Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/353

 

 

 

 

 

 

 

2023          03         14                                   2023/ШЦТ/353   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

Улсын яллагч Я.Болортуяа

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Ж Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Монгол овогт Э Х нарт холбогдох эрүүгийн 2306000000648 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  

Монгол Улсын иргэн,  

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан Ойн булганы арьсыг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд өөрийн оршин суух 00 тоот гэртээ хадгалсан, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хорооллын орчимд байхдаа*******-т 60.000 төгрөгөөр худалдсаны улмаас амьтны аймагт нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын орчимд байхдаа *******өөс тусгай зөвшөөрөлгүй, гарал үүслийн тодорхойлолтгүй Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан Ойн булганы арьсыг 60.000 төгрөгөөр худалдан авсан, мөн өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Данзангийн 0 дугаар байр, 00 тоот гэртээ хадгалсан,

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкийн “Чонын арьсан дах, баавгайн дах үслэг эдлэл авна” гэх группт өөрийн ............ нэртэй фейсбүүк хаягаас “Uneg bulga zarna” гэх зар байршуулж, Ойн булганы арьсыг бусдад худалдахыг завдсаны улмаас амьтны аймагт нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан Ойн булганы арьсыг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд өөрийн оршин суух 000 гэртээ хадгалсан, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хорооллын орчимд байхдаа*******т 60.000 төгрөгөөр худалдсаны улмаас амьтны аймагт нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын орчимд байхдаа *******өөс тусгай зөвшөөрөлгүй, гарал үүслийн тодорхойлолтгүй Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан Ойн булганы арьсыг 60.000 төгрөгөөр худалдан авсан, мөн өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Данзангийн 0 дугаар байр, 00 тоот гэртээ хадгалсан,

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкийн “Чонын арьсан дах, баавгайн дах үслэг эдлэл авна” гэх группт өөрийн ............... нэртэй фейсбүүк хаягаас “Uneg bulga zarna” гэх зар байршуулж, Ойн булганы арьсыг бусдад худалдахыг завдсаны улмаас амьтны аймагт нийт 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Чулуунхүүгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-19/-р тал,

Ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Н.Чулуунхүүгийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай “...Хураан авсан шаравтар хүрэн үстэй, өтгөн сахлаг үсэн бүрхүүлтэй, өехийдөө шаргал толботой, сүүлний урт 18 см, нийт урт 60 см хэмжээтэй ойн булганы арьс 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй...” гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23/-р тал,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 569 дугаартай “...2 гэж дугаарласан амьтны арьс нь Carnivora-Mustelidae Ойн булга-Martes zibellina (Linnaeus, 1758)-ийн арьс байна...Ойн булганы арьс нь өвлийн улирлын арьс байна. Ойн булга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон амьтан. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг эр бодгаль Ойн булгыг 450.000 төгрөгөөр, нэг эм бодгаль Ойн булгыг 510.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байна...” гэх шинжээчийн дүгнэлт, хавсралт /хх-ийн 47-55/-р тал,

Хохирогч Байгаль орчин, уур амьсгалын сангийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг...Ойн булга нь Засгийн газраас гаргасан ховор амьтны жагсаалт батлах тухай жагсаалтад багтсан байдаг. Ойн булга нь Монгол орны Хэнтий, Хөвсгөл, Алтайн нутаг, Булган голын эх гэх мэт ой, тайга, хад асга бүхий нутаг дэвсгэрт тархсан ой, тайгад амьдардаг амьтад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/-р тал,

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн экологийн шинжээч-мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Үүрийнтуяагийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргасан илтгэх хуудас, хавсралтаар ирүүлсэн “.......... /Х Х/ нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Чонын арьсан дах баавгайн дах үслэг эдлэл авна, зарна” гэх группэд байршуулсан “Uneg bulga zarna” гэх зар /хх-ийн 13-14/-р тал,

Экологийн шинжээч-мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Үүрийнтуяагаас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж өгсөн “........... (Х Х) нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцсан зурвас /хх-ийн 24-26/-р тал,

Мөрдөг шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 сарын сүүлээр 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан үүр сум, үүр багийн нутагт байдаг өөрийн хөдөө гэртээ очсон бөгөөд 2022 оны 11 сарын 26-ны өдөр гал асаахад ашигладаг хус модны үйс цуглуулахаар ганцаараа гэрийн ойролцоо байдаг уулын мод руу явсан. Энэ үед хаягдал хоолоо өгөөд байдаг болохоор манай гэрийг бараадаад байдаг 3-4 нохой намайг дагаж уул руу явсан. Манай хөдөө гэр маань модны захад байдаг бөгөөд ойрхон яваад уулын мод руу орчихдог юм. Үйс цуглуулаад явж байтал дагаж явсан ноход хуцалдаад хоорондоо юм булаацалдаад байхаар нь явж очоод анзаартал гэрийн гадаа ирээд хоол идээд байдаг саарал зүстэй, дунд зэргийн биетэй /лайк/ нохой нь нэг зүйл зуугаад явж байхаар нь нохойг юм өгөх гэж байгаа юм шиг хуурч дуудаж ирүүлж байгаад ирэхээр нь хая гэж загнаж нэлээн хөөцөлдөж байгаад арай гэж нэг хаяулаад очиж хартал хар хүрэн гэмээр өнгөтэй амьтны арьс байсан. Сайтар хартал ойн булга нохойд зуулгаж үхсэн байсан. Намайг очихоос өмнө нь нохойнууд хоорондоо булаалдаж зугаацалдаад байсан болохоор үхсэн байна гэж ойлгосон. Би тухайн өдөр булгыг авч гэртээ авч очоод маргааш нь арьсыг өвчиж аваад махыг нь нохойд өгтөл идэхгүй байсаар шувууны хоол болоод дууссан байх. Тэгээд арьсыг нь Цагаан үүр суманд байдаг гэртээ хадгалж байгаад 2022 оны 12 сарын 03-ны өдөр Орхон аймагт байдаг гэртээ ирэхдээ уг арьсыг авч ирж грашдаа 2023 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл хадгалсан. 2023 оны 01 сарын 11-ний өдөр Фейсбүүк дээр “...............” гэх нэртэй хүн бүтэн ангийн арьс авна гэсэн утгатай зар оруулсан байхаар нь би түүний 86119316 гэсэн дугаар руу холбогдож өөртөө нэг ширхэг булганы арьс байгаа талаар хэлсэн чинь худалдаж авмаар байна, өөрөө арьсаар нь юм хийх гэж байгаа юм гэхээр нь Улаанбаатар хот орохдоо аваачиж өгье гэж 2023 оны 01 сарын 11-ний өдөр ярилцсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу машин барьж хүргэж өгөх хүн хайж байгаа зарын дагуу 88067804 гэсэн утсаар холбогдож приус загварын, 0000 УУУ улсын дугаартай машиныг хөлсөөр машиныг нь барьж Улаанбаатар руу ирэхдээ найз Мөнхцоожийн идэш болон ойн булганы арьсыг жижиг үүргэвчинд хийж дайж аваад Улаанбаатарт ирсэн. Надтай хамт машины эзэн гээд нэг өвгөн, эмэгтэй 2 хамт явсан бөгөөд тэдгээр хүмүүс намайг Ойн булганы арьс авч яваа гэдгийг мэдээгүй. 2023 оны 01 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот ирээд Богд ар хорооллын автобусны буудал дээр бууж үлдээд манай найз намайг тосож ирж идшээ авангаа Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү 2222 хороололд байдаг төрсөн охин Хандсүрэнгийн гэрийн ойролцоо буулгаад явсан. Энэ үед булганы арьс авна гээд байсан залуу болох Х гэх эрэгтэй ирж байна уу гээд дахин дахин утсаар яриад байсан болохоор нэг их удалгүй ирээд намайг охиныхоо гэр рүү орохоос өмнө надаас Ойн булганы 1 ширхэг арьсыг 60.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Би уг арьсыг 2022 оны 11 дүгээр сарын 26-аас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан үүр сум, Үүр багт байдаг өөрийн хөдөө гэр болон албан ёсны хаяг тоотод байрлах гэртээ хадгалсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр уг арьсыг 0000 УУУ улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч*******-ын яллагдагчаар өгсөн “...Би цагаан сараар эхнэртээ булган малгай хийлгэж өмсгөх зорилгоор фейсбүүк орчинд зар харж байтал 2023 оны 01 сарын 11-ний орчим фейсбүүкийн анчдын групп дээр “Булганы арьс авна” гэсэн зарын доор “Жүгдэр Г” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүн булганы арьс зарна гэсэн байсан тул чатаар нь холбогдож байгаад түүний 0000000000 гэсэн дугаарыг авч утсаар ярьж холбогдоход 1 ширхэг булганы арьс байгаа гээд удахгүй Улаанбаатар хот орохоороо холбогдъё яг одоо Эрдэнэт хотод байна гэсэн. 2023 оны 01 сарын 13-ны өдөр Г нь Улаанбаатар хот руу очиж явна гэхээр нь утсаар нь холбогдож байгаад Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Хүннү-2222 хороололд очиж Гтэй уулзаж нэг ширхэг Ойн булганы арьсыг 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг арьс их жижигхэн харагдахаар нь Гөөс хэдэн булганы арьсаар малгай хийдэг талаар асуухад 3 булганы арьс нэг малгай болдог гэж байсан. Түүнээс хойш дахин 2 ширхэг булганы арьс нэмж олох санаатай хайж байгаад зах дээрээс булган малгай авсан нь үнэ өртөг бараг ижилхэн, ажил, төвөг багатай болно гэдгийг нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдээд Ойн булганы арьсыг зарах санаатай цахим орчинд, “Чонын арьсан дах, Баавгайн арьсан дах” нэртэй фейсбүүк групп-д зар оруулсан юм. Худалдаж авсан Ойн булганы арьсаа 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гэртээ хадгалж байтал 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Экологийн цагдаагийн албаны хүмүүс ирж намайг шалгаж уг арьсыг хурааж авсан. Энэ үед надад Ойн булганы арьстай хамт үнэгний 1 ширхэг, хар өнгийн, орос булганы 1 ширхэг арьс байсан бөгөөд үнэгний арьсыг 2023 оны 01 сарын 5-ны орчим фейсбүүк хаягт үнэгний арьс зарна гэсэн зарын дагуу холбогдож байгаад Хан-Уул дүүргийн Эрлийн 94а байрны гадаа очиж 4 ширхэг арьсыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 3 арьс нь хуучин муудсан хэрэглэх боломжгүй болохоор нь хаяад арай гайгүй нэг арьсыг нь лоовууз малгай хийлгэх гэж өөртөө үлдээсэн байсан. Хар булганы арьсыг мөн фейсбүүк дээр “Лоовууз малгай хийх булганы арьс авна” гэсэн зарын дагуу холбогдож байгаад 2023 оны 01 сарын 18-ны өдөр гэрийнхээ гадаа хүргүүлж 100.000 төгрөгөөр авч байсан. Үнэг болон хар өнгийн булганы арьс худалдаж авсан, гэртээ хадгалсан, бусдад худалдсан үйлдэлдээ Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Баасанхүү гэдэг байцаагчид 300.000 төгрөгөөр торгуулж, 270.000 төгрөгийн нөхөн төлбөр төлж шийдвэрлүүлсэн. Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын орчимд байхдаа *******өөс тусгай зөвшөөрөлгүй, гарал үүслийн тодорхойлолтгүй Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан Ойн булганы арьсыг 60.000 төгрөгөөр худалдан авсан, мөн өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн оршин суудаг гэртээ хадгалсан, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкийн “чонын арьсан дах, баавгайн дах үслэг эдлэл авна” гэх группт өөрийн ................ нэртэй фейсбүүк хаягаас “Uneg bulga zarna” гэх зар байршуулж ойн булганы арьсыг бусдад худалдахыг завдсаны улмаас амьтны аймагт нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” бол тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Монгол Улсын амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “..."ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг...” ойлгоно гэж, мөн зүйлийн 4.1.20-д “...ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтнийг...” гэж тус тус заасан бол мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “...Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална...” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-ын 1.2-т Ойн булгыг бүртгэсэн байна.

Хэргийн үйл баримт болон хуулийн дээрх заалтуудаас харвал шүүгдэгч ******* нь ховор амьтны жагсаалтад багтсан ойн булганы арьсыг өвчиж бэлтгэн улмаар өөрийн гэр орон сууцандаа хадгалж, цаашлаад тээвэрлэн бусдад худалдан борлуулсан болох нь,

Шүүгдэгч******* нь тусгай зөвшөөрөлгүй гарал үүслийн тодорхойлолтгүй ойн булганы арьсыг худалдан авсан, хадгалсан, худалдахыг завдсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах...” гэнэ гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч ******* нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй этгээд атлаа үргэлжилсэн үйлдлээр ховор амьтдын жагсаалтад багтсан ойн булганы арьсыг өвчиж, өөрийн сууцандаа хадгалсан, мөн Орхон аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж, бусдад худалдан борлуулсан үйлдэлд нь Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч******* нь үргэлжилсэн үйлдлээр *******өөс тусгай зөвшөөрөлгүй, гарал үүслийн тодорхойлолтгүй, ховор амьтдын жагсаалтад багтсан ойн булганы арьсыг худалдаж авсан, цаашлаад бусдад худалдан борлуулах зорилгоор цахим орчинд зар байршуулж, худалдан борлуулахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч *******,******* нарын зүгээс өөрсдийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны жагсаалтад багтсан ойн булганы арьсыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдан борлуулсны улмаас амьтны аймагт 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч*******-ыг үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүй, гарал үүслийн тодорхойлолтгүй ховор амьтны жагсаалтад багтсан ойн булгыг худалдан авсан, бусдад худалдан борлуулахыг завдсаны улмаас амьтны аймагт нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь Экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 900.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 111, 114 дүгээр талд тус тус авагдсан орлогын баримтаар тогтоогдсон, хохирогч Ц.Т нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэр бүхий шүүгдэгч нараас нөхөн төлүүлж авсан цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаараа хүсэлт гаргасан /хх-ийн 108/-р тал байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******,******* нарын зүгээс холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг ,

Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал тус тус гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүхээс шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээгэж,

Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн шийтгэлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах...”-г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ойн булганы арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ж Гийг  үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны жагсаалтад багтсан ойн булганы арьсыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдан борлуулсны улмаас амьтны аймагт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч М овогт*******-ыг үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүй, гарал үүслийн тодорхойлолтгүй ховор амьтны жагсаалтад багтсан ойн булгыг худалдан авсан, бусдад худалдан борлуулахыг завдсаны улмаас амьтны аймагт нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т шүүхээс тэнссэн 01 жилийн хугацаанд “оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн...” бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т шүүхээс оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

8. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ойн булганы арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.САНЖИДМАА