Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 05

 

Б.Сүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч  Ц.Отгонцэцэг, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 143/ШШ2017/00469 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Алтангэрэлд хариуцагдах “Гэрлэлт цуцлуулж, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 4-р байрны 2-18 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авахыг хүссэн” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 1 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагч О.Алтангэрэл, нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: О.Алтангэрэлтэй 1996.4.10-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 1997.3.31-ний өдөр төрсөн охин Дашзэвэг 19 настай, 1999.10.2-ны өдөр төрсөн хүү Батбаяр 17 настай. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид бие биенээ халамжилж, үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж байсан боловч сүүлийн жилүүдэд О.Алтангэрэл нь архи ууж, агсам тавьж, хэл амаар доромжлох, үргэлж маргалдан хэрэлдэж зан байдлын хувьд хоорондоо таарч тохирохоо больсон тул цаашдаа хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдраад 2 жил болж байна. Иймд 1996.4.10-ны өдрийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хамтран амьдарснаас хойш авсан 2 өрөө байраа өөрийн өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Учир нь уг байрыг манай талаас эцэг, эх, эгч /100%/ мөнгөөр авч өгсөн бөгөөд байрны гэрчилгээг өрхийн тэргүүний хувьд Алтангэрэлийн нэр дээр гаргуулсан билээ. Одоо охин Дашзэвэг оюутан 3-р курст сурдаг. Хүү Батбаяр нь 12-р ангид сурдаг. Энэ жил төгсөж оюутан болох тул сургалтын төлбөр, түрээсийн байрны мөнгө хичээлийн хэрэглэл, хоол унд байрны түрээс гэх мэт бүх зардал ганц хүний цалингаар арай гэж төлдөг бөгөөд О.Алтангэрэл нь огт мөнгө өгөх, хувь нэмэр болдоггүй тул миний гол тулгарч буй асуудал нь 2 оюутны бүх зардал төлөхөд банкнаас зээл авахаас өөр арга байхгүй тул зээл авах болоход барьцаа хөрөнгө гэх өөр зүйлгүй тул энэхүү орон сууцаа барьцаанд тавих ганц гарц болоод байгаа билээ. Хоёр хүүхдээ мэргэжил боловсролтой болгож цаашдын ирээдүй, тав тухтай орчинг бүрдүүлэх үүднээс энэхүү байраа өөрийн өмчлөлдөө авах хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. ...Ажилд орохоороо дандаа архинаас болж хөөгдөж гардаг. Дараа нь Дулааны цахилгаан станцад ажилд ороод архи ууж байгаад хөөгдсөн. Дараа нь Мэрси корпд ажиллаж байхдаа архи уугаад мөн хөөгдсөн. Дарга нь намайг дуудаад танай нөхөр ажлын байрандаа ийм байна гээд харуулахад согтуу машиндаа унтаж байсан. Дараа нь шүүхэд ажилд орсон. Шүүхэд ороод мөн л архинаас болж халагдсан. Амьдрал хүнд болохоор ээж, аав хоёр маань энэ орон сууцыг авч өгч байсан. Орон сууцанд орсноор миний амьдрал арай хөнгөрсөн. Шүүхээс халагдсанаас хойш амьдралд ямар ч нэмэр болоогүй. Таксинд явахаараа олсон мөнгөөрөө мөрийтэй тоглодог, агсам согтуу тавьдаг болсон. ...Энэ жил хүү оюутан болсон, 2 оюутантай байгаа. Байрны гэрчилгээг нь анх О.Алтангэрэлийн нэр дээр гаргасан. О.Алтангэрэлийг өрхийн тэргүүн гэдэг утгаар нь нэр дээр нь гаргасан байсан. Одоо гэрчилгээгээ хүүхдийнхээ нэр дээр болгоод өгчих гэхээр болгож өгөхгүй гээд байгаа. ...салаад 2 жил, 6 сар болж байна. Миний ганц хүсч байгаа хүсэлт О.Алтангэрэлээс гэрлэлтээ цуцлуулж, байраа өөрийн өмчлөлд авч, хүүхдийнхээ нэр дээр болгомоор байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь О.Алтангэрэлээс гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс зохигчдод эвлэрэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй, хамт амьдрах боломжгүй нь ойлгомжтой болсон тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байх гэж бодож байна. Даланзадгад сум, 3-р баг, 4-р байрны 2-12 тоот байрыг өөрийн нэр дээр болгож, охиндоо шилжүүлэх хүсэлтэй байгаа. Энэ сууцыг Б.Сүрэнцэцэгийн эгч, ээж, аав нь нийлж авч өгсөн байдаг. Нэхэмжлэл гаргахдаа дундын хөрөнгө хуваалгах гэж гаргасан. Энэ шаардлагыг дундын өмчийг шийдвэрлүүлэх буюу өмчлөгчөөр тогтоолгох гэж гаргаж байна. Энэ байр одоогоор хүн амьдрах боломжгүй. Энэ байрыг Иргэний хуулийн 125 дугаар зүйл, 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хуваарьт хөрөнгөд хамаарна гэж үзэж байгаа. 127.1.2 дахь хэсэгт мөн зааснаар гэрлэгчид гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө боловч үүнийг Б.Сүрэнцэцэгийн  аав, ээж, эгч нь дүүдээ авч өгсөн байдаг. Иргэний хуулийн 129.3-т зааснаар шүүх үүнийг хэрхэн тогтоохыг шийдвэрлэх боломжтой. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт мөн хэрхэн шийдвэрлэхийг зааж өгсөн байгаа. О.Алтангэрэлийн амьдралдаа хэрхэн хандаж байсныг нэхэмжлэгч сая тайлбартаа хэллээ. Иймд О.Алтангэрэлд оногдох хувийг шүүх олгохгүй ч байж болохоор заасан байгаа юм. Зах зээлийн үнэлгээгээр 9,223,400 төгрөгөөр тухайн 2 өрөө орон сууц үнэлэгдсэн байгаа. Өнөөгийн бодит үнэлгээг “Ашид билгүүн” ХХК гаргаж өгсөн. “Дамно” ХХК-ийн үнэлгээ бол 3 жилийн өмнө гаргаж өгсөн үнэлгээ. Тухайн үед ийнхүү үнэлэгдэж байсан байж болно.

Харин одоо бол өөр. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 127-д заасныг тайлбарлаж байна. Энэ байранд анх орохдоо л 1 удаа засвар хийсэн байдаг. Тэр мөнгийг Б.Сүрэнцэцэг ажлын цалингаасаа 400000 төгрөгийг гаргаад, эгч нь 400000 төгрөгийг гаргаад нийт 800000 төгрөгөөр энэ байранд засвар хийсэн. ...Б.Сүрэнцэцэгийн ээж нь гэрчийн мэдүүлэгтээ “охиндоо зориулж авч өгсөн” гэж хэлсэн байдаг. Дамно ХХК-ийн үнэлгээ бодит эсэхэд эргэлзээ төрж байна. “Ашид билгүүн” ХХК-ийнх бодит үнэлгээ гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд энэ байраа булаацалдаад байлгүй охиныхоо нэр дээр шилжүүлээд өгчихөж болдоггүй юм уу? Энэ асуудалд эцэг хүний уужуу ухаан гаргаж болдоггүй юм уу. Нэхэмжлэгч талаас уг байр нь Б.Сүрэнцэцэгийн хуваарьт хөрөнгө тул өмчлөгчөөр тогтоолгомоор байна гэжээ.

Хариуцагч О.Алтангэрэл шүүхэд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа:Б.Сүрэнцэцэгтэй 1997 онд гэр бүл болж 1997.3.31-ний өдөр охин Дашзэвэг төрсөн. 1999.10.2-ны өдөр хүү Батбаяр төрсөн. Бид ам бүл дөрвүүл 18 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд миний бие үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж амьдралаа хамтын хүчээр босгож ирсэн. Б.Сүрэнцэцэг нь Улаанбаатар хотын иргэн Хуягаа гэх хүнтэй гэр бүлийн дотно харьцааг 4 жилийн өмнө үүсгэсэн байсан. Энэ явдлыг би 1 жилийн өмнө буюу 2014 онд мэдсэн. 2015.5.26-ны өдөр гэрээсээ цүнхтэй хувцастайгаа хөөгдөж өнөөг хүртэл ээжийндээ амьдарч байна. Энэ бүгдийг үр хүүхэд болон ойр дотныхон бүгд гэрчилнэ. Миний хувьд Б.Сүрэнцэцэгийг 18 жил хамтран бүтээж босгосон амьдралаа үгүй хийж өөр хүнтэй амьдрал зохиож байгаад харамсаж явдаг. Гэрлэлтийн баталгаагаа цуцлахыг зөвшөөрч байна. 4-р байрны 2-18 тоот 2 өрөө байраа охин Дашзэвэгийн нэр дээр болгож миний бие хамтран эзэмших хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

...2010 онд банкнаас зээл авч төлж барагдуулж байсан. Анх хариу тайлбар бичихдээ охиныхоо нэр дээр болгоно гэж би бичиж өгсөн. Охинтойгоо хамтран эзэмшигчээр хамт байя гэсэн саналтай байна. Зөвхөн охиныхоо нэр дээр дангаар нь шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: О.Алтангэрэлийн хувьд гэрлэлт цуцлуулах дээр маргаангүй. Эд хөрөнгө, дундын өмчийн хувьд 2 тал маргаж байгаа. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “...гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө дундын өмч болно” гэж хуульчилсан байгаа. Мөн 126.2.4 дэх хэсэгт тусгайлан заасан байдаг. Тухайн орон сууцыг Б.Сүрэнцэцэгийн ээж, эгч нь мөнгөөрөө авч өгсөн гэж ярьдаг. Ингэсэн ч гэсэн тухайн орон сууцыг цаашдын хамтын амьдралд нь зориулж авч өгсөн гэж гэрчүүд ч мэдүүлдэг. Амьдрах хугацаандаа хэд хэдэн удаа засвар үйлчилгээ хийж байсан. Тухайн байр анх худалдаж авахад маш муудсан байр байсан. Түүнээс хойш 10 жил хамтран амьдрах хугацаандаа байрандаа засвар хийж хамтдаа тохижуулж ирсэн. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн орон сууц нь дундын хөрөнгө мөн гэж үзэж байна. Мөн хуулийн 129.1.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүнд хэрхэн хуваарилах асуудлыг зохицуулсан байгаа.

О.Алтангэрэл, Б.Сүрэнцэцэг нар нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар тухайн байрыг хуваах боломжгүй эд хөрөнгө учраас байрыг үнэлүүлээд, гишүүдэд ногдох хувийг тогтоогоод, О.Алтангэрэлд мөнгөөр олгох боломж байгаа юм. Тухайн сууцыг 2014 онд дахин төлөвлөлтөнд оруулсан. Бүх айл өрхүүд үнэлгээ хийлгүүлсэн. “Дамно” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд тухайн байр 38.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Дахин төлөвлөлтөд оруулаад байрыг авсан тохиолдолд үнэлгээ төлөвлөгдсөн байгаа юм билээ. Тийм учраас 2017.12.26-ны өдрийн “Ашид билгүүн ХХК”-ийн 9.000.000 төгрөгийн үнэлгээ нь бодит бус, өнөөгийн зах зээлд нийцээгүй үнэлгээ хийгдсэн. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөх үнэлгээ хүчин төгөлдөр байгаа. Дахин төлөвлөлтөд ороход “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр мөнгө олгогдохоор шийдвэрлэгдсэн байгаа. Иймд гэр бүлийн хөрөнгийг О.Алтангэрэлд ногдох хэмжээгээр олгож өгнө үү гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 143/ШШ2017/00469 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Б.Сүрэнцэцэг, О.Алтангэрэл нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж, нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг, 4-р байрны 2-18 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.725 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Б.Сүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй О.Алтангэрэлд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч өмгөөлөгч миний бие 2017.12.8-ны өдөр нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн эцэг С.Бямбаа, эх Ц.Мядаг нарын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд дээрх нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч болон хариуцагч, түүний өмгөөлөгчид танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэргээр нотлогдоно.

Үүнээс үзэхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг зөрчсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч О.Алтангэрэлийн тайлбарт: Тухайн орон сууцыг хүүхдийнхээ нэр дээр шилжүүлэхэд дургүйцээд байгаа зүйл байхгүй. Тухайн орон сууцыг анх би өөрийн нэр дээр шилжүүлээд, өөрийн нэр дээр зээл авч байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг нь хариуцагч О.Алтангэрэлд хариуцуулан “Гэрлэлт цуцлуулах, Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг, 4-р байрны 2-18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн  Б.Сүрэнцэцэг, О.Алтангэрэл нарын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хангаж,  үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах анхан шатны шүүхийн 143/ШШ2017/00469 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлд “шүүх өмгөөлөгч миний 2017.12.8-ны өдөр өгсөн  С.Бямбаа, Ц.Мядаг нарын  дансны дэлгэрэнгүй хуулгыг  хэрэгт нотлох баримтаар  гаргаж өгсөн  ба эдгээрийг шүүх хуралдаанаас өмнө  нэхэмжлэгч хариуцагч түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр  хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийг зөрчсөн” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдоно.

Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг, хариуцагч О.Алтангэрэл  нар нь хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлаа өөр өөрийн тайлбар, нотлох баримтыг үндэслэн  “гэрлэлт цуцлуулах тухай” шаардлагад үл маргана.

Харин нэхэмжлэлийн шаардлагын “Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг, 4-р байрны 2-18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай”-д дор дурдсан үндэслэлээр мэтгэлцэнэ.

Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэг нь “байрыг манай талаас эцэг, эх, эгч /100%/ мөнгөөр авч өгсөн бөгөөд байрны гэрчилгээг өрхийн тэргүүний хувьд Алтангэрэлийн нэр дээр гаргуулсан ...О.Алтангэрэл нь огт мөнгө өгөх, хувь нэмэр болдоггүй тул миний гол тулгарч буй асуудал нь 2 оюутны бүх зардал төлөхөд банкнаас зээл авахаас өөр арга байхгүй... Хоёр хүүхдээ мэргэжил боловсролтой болгож цаашдын ирээдүй, тав тухтай орчинг бүрдүүлэх үүднээс энэхүү байраа өөрийн өмчлөлд авч, хүүхдийнхээ нэр дээр болгомоор байна” гэж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах “...сууцыг Б.Сүрэнцэцэгийн эгч, ээж, аав нь нийлж авч өгсөн байдаг. Б.Сүрэнцэцэгийн хуваарьт хөрөнгө тул өмчлөгчөөр тогтоолгомоор байна” гэж,

Хариуцагч О.Алтангэрэл “...4-р байрны 2-18 тоот 2 өрөө байраа охин Дашзэвэгийн нэр дээр болгож миний бие хамтран эзэмших хүсэлтэй байна” гэж,

Хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл “Эд хөрөнгө, дундын өмчийн хувьд 2 тал маргаж байгаа. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “...гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө дундын өмч болно” гэж хуульчилсан байгаа. ...Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар тухайн байрыг хуваах боломжгүй эд хөрөнгө учраас байрыг үнэлүүлээд, гишүүдэд ногдох хувийг тогтоогоод, О.Алтангэрэлд мөнгөөр олгох боломж байгаа юм” гэж,

Нэхэмжлэгч Б.Сүрэнцэцэгийн нэхэмжлэлийн маргаантай байгаа шаардлага тодруулбал, Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг, 4-р байрны 2-18 тоот орон сууцны өмчлөлийн асуудлыг нэхэмжлэгч анхны шаардлагад “хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваалгах” гэж /хх-1/,  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “байраа хүүхдийхээ нэр дээр болгомоор байна” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...энэ шаардлагыг дундын  хөрөнгийг хуваалгах гэж гаргасан. Энэ шаардлагыг дундын өмчийг шийдвэрлүүлэх гэж гаргаж байна. ...2 өрөө байрыг  охин Дашзэвгийн  нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж /хх-105 хуудасны ар/ зөрүүтэй тодорхойлсон боловч хуралдааны явцад нэхэмжлэгч “Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг, 4-р байрны 2-18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага болохыг тодорхойлж, хамаарал бүхий нотлох баримтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцүүлэн үнэлж, дүгнэн маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  143/ШШ2017/00469 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар  “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2017.12.8-ны өдөр шүүхэд ирүүлсэн Б.Сүрэнцэцэгийн эцэг С.Бямбаа, эх Ц.Мядаг нарын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг /хх-97,98/хүлээн авч бүртгэн, хуралдааны явцад шинжлэн судалж, үнэлсэн /хх-106,111-р хуудасны ар хэсэгт/ байх ба гомдлын үндэслэлд дурдсанаар зохигчдын эрх зөрчигдсөн эсэх нь тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхийн хуралдааны явцад ч энэ талаарх эрхээ зөрчигдөөгүй тухай тайлбарлаж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.740 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн,  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 143/ШШ2017/00469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 143/ШШ2017/00469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.740 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шaүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

          ШҮҮГЧ                                      Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                   П.ДОЛГОРМАА