| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/03017/И |
| Дугаар | 178 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 178
| 2019 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2019/00178 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Автозамчдын гудамж-00, Жэй Тауэр 00 тоотод оршин байрлах, М ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1 тоотод оршин байрлах, Ш ХХК /РД:000000/-д холбогдох,
М ХХК-ийн эзэмшил газартаа чөлөөтэй саадгүй нэвтрэх боломжоор хангаж, орж гарахад саад болж буй объектоо буулгаж, чөлөөлөхийг Ш ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн А000 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, ТЭЦ-3-ын хуучин усан сангийн далан дээр нэгж талбарын 8014/0000 дугаартай 60 000 м.кв талбай бүхий газрыг спорт тоглоомын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж, хууль ёсны дагуу эзэмшсэн. Тус эзэмшлийн газар нь зүүн талаасаа орох цор ганц орцтой бөгөөд тус орцон дээр Ш ХХК орц гарцыг хааж ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүйгээр шатахуун түгээгчийн байр барьж орох боломжгүй болгосон байна. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн орох орцыг хааж байгаа учраас М ХХК-ийн эзэмшил газартаа чөлөөтэй саадгүй нэвтрэх боломжоор хангаж, орж гарахад саад болж буй объектоо буулгаж, чөлөөлөхийг Ш ХХК-д даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэхүү газар шорооны ажил Ш ХХК-г эхлүүлж байхад нэхэмжлэгчийн зүгээс энэхүү ажлын талаар гомдол гаргаж хариуцагч байгууллагын удирдлагуудтай уулзаж байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт газруудад гомдол гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, зөрчлийн хэрэг Ш ХХК-д холбогдуулж нээгээд Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээ авагдаад, холбогдох зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр баригдсан тул арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Тиймээс Ш ХХК-ийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагчаа сонгох эрх нь нэхэмжлэгч талд байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах үүргийг нэхэмжлэгчид олгосон байдаг. Сүүлийн 2018 оны 12 дугаар сарын шүүх хуралдаан нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Мэргэжлийн хяналтын газраас нотлох баримт гаргуулахаар хойшилсон. Холбогдох байгууллагаас нотлох баримт ирсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш ХХК-д холбогдох иргэний хэрэг үүссэн. Гэтэл тухайн газарт Ш ХХК үйл ажиллагаа явуулж, түгээгчийн байр барьж, газрыг эзэмшиж, нэхэмжлэгч байгууллагын эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Холбогдох газраас ирсэн нотлох баримтаар бол тэнд ШХХК үйл ажиллагаа явуулж байгаа, ШХХК-ийг Зөрчлийн тухай хууль тогтоомж болон холбогдох хуулийн дагуу торгосон юм байна. Компанийн тухай хуулиар тусдаа аж ахуйн нэгж удирдлагатай, санхүүтэй, үйл ажиллагааны чиглэлтэй, бие даасан байдалтай компанийг ХХК гэдэг. Ш ХХК гэдэгт Шунхлай гэсэн компани бүрийг хамруулж болохгүй. Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна. Тухайн газарт Ш ХХК үйл ажиллагаа явуулж, түгээгчийн байр барьж, газрыг эзэмшиж, нэхэмжлэгч байгууллагын эрхийг зөрчсөн асуудал байхгүй байгаа учраас өөрийгөө зөвтгөж мэтгэлцэх боломж алга. Үүнтэй холбоотой хэрэгт Ш ХХК ямар үйл ажиллагаа явуулдаг талаар баримт байгаа. Сүүлд ирсэн нотлох баримтаар ШХХК ямар үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь тодорхой харагдаж байгаа учраас одоогийн байдлаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан М ХХК-ийн эзэмшил газартаа чөлөөтэй саадгүй нэвтрэх боломжоор хангаж, орж гарахад саад болж буй объектоо буулгаж, чөлөөлөхийг Ш ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... М ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн А000 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, ТЭЦ-3-ын хуучин усан сангийн далан дээр нэгж талбарын 8014/0000 дугаартай 60 000 м.кв талбай бүхий газрыг спорт тоглоомын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж, хууль ёсны дагуу эзэмшсэн. Тус эзэмшлийн газар нь зүүн талаасаа орох цор ганц орцтой бөгөөд тус орцон дээр Ш ХХК орц гарцыг хааж ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүйгээр шатахуун түгээгчийн байр барьж орох боломжгүй болгосон тул М ХХК-ийн эзэмшил газартаа чөлөөтэй саадгүй нэвтрэх боломжоор хангаж, орж гарахад саад болж буй объектоо буулгаж, чөлөөлөхийг Ш ХХК-д даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна. Холбогдох газраас ирсэн нотлох баримтаар бол тэнд Ш ХХК үйл ажиллагаа явуулж байгаа, ШХХК-ийг Зөрчлийн тухай хууль тогтоомж болон холбогдох хуулийн дагуу торгосон юм байна. Тухайн газарт Ш ХХК үйл ажиллагаа явуулж, түгээгчийн байр барьж, газрыг эзэмшиж, нэхэмжлэгч байгууллагын эрхийг зөрчсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч М ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А000 тоот шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, ТЭЦ-3-ын хуучин үнсэн сангийн далан дээр байрлах нэгж талбарын 00000000 дугаартай, спорт тоглоомын талбайн зориулалт бүхий 60000 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшсэн болох нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000000 дугаартай гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх5-8/
Улмаар нэхэмжлэгч М ХХК-ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Ш ХХК-д холбогдуулан “...Ш ХХК-д давуу эрхийн үндсэн дээр газар эзэмших эрх олгосон эсэхийг шалгаж, М ХХК-ийн өөрийн эзэмшил газартаа чөлөөтэй нэвтрэн орох нөхцөл байдлыг хангаж, холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байх боловч дээрх гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ШХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0065774 тоот шийтгэлийн хуудсаар ШХХК-ийг байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэх зөрчилд нь 3000 нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт газруудад гомдол гаргасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, зөрчлийн хэрэг Ш ХХК-д холбогдуулж нээгээд Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээ авагдаад, холбогдох зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр баригдсан тул арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Тиймээс Ш ХХК-ийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэж тайлбарласан.
Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтаар Ш ХХК-д шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М ХХК-ийн эзэмшил газартаа нэвтрэхэд саад болж буй объект Ш ХХК-ийн өмч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийг 101.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан М ХХК-ийн эзэмшил газартаа чөлөөтэй саадгүй нэвтрэх боломжоор хангаж, орж гарахад саад болж буй объектоо буулгаж, чөлөөлөхийг Ш ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ