Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01387

 

2021           11            16                                          001/ХТ2021/01387

 

............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 501 дүгээр магадлалтай,

............гийн нэхэмжлэлтэй

“............” ХХК-д холбогдох

Орон сууц захиалан бариулах тухай 2011.10.21-ний өдрийн 809 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна, ..,гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэсэн заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 122,651,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ............гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ............ нь 2011.10.21-ний өдөр “............” ХХК-тай 809 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахад “............” ХХК нь барилгын захиалгын гэрээ үзүүлж манайх бүх ажлаа нарийн зохион байгуулсан учраас санаа зовох зүйлгүй, та мөнгө л дансанд хийвэл гэрээ хүчинтэй, мөнгө хийхгүй бол бид өөр хүмүүстэй гэрээ байгуулах гэж байна гэж яаруулж гэрээний нөхцөлтэй танилцах боломж олголгүй шаардаж байсан тул урьдчилгаа төлбөрийг хайхаар хөөцөлдсөн. Учир нь 809 тоот орон сууц захиалан бариулах гэрээгээр 213,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 674,446,500 төгрөгөөр, 1 автомашины гарааш 26,000,000 төгрөг, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 368,550,000 төгрөгөөр, 26,32 м.кв нийтийн эзэмшлийн талбайг 51,324,000 төгрөгөөр,1 автомашины гарааш 26,000,000 төгрөг, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр 82 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 287,820,000 төгрөгөөр, 21,38 м.кв талбайтай нийтийн эзэмшлийн талбайг 41 691 000 төгрөгөөр тус тус тооцож нийт 1,475,831,500 төгрөгийн үнэ бүхий захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг Орон сууц захиалан бариулах гэрээ, Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр гэж 2013.03 дугаар улирал буюу түүнээс өмнөх хугацааг хэлнэ гэж заасан нөхцлийг үзүүлж байсан тул итгэж гэрээгээ байгуулсан. ............ 2011.10.21-ний өдөр “............” ХХК-тай байгуулсан 809 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт захиалагчийн төлбөр төлөх графикт хугацааны дагуу төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл гурван гэрээний нийт төлбөрийн 90 хувь болох 1,281,448,350 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гүйцэтгэгч “............” ХХК нь дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 2013 оны 3 дугаар улиралд багтаах үүргээ гүйцэтгээгүй, барилгыг ашиглалтад оруулаагүй, захиалсан үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг ч хүлээлгэн өгөөгүй, ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгөх тухай хүсэлт ирүүлээгүй байна. Энэ тухай гүйцэтгэгч “............” ХХК-д амаар болон бичгээр 2013 оноос хойш удаа дараа шаардлага гаргаж, 2014, 2015, 2018 онуудад гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг шаардсан албан шаардлагыг бичгээр тавьж байсан. Өнөөдрийг хүртэл 5 жил гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс захиалагчид сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаа, үйл ажиллагаа, мөнгөн төлбөрийн хохирол гарч эхэлсэн. Хохиролтой холбоотой асуудлаар ............” ХХК-д удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан боловч, нэг ч хариу өгөөгүй тул ............” ХХК-д хариуцлага тооцуулахаар гэрээг судалж үзэхэд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон эрх зүйн зохицуулалтыг зааж өгөхдөө захиалагчийн эрх ашгийг илтэд хохироосныг олж мэдлээ. Гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.6-д ...гэрээний 3.1-д заасан аливаа төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн төлбөр төлөгдөх өдөр хүртэл өдрийн 0,05% алданги тооцогдоно... гэж захиалагчийн үүргийн гүйцэтгэлийг тодорхойлсон хэрнээ, гүйцэтгэгчид алданги тооцох эрх зүйн заалтыг гэрээнд оруулалгүй, гүйцэтгэгч тал хариуцлага хүлээх, талууд тэгш эрх, үүрэгтэй байх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт заасан заалт зөрчигдөхөд хүрсэн байна. ...Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01% хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байна... гэж хязгаар тогтоож заасан нь хөнгөлөлт болохоос алданги биш юм. Хэрвээ хариуцагч буюу гэрээний нөгөө тал энэ заалтыг хариуцлагын заалт гэж үзэх аваас гэрээний нийт дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасан 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалттай нийцэхгүй байгаа. Энэ нь гүйцэтгэгч ............ ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байсан ч хоногт 0,01 хувийн хөнгөлөлт тооцож, уг хөнгөлөлт нь нийт гэрээний үнийн дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байхаар зааж, харин захиалагч төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоногт 0,05 хувиар алданги тооцохдоо ямар нэг тогтоосон хязгааргүйгээр алданги тооцохоор байгуулагдсан гэрээ байна. Түүнчлэн “............” ХХК нь өөрт ашигтай алданги тооцох тухай уг заалтыг ашиглаж захиалагч ............гаас гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэж 14,213,752 төгрөгийг алданги авсан бөгөөд харин захиалагчид алданги тооцох эрх зүйн зохицуулалт болсон эрх, үүргийг гэрээнд оруулаагүйгээс өнөөдөр захиалагч хохирч байна. Хэрэв захиалагч ............д 0,05% алданги тооцох эрх байсан бол нийт 5 жил 5 сарын алданги нь 737,915,750 төгрөг болно. Түүнчлэн дээрхи гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан нь энэхүү гэрээг байгуулахдаа анхнаасаа гүйцэтгэгч “............” ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй байсан ч үүрэг гүйцэтгүүлэгчид учрах хохирлыг нэхэмжлэх эрхийг хязгаарласан зохицуулалттай гэрээ болсон. ............ нь 2013 оны 3 дугаар улиралд уг барилгын ажил ашиглалтад орно гэж төлөвлөж, 401, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээнд заасан талбайг рестораны зориулалтаар ашиглахаар Малайз улсаас тавилга оруулж ирсэн байсан. Гэтэл рестораны зориулалтаар ашиглах нь битгий хэл, барилга баригдалгүй өнөөдрийг хүрч, захиалгаар оруулж ирсэн тавилга, эд хөрөнгөө бусдын талбайд байршуулах шаардлагатай болсон. Ингээд Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018.12.21-ний өдөр 183/ШШ2019/00001 дугаартай шүүхийн шийдвэр гарч ............гаас Ц.Баярсайханд 121,875,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 767,325 төгрөг нийт 122,642,325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж хохироосон. Дээрх 809 тоот орон сууц захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна., ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэснийг, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна..., ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэснийг, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна... ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэснийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хохиролд 122,651,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын гаргасан 2 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхний шаардлага дээр 401, 402, 809 тоот гэрээнүүдийн 4.3 а дахь хэсэгт заасан заалтуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Энэ гэрээнүүд нь стандарт гэрээ биш, манай албан ёсны вэб сайтаар энэ бол стандарт гэрээ гэж цацсан зүйл байхгүй. Манайх тухайн зах зээлд давамгай байдалтай хуулийн этгээд биш. ............ өөрөө Алтан гэх компаниараа дамжуулаад өөрөө ресторан ажиллуулдаг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Зөвхөн 14 000 000 төгрөгийн алданги авсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.12, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............ ХХК болон ............ нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна..., ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ............ ХХК-иас 121 875 000 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж ............д олгож, нэхэмжлэлээс 767 325 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ............гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 192 362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ............ ХХК-иас 977 325 /есөн зуун далан долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж ............д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 501 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............ ХХК болон ............ нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн ... нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ............ ХХК-аас 121 875 000 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж ............д олгож, дээрх гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна..., ...Гүйцэтгэгч нь ... давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлээс 767 325 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977 325 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо хяналтын гомдолдоо: ...Магадлал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглэсэн гэж үзэж магадлалын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. ...Магадлал нь Иргэн ............г аж ахуйн үйл ажиллагаа эрхлэдэг гэж үзэн гэрээг стандарт нөхцөлөө танилцуулсаар байхад ойлгоогүй нь түүний буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн ............ нь өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулахдаа гадаад орноос бараа авч ирж үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан нь түүнийг энэ төрлийн үйл ажиллагаагаар дагнасан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд, тогтмол явуулдаг эсэх нь тогтоогдоогүй байхад аж ахуй эрхлэдэг гэж үзэн стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үндэслэлтэй байна. Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн гомдлыг хүлээн авахдаа улсын тэмдэгтийн хураамж дутуу, үүнийг мэдэгдсээр байхад түүнийг шийдвэрлэх, магадлалдаа тусгахгүй байгаа нь хуульд заасан тэмдэгтийн хураамжийг бүрэн төлүүлэх үйл ажиллагааг хийхгүй байна. Энэ нь хариуцагчийн гомдлыг сайн дураар авч хэлэлцэж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд магадлалын “...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашдаваа, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.3-дахь хэсэгт заасан “Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” хэмээн үзэж дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ............гийн нэхэмжлэлтэй “Орон сууц захиалан бариулах”, “Үйлчилгээний талбай захиалан бариулах” гэрээний тодорхой заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээнээс учирсан хохирол 122,651,700 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий “............” ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцож хуульзүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч ............ нь “............” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалан бариулах”, “Үйлчилгээний талбай захиалан бариулах” гэрээнүүдийг стандарт гэрээ гэж үзэж, энэхүү гэрээний нэхэмжлэлд дурдсан заалтууд өөрийн нь эрхийг хязгаарласан хэмээн үзэж байгаа бол тухайн үед өөрийн эрх ашгийг хамгаалсан гэрээний санал гаргах боломжтой байсан байх бөгөөд ийм боломж олгоогүй шахалт хавчилтанд орж гэрээ байгуулсан, тулгаж гарын үсэг зуруулсан гэх үйл баримтаа нэхэмжлэгч нотлоогүй байхад шүүх дурдсан гэрээнүүдийн саналыг “Азианпасифик ланд” ХХК боловсруулсан гэх үндэслэл дурдаж “Стандарт” гэрээ хэмээн дүгнэн гэрээнүүдийн тодорхой заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тогтоосон нь учир дутагдалтай, хэт нэг талыг баримталсан тэгш эрхийн зарчим зөрчсөн шийдэл болсон. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж стандарт гэрээ биш гэж үндэслэл бүхий дүгнэсэн хэдий ч ............гийн нэхэмжилсэн 121,875,000 төгрөгийг “............” ХХК-аас гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх ............гийн нэхэмжлэлд дурдсан Малайз улсаас оруулж ирсэн тавилга, эд хөрөнгийг бусдын талбайд байршуулан Баярсайхан гэдэг хүнд 122,642,325 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарч хохирсон гэх асуудал “............” ХХК гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүйгээс учирсан шууд хохирол мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч Ресторан ажиллуулах гэж байсан гэх үйл баримт болон гэрээний хохирол гэх шаардлага нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх асуудалтай ямар үйл баримтаар шууд шалтгаант холбоотой болох, Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй ............д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр ААлтантуяагаас гаргуулахаар заасан 121,875,000 төгрөг бүгд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой эсэх зэрэг үйл баримтаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байхад гэрээний үүргээ зөрчсөн хохирол гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ анхан шатны шүүх хурал болох өдөр тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгч өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт шийдвэрлэсэн захирамж зэргээр нотлогдсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд өмгөөлөгч сонгож хамт оролцон хуульзүйн туслалцаа авах хуульд заасан эрхээ эдлэн хүсэлт гаргасан байхад шүүгч хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хурлыг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэстэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах эрх эрх чөлөөг баталгаатай эдлэнэ” гээд мөн зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийгөө өмгөөлөх, хуульзүйн туслалцаа авах” эрхтэй гэж, Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шудрага ёсыг хангана” гэж тус тус заасан. Гэтэл Нэхэмжлэгч ............гийн нэхэмжлэлтэй “Орон сууц захиалан бариулах”, “Үйлчилгээний талбай захиалан бариулах” гэрээний тодорхой заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээнээс учирсан хохирол 122,651,700 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий “............” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэнгийн дээр дурдсан хуулиудад заасан хуульзүйн туслалцаа авах эрхийг зөрчиж түүний өмгөөлөгч сонгох, шүүх хуралдаанд хуульзүйн туслалцаа авч оролцох хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн асуудал бол хуульч нь хүний эрхийг хамгаалах болон шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангах зарчмыг баримтлаагүй гэж үзэх үндэстэй. Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг өөр шүүгчээр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан  2011.10.21-ний өдөр байгуулагдсан 809 тоот орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-д тус тус заасан “...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна, ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй...” гэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 122,651,700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.

Талууд 2011.10.21-ний өдөр 809 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 401 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 тоот үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулж, 213.5 м.кв талбайтай орон сууц, автомашины гараж, гаднах эзэмшлийн талбай, үйлчилгээний зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгийг нийт 1,475,831,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон, хариуцагч нь 2013 оны 3-р улиралд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, нэхэмжлэгч нь нийт 1,281,448,350 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Аж ахуй эрхлэгч этгээд буюу талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний аль нэг нөхцөл ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан зарчмын дагуу маргаж буй гэрээний нөхцөлийн талаар дүгнэлт өгч болох боловч нэхэмжлэгч нь гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүх гэрээ тус бүрийн 4.3 /а/-д заасан “...тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...гүйцэтгэгч нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй...” гэх заалт нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, анзын тохиролцоонд саад болоогүй, харин уг заалт дахь “...гүйцэтгэгч энэхүү хойшлогдсоноос үүссэн ...нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг төлөх үүрэг хүлээхгүй” гэсэн агуулга бүхий тохиролцоо хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 198 дугаар зүйлийн 198.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцахыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т заасан бөгөөд үүргээ зөрчсөн ч хохирол төлөхгүй байх тохиролцоо хуулийн уг хэм хэмжээг зөрчсөн, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан. “............” ХХК нь ажлын үр дүнг гэрээнд заасан 2013 оны 3-р улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хохирол 121,875,000 төгрөгийг шаардах эрхтэй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь худалдан авч буй эд хөрөнгийн үнийн дийлэнх хэсгийг төлсөн, эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах эрхтэй, энэ зориулалтаар тоног төхөөрөмжийг худалдан авч, байр түрээслэн эд хөрөнгөө хадгалж, зардал гаргаж байх тул хөрөнгийг рестораны зориулалттай биш гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

Шүүх өмгөөлөгч авах хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж 2019.05.22-ны өдрийн 181/ШЗ2019/06127 дугаар захирамж, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах, нотлох баримттай танилцах эрхийг хангаж, 2019.07.02-ний өдрийн 181/ШЗ2019/07752, 2019.07.08-ний өдрийн 181/ШЗ2019/07918, 2019.08.15-ны өдрийн 181/ШЗ2019/09107 дугаар захирамжуудаар, шүүгчийг татгалзсан үндэслэлээр 2019.08.26-ны өдрийн 181/ШЗ2019/09417 дугаар захирамж, үзлэг хийлгэх хүсэлтийг ханган 2019.11.08-ны өдрийн 181/ШЗ2019/12544 дүгээр захирамжаар тус тус нийт 6 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, /хх-66, 100, 108, 143, 153, 161/ зохигчийн эрхийг хангасан байх тул “өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах” эрхийг хязгаарласан гэх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 501 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 211,000 төгрөг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 918,262 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД