| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/01915/И |
| Дугаар | 183/ШШ2019/01840 |
| Огноо | 2019-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2019/01840
2019 оны 9 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2019/01840 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,518,400 /зургаан сая таван зуун арван найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд…..нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х-тай 2018 оны 10 сарын 24-ны өдрөөс 2019 оны 4 сарын 24-ний өдрийг хүртэл 8%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг бэлнээр өгч зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд сар бүр хүүгээ төлөхөөр тохирсон ч 11 болон 12 сарын 24-нд 2 сарын хүү 640,000 төг төлсөн. Гэрээний хугацаа дүуссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% тай тэнцэх алданги тооцож 1,238,400 төгрөг, үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,280,000 төгрөг, нийт 6,518,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Э.А нь Б.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,518,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлалаа.
Зохигч 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь зээлийг бэлнээр шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийг шаардах эрхтэй байна.
Талууд зээлийг 8 хувийн хүүтэйгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасанд нийцсэн ба эхний 2 сарын хүүг төлөх үүргээ биелүүлсэн, харин үлдэх 4 сарын хүүг төлөөгүй байх тул /320,000х4/ зээлийн хүүний төлбөрт 1,280,000 төгрөгийг гаргуулав.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсонд нийцжээ.
Хариуцагч нь зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зөрчсөн байх үндсэн зээл 4,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,280,000 төгрөг буюу 5,280,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн дүнгээр 0,5 хувийн алдангийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 2 сарын хугацаагаар тооцов.
Алдангийг тооцоход /5,280,000х0,5/ хоногт 26,400 төгрөг болох ба 60 хоногоор бодоход 1,584,000 төгрөг байгаа боловч нэхэмжлэгч нь алдангийг 1,238,400 төгрөгөөр тооцсон байх тул нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд хариуцагчаас үндсэн зээлийн үүрэгт 4,000,000, хүүний төлбөрт 1,280,000, алдангид 1,238,400 буюу нийт 6,518,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 119,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 119,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Б.Х нь хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд түүнд энэ өдрийн шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн 99540855 дугаарын утсанд зурвас бичиж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасанд нийцүүлэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Түүнчлэн хариуцагч нь шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,518,400 /зургаан сая таван зуун арван найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан, А-ийн олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 119,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 119,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ