Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0746

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 11 өдөр Дугаар 128/ШШ2021/0746 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.С /РД:ХН********/

Хариуцагч: Монголын Хуульчдын Холбоо

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Хуульчдын Холбооны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн */*** дугаартай актыг хүчингүйд тооцож, иргэн Н-н С-т хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг олгохыг даалгах тухай

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н-н С би 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалт өгч, 2008 онд Өмгөөлөгчийн шалгалт өгч тус тус тэнцсэн. Улмаар 2008 оноос 2017 оны хооронд өмгөөлөгчөөр ажилласан. 2017 онд шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Би өмнө нь хуульчдын нэгдсэн бүртгэлийн 938, шүүхэд төлөөлөх эрхийн 187 дугаарт тус тус бүртгэлтэй байсан ба гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болохоос өмнө татварын үлдэгдэлгүй, багц цаг хангасан, ёс зүйн дүрэм болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм зөрчиж байгаагүй болно.

Н.С би 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхээр бичиг баримт бүрдүүлэн өгөхөд Монголын Хуульчдын Холбооноос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2*** дугаартай албан бичгээр одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өршөөл, уучлалд хамрагдсан гэсэн үндэслэлээр Хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин оролцох эрх олгох зохицуулалт байхгүй тул эрх олгох боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй гэж заасан. Гэтэл хуульд зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр шалгалтад оруулахаас татгалзсан нь иргэн миний эрхийг зөрчиж байна.

Учир нь би гэмт хэрэг үйлдэж ял шийтгэлээ эдэлж дууссан бөгөөд хуульд хориглосон хэм хэмжээ байхгүй байхад зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохгүй байгаа нь иргэн намайг шүүхээс гадуур дахин шийтгэх эрх зүйн үр дагавар үүсгэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмыг зөрчиж байна.

Иймд Монголын Хуульчдын Холбооны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн */*** дугаартай актыг хүчингүйд тооцож, иргэн Н-н С-т Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг Монголын Хуульчдын Холбоонд даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний төрсөн эцэг Ж.Н нь хүнд өвчнөөр өвчилсөн тул, би цаашид шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгч Н.С-н нэхэмжлэлтэй Монголын Хуульчдын Холбоонд холбогдох шүүх хуралдааныг намайг эзгүйд хийнэ үү. Эцэг Ж.Н 71 настай ходоодны хорт хавдар оноштой учраас хагалгааны дараа харж хандах сахиур хийх учраас оролцох боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Монголын Хуульчдын Холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д ...хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасныг үндэслэн Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар тушаалаар иргэн Н.С-н хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээд нь хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин орох эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

Хуульчийн шалгалтад дахин орох эрхийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Хуульчийн шалгалтад тэнцээгүй болон сахилгын шийтгэл хүлээж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хугацаатай хүчингүй болгуулсан этгээд сахилгын шийтгэлийн хугацаа дууссанаас хойш хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин орох эрхтэй гэж заасан. Тус зохицуулалт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хүчингүй болгуулсан болон Н.С-н Монголын Хуульчдын Холбоонд хандан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Өршөөлийн хуулиар миний асуудалтай холбоотой 2002 оны хуулийн 22 дугаар бүлэг 253.2-т заасан зүйл анги хамаарагдсан болно гэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхтэй боловч тус хуулийн 10.4-д Шалгалтын комисс нь хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган үзэж баталгаажуулна гэж заасны дагуу Шалгалтын хороо шалгалтад бүртгүүлэгчдийн материалыг эх хувьтай тулгаж, гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлсэн тухай лавлагааг Цагдаагийн Ерөнхий Газраас авсны үндсэн дээр шалгуулагчдыг бүртгэж шаардлага хангасан тохиолдолд шалгалтад орох зөвшөөрлийг олгодог.

Н.С-н шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэр гаргасан гомдлыг шалгаад Шалгалтын хорооны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралт болох Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан бүртгүүлэгчдийн жагсаалтын 46-д Н.С бүртгэгдсэн.

Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монголын Хуульчдын Холбоонд гаргасан хүсэлтэд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн */*** тоот албан бичгээр тус тус хариу өгсөн байна.

Иймд Н.С-т дахин хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрх олгох хууль эрх зүйн боломжгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Н.С-с Монголын Хуульчдын Холбоонд холбогду******* гаргасан Монголын Хуульчдын Холбооны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн */*** дугаартай актыг хүчингүйд тооцож, хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг олгохыг даалгах[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[2] хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэгч Н.С-н нэхэмжлэлтэй Монголын Хуульчдын Холбоонд холбогдох шүүх хурлыг намайг эзгүйд хийнэ үү гэх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй гэсэн шаардлагыг хангасан байхад шалгалтад орох эрх олгохгүй байгаа нь хууль бус гэж, хариуцагчаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд зааснаар хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол тухайн этгээд нь хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин орох боломжгүй гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Н.С нь 2004 онд хуульчийн шалгалтад, 2008 онд Өмгөөлөгчийн шалгалтад тус тус орж тэнцэж, хуульчийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0938 дугаар, өмгөөлөгчийн 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1*** дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус авчээ[3].

Нэхэмжлэгч нь дээрх тусгай зөвшөөрлүүдтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хуульч, өмгөөлөгчийн ажиллаж байсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 2017 онд шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлд заасан Нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгчийн 2017 он 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 100 дугаар тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-т ... хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.С-н хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.[4]

Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монголын хуульчдын холбоонд хандан Өршөөлийн хуулиар миний ял шийтгүүлсэнтэй холбоотой асуудал өршөөгдөж шийдэгдсэн. Иймд одоо хуульчийн мэргэжлийн шалгалтад орох боломжтой. Иймд хуульчийн шалгалтад бүртгэж өгнө үү гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан байна[5].

Монголын хуульчдын холбоо нэхэмжлэгчийн дээрх өргөдөлтэй танилцаад, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай */*** дүгээр албан бичгээр ... Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өршөөл, уучлалд хамрагдсан үндэслэлээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, сэргээх, хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин оролцох эрх олгох зэрэг зохицуулалт байхгүй тул Танд Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгох боломжгүй байна гэх агуулга бүхий хариуг өгчээ[6].

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл. Хуульчийн шалгалтад орох эрх, 9.1-д Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй. гэж заажээ.

Хуулийн дээрх заалт нь анх удаа хуульчийн шалгалтад орж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамааралтай байна.

Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч Н.С нь хуульчийн шалгалтад бүртгүүлж оролцох боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь анх 2004 онд хуульчийн шалгалтад орж тэнцэж, хуульчаар ажиллаж байсан байх тул дахин анх удаа хуульчийн шалгалтад орж байгаа иргэдэд хамааралтай хуулийн заалтын дагуу шалгалтад бүртгүүлж, шалгалтад орох боломжгүй байна.

Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйл. Хуульчийн шалгалтад дахин орох, 18.1-д Хуульчийн шалгалтад тэнцээгүй болон сахилгын шийтгэл хүлээж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хугацаатай хүчингүй болгуулсан этгээд сахилгын шийтгэлийн хугацаа дууссанаас хойш хуульчийн шалгалтад дахин орох эрхтэй гэж заасан нь хуульчийн шалгалтад дахин орон боломжтой тохиолдлуудыг тусгайлан хуульчилжээ.

Дээрх тохиолдлуудад Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл нь өршөөлийн хуулиар өршөөгдсөн тохиолдол хамаарахгүй тул дээрх хуулийн зохицуулалтаар мөн нэхэмжлэгч нь дахин шалгалтад орох боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгчийн хуульчийн шалгалтад дахин орохыг хүссэн хүсэлтийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Н.С-с Монголын Хуульчдын Холбоонд холбогду******* гаргасан Монголын Хуульчдын Холбооны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн */*** дугаартай актыг хүчингүйд тооцож, хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан иргэн Н.С-с Монголын Хуульчдын Холбоонд холбогду******* гаргасан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн */*** дугаартай актыг хүчингүйд тооцож, иргэн Н.С-т хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-4 дүгээх хуудас

[2] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас