Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1160

 

Б.Ш-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2094 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Ундрахын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Б.Ш-т холбогдох эрүүгийн 1908026830807 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Харчин овгийн Б.Ш-, 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 281 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас урьд цагдан хоригдсон 70 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон,

            Б.Ш- нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Гэндэндармаагийн “Samsung S7 Edge” загварын гар утсыг “Утсаар яриад өгье” гэж хэлж аваад бусадтай утсаар ярьсны дараа хохирогчид буцаан өгөхгүй гар утсыг нь авч зугтаан бусдад худалдан борлуулж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдгийг бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгох ба, энэ нь үгээр болон биет байдлаар гэх мэт идэвхтэй үйлдлээр илэрдэг. Иймд хэрэгт цугларсан өргөдөл, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзвэл прокуророос Б.Ш-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай.

2. Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал: яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсгүүдэд хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн бичээгүй байна.

Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ундрах тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Үүнд:

1. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Б.Ш- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон болох нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Ш- нь хохирогч Б.Гэндэндармаагаас анх “гар утсаа өгөөч, утсаар яриад өгье” гэж авсан. Дараа нь утсаар ярьж байгаа дүр эсгэн явж байгаад гар утсыг нь авч зугтаасан үйлдлийг хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн, сэтгэл санааны хүчирхийлэл, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн мэдэлд байгаа эсхүл хамгаалалтад байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг хохирогчийн нүдэн дээр харсаар, үзсээр байтал хууль бусаар авч байгаа ил цагаан үйлдэл байх бөгөөд уг үйлдэл нь хохирогчид халдан довтолсон шинжгүй, хэрэв гэмт этгээдээс зохих хүч гарсан бол тухайн хүч нь хохирогч руу бус түүнээс гадагш чиглэсэн шинжтэй байдгаараа хүч хэрэглэн довтолсон дээрмээс ялгарах онцлогтой. Хүч хэрэглэх, хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг. Хохирогч Б.Гэндэндармаагаас эсэргүүцэл үзүүлсэн болон Б.Ш-аас эсэргүүцлийг дарж довтолсон үйлдэл хийгээгүй байна. Хохирогч Б.Гэндэндармааг шүүх хуралдаанд оролцуулан, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг дахин асууж тодруулан, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой.

2. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Б.Ш-ыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн бичсэн байх бөгөөд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Б.Ш- нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Б.Гэндэндармаагийн “Samsung S7 Edge” загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлж аваад бусадтай утсаар ярьсны дараа хохирогчид буцаан өгөхгүй гар утсыг нь авч зугтаан бусдад худалдан борлуулж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгасан. Энэ нь яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Ш-ыг 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Гэндэндармаагийн “Samsung S7 Edge” загварын гар утсыг “Утсаар яриад өгье” гэж хэлж аваад бусадтай утсаар ярьсны дараа түүнд буцаан өгөхгүй гар утсыг нь авч зугтаан бусдад худалдан борлуулж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, яллах дүгнэлтэд дурдагдсан зөрчлийг арилгах шаардлагатай...” хэмээн дүгнэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн материалыг судлахад, хохирогч Б.Гэндэндармаагаас “...тэнд байсан нэг нэлээн согтуу хүн над руу дайраад “Дошин дээр ирчихээд битгий томроод байгаарай, та нар томрох болоогүй шүү” гээд үг хэлээр дарамталж байсан. Хэрвээ гар утсаа өгөөгүй бол цохиж магадгүй байсан. ...” /хх-ийн 11-12/ гэж, гэрч О.Оргилболдоос “...Ш- үг хэлээр дарамталсан байж магадгүй. ...” /хх-ийн 24/ гэж, гэрч Ч.Билгүүнээс “...Ш- гар утсаа өгч бай гээд авсан. Согтуу байсан тул элдвээр хараагаад л байсан санагдаж байна. ...” /хх-ийн 27/ гэж, яллагдагч Б.Ш-аас “...би тэр залууг элдвээр хараагаад, дарамтлаад “Гар утсаа өгчих, нэг яриад өгье” гэсэн. Тэр хүүхдийг дээрэлхээд авсан. ...” /хх-ийн 71-72/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран өөр хоорондоо ялгагддаг.

Тухайлбал, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтаан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол хүч хэрэглэж, хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон, өөрөөр хэлбэл хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг болно.

Иймээс тухайн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр тодорхойлон зүйлчлэхдээ дээрх шинжүүдийг анхаарч үзэхийн зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилгыг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар тодруулан тогтоож хууль зүйн дүгнэлт хийж байх нь зүйтэй байна.

Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг хураан авч хохирлыг барагдуулах, уг эд зүйлсийг худалдаж ашиг орлого олсон бол уг хууль бус орлогыг хэрхэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж зохих арга хэмжээг авч байх шаардлагатай.

Прокурор яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт Б.Ш-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх боловч тэмдэглэх хэсэгт холбогдсон хэргийн товч агуулгыг тусгахдаа өөр гэмт хэргийн шинжтэй байж болохоор ойлгомжгүй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцэхгүй байна.      

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2094 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ундрахын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                             ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                                             ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН