Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 262

 

                               

 

 

 

 

 

 

 

                                

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,   

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Б.Ёстой,

гэрч Ч.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Ц.Эрдэм түүний өмгөөлөгч Г.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Цахиуртайн Эрдэмд холбогдох 201525011468 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-408 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй:

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 400 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны  6 дугаар сарын 7-ны өдрийн 366 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 2 жилийг нэмж, нийт 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдэлж байгаад Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 3 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт  зааснаар 4 жил 9 сар хорих ял шийтгүүлж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан, бие эрүүл, ухаан бүрэн, Мэргэд овогт Цахиуртайн Эрдэм /РД: ЦВ77072471/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Эрдэм нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын үйлчилгээний төвийн орчим Б.Ёстойтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Эрдэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сансарын тунел дээр 2,3 ах нартай юм яриад сууж байхад Б.Ёстой миний таньдаг  Эрдэнээ болон өөр нэг залуутай гурвуулаа гарч ирсэн. Тэгээд Эрдэнээ 500 граммын шилтэй архи барьчихсан байсан. Эрдэнээ намайг 100 грамм татах уу гэхээр нь за гээд Сансарын тунелээс холдоод 48 дугаар сургуулийн тэнд очиж уусан. Би хохирогчийг сайн танихгүй. Хохирогч Ёстой миний талаар Эрдэнээс асуухад саяхан шоронгоос гарч ирсэн юмаа, би таньдаг гэж хэлэхэд тэр нь надад ямар хамаатай юм банди шуумараар дуудаад, өмдөө тайл чамайг яаана гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад яваад өгсөн юм. Буцаж ирээд Сансарын тунел дээр нөгөө хэдтэйгээ сууж байтал 10-20 минутын дараа Эрдэнэ нөгөө залуутайгаа хүрч ирээд явлаа гэж хэлээд явсан. Араас нь хохирогч ирээд бандиа энэ тэр гэж доромжлоод намайг босох гэтэл хөл рүү өшиглөсөн. Хажууд олон хүмүүс байсан. Намайг цохих гээд далайхаар нь би зөрүүлээд нэг цохиход газарт унасан. Хажууд байсан хүмүүс яв яв гээд байхаар нь явсан. Хохирол 700000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид архинаас гарч ажил хийж амьдарна.

Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Ёстой шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр 05 ны өдөр би Түвшинжаргал, Бат-Эрдэнэ нартай таараад нэг шил архи аваад уусан. Энэ хоёртой таарахаас өмнө бага тойрогт бааранд ороод бас уусан байсан. Нөгөө хоёртой Сансарын тунелын ардуур цаашаа явж байтал Ц.Эрдэм араас хүрээд ирсэн. Тэгээд би Ц.Эрдэмийг хөөгөөд энэ буцаад явсан.Одоо бодоход би архиа харамласан байх. Би бүдэг бадаг санаад байна. Ямар ч байсан тас гээд буугаад явсан. Шүүгдэгчийн ярьж байгаа нь үнэн. Үүнийг би үгүйсгэхгүй. Хохиролд 700.000 төгрөг авсан.Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэв.

 Гэрч Ч.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр Сансарын тунел дээр айл нүүлгэх гээд портертойгоо очоод байж байтал Ц.Эрдэм ирсэн. Эрдэм надтай юм яриад сууж байтал хохирогч Б.Ёстой ирээд агсам тавиад Ц.Эрдэмийг доромжлоод байсан. Тэгэхэд Эрдэм түүнийг нэг удаа цохиод авсан гэв.

Гэрч Ч.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 4 сарын 05-ны орой 17 цагийн орчим Сансарын тунелийн Сансар үйлчилгээний төвийн хажууд гэрийнхээ ойролцоо салхинд гарч  сандал дээр Даваа, Бат-Эрдэнэ, Эрдэм нарын хамт сууж байтал Ёстой гэгч Сансараар архи уугаад явж байдаг залуу ирээд Эрдэмийг зүгээр сууж байхад нь “шоронгийн банди нараа ална, хошногодоно” гэж хэлээд л Эрдэмийг өшиглөөд авахаар нь Эрдэм Ёстойгийн нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь би боль гээд  салгахад Эрдэм гүйгээд явсан. Ёстой босоод нөгөө талаар нь буугаад явсан /хх-65-66х/гэжээ.

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 4 сарын 5-ны орой 17 цагийн орчим өөрийнхөө  амьдардаг Сансарын 15 дугаар байрны гадаа Ц.Эрдэм болон Даваа, Эрдэнэбилэг нарын хамт салхилаад юм яриад сууж байтал танил Ёстой бид нар дээр ирээд Эрдэм болон Ёстой нар 5 алхмын зайтай очоод сууж байгаад Ёстой Эрдэмийг өшиглөхөөр нь Эрдэм буцаагаад Ёстойгийн нүүр лүү гараараа цохиж харагдахаар нь би халамцуу байсан болохоор гэр лүүгээ яваад өгсөн.  Эрдэм болон Ёстой нар яасныг би мэдэхгүй /хх-62-63х/гэжээ.

Гэрч Б.Даваабаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: …Ц.Эрдэм болон Бат-Эрдэнэ, Эрдэнэбилэг нарын хажууд найз Эрдэнэбилэгтэй юм яриад сууж байтал Сансараар танхайрч явдаг Ёстой гэгч 45-50 орчим насны “ хүн сэгсэрнэ хүн дээрэмдэнэ гэж ярьдаг шоронд  байсан гэж ярьж явдаг хүн” ирээд Эрдэм гэгчийг зүгээр сууж байхад нь “бандиа алнаа чамайг хошногдоно” гээд Эрдэмийг өшиглөхөөр нь би холдоод яваад өгсөн би юу болсон талаар сайн мэдэхгүй /хх-64х/ гэжээ.

Гэрч А.Сэндэнхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Цариуртай Эрдэм нь 1977 оны 07 сарын 24-ний өдөр Ховд аймгийн төв дээр төрсөн. Эцэг эхээс гурвуулаа айлын дунд хүүхэд бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад улмаар гэр бүлээрээ Улаанбаатар хотод 1983 онд шилжин ирж 1985 онд Ц.Эрдэм 33 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж 1995 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Арван жилийн сургуульд сурч байхдаа төлөв түвшин амьдарч хэл ам таталдаггүй байсан. 1999 онд Отгонцэцэг гэх эмэгтэйтээ гэр бүл болж 2000 онд охин нь төрсөн. Одоо 16 настай. 2003 оноос хойш эхнэр Отгонцэцэгийн хамт ОХУ-д Севорловскид наймаа хийж ажиллаж амьдарч байгаад 2005 онд буцаж ирсэн. Одоо Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бэлхэд хашаа байшинд амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан байдлын хувьд бүрэг дуугүй талдаа их томоотой хүн дээ. Хүнээр доромжлуулаад хэрэгт орчихлоо. Эхнэр Отгонцэцэг нь хөл муутай группт байдаг. Ц.Эрдэм архи хааяа уудаг. Миний дэргэд архи ууж байгаагүй болохоор би ямар зан ааш гаргадаг талаар нь мэдэхгүй. Ц.Эрдэм урьд өмнө нь 2 удаа шүүхээр орж ял шийтгэл эдэлж байсан. Нэг удаагийнх нь болохоор эхнэр Отгонцэцэг нь танихгүй залуутай гэртээ унтаж байсан гэсэн /хх-59х/гэжээ.

Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой. Зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл нь босоо хэвтээ аль ч байранд олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой /хх-24-25х/ гэжээ.

            2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4800 /507/ тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Ёстойн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 20х/ гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Ц.Эрдэмийн сэжигтэн,  яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх-74-79х/, хохирогч Б.Ёстой /хх-8-10х/, гэрч Б.Бат-Эрдэнэ /хх-61-62х/, Ч.Эрдэнэбилэг /хх-64-65х/, Б.Даваабаяр /хх-54х/, А.Сэндэнхүү /хх-69х/ нарын мэдүүлгүүд, 4800 /507/ дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20х/, шүүгдэгч Ц.Эрдэмийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81х/, хорооны тодорхойлолт /хх-82х/, хохирлын баримтууд /хх-35-38х/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-134х/, хохирогчийн эрүү, нүүрний рентген зураг /хх-22х/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-24-25х/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-84-85х/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 366 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-116-118х/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-120-122х/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 616 дугаар тогтоол /хх-139х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-135-136х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.Эрдэм нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын үйлчилгээний төвийн орчимд хохирогч Б.Ёстойн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газарт цохиж, бие махбодид нь эрүү ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, рентген зураг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эрдэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Эрдэмийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Эрдэм нь хохирогч Б.Ёстойд эмчилгээний зардалд 700000 төгрөг төлж, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон байна.

 

Шүүгдэгч Ц.Эрдэм өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй байснаас сүүлчийн буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 9 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн  боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт  заасан ялтай байдал арилаагүй байна. 

Гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохиролоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгааг, мөн шүүгдэгчийн ялтай байдал арилаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж тогтоолоо. 

Шүүгдэгч Ц.Эрдэм нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохилтой байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь  төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Мэргэд овогт Цахиуртайн Эрдэмийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэмийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэмд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэмийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

   7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэмд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                      

                        ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ