| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/01404/И |
| Дугаар | 183/ШШ2019/01774 |
| Огноо | 2019-08-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2019/01774
| 2019 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2019/01774 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...өөрийн байранд байрлах Б хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... байр, 21 тоотод байрлах У ХХК /РД:.../-д холбогдох
Татварын өр төлбөрт 69 050 961 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнгөнтулга, Ш.Ичинноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус татварын хэлтэст бүртгэлтэй У ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулахаар 2006 онд үүсгэн байгуулагдсан боловч татварын ерөнхий хуулийг зөрчин 2016 онд 14 962 635.1 төгрөг, 2017 онд 8 086 937.4 төгрөг, нийт 23 049 572.5 төгрөгийн татварын өр, НӨАТ-ын тайлангаар 2016 онд 33 965 198.2 төгрөг, 2017 онд 6 840 431.6 төгрөг, нийт 41 805 629.8 төгрөгийн өр, ААНОАТ-ын тайлангаар 2016 онд 4 195 758.8 төгрөг, нийт 69 050 961 төгрөгийн татварын өрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 54-р зүйлд заасны дагуу татварын өр төлбөрийг барагдуулах мэдэгдэх хуудас гардуулж, мөн хуулийн 63-р зүйлд заасны дагуу банкууд дахь харилцах дансны зарлагын гүйлгээг хаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Иймд У ХХК-аас татварын өр 69 050 961 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б хэлтэс нь хариуцагч У ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 69 050 961 төгрөг гаргуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
У ХХК-ийн 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Б хэлтсээс шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн татварын өрийн тооцоололоор нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дутуу 41 805 630 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 23 049 573 төгрөг, ААНОАТатвар 4 195 759 төгрөг нийт 69 050 962 төгрөгийн өр үүссэн болох нь татварын тайлан, татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн акт, хавсралтууд, мэдэгдэх хуудас, татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч У ХХК нь татварын улсын байцаагчийн дээрх актаар тавигдсан зөрчлийг хүлээн зөвшөөрч актад гарын үсгээ зурсан ба Д.О нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар болон нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т... Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг зогсоож, дансны орлогоос барагдуулна гэж зааснаар уг ажиллагааг хууль, журамд заасны дагуу хийж гүйцэтгэсэн болох нь мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, татварын орлогын дансны мэдэгдэл, банкны харилцах дансыг хаах мэдэгдлээр тогтоогдож байх ба хариуцагч дээрх ажиллагааны талаар маргахгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь У ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасан хугацаанд татвараа төлөөгүйгээс мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т... Татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1-т заасан ажиллгааг давхардуулан явуулж болно, 70 дугаар зүйлийн 70.1-т...Хугацаанд төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус зааснаар татварын өрийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул хариуцагч У ХХК-иас 69 050 962 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийг У ХХК-ийн захирал Д.О гийн гэрийн хаягаар гаргасныг гардаж авсан талаар тайлбарлаж, харьяалалын асуудлаар маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 503 205 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас татварын өр 69 050 962 төгрөгийг гаргуулж, Б хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 503 205 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ