Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0091/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2303000600090 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт, Дархан-Уул аймаг,*******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас Шарын голын чиглэлийн суудлын галт тэргэнд зорчин явахдаа иргэн******* Шарын гол өртөөнд буухдаа мартаж буусан 600,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy A-13” загварын гар утсыг олсон атлаа эзнийг олох талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгөсн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлийн замын унаанд суугаад шөнийн 02 цагт Дархан-Уул аймагт очсон. Тэндээ хэсэг байж байгаад 02 цаг 40 минутад Дархан-Уул аймгаас Шарын гол чиглэлийн суудлын 602 дугаар галт тэргэнд суусан. Яг хэд дүгээр местэнд сууснаа сайн санахгүй байна. Би галт тэргэнд суугаад шууд л унтсан. Уг чиглэлийн галт тэрэг нь*******анд үрийн 06 цаг очдог учраас явах замдаа шөнө эхнэртэйгээ утсаар 2 удаа ярьчхаад утсаа хажуудаа тавиад унтсан. Нэг сэрэхэд галт тэрэг*******анд ирчихсэн хүмүүс нь бууж байхаар нь би босоод эхнэртэйгээ утсаар ярьж “хүйтэнд машин асаагаад хэрэггүй, би өөрөө такси бариад очлоо” гэж хэлээд утсаа орон дээр тавьчхаад шууд л куртикээ өмсөөд, ариун цэврийн өрөө орчхоод хажуудаа тавьчихсан байсан утсаа авалгүй мартаад буучихсан. Ойролцоогоор 20 минутын дараа утсаа мартаж бууснаа санаад ирсэн галт тэрэгний зорчиж явсан местэндээ очиж үзээд хайгаад олоогүй...Шарын гол суманд өглөө ирэхэд миний утас байсан. Би эхнэртэйгээ утсаар ярьчхаад утсаа орон дээрээ ямар ч байсан тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/,

 

*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “..Би 2022 оны 11 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, ямартай ч 11 дүгээр сарын эхний долоо хоногт гэж санаж байна, Дархан-Уул аймгийн*******аас Улаанбаатар хот руу явахаар тус чиглэлийн суудлын галт тэргэнд*******аас 19 цагийн үед /хэддүгээр вагоны хэддүгээр местэнд сууж явснаа санахгүй байна/ суусан. Замдаа явж байхдаа үүрийн 06 цагт гэж санаж байна, орон дээрээ юм хайж байгаад ор шал хоёрын завсраас цайвар цэнхэр өнгийн утас унасан байсныг олж, өөртөө аваад Улаанбаатар хотод вагоноос буусан. Би тухайн гар утсыг олоод өөр хэн нэгэн хүнд өгөөгүй өөртөө л байлгаж байсан. Би ойролцоогоор 10 хоногийн өмнө утсаа хаячхаад барих утасгүй байсан болохоор нь уг утсанд өөрийн нэр дээр бүртгэлтэй 99398017 дугаарыг хийж ашигласан. Бусдын эд зүйлийг ашигласан буруутай үйлдлээ мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

 “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung Galaxy A-13” загварын гар утас нь 600,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хураан авсан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, яллагдагч ******* , хохирогч******* нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт /хавтаст хэргийн 99-100/ гаргасан байна.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч ******* г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ******* нь холбогдсон хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч******* д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД