Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 246

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

                   Нэхэмжлэгч: “Т б”ХХК /

                  Хариуцагч:    Б     Д

Зээлийн гэрээний үүрэгт 6 032 243.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т бӨмнөговь салбарын харьяа Ханхонгор тооцооны төв нь Ж.Г, хамтран зээлдэгч Б.Днартай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 341601165486 тоот зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.

 Зээлийн барьцаанд: Зурагт, 2 хаалгатай хөргөгч, хөлдөөгч, цалин зэргийг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ж.Г, хамтран зээлдэгч Б.Днар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Зээлдэгч Ж.Г нь 2018 оны 01 дүгээр сард нас барсан ба хамтран зээлдэгч Б.Днь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Тус зээлийг хуваарийн дагуу төлж байгаад зээлдэгч Ж.Г 2018 оны 01 дүгээр сард зуурдаар нас барсан. Зээлийн гэрээний 2.3.1-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.Д-д банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2019 оны 05 дүгээр сарын 30-ны байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 5 119 520.53 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 883 987.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 28 735.21 төгрөг, нийт 6 032 243.09 төгрөг байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээг байгуулж 7 000 000 төгрөгийн зээл олгосон. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр эргэн төлөх хуваарьтай байсан. Хуваарийн дагуу сар бүр төлж байгаад  2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд ямар нэгэн зээлийн болон хүүгийн төлөлт хийгдээгүй.  2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1 880 479.47 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 5 119 520.53 төгрөг төлөөгүй. Үндсэн хүү 1 262 618.79 төгрөг төлсөн. Мөн нэмэгдүүлсэн хүүд 525.95 төлсөн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл төлөгдөөгүй учраас үндсэн зээлийн үлдэгдэл 5 119 520.53 төгрөг хэвээрээ байгаа. Жилийн 20.4 хүүтэй гэдэг нь сарын 1.7 хувийн хүүтэй. Тэгэхээр хоногийн хүү нь 2861.32 төгрөг. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 сарын 30-ны өдрийн хүртэл 309 өдрийн хүү буюу 883 987.35 төгрөгийг нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээнд зээлдэгчийн үүргийг тодорхойлсон байгаа. Зээлдэгчийн үүргийн 3.2.4-д Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон, зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгааг гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбоотой гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж заасан. Мөн зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байгаа учраас манай банкны зүгээс хамтран зээлдэгчээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 6 032 243.09 төгрөгийг  Б.Д-с нэхэмжилж байгаа. Уг зээлийн мөнгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Г-н 211800067924 тоот харилцах данс руу шилжүүлснийг тухайн өдрөө 6 929 900 төгрөгийг бэлнээр зарлагадан авсан байдаг. М, Г гэх хүмүүс сарын төлөлт буюу 262000 төгрөгийг тэнцүү буюу 131 000 төгрөгөөр төлж явсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т б”ХХК-ийн Б.-с гаргуулахаар шаардаж байгаа 6 032 243.09 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн зээлийг Ж.Г авч байсан боловч Ж.Г, Б.Дхоёр зээлийг авч ашиглаагүй. Г-н найзууд нь зээл гарсан өдөр нь түүнээс зээлсэн. Өөрөө авч ашиглаагүй зээлийг төлөх нь шударга бус байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д-той итгэмжлэл хийснээс хойш энэ зээлийн харилцааны талаар судалж үзсэн. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөг Т б-с зээлэхдээ барьцаат зээлийн гэрээн дээр зурсан гарын үсэг бол Б.Д-х мөн. Тухайн гэрээн дээр гарын үсэг зурсан эсэх дээр маргахгүй байгаа. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг зүйл бол 2018 оны 01 сард Г нас барснаас хойш 2018 оны 08 дугаар сар хүртэл тухайн зээл төлөгдөөд яваад байсан. Б.Днь нэг ч удаа энэ зээлийн төлөлтийг хийж байгаагүй. Хэн зээлийг төлсөн талаар судлаад, талийгаач Г-н ар гэрийнхнээс нь асуухаар Г, М нар нь тэр зээлийг авсан юм гэнэ лээ гэж хэлдэг. Талийгаач Г-Отухайн үед 2017 онд Төрийн банкнаас зээл авсан талаараа ар гэрийнхэндээ хэлж байсан боловч чухам хэнтэй хамтарч, яаж зээл авсан талаараа хэлээгүй. Талийгаач Г-нар гэрийнхний хувьд ямар ч байсан тухайн зээлийг Г, М гэдэг 2 хүн зарцуулсан гэсэн мэдээлэлтэй л байдаг юм байна лээ. Тухайн үед Б.Д нь талийгаач Г-той хамт нэг байгууллагад ажилладаг байсан. Танил, найз нөхөд байж байгаад талийгаач Г-Онь зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгч хэрэгтэй байна, чи аймаг дээр ирсэн байгаа юм чинь гялс ирээд гарын үсгээ зураад өгчих өө, би хариуцаад төлчихнө, чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэснээр Б.Днь гарын үсгээ зурсан ийм л зүйл болсон. Тэгээд Б.Днь нэг ч удаа төлөлт хийж байгаагүй. Мөн татгалзаад байгаа бас нэг үндэслэл нь энэ зээлийг олгосон юм уу, олгоогүй юм уу, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг нэхэмжлэгч тал өөрөө гүйцэтгэсэн юм уу, энэ зээлийн гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг талийгаач Г-д олгосон юм уу гэдэг нь тодорхойгүй. Би энэ талаар тодруулах, зээлийн эргэн төлөлттэй танилцахаар 2 удаа Б.-той хамт Төрийн банк дээр очиж байсан. Зээлийн гэрээн дээр өвлөгч хариуцна гэсэн заалт байгаа. Яагаад өвлөгчөөс нь шаардахгүй байгаа юм бэ. Иргэний хуульд байгаа, зээлийн гэрээн дээр ч өвлөгч хариуцна гэсэн заалт байгаа. Дээрээс энэ зээлийн гэрээн дээр шууд педуцын гэрээний үүрэгтэй адилхан барьцаанд нь зээлдэгч өөрөө ашиглаад явж байх хөргөгч, хөлдөөгч зэрэг эд зүйлүүд байгаад байдаг. Зээлийн гэрээний нөхцөлийг харахад зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд шууд тухайн хөрөнгийг шилжүүлж аваад захиран зарцуулах эрхтэй байхад түүнийгээ хэрэгжүүлэхгүй, шууд Б.Даваадоржоос шаардаад байгааг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаад энэ зээлийн материалтай танилцъя гэхэд боломжгүй гэсэн. Дараа нь харилцааны менежер гээд хүнтэй уулзахад Б.Ц гэж хүн амарсан байгаа, одоо үзүүлэх боломжгүй байна, дараа ир гэсэн. Шүүх хуралдаан дээр 5 119 520.53 төгрөгийн үндсэн төлбөр шаардаж байгаа. Зээлдэгчийн талаас 2018 оны 08 дугаар сар хүртэл төлсөн байдаг. Яг хэдэн төгрөг төлөөд хэдэн төгрөг үлдсэн талаар баримт байдаггүй. Ганцхан зээлийн гэрээг гаргаж ирээд байдаг. Хууль, шүүхийн өмнө хуулийн этгээд байна уу, иргэн байна уу бүгд адил тэгш эрхтэй. Нэхэмжлэгч тал эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Дараа нь хариуцагч тал татгалзлаа гаргах эсэхээ шийдвэрлэж, татгалзал гаргасан тохиолдолд татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас зөвхөн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг л гаргаж ирээд байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 451-453 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч зээл олгосноо эхэлж нотлох ёстой. Энэ зээлийн харилцаан дээр Б.Днь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр гарын үсэг зурснаас өөр харилцаагүй байсан. Гэтэл өвлөгчтэй нь ч ярьдаггүй, барьцаа хөрөнгөөсөө ч хангуулахгүй, ямар нэгэн арга хэмжээ авалгүй шууд Б.Д-с нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “нэхэмжлэгч талаас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №341601165486 дугаартай барьцаат зээлийн гэрээ, “Зээл эргэн төлөлтийн хуваарь”, “Барьцааны зүйлийн жагсаалт”, хариуцагч Ж.Г, Б.Днарын оршин суугаа хаягийн талаарх Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 325, 721 дугаартай тодорхойлолтууд, Ж.Гын Төрийн банканд гаргасан зээл хүссэн өргөдөл, “Т б”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Ж.Гын нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хариуцагч талаас Б.Д-н хариу тайлбар, итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, гэрч гэх Г.-н оршин суугаа хаягийн талаарх Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 170 дугаартай албан бичиг, Б.Энхбатын гэрч асуулгах болон асуулгахаас татгалзсан хүсэлтүүд зэрэг нотлох баримтууд ирүүлснийг” шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т б”ХХК нь хамтран зээлдэгч гэх Б.Д-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 032 243.09 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Б.Днь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргана.

Т бнь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ж.Г /зээлдэгч/, Б.Д/хамтран зээлдэгч/ нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг жилийн 20.4 %-ийн хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд /зээлийн гэрээний 2.1.4/ хугацаа хэтрүүлсэнд тооцож хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зурагт (samsung), хөргөгч (2 хаалгатай), хөлдөөгч, цалингийн орлого зэргийг барьцаалжээ.

        Талуудын хооронд байгуулагдсан 341601165486 тоот барьцаат зээлийн гэрээнд зээлдэгч болох Ж.Г, хамтран зээлдэгч Б.Днар гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох ба  талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргахгүй байна.

Зээлдэгч Ж.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний 3.3-т “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хамтран зээлдэгч Б.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Харин хариуцагч болох Б.Днь татгалзлаа тайлбарлахдаа “Уг зээлийг би аваагүй ... 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг нэхэмжлэгч тал өөрөө гүйцэтгэсэн юм уу, энэ зээлийн гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг талийгаач Гэрэлт-Одод олгосон эсэх нь тодорхойгүй...” гэж маргадаг.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэгч Төрийн банк /зээлдүүлэгч/ нь зээлийн гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг Ж.Г, Б.Д/зээлдэгч/ нарт шилжүүлэх  үүрэгтэй, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний 2.1.2-т “зээл олгох хэлбэр”: зээлдэгчийн Төрийн банк дахь 211800067924 тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно”-оор тохиролцсон болох нь дээрх зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

  Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүрэг болох мөнгөн хөрөнгийг “... Банкин дээр мэдээж зээлдэгч, хамтран зээлдэгч нартай гэрээ байгуулан зээл олгох замаараа олгосон. Ж.Гын 211800067924 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж байх ба энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул зээлдүүлэгчийг үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн нь нотлогдохгүй байх тул хамтран зээлдэгчид мөн зээлийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөгийг зээлдэгч Г-н211800067924 тоот харилцах данс руу шилжүүлснийг тухайн өдрөө 6 929 900 төгрөгийг бэлнээр зарлагадан авсан, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1 880 479.47 төгрөг төлсөн. Үндсэн хүү 1 262 618.79 төгрөг төлсөн. Мөн нэмэгдүүлсэн хүүд 525.95 төлсөн. М, Г гэх хүмүүс сарын төлөлт буюу 262000 төгрөгийг тэнцүү буюу 131 000 төгрөгөөр төлж явсан гэсэн тайлбараас үзвэл шүүх нэхэмжлэгчийг Ж.Г, Б.Днарт мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэхэд эргэлзээ төрж байна.

Иймд нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т б”ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 111 446 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 446 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т б”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т б”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 446 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.УРАНЧИМЭГ