Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

  2022        12         22                                   2023/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Хохирогч Э.Г, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,

            Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Аад холбогдох эрүүгийн 2206 00000 3672 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.А нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул Олон улсын худалдааны төвийн урд талын зам дээр .....УАУ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа .....УБО улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Э.Гттэй "дүрмээрээ явсангүй" гэж маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал,  зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд шарх, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ... Тэр үед Ариунбат намайг зогсоох санаатай орж ирээд шахангуутаа цаашаа шууд явсан. Тэгээд 1 дүгээр эгнээнээс гараад туслах зам руу ороод зогссон. Би буугаад маргаан үүссэн. Хог гаргаж шидсэн гэдэг худлаа, би нүүр рүү нь нэг ч цохиж чадаагүй. Нүд, хамраас зэрэг цус гараад харилцан зодоон хийх боломжгүй байсан. Би цалингаа нэхэмжилсэн үүнийг  зөвшөөрөхгүй гээд байгаа тал дээр өмгөөлөгчийн хэлж байгааг та бодож үзэх хэрэгтэй. Хамар хугарахаар нүүр битүү хавддаг. Хамарт 4-5 см сэтрэлт үүссэн оёдол тавиад боосон. 11 хоног боолттой явсан тэр үед 1 нүдээрээ харж хүний үс засаж чадахгүй шаардлагатай гэвэл дансны 14 хоногийн гүйлгээг хэрэгт хавсаргаж болно. Хагалгаа нь эмчийн магадлагаа дээр зайлшгүй шаардлагатай гэсэн тул  1 дүгээр сарын 10-ны өдөр хийлгэнэ.Нүдний эмчилгээ 3 тарилга, 1 сорвины тос өнөөдрийг хүртэл хийлгээд баримтаар нэхэмжилсэн. Би хагалгааны төлбөр, эмнэлгийн магадлагаатай байсан хугацааны цалин, эмчилгээний зардал 8.500.000 төгрөгийг  нэхэмжилж байна.” гэв.

  Эрүүгийн 2206 00000 3672 дугаартай хэргээс:

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би Нарантуул Олон улсын худалдааны төвийн урд зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа үл таних залуугийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн. Бид 2 машинаасаа буугаад маргалдаж эхэлсэн, тэр залуу нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний гаргасан үйлдлийн улмаас тухайн хүний биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/,

Хохирогч Э.Гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .....УБО улсын дугаартай Приус 20 загварын машинтай Нарантуул Олон улсын худалдааны төвийн ойролцоо хадам аав Бямбажав, хүү Халуутын хамтаар зүүн зүгт чиглэлтэй явж байгаад уулзвараар нэвтэрч ороход .....УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дүрэм зөрчиж орж ирээд надад шахуулаад уулзвараар нэвтэрч чадалгүй үлдсэн. Цааш явж байтал нөгөө машин дахиж араас шахаж ирээд миний баруун талаас буюу жолоочийн талаас мөргөчихсөн. Тэгээд машинаа харахаар бууж ирэхэд нөгөө машины жолооч  надад хандаад "аятайхан яваач гөлөг минь" гэж ууртай хэлсэн, би хариуд нь "дүрмээрээ явж байна, та хүнтэй зөв харьц" гэхэд тэр залуу уурлаад миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Миний зүүн нүдний зовхиноос, хамраас цус гарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 7-10-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14267 дугаартай "... Э.Гийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1  дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч С.Аын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 31-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хх-ийн 38-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул Олон улсын худалдааны төвийн урд зам дээр .....УАУ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа .....УБО улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Э.Гтэй "дүрмээрээ явсангүй" гэж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал,  зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би Нарантуул Олон улсын худалдааны төвийн урд зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа үл таних залуугийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн. Бид 2 машинаасаа буугаад маргалдаж эхэлсэн, тэр залуу нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа гараараа цохисон. Миний гаргасан үйлдлийн улмаас тухайн хүний биед гэмтэл учирсан. Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .....УБО улсын дугаартай Приус 20 загварын машинтай Нарантуул Олон улсын худалдааны төвийн ойролцоо хадам аав Бямбажав, хүү Халуутын хамтаар зүүн зүгт чиглэлтэй явж байгаад уулзвараар нэвтэрч ороход .....УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дүрэм зөрчөөд орж ирээд надад шахуулаад уулзвараар нэвтэрч чадалгүй үлдсэн. Цааш явж байтал нөгөө машин дахиж араас шахаж ирээд миний баруун талаас буюу жолоочийн талаас мөргөчихсөн. Тэгээд машинаа харахаар бууж ирэхэд нөгөө машины жолооч залуу бас бууж ирээд надад хандаад "аятайхан яваач гөлөг минь" гэж ууртай хэлсэн, би хариуд нь "дүрмээрээ явж байна, та хүнтэй зөв харьц" гэхэд тэр залуу уурлаад миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Миний зүүн нүдний зовхиноос, хамраас цус гарсан" гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14267 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Аын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Э.Гийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Аын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Аын хохирогчийн биед хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Э.Г нь баримтаар шинжилгээ, хагалгааны төлбөрт 4.220.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 2.256.940 төгрөг, эм, эмчилгээний зардал 755.040 төгрөг  нийт 7.231.980 нэхэмжилснээс шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад эмчилгээний зардлаас 800.000 төгрөг төлсөн байх тул  4.175 040 /дөрвөн сая нэг  зуун далан таван  мянга  дөчин/ төгрөгийг шүүгдэгч С.Ааас гаргуулж хохирогчид  олгохоор шийдвэрлэж, хохирогч Э.Г нь энэ гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны орлого, хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч С.Ааас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Шүүгдэгч С.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2  дах  хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Аад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Аад оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Гт эмчилгээний зардалд 800000 /найман зуун мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ааас 4.175 040  /дөрвөн сая нэг  зууун далан таван мянга дөчин/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Гт олгосугай.

8. Хохирогч Э.Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Х.САНЖИДМАА