тул шалгалтаар дуудсан” Үүнд: 2021 оны 5 сард 100 сая, 2021 оны 6 сард 200 сая, 2021 оны 7 сард 72 сая төгрөг нийтдээ 372 сая төгрөг буюу НӨАТ-гүй дүнгээр 338,181,818.18 төгрөгийн худалдан авалтад акт тогтоосон. Бидэнд татварын тайлангаа засах хугацаа огт олгоогүй тул захирал Д.Г-тай холбогдсоны дараа даруй тайлангаа засах хүсэлтээ илэрхийлэхэд татварын улсын байцаагч нь 2021 оны тайланд засвар оруулах боломжгүй гэсэн тул 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр НӨАТ-ын тайланг буцаалтаар дахин тайлагнасан боловч 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр илгээсэн тайланг маань буцаасан. Угтаа 2021 оны тайланг 2022 онд засах боломжтой байсан буюу өмнөх оных нь тайланг дараачийн онд нь засварлах боломжтой байдаг. Иймд татварын улсын байцаагч нь манай байгууллагыг татварын тайлангаа засах боломж олголгүйгээр дээд шатны байгууллагын үүрэг даалгаврыг зөрчин шууд шалгалтаар оруулж акт болон татварын хүү алданги тогтоосныг зөвшөөрөхгүй байна.

4.3. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан үнийн дүнгээс захиалагчийн зардал, хяналтын зардал, зураг төсвийн зардал гэх мэт зардлуудыг захиалагчаас суутган авч үлдээд үлдэх мөнгийг гүйцэтгэгч рүү шилжүүлдэг тул манай байгууллагын зүгээс орлогод тусгаагүй. Татварын улсын байцаагч М.М-т энэ талаар хэлэхэд би энэ асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газарт сургалт явуулна, яахаараа бүх мөнгийг нь шилжүүлдэггүй юм, танайх гэрээнд заасан мөнгөө авах ёстой, заавал торгоно гээд торгууль тавьсан. Манай байгууллага 2015 онд мөн л татварын шалгалтад орж байх үед дээрх байдлаар торгууль оногдуулж байгаагүй. Татварын улсын байцаагч М.М-ын тавьсан актын дагуу нөхөх татвар 27,706,686.98 төгрөгийн торгууль, алданги 4,453,418.13 төгрөг болж байна. Хэрэв бидэнд Татварын Ерөнхий Газраас даалгасан тайлан засах хугацааг олгосон бол алдаатай тайлангаа засах боломжтой байсан. Гэтэл татварын улсын байцаагч нь үндэслэлгүйгээр энэ хугацааг бидэнд олгоогүйн улмаас, захиалагч буюу Засаг даргын Тамгын газраас захиалагчийн зардал, хяналтын зардал, зураг төсвийн зардал гэх мэт зардлуудыг гэрээнд заасан үнийн дүнгээс хасаж шилжүүлснийг биднийг орлогоо нуусан гэж үзээгүй бол манай байгууллага торгууль алданги төлөхгүй тайлангаа засаад хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан. Хэрэв бид алдаатай тайлангаа зассан бол НӨАТ-ын өртэйгөө үлдэж, манай байгууллагад баримт шивсэн ч татварын тайлангаа илгээгээгүй буруутай компаниудаа хуулийн байгууллагад өгч асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан

4.4. ... нэхэмжлэлийн хувийг зөвхөн хариуцагч О.Э-д гардуулсан, хариуцагч М.М-т уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийг гардуулсан, эрх үүргийг тайлбарласан баримт байхгүй. Захиргааны хэрэг үүсгээд хариуцагчаар татсан атлаа нэг хариуцагч дээр ямар ч ажиллагаа хийгээгүй. Итгэмжлэл олгогдоогүй атлаа ганцхан байцаагчийг хариуцагчаар татаад эрх үүргийг тайлбарлаад процесс ажиллагаа явагдсан нь процессын алдаа үүсгэсэн байна. Нэг ёсондоо хариуцагчаар татагдсан этгээд заавал шүүхэд бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөх ёстой атал уг ажиллагаа хариуцагч М.М-т хийгдээгүй. Уг хэрэг дээр захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж дээр дурдсан нэг хариуцагч орхигдсон байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлд шүүгчийн ажиллагаа гэсэн зүйлийг зохицуулж өгсөн. Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын алдааг засварлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зүйн дагуу явуулсны үндсэн дээр хэрэг маргааныг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

4.5. Иймд шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.1. Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э , М.М нар нь 1322601730 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулжээ.

  2.2. Хариуцагч татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад “... борлуулалтын орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2021 онд 39,804,094.35 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2021 онд 225,601,210.61 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тавар ногдуулах орлогоо буруулсан, 2019 онд 8,027,515.92 төгрөг, 2020 онд 13,949,838.18 төгрөг, 2021 онд 54,520,913.35 төгрөг, нийт 76,498,267.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж, орлогыг бууруулсан, 2021 онд 338,181,818.18 төгрөгийн худалдан авсан бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлөх татварын дүнг бууруулсан, 2018-2021 онд компанийн өөрийн нэр дээр бүртгэлтэй Ү-2003016162 дугаартай гэрчилгээтэй 35.000.000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөнд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй, 2021 онд 2,740,874.50 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил тус тус гаргасан” гэж дүгнэн маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000000 тоот актаар 68,900,069.31 төгрөгийн татвар, 27,706,686.98 төгрөгийн торгууль, 4,453,418.13 төгрөгийн алданги нийт 101,060,174.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна

2.3. Нэхэмжлэгчээс “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000000 тоот актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд анхан шатны шүүх “...аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дансны хуулганы дүнгээр борлуулалтын орлогоо тусгасан нь татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Хуулийн заалтыг нэгэн зэрэг хангаагүй зардал нь 225,601,210.61 төгрөгийн зардал хассан гэж актад тусгаж 2021 оны зардлаас нь хассан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэхүү зөрчил нь шүүхээс томилсон шинжээчийн 65 дугаар дүгнэлт болоод Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч 2019, 2020, 2021 онуудад нийт борлуулалтаасаа нэмэгдсэн өртгийн албан татвараар 76,498,267.45 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй болохыг дээрх жилүүдэд хийгдсэн гэрээ, гэрээт ажлыг гүйцэтгэсэн баримтуудаас харж болох бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь 2018-2021 онд  өөрийн нэр дээр бүртгэлтэй Ү-2003016162 дугаартай гэрчилгээтэй 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй. Татварын улсын байцаагчаас нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь үндэслэлтэй байна” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

2.4. Учир нь, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-д “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”, 4.1.1-д “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар” гэж тус тус заасан.

2.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татвар төлөгч нь борлуулалт хийх бүртээ хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж, эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээсэн байх төдийгүй зарим тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцох, албан татвар төлсөн нь бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасаж тооцохгүй бөгөөд компани нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байхаар хуульчилжээ.

2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Х ” ХХК нь борлуулалтын орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж татвар ногдуулж төсөвт төлөөгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тавар ногдуулах орлогоо буруулсан, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж, орлогыг бууруулж, тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлөх татварын дүнг бууруулсан, компанийн өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй, ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлүүдийг тус тус гаргасан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий нөхөн ногдуулалтыг актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.7. Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд “Татварын тайланд залруулга хийх” гээд 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно”, 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж тус тус зааснаас нэхэмжлэгч нь алдаатай гаргасан тайлангаа дараагийн татварын жилд багтаан хэдэн ч удаа засварлаж болохоор байхад нэхэмжлэгч уг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч талын энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.8. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж тус тус зааснаар татвар төлөгч хуульд заасан үүргээ биелүүлж байгаа эсэхэд татварын алба хяналт тавихаар байх бөгөөд хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, эсхүл томилолтоор хийж болохоор байна. Мөн Татварын албаны 1322601730 дугаар томилолтын дагуу Татварын хяналт шалгалт хийх хугацаанд нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн төлөөлөгч Д.Г биечлэн оролцсон байх тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажиллагаа явуулаагүй гэж буруутгахааргүй байна.

2.9. Мөн анхан шатны шүүхийн “... Хариуцагч Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э гээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, түүнд хавсаргасан баримтад Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.М-г 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/606 дугаар тушаалыг хавсарган тус байцаагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох боломжгүй талаар мэдэгдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон НА-13220000000 тоот нөхөн ногдуулалтын актыг Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу үйлдсэн байх тул уг хэргийн хариуцагч нь Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс биш, акт үйлдсэн татварын улсын байцаагч” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.10. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

                                    ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ