Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 281

 

 

 

                          

                                                                                                                  

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

            шүүгдэгч Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа, тэдгээрийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Овгорууд овогт Батмөнхийн Энхбат, Царгичин овогт Санзайн Энх-Амгалан, Монгол овогт Мөнгөнцэцэгийн Нямдаваа нарт холбогдох 201625010506 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-100 тоотод оршин суух, урьд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 5 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Овгорууд овогт Батмөнхийн Энхбат /РД: НД87091071/,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 2 дугаар гудамж 42а тоотод оршин суух, урьд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Монгол овогт Мөнгөнцэцэгийн Нямдаваа /РД: НД87092078/,

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 18-469 тоотод түр оршин суух, Царгичин овогт Санзайн Энх-Амгалан /РД: ЛМ73112412/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Энхбат, С.Энх-Амгалан нар нь согтуугаар, бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 12-210 тоот хашаанаас иргэн Б.Солонгын өмчлөлийн суурин тавилга хийдэг мужааны хөрөө рамыг хулгайлан авч 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэнгүр горхи хотхоны 53б дугаар байрны урд зогсоолд байрлуулсан иргэн Д.Баярмагнайн эзэмшлийн КС-5363 маркийн дугуйт краны 380 вольтоор ажилладаг 12 ширхэг зэс гогцоо, 220 вольтоор ажилладаг ачааны соронзон таткателыг хулгайлан авч 2.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нар нь согтуугаар бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 8- 377 тоотод оршин суух иргэн Э.Баярхүүгийн байшин, амбаараас 5 ширхэг 25 литрийн усны сав, 120 литрийн поошиг 1 ширхэг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, хүүхдийн спорт эмээл 1 ширхэг, хүүхдийн модон эмээл 1 ширхэг, усны гутал 8 ширхэг, хивс 3 ширхэг, асар майхан зэрэг эд зүйл хулгайлан авч 745000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, нийт 3.945.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд ярьсан зүйл бүгд үнэн. Чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Энхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 03 сарын үед орой 21 цагаас 22 цагийн хооронд би өөрийн найз нар болох Энх-Амгалан, Нямдаваа нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 17 дугаар гудамжинд байх 469 дүгээр худгийн хажууд 2 шил 0,75 литрийн архи хуваан ууцгаасан. Эдгээр архины нэгийг нь лав би дэлгүүрээс зээлсэн, нөгөө архийг нь хэн яаж авсан болохыг мэдэхгүй. Тэгээд бид 3 архиа ууж дуусаад ойролцоогоор 22 цагийн үед баруун тийшээгээ гудмаар явсан. Бид нар анх явах болсон шалтгаан нь Амгаа ах, Нямдаваа бид 3 төмөр хулгай хийж тушаах зорилгоор явсан юм. Тэгээд явж байгаад 805 дугаар ангиар дээшээгээ өгсөөд 500 төгрөгний унаа явдаг газрын эцэст нэг эзэнгүй айлын хашаа байсныг хараад Амгаа ах, Нямдаваа 2 хашааных нь жижиг хаалгаар орсон. Угаасаа тэр айлын хашааны жижиг хаалга нь онгорхой байсан. Тэгээд би гадаа нь үлдээд хашааг нь налаад тонгойгоод сууж байсан, тэгтэл 15 минутын дараа тэр 2 хамтдаа гараад ирсэн ба гарч ирэхдээ 2 эмээл барьсан гарч ирсэн. Тэр 2 өөр ямар нэгэн зүйл гартаа бариагүй байсан. Тэр хулгай хийж байх үед би бүр хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан болхоор шууд аав ээжийнхээ гэрт очоод унтаад өгсөн. Тэр 2 хаашаа яаж явсан болохыг сайн мэдэхгүй. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчим бид нар 469 дүгээр худаг дээр уулзацгаагаад баруун тийш яваад байдаг нэг жалган дээр очсон. Тэнд дээрээс нь хогоор тагласан байсан зүйлийг хөдөлгөж байгаад тэр хогон дотроос Нямдаваа 2 ширхэг эмээл гаргаад ирсэн. Нэг эмээл нь модон эмээл байсан, харин нөгөө эмээл нь тохош байсан. Тэгээд бид 3 хамтдаа тэндээсээ Нарантуул зах руу очоод Нямдаваа бид 2 хамтдаа нэг үл таних эмээл хазаар зардаг хүн дээр очоод зарсан. Тэр хүнд 60000 төгрөгөөр зарсан. Тэгээд захын ард нөгөө мөнгөнөөсөө 2 шил архи авч уугаад хүн бүр 10000 төгрөг аваад салцгаасан. Тэгээд би шууд автобусанд суугаад гэртээ харьсан. Тийм л зүйл болсон /хх-116-117х/ гэжээ.

 Шүүгдэгч М.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Маш их гэмшиж байна гэв.   

Шүүгдэгч М.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 3 сарын эхээр орой 21 цагаас 22 цагийн хооронд би өөрийн найз нар болох Энхбат, Энх-Амгалан нарын хамт Баянзүрх дүүргийн хойд гэр хороололд байх нэг хаягийг нь мэдэхгүй айлын эзэнгүй хашаанд орж жижиг хүүхдийн тохош, жижиг эмээл, майхан, жижиг хивс, том хар гутал зэрэг эд зүйлсийг авсан. Тэр өдөр бид 3 хамтдаа Монелийн тэнд байх 469 дүгээр худгийн эргэн тойронгоор өдөржингөө архи уусан. Тэгээд орой Бямба гэх манай нутгийн ахтай уулзахаар очиход авгай нь уурлаад гэрээсээ гаргаагүй, тэгээд л бид 3 хамтдаа гудамжаар алхаж байтал нэг харанхуй эзэнгүй хашаа байсан, тэгсэн Энх-Амгалан, Энхбат 2 тэр хашаа руу шууд хашааных нь хаалгаар яваад орсон, тэгхээр нь би хэсэг хүн харж байгаад араас нь дагаад уг хашаа руу орсон. Тэгэхэд тэр 2 тэр хашаанд байх цэнхэр хаалгатай шавар амбаараас майхан жижиг хивс гаргаж байсан, тэгэхээр нь би очоод тэр хоёрт тусалсан. Тэгээд тэндээсээ цаашаагаа уг хашааны зүүн талд 150 метр орчим зайд байх нэг жалганд очоод хулгайлсан эд зүйлсээ нууж булсан. Тэгээд бид 3 өглөө болтол нуусан эд зүйлийнхээ хажууд харж байсан. Тэгээд өглөө хүүхдийн эмээл болон тохошоо аваад бид 3 хамтдаа Нарантуул зах руу явсан, тэнд очоод нэг үл таних эмээлийн хэрэгсэл зардаг наймаачинд тохош, эмээл хоёроо нийлүүлээд 60000 төгрөгөнд зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө 2 шил архи, тамхи, пиво зэрэг зүйлс аваад үлдсэн мөнгийг нь хүний 10000 төгрөгөөр хуваан авсан. Архиа захын ард байх гудамжинд очиж уусан. Тэгээд Энхбат бид хоёроос салаад гэрлүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчим 469 дүгээр худгийн хажууд Энх-Амгалан бид хоёр уулзаад үлдсэн зүйлс болох майхан, хивс хоёроо аваад Тунжаа гэх эгчид 40000 төгрөгөнд зарсан. Тэгээд тэр мөнгөнөөсөө 20000 төгрөгийг нь аваад тэр өдөртөө архи уусан ба дараа нь 5 хоногийн дараа үлдсэн 20000 төгрөгийг би ганцаараа очиж аваад эхнэртээ 7000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгөөр нь найз нартайгаа архи уусан /хх-110-111х/ гэжээ.

 Шүүгдэгч С.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 03 сарын эхээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 18 дугаар гудамжинд байх 469 дүгээр худгийн хажууд сууж байгаад Энхбат, Нямдаваа бид 3 хамт 2 шил 0,75 литрийн Тансаг нэртэй архи хуваан ууж дуусаад 22 цагийн үед арагшаа айлын хашаа руу явсан ба анх Нямдаваа ард айлын хашаанаас төмөр авъя гээд бид 3 хамтдаа төмөр авхаар хойшоогоо явсан. Тэгээд айлын хашаа руу ороод төмөр хайхад ямар нэгэн төмөр байхгүй байсан. Тэгсэн чинь Нямдаваа тэр айлын хашааны баруун урд талд байх нэг төмөр хаалгатай шавар амбаарын хаалгыг нь нарийн төмрөөр хөшөөд онгойлгосон. Тэгээд Нямдаваа бид 2 хамтдаа ороод майхан доор нь байсан нэг жижигхэн хивс аваад тэр амбаараас гарсан. Тэгээд бид 2 хашааны гадаа гараад зогсож байтал ардаас Энхбат гартаа 2 эмээл барьсан байдалтай гүйгээд гараад ирсэн. Тэр эмээлийг амбаараас лав аваагүй байшингаас л авах шиг болсон. Тэгээд бид 3 бүх авсан зүйлсээ жалганд булсан.  Тэндээсээ гэр гэрлүүгээ явцгаасан, тэгээд өглөө нь худаг дээр цуглаад гурвуулаа хоёр эмээлийг нь ухаж аваад Нарантуул зах гарч тэнд эмээл зардаг үл таних хүнд Энхбат, Нямдаваа хоёр 60000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид нар тэр мөнгөөрөө гурван шил архи авч уугаад үлдсэн мөнгийг нь манай хоёр хуваан авч гэртээ харьсан. Маргааш нь Нямдаваа бид нар худаг дээр уулзаад би өөрт байсан 5000 төгрөгөөр нэг шил архиа ууж дуусаад бид 2 хамтдаа майхан нуусан газраа очиж нөгөө майхнаа аваад Түнжаа гэх эмэгтэйд хивстэй цуг 40,000 төгрөгөөр зарсан. мөнгөнөөсөө 20,000 төгрөг аваад тэр оройдоо архи уусан. Нөгөө 20.000 төгрөгийг нь долоо хоногийн дараа Нямдаваа авсан гэсэн /хх-113-114х/гэжээ.

Хохирогч Д.Баярмагнай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэнгүр горхи хотхоны урд талд миний эзэмшлийн КС-5363 А маркийн 25 тонн, дугуйт, 336 улсын бүртгэлийн дугаартай, краны 380 вольтоор ажилладаг 12 ширхэг дугуй зэс гольцоо, гуулин штокны хамт, зах зээлийн үнэ 2500000 төгрөг, 220 волтоор ажилладаг ачааны соронзон теткатель, хуучин, 1988 онд үйлдвэрлэсэн, 500000 төгрөгний краны эд зүйл алдагдсан юм /1хх-171-172х/,

...Би таньд 2 диск өгсөн санагдаж байна. Би хоёр диск дээрх бичлэгийг нэг дискэнд хуулсан. Мөн А-4 хэмжээтэй фото цаасан дээр бичлэгийн үеийн 3 хуудас зургийг буулган авсан. Таньд нэг диск 3 хуудас материал өгнө. Хулгай хийсэн хүний ар гэрээс миний краны эд ангийг биетээр олж өгнө гэж нэг удаа ярьсан. Өөр хүмүүс над руу яриагүй. Хохирлоо хүлээн зөвшөөрч дэмжиж байна /2хх-45х/гэжээ.  

  Хохирогч Б.Солонго мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 12 сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын давхар дэлгүүрийн хашаан дотор грашийн үүдэнд байсан мужааны хөрөө хулгайд алдагдсан. Тухайн үед манай нөхрийн эгч Мядагнямаа, манай эмээ Пүрэвдаваа, талийгаач Мөнх-Эрдэнэ нар уг хашаанд байсан. Тэр орой 21 цаг 40 минутын үед Мядагаа эгч гэрээсээ гарахад хашаан дотор 2 хүн байсан гэсэн. Тэгээд Мядагаа эгчийг хараад цочсон гэсэн, тэгээд нэг нь галч Мөнх-Эрдэнийн галын өрөөрүү яваад орсон гэсэн. Тэгээд Мөнх-Эрдэнээс баахан юм асууж байгаад гараад явсан гэсэн. Энэ хөрөө их хүнд 3 хүн арай гэж өргөх байх 1 хүн ганцаараа авч гарах ямар ч боломжгүй юм. Хашааны хаалга цоожгүй зүгээр онгойчихдог юм. Маш хүнд хөрөө байгаа юм. Хөрөөг 2 жилийн өмнө 100 айлаас худалдаж авсан. Уг хөрөөг худалдаж авахад Портер маркийн автомашинд 3 хүн өргөж тавьж байсан. Тэр хөрөөг 1 хүн яагаад ч даахгүй хүнд байдаг юм. Хөрөө ногоон өнгөтэй. Тэр өдөр хөрөө алга болохоос өмнө 3 хүн орж ирсэнийг манай эгч нүүр тулж харсан юм билээ. Мядаг эгч манай хашааны хаалгыг том онгойлгочихсон машин тулгаад тавьчихсан байсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүмүүс тэр машиндаа хөрөөг ачиж авч явсан гэж бодож байна. Тэр 3 авсан гэж бодож байна /1хх-15-16х/,

...Алдагдсан хөрөө рамыг 900.000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрч байна. Ойролцоогоор урт нь 1,50 см, өргөн 50 см хэмжээтэй, 100 кг жинтэй, 2-3 хүн өргөх боломжтой гэж бодож байна. Харвал танина /2хх-44х/ гэжээ.

Хохирогч Э.Баярхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өглөө 10 цагийн орчим өөрийн хуучин гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-377 тоотод эхнэр Оюунхүүгийн хамт очсон юм. Тэгтэл хашааны хаалга, 2 амбаарын хаалга дэлгээтэй байсан. Цэнхэр хаалгатай шавар амбаарын хаалга нь дэлгээтэй нугасаараа салсан байсан. Нөгөө модон амбаар нь түгжээгээрээ мултраад онгойсон байдалтай байсан. Тэгээд модон амбаар дотор ороод харахад усны гутал, хүүхдийн унадаг дугуй хоёр харагдахгүй байсан. Тэгээд шавар амбаар руу орход 2 ширхэг цэнхэр хуванцар 120 литрийн поошиг 2 сав, 25 литрийн усны хуванцар сав 4-5 ширхэг байхгүй байсан. 2 ширхэг хүүхдийн эмээл байхгүй байсан. Мөн асар майхан, хэдэн усны гутал, хуучин цэнхэр хивс 3 ширхэг алдагдсан. Усны савнуудыг тус бүрийг 10000 төгрөгөөр 2 жилийн өмнө авсан бараг хэрэглэдэггүй байсан. 120 литрийн поошиг тус бүр нь 20000 төгрөг, унадаг дугуй 80000 төгрөг, хүүхдийн спорт эмээл 150.000 төгрөг, модон эмээл 100000 төгрөг, 2 ширхэг хуучин хивсээ үнэлэхгүй, олддог хивсийг үнэлэхгүй. Усны гутал 8 ширхэг байсан, тэрийг би үнэлэхгүй. Майханаа олсон болохоор гомдоод байх зүйл алгаа, эмээлээ олсон бол зүгээр байлаа /1хх-98х/гэжээ.       

Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2 жилийн өмнө 100 айлаас суурин хөрөөг 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Хөрөөны урт нь 1 метр, өргөн нь 50 см урттай, хөрөөний жин багадаа 100 кг байгаа цул төмөр. 2015 оны 12 сарын 17-ны өдөр манай хашаанд байсан суурин хөрөө хулгайд алдагдсан. Уг хөрөөг алдагддаг өдөр хашаанд манай эгч Мядагмаа, түүний дүү талийгаач Мөнх-Эрдэнэ, эгчийн хүүхэд байсан юм. Эгчийг гэрээсээ гарч ирэхэд хашаанд 3 хүн ороод ирчихсэн байснаа хоёр нь зугатаагаад гарсан гэсэн. Нэг нь болохоор гадаа галын өрөөнд талийгаач Мөнх-Эрдэнэтэй уулзах гэж байгаа юм шиг ороод явсан гэсэн. 2 хоногийн өмнө нохой алга болчихсон юм. Нохой алдагддаг. Энэ хүмүүс санаатай алга болгосон байж болох юм. Тэр үед машин хаалганд тулгаад тавьчихсан байсан гэсэн. Тэр машинаар хөрөөг хулгайлж авч явсан байх /1хх-18х/ гэжээ.

Гэрч Б.Мядагнямаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай хашаан дотор байсан хөрөө рам алга болсон байсныг мэдсэн. Орой нь манай тэрүүгээр Энхбат гэдэг залуу, нэг өндөр залуу, нэг хөгшин хүнтэй хамт эргэлдээд байсан. Тэгээд маргааш өглөө нь Энхбатын гэрт нь очоод хөрөө рам авсан уу авсан бол эргүүлээд өгчих гэж хэлтэл аваагүй гээд өөдөөс уурлаад байсан. Тэгээд цагдаад хандаж өргөдөл өгсөн юм. Саяхан Энхбат ирээд хөрөө рамыг маань авсан гэдгээ хэлээд хохирлыг барагдуулж өгнө гэсэн.  Энхбатыг одооноос 10 жилийн өмнөөс мэднэ. Би ээжийг нь таньдаг юм /1хх-37х/,

 ...17-ны өдөр 20 цагийн үед намайг хашаанаас гараад хажуугийн 3-4 метр зайтай караоке бааранд орох үед Энхбат ганцаараа байшингийн хаалганы хажууд бэр Солонгын эзэмшлийн хөрөө рамны дэргэд зогсож байхаар нь Энхбатыг загнасан. Манай хашаанд явж байдаг гар гэж хэлсэн. Манай талийгаач галч Мөнх-Эрдэнийн өрөө рүү зүглээд явж байхад өөдөөс нь Мөнх-Эрдэнэ гарч ирэхээр нь наадхаа гарга гэж хэлчихээд би караоке баар луугаа орсон. Ингээд шөнө 00 цагийн үед хөрөө рам алдагдсныг мэдсэн. Тэгээд орой нь галч Мөнх-Эрдэнэ надад Энхбат, нэг хөгшин ах, өндөр залуутай явж байсан гэж хэлж байсан. Миний нүдэн баримжаагаар 1 метр 50 см харьцаатай, 40-50 кг жинтэй, нарийн мэдэхгүй байна /2хх-47х/ гэжээ.

 

Гэрч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...төрсөн дүү С.Энх-Амгалан нь төлөв даруу, дөлгөөхөн, уурлаж уцаарлаад байдаггүй, юманд хүлээцтэй ханддаг. Миний 4 дэх дүү байгаа юм. Хотод барилгын ажил хийх гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас ирсэн. Ер нь барилгын ажил болон хар бор ажилд сайн. Одоогоор манайд амьдарч байгаа. Барилгын ажил нь өвөл хүйтрээд зогссоноос хойш жоохон архи уугаад байгаа, түүнээс биш ажил нь эхлэсэн үед архи уухаараа ааш зан нь мөрөөрөө л байдаг. Урьд хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй /1хх-35х/ гэжээ.

 

Гэрч Г.Цэцэгбадам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Энхбатын эхнэр нь юм. Уур уцаар байхгүй, үг дуу цөөтэй. Хааяа л нэг найз нөхөдтэйгээ архи уудаг, архи уусан үедээ хэл ам гаргаад хэрүүл хийгээд байдаггүй, ахынхаа дельта гэдэг барилгын компанид зун, намартаа барилгын туслах хийдэг. Би Энхбаттай гэр бүл болоод 9 жил, бид хоёр эцэг эхээсээ тусдаа амьдраад 3 жил болж байгаа. Манай том охин Мичидмаа 11 настай, 117 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч, бага охин Маралмаа 2 настай. Гэрлэлтээ батлуулаагүй болохоор 2 хүүхэд маань надаар овоглодог. Урьд 2008 билүү 2009 онд шиг санагдаж байна.Төв аймгийн цагдаад шалгагдаад баривчилгаанд явж байсан, яг ямар хэргээр гэдгийг сайн мэдэхгүй байна /1хх-38х/ гэжээ.

 

Гэрч Б.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: М.Нямдаваа нь миний 5 дахь хүү бөгөөд 1987 оны 9 дүгээр сард төрсөн. Төрхийн өмнө аав нь салаад явсан учраас надаар овоглодог. Аавтайгаа ямар нэгэн холбоо байхгүй. Дээрээ 4 ахтай, тэд нар нь ерөнхийдөө гайгүй амьдралтай хүмүүс байдаг юм. Том ах нь Даваахүү барилга дээр ажилладаг. Дараах ах Ганбат барилгын инженер ажилтай, Ганбаатар нь ажилгүй, архи уудаг гэртээ байдаг, өмнө нь нэг удаа шоронд орж байсан, нилээн хэдэн жил суугаад гарч ирсэн. Баасанжав барилгын машин барьдаг байсан. Одоо Төв аймагт хувиараа машин барьдаг гайгүй амьдралтай хүн. Манай Нямдаваагийн дүү нь одоо 16 настай надтай, хамт амьдардаг. Сүмд хүүхдүүдэд хичээл заагаад байдаг юм. Нямдаваа нь бага байхдаа бие муутай хүүхэд байсан. Сургуульд 2 цагаас дээш сууж чаддаггүй байсан. Алганы хээгээр мэргэлдэг байсан. Бид нар лам болгох гэхэд ах Ганбат нь мөнгөний шуналтай болно гэж хэлээд лам багшаас нь аваад ирсэн. Тэрнээс хойш гэртээ байж байгаад Ганзаяа гэх эмэгтэйтэй суусан. 3 хүүхэдтэй Ганзаяагийн нэг дагуул хүүхэд нийлээд 4 хүүхэдтэй юм. Нямдаваа дөлгөөн сайхан зантай хүүхэд байгаа юм. Сүүлийн үед л архи дарс уугаад байгаа юм. Нямдаваа барилга дээр ажил төрөл хийдэг /1хх-103-104х/ гэжээ.

          

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Б.Энхбат, М.Нямдаваа, С.Энх-Амгалан нарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх-49-56, 109-120, 126-129х/, хохирогч Д.Баярмагнай /1хх-170-173х/, Э.Баярхүү /1хх-97-98/, иргэний нэхэмжлэгч Б.Дуламсүрэн /1хх-99/, гэрч Г.Бат-Эрдэнэ /1хх-17-18х/, Б.Мядагнямаа /1хх-17-18х, 47х, 58х/, С.Алтанцэцэг /1хх-35х/, Г.Цэцэгбадам /1хх-38х/, Б.Мөнгөнцэцэг /1хх-103-104х/ нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-75-77х/, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 тоот шийтгэх  тогтоолын хуулбар /1хх-194-195х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-62х, 64х, 124х/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-61х, 63х, 122х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-121х, 151х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-78-81х, 93-96х, 157-158х, 2хх-85-92х, 113х/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-89х, 2хх-111х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-90х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-91х/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 303 дугаар зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1хх-205-206х/, туршилт хийсэн тэмдэглэл /2хх-84х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-101-103х, 114-116х/, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /2хх-8х, 3хх-4-5х/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд /2хх-9-19х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /1хх-135-139х, 200-202х, 2хх-93-98х, 135-140х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай байна гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.Энхбат, С.Энх-Амгалан нар нь согтуугаар, бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 12-210 тоот хашаанаас хохирогч Б.Солонгын өмчлөлийн мужааны хөрөө рамыг хулгайлан авч 900000 төгрөгийн, мөн давтан үйлдлээр согуугаар, бүлэглэн, 2016 оны 4 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэнгүр горхи хотхоны 53б дугаар байрны урд зогсоолд байрлуулсан иргэн Д.Баярмагнайн эзэмшлийн КС-5363 маркийн дугуйт краны 380 вольтоор ажилладаг 12 ширхэг зэс гогцоо, 220 вольтоор ажилладаг ачааны соронзон таткателыг хулгайлан авч 2300000 төгрөгийн, мөн шүүгдэгч Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нар бүлэглэн, согтуугаар, давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 8- 377 тоотод оршин суух иргэн Э.Баярхүүгийн байшин, амбаараас 5 ширхэг 25 литрийн усны сав, 120 литрийн поошиг 1 ширхэг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, хүүхдийн спорт эмээл 1 ширхэг, хүүхдийн модон эмээл 1 ширхэг, усны гутал 8 ширхэг, хивс 3 ширхэг, асар майхан зэрэг эд зүйл хулгайлан авч 745000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол нийт 3.945.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, туршилт хийсэн баримтууд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэн үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч нар хохирогч Д.Баярмагнайд 2.300.000 төгрөг, Б.Солонгод 900.000 төгрөг, Б.Баярхүүд 745.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Дуламсүрэнд 40.000 төгрөг тус тус төлж хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байна.

Шүүгдэгч Б.Энхбат, М.Нямдаваа нар нь Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхбатад 3 сар 5 хоног, М.Нямдаваа нь 3 сар 1 хоног баривчлах ял тус тус шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт заасан ялтай байдал нь өнгөрсөн байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Энхбат, С.Энх-Амгалан, Д.Нямдаваа нар нь  2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын  02-ны өдөр хүртэл  тус бүр 44 хоног цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Овгорууд овогт Батмөнхийн Энхбат, Царгичин овогт Санзайн Энх-Амгалан, Монгол овогт Мөнгөнцэцэгийн Нямдаваа нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхбат, С.Энх-Амгалан нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар М.Нямдаваад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нарын тус бүр цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Энхбат, С.Энх-Амгалан нарт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, М.Нямдаваад оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Б.Энхбатын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар  хэлтэст, С.Энх-Амгалангийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн  1 дүгээр хэлтэст, М.Нямдаваагийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст  тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхбат, С.Энх-Амгалан, М.Нямдаваа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ