| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0198/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/280 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/280
2023 03 17 2023/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Төгс-Оюун,
Улсын яллагч: Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч: Л.Т, түүний өмгөөлөгч С.О нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т-д холбогдох эрүүгийн 2202 00720 0046 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20... оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Л.Т,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ........ тоот хашаанд байх байшингийн тамбар, байшингийн баруун талд байрлах амбаар, ........... улсын дугаартай “Тоёота королла аксио” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 16 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Т-г НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 16 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний буруу, буруу зүйл хийснээ ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй, ганц удаа боломж олгож итгэл хүлээлгэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч” гэв.
Хавтаст хэргээс:
-Сүхбаатар дүүргийн ........... тоот хашаанд байх байшин, ...... улсын дугаартай “Тоёота королла аксио” маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн “...тээврийн хэрэгслийн урд талын зүүн талын суудал дороос тунгалаг өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж өгснийг 1 гэж дугаарлан... хойд талын байшингийн тамбар буюу үүдний хэсэгт шалан дээр өвс мэт зүйл цацагдсан байсныг түүж авсныг 2 гэж дугаарлан....байшингийн баруун талын жижиг амбаарын баруун талд өвс мэт зүйл цацагдсан байсныг Л.Т өөрөө газраас түүж өгснийг 3 гэж дугаарлан... жорлонгийн хажуу талд газар тавьсан хаалганы дороос Сэлэнгэ гэсэн бичигтэй хажуу талыг нь цоолж улаан өнгийн цаас хавчуулсан байсныг Л.Т гаргаж өгснийг 4 гэж дугаарлан... байшингийн баруун талын амбаарын урд талд ургасан ургамлыг зааж өгснийг дээж авч 5 гэж дугаарлан,....амбаарын урд талын хавтангийн урд талаас 500 төгрөгийн, жорлонгийн хажуу талаас 10 төгрөгийн дэвсгэрт нийт 2 ширхэг тугалган цаасны хамт 6 гэж дугаарлан хураан авлаа...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4-10 дугаар тал/,
-Л.Т-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “...ТНС марихуан илэрсэн...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
-Г.Г-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “...ТНС хэсэгт 1 удаа зураас тодорч эерэг буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 23-28 дугаар тал/,
-Гэрч Г.Г-йн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагт бид хоёр сэрцгээсэн. Т-д хоол унд идчихээд байж байхад Т надад марихуан өвс байна хэрэглэх үү гэж асуусан тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед Т-ийн гэрт усны савны хажуу талыг цоолж хийсэн бонго байсан бөгөөд Т атгын хэмжээтэй торон дотор хийсэн байсан өвснөөс гаргаж ирсэн. Бид хоёр орой 21 цагийн үед бонго дотор 2 тогоо өвс хийж хувааж татацгаасан. Өвс татсаны дараа бид хоёр хөгжим сонсож байгаад унтацгаасан. Сэрчихээд Т бид хоёр хоол хийж идсэн. Тухайн үед өөрийн найз У-ыг машинтай нь дуудаж гэртээ хүргүүлэхээр болсон юм. Ингээд оройны 21 цагийн үед Улсболд ирсэн. У-той уулзаад байж байхад хашаанд танихгүй хүмүүс ороод ирсэн энэ үед Тэмүүлэн надад тортой өвсөө өгөөд энийг аваад байж бай гэж хэлсэн. Би тухайн үед гайхаж сандраад У-ын машинд суусан машинд суух үед Т-ийн надад өгсөн өвсөө У-ын машинд унагаачихсан байсан. Энэ үед энгийн хувцастай цагдаа нар хүрч ирээд У-ын машинд үзлэг хийж тус өвсийг олж авсан. Мөн Т-ийн гэрийн хашаанаас бонгын саванд үзлэг хийж авсан. Тус марихуан өвс, бонгын сав зэрэг эд зүйлс Т-ийнх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дүгээр тал/,
-Гэрч А.У-ын “...2022 оны 11 сарын 09-ний өдөр манай найзын төрсөн өдөр байсан учраас найз Ган-Эрдэнэтэй уулзаж төрсөн өдөр болж байгаа найзынх руугаа очих гээд орой 19 цаг өнгөрч байхад манай ах Ө-ын эзэмшлийн ............. улсын дугаартай “Axio” маркийн машиныг жолоодоод гэрээсээ гарч Г-ийн байгаа гэх газрыг нь заалган Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо гэсэн байх Дамба гэх газарт очсон. Намайг очиход Г нэг найзынхаа гэрт байсан. Тэгээд Г-тэй уулзаад бид тэр айлаас машиндаа суугаад хөдлөх гэж байтал цагдаа нартай тааралдаж шалгагдсан. Миний жолоодож явсан ........ улсын дугаартай “Axio” маркийн машинд цагдаа нар үзлэг хийхэд урд талын зүүн талын суудлын доороос гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гарч ирсэн. Тэр гялгар ууттай өвсийг Г найзынхаа гэрээс авч гарч ирээд миний машинд суусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 5651 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Л.Т нь УХ01220171 2022.11.10” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 72-74 дүгээр тал/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 5649 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарлан авсан гялгар ууттай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан гялгар уутанд Сэлэнгэ гэсэн бичиглэлтэй хажуу талыг нь цоолж, улаан өнгийн хуйлсан цаас хавчуулсан хуванцар сав, тогоо хэлбэртэй тугалган цаас, 6 гэж дугаарласан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, тугалган цаас 2 ширхэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. 5 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарлан хураан авсан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 14,6 грамм, 2 гэж дугаарлан хураан авсан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,7 грамм, 3 гэж дугаарлан хураан авсан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 0,7 грамм, 5 гэж дугаарлан хураан авсан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 1,8 грамм байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 77-82 дугаар тал/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Л.Т нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Л.Тэмүүлэн нь хэрэг үйлдэгдэх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл, шинж тэмдэггүй байна. Л.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 1178 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,
-Яллагдагч Л.Т-ийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэг танихгүй showw нэртэй хаягтай хүнтэй чатаар харилцаж байгаад 11 дүгээр хороололд байх Ф гэдэг билльяардны хажууд 20,000 төгрөг бэлнээр өгч хар ууттай мансууруулах үйлчилгээтэй өвс худалдаж авсан. Тэгээд тухайн өвсөө гэртээ буюу Сүхбаатар дүүргийн .............. тоотод аваачиж өөрийн найз Г-ийн хамт сорж хэрэглэсэн. Тэгээд маргааш орой нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Г-ийг авах гэж У гэдэг залуу машинтай ирчихсэн байсан чинь цагдаа нар ирж биднийг барьсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ........... тоот хашаанд байх байшингийн тамбар, байшингийн баруун талд байрлах амбаар, ........... улсын дугаартай “Тоёота королла аксио” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 16 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Т нь дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 6-29 тоот хашаанд байх байшин, .........улсын дугаартай “Тоёота королла аксио” маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн “...тээврийн хэрэгслийн урд талын зүүн талын суудал дороос тунгалаг өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж өгснийг 1 гэж дугаарлан... хойд талын байшингийн тамбар буюу үүдний хэсэгт шалан дээр өвс мэт зүйл цацагдсан байсныг түүж авсныг 2 гэж дугаарлан....байшингийн баруун талын жижиг амбаарын баруун талд өвс мэт зүйл цацагдсан байсныг Л.Т өөрөө газраас түүж өгснийг 3 гэж дугаарлан... жорлонгийн хажуу талд газар тавьсан хаалганы дороос Сэлэнгэ гэсэн бичигтэй хажуу талыг нь цоолж улаан өнгийн цаас хавчуулсан байсныг Л.Т гаргаж өгснийг 4 гэж дугаарлан... байшингийн баруун талын амбаарын урд талд ургасан ургамлыг зааж өгснийг дээж авч 5 гэж дугаарлан, ...амбаарын урд талын хавтангийн урд талаас 500 төгрөгийн, жорлонгийн хажуу талаас 10 төгрөгийн дэвсгэрт нийт 2 ширхэг тугалган цаасны хамт 6 гэж дугаарлан хураан авлаа...” гэх тэмдэглэл,
-Л.Т-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “...ТНС марихуан илэрсэн...” гэх тэмдэглэл,
-Г.Г-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “...ТНС хэсэгт 1 удаа зураас тодорч эерэг буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа...” гэх тэмдэглэл,
Гэрч Г.Г-ийн: “...Улсболдтой уулзаад байж байхад хашаанд танихгүй хүмүүс ороод ирсэн энэ үед Т надад тортой өвсөө өгөөд энийг аваад байж бай гэж хэлсэн. Би тухайн үед гайхаж сандраад Улсболдын машинд суусан машинд суух үед Т-ийн надад өгсөн өвсөө У-ын машинд унагаачихсан байсан. Энэ үед энгийн хувцастай цагдаа нар хүрч ирээд У-ын машинд үзлэг хийж тус өвсийг олж авсан. Мөн Т-ийн гэрийн хашаанаас бонгын сав үзлэг хийж авсан. Тус марихуан өвс, бонгын сав зэрэг эд зүйлс Т-ийнх...” гэх мэдүүлэг,
Гэрч А.У-ын “...Миний жолоодож явсан .......... улсын дугаартай “Axio” маркийн машинд цагдаа нар үзлэг хийхэд урд талын зүүн талын суудлын доороос гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гарч ирсэн. Тэр гялгар ууттай өвсийг Г найзынхаа гэрээс авч гарч ирээд миний машинд суусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 5651 дугаартай: “...“ Л.Т нь УХ01220171 2022.11.10” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 5649 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарлан авсан гялгар ууттай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан гялгар уутанд Сэлэнгэ гэсэн бичиглэлтэй хажуу талыг нь цоолж, улаан өнгийн хуйлсан цаас хавчуулсан хуванцар сав, тогоо хэлбэртэй тугалган цаас, 6 гэж дугаарласан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, тугалган цаас 2 ширхэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. 5 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Л.Т нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Л.Т нь хэрэг үйлдэгдэх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл, шинж тэмдэггүй байна. Л.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 1178 дугаартай дүгнэлт,
Яллагдагч Л.Т-гийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэг танихгүй showw нэртэй хаягтай хүнтэй чатаар харилцаж байгаад 11 дүгээр хороололд байх Ф гэдэг билльярдны хажууд 20,000 төгрөг бэлнээр өгч хар ууттай мансууруулах үйлчилгээтэй өвс худалдаж авсан. Тэгээд тухайн өвсөө гэртээ буюу Сүхбаатар дүүргийн ................. тоотод аваачиж өөрийн найз Г-ийн хамт сорж хэрэглэсэн. Тэгээд маргааш орой нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Г-ийг авах гэж У гэдэг залуу машинтай ирчихсэн байсан чинь цагдаа нар ирж биднийг барьсан..” гэх мэдүүлэг болон Л.Т-ийн өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ........ улсын дугаартай “Тоёота королла аксио” маркийн тээврийн хэрэгслээс 1 уут ургамлыг эд мөрийн баримтаар тооцон шинжлүүлэхэд ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн байна. Энэ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг, 1971 оны 2 сарын 21-ны өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцыг Монгол улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон болох нь тогтоогдож байна.
Нэгжлэг хийсэн “..тээврийн хэрэгслийн урд талын зүүн талын суудал дороос тунгалаг өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж өгснийг 1 гэж дугаарлан... хойд талын байшингийн тамбар буюу үүдний хэсэгт шалан дээр өвс мэт зүйл цацагдсан байсныг түүж авсныг 2 гэж дугаарлан....байшингийн баруун талын жижиг амбаарын баруун талд өвс мэт зүйл цацагдсан байсныг Л.Т өөрөө газраас түүж өгснийг 3 гэж дугаарлан... жорлонгийн хажуу талд газар тавьсан хаалганы дороос Сэлэнгэ гэсэн бичигтэй хажуу талыг нь цоолж улаан өнгийн цаас хавчуулсан байсныг Л.Т гаргаж өгснийг 4 гэж дугаарлан... байшингийн баруун талын амбаарын урд талд ургасан ургамлыг зааж өгснийг дээж авч 5 гэж дугаарлан, ...амбаарын урд талын хавтангийн урд талаас 500 төгрөгийн, жорлонгийн хажуу талаас 10 төгрөгийн дэвсгэрт нийт 2 ширхэг тугалган цаасны хамт 6 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч эд мөрийн баримтаар хураав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж бэхжүүлж авсан гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодогоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж үздэг.
Сэтгэцэт нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад худалдсан, илгээсэн” гэж ойлгож, дээр дурдсан үйлдэл нь хор уршиг учруулаагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ.
Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог хэлбэрийн шинжтэй хэрэг тул Л.Т-ийн үйлдлийг шууд санаатай, эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
“мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис” нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үүсгэж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зүйтэй юм.
Шүүгдэгч Л.Т-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ................. тоот хашаанд байх байшингийн тамбар, байшингийн баруун талд байрлах амбаар, ................ улсын дугаартай “Тоёота королла аксио” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 16 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгч Л.Тэмүүлэн нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа байдал нь олон нийтийн телевизээр нэвтрүүлэгт өөрийн алдаагаа бусад хүүхдүүдэд ухааруулах үүднээс оролцсон байдлаас болон түүний хувийн байдлаас харагддаг. Түүний хувийн амьдралын байдлыг анхаарч үзэх шаардлагатай байна. Т хүнд өвчтэй эхтэйгээ хамт амьдардаг, эхийгээ асардаг, ээж нь байнгын асаргаанд байдаг, одоогоор хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн байдалтай, эцгийгээ алдаад удаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог. Мөн түүний хувийн байдлын талаар ээж нь мэдүүлэхдээ түүнийг ажил хийж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг талаар болон түүний зан байдлын талаар тодорхой мэдүүлж ярьсан байдаг. Энэ хэрэгт Т ганцаараа ял үүрээгүй, эх нь хамт шийтгүүлсэн юм шиг хүнд хэцүү байдалтай байдаг. Уг хүүхдийн хувийн байдлын хувьд хичээлдээ сайн сурдаг, сэргэлэн хөдөлмөрч хүүхэд тул миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаар тэнсэж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 14,6 грамм, 2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 0,7 грамм, 3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 0,7 грамм, 4 гэж дугаарласан Сэлэнгэ гэсэн бичиглэлтэй хажуу талыг цоолж улаан өнгийн хуйлсан цаас хавчуулсан хуванцар сав, 5 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл 1,7 грамм, 6 гэж дугаарласан 2 ширхэг тугалган цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн 6 гэж дугаарласан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-г хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Т-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-д тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь бүлэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 14,6 грамм, 2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 0,7 грамм, 3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 0,7 грамм, 4 гэж дугаарласан Сэлэнгэ гэсэн бичиглэлтэй хажуу талыг цоолж улаан өнгийн хуйлсан цаас хавчуулсан хуванцар сав, 5 гэж дугаарласан тунгалаг өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл 1,7 грамм, 6 гэж дугаарласан 2 ширхэг тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 6 гэж дугаарласан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлж, холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР