| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0109/З |
| Дугаар | 221/МА2025/0254 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0254
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0023 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0109/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0023 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт “... нэхэмжлэгч газар эзэмшиж эхэлснээс хойш маргаан бүхий захирамж гарах хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй ...” гэж дүгнэсэн тухайд: Нийслэлийн Засаг даргын А/735 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийг тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 15 дугаар тогтоолд “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно.” гэж нарийвчлан тайлбарласан.
3.2. “Н” ХХК нь дэлхий нийтэд дэгдсэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Улсын Их Хурлаас коронавируст халдварт /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан болон уг хуулийн үйлчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаагаар тусгайлан тогтоосон. Энэхүү нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах бөгөөд үүний улмаас газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу эзэмших, ашиглах боломж бүрдээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарыг гаргасан.
3.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг баримтлах үүднээс хариуцагч маргаан бүхий А/735 дугаар захирамжийг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй, “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс шалтгаалж үндэслэлгүй шийдвэр гарсан талаар маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэгэнт нийтэд илэрхий үйл баримт Ковид-19 цар тахлын улмаас эрх бүхий байгууллагаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд өөрийнх нь хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл үүсэж байсныг нотлох “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгогдоогүй” гэх үндэслэлээр хариуцагчаас нэгэнт гаргасан 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаар захирамжийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.4. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт “Но” ХХК болон “Л” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны X/R/21/335 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд нэхэмжлэгч компанийн удирдлагын гарын үсэг зурагдаагүй тул нэхэмжлэгчийг шууд утгаараа газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр гүйцэтгэсэн ажил гэж дүгнэхэд учир дутагдалтай” гэж дүгнэснийг эс зөвшөөрөх байгаа тухайд: Нэхэмжлэгч “Н” ХХК нь дээр дурдсан ковид цар тахлын улмаас үйл ажиллагаанд хүндрэл учирч байсан ч газар эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг эрмэлзэн маргаан бүхий газарт “Агуулах худалдааны барилга” барихаар “Но” ХХК-тай хамтран ажиллахаар болсон ба 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс компанийн 100%-ийн хувьцааг “Но” ХХК-д шилжүүлсэн. Үүний дараагаар компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд маргаан бүхий газарт “инженер геологийн судалгааны дүгнэлт” гаргуулахаар “Л” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн NR/21/335 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ба тус компани нь гэрээний дагуу дүгнэлтийг хийж гүйцэтгэхэд маргаан бүхий газарт "...хөрсний ус гүнээс илэрсэн, ... газрын гадарга усанд автах тул ажлын зургийн шатанд тооцох шаардлагатай, барилга байгууламжийн суурь болон газрын гадаргуу усанд автаж болзошгүй..." гэх нөхцөл байдал үүссэн тул газрыг зориулалтын дагуу эзэмшиж, барилга байгууламжийг барих боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан. Мөн энэ талаарх баримтууд болох дүгнэлт болон “Н” ХХК- ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг тус тус нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн эцсийн өмчлөгч, 100%- ийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн эзэмшлийн газартаа хийж гүйцэтгүүлсэн ажлыг нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгүүлсэн ажил биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх хэсэгт "сонсох ажиллагааны мэдэгдлийг “Н” ХХК гардан авсан болох нь "Монгол шуудан" ХХК-ийн 2024 оны 18/636 дугаартай лавлагаагаар:, мөн "Өдрийн сонин"-ы 2022 оны ... №214/7087 дугаартай нийтлүүлсэн болох нь тус тус нотлогдож байна..." гэж дүгнэсэн тухайд: Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4377 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч тухайн мэдэгдэл нь нэхэмжлэгчийн албан ёсны хаяг болох "Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 дугаар хороолол 13 байр 180 тоот" хаягт хүргэгдээгүй харин "Хан-Уул дүүрэг 2 хороо Номин юнайтед 5 давхарт өөр этгээдэд хүргэгдсэн болох нь "М" ХХК-иас ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/636 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр тодорхой харагддаг. Мөн түүнчлэн дахин сонсох ажиллагаа явуулах зорилгоор Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №214 дугаарт зарлуулсан байгаа боловч нэхэмжлэгч нь уг зарыг заавал мэдсэн байх ёстой гэж үзэх нь учир дутагдалтай. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ", 27.2.1-д "хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;" гэж зааснаас үзвэл сонсох ажиллагааны мэдэгдэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч “Н” ХХК-д хүргэгдээгүй болохыг захиргааны байгууллага мэдэж байсан атлаа хуульд заасан сонсох ажиллагааны бусад хэлбэрийг хэрэглээгүй нь сонсох ажиллагааг дүр үзүүлсэн хэлбэрээр гүйцэтгэсэн гэж үзэж байна.
3.6. Нэхэмжлэгч Д.Б нь бусдын хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөж байна. Хэрэв захиргааны байгууллага сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийсэн бол дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч газраа зориулалтаар нь эзэмшиж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг тайлбарлан хүргүүлснээр хариуцагчаас газар эзэмших эрхийг цуцлахгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаснаар нэхэмжлэгч нь цаашид газраа зориулалтын дагуу эзэмших хүсэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/735 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Анх нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1177 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах, 1333107*** нэгж талбарын дугаартай 10.000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар “Н” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 000001767 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
3.2. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/735 дугаар захирамжаар “эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүх “... 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр явуулсан үзлэгээр маргаан бүхий газар дээр ямар нэг байдлаар хашаа хатгасан, бусад этгээдийн газраас тусгаарласан зүйлгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баригдсан барилга байгууламжгүй хоосон газар байсан нь тогтоогдсон ... захирамж гарах хүртэл хугацаанд зориулалтын дагуу газраа ашигласан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
4.2. Учир нь, хэрэгт авагдсан “Но” ХХК, “Л” ХХК нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан NR/21/335 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1-д “... “Н” ХХК-ийн эзэмшил болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастай агуулах худалдааны” барилгын талбайд хөрсний шинжилгээ буюу геологийн дүгнэлт хийх ажил гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцов” гэж, “Л” ХХК-ийн гүйцэтгэсэн “Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Х хороонд барих Номин агуулах худалдааны барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт”-ийн Ерөнхий хэсгийн 1.1-д “Барилгын инженер-хайгуулын “Л” ХХК болон “Но” ХХК-ийн байгуулсан гэрээ, техникийн даалгаврыг үндэслэл болгон Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд барих Номин агуулах худалдааны барилгын талбайн инженер-геологийн судалгааны ажлыг 2021 оны 08 дугаар сарын 04-18-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэв” гэж тус тус бичсэн байх ба дүгнэлтэд өрөмдлөгийн ажил явагдаж байх үеийн фото зургыг хавсаргажээ.
4.3. Дээрхээс үзвэл, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар хоорондоо зөрүүтэй, “Н” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна.
4.4. Гэтэл анхан шатны шүүх “... энэхүү гэрээний нэг тал нь “Н” ХХК өөрөө биш тул шууд утгаараа газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр гүйцэтгэсэн ажил гэж дүгнэхэд учир дутагдалтай” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шүүх нотлох зарчимд нийцэхгүй.
4.5. Түүнчлэн, нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “Л” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25/016 дугаартай “Манай компани нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн NR/21/335 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, техникийн даалгаврыг үндэслэн “Н” ХХК-ийн эзэмшлийн газар дээр инженер-геологийн судалгааны ажил хийж, дүгнэлт гаргасан ... төлөвлөж буй барилга байгууламжийн суурь болон газрын гадаргуй усанд автаж болзошгүй нөхцөл байдал илэрсэн нь үнэн болно” гэсэн агуулга бүхий албан бичгийг гаргасан нь хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байна.
4.6. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “... ковид цар тахал 2020 оноос хойш гарсан байдаг. 2018 оны захирамжаар олгосон, 2020 оноос өмнө 2 жилийн хугацаа хангалттай тоологдоно, геологийн судалгаа хийлгэсэн газар 2018 оны захирамжаар олгогдсон газар мөн эсэх нь эргэлзээтэй ...” гэх тайлбараас дүгнэхэд хариуцагчийн зүгээс 2 жилийн хугацааг яг аль хугацаанаас тоолсон, өрөмдлөгө хийсэн газар нь яг аль газар гэдгийг ялгалгүйгээр гаргасан шийдвэрээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй агуулгаар тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байх тул энэ талаар шалгаж тодруулах шаардлагатай.
4.7. Мөн шүүхээс “... нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд өөрийнхөн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон болохыг нотлох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Force majeure буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Hardship буюу Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгогдоогүй, энэ талаарх бусад холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
4.8. Учир нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, дээрх нөхцөл байдал 2022 он хүртэл үргэлжилсэн нь нийтэд илэрхий баримт бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна. Энэ талаарх “... Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгогдоогүй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан захирамжийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
4.9. Талууд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр маргаж байгаа энэ тохиолдолд шүүх энэ талаарх баримтыг цуглуулж, “Н” ХХК нь газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг эргэлзээгүй, бүрэн тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7-д заасан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ