Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/217

 

 

 

 

 

 

2023         03          23                                  2023/ШЦТ/217

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч Д.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хд холбогдох эрүүгийн 2311000000182 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          Монгол Улсын иргэн, Д.Х, 1992 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмисст мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, Нарт хотхон ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: /РД:............/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, “Булаг” дэлгүүрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч хохирогч М.Агийн эрх, эрх чөлөөнд нь халдан зодож түүний биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун дал, баруун бугалга, баруун тохой, шуу, баруун гарын сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, зүүн гуя, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн тохой, зүүн даланд зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч Д.Хгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Д.Хгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз охин Агийнхаа хамт гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн Хайлаастад байх Агийн найзуудын гэрт очиход эрэгтэй эмэгтэй хоёр найз нь байсан. Бид нар хоол унд хийж идээд лаазтай пиво ууж байгаад, 1 шил Соёрхол нэртэй архийг тухайн гэрийн эзэн залуу бид хоёр хуваан уучихаад би тасарчихсан юм. Юу болсныг би сайн санахгүй байна. Тэгээд нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн..Би гэм буруугаа хүлээж байна..” гэсэн мэдүүлэг /хх-18-19, 32-33/,

Хохирогч М.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би гараад зам руу гүйгээд такси барих гээд байж байтал удалгүй Х араас гарч ирээд “Булаг" супермаркетын орчимд Х араас гарч ирээд “Чи муу намайг эрүүлжүүлэхэд барьж өгөх гэж байна уу” гэснээ намайг түлхэж унагаад, би газар унаад хэвтэж байтал миний нүүр, хамар хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгээд миний хамраас цус гартал Х ‘битгий жүжиглээд бай’ гээд миний толгой болон гэдэс хэсэг рүү цохисон. Тэгээд би цагдаа дуудсан ба тухайн үед Х пудволктой байсан тул гэр лүүгээ буцаад орсон. Би тэгээд буцаад ортол Х байж байсан ба хоёр цагдаагийн алба хаагч аваад явах гэтэл над руу дахин дайраад намайг үсдээд байсан ба цагдаа нарыг эсэргүүцээд заамдалцаад зууралдаад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-11-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн 1924 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..М.Агийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун дал, баруун бугалга, баруун тохой, шуу, баруун гарын сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, зүүн гуя, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн тохой, зүүн даланд зулгаралт, зүүн бугалганд хуучин цус хуралт, зүүн цавь, хэвлийд зулгаралтын дараах сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун дал, баруун бугалга, баруун тохой, шуу, баруун гарын сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, зүүн гуя, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн тохой, зүүн даланд зулгаралт гэмтэл нь тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн бугалганд хуучин цус хуралт нь 5-аас дээш хоногийн өмнө, зүүн цавь, хэвлийд зулгаралтын дараах сорви гэмтэл нь нэг сараас дээш хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх шинэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хуучин гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-22-24/, шүүгдэгч Д.Хн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч М.Ад учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Х нь хохирогч болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр М.Аг цохиж, зодож үүний улмаас биед нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун дал, баруун бугалга, баруун тохой, шуу, баруун гарын сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, зүүн гуя, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн тохой, зүүн даланд зулгаралт, зүүн бугалганд хуучин цус хуралт, зүүн цавь, хэвлийд зулгаралтын дараах сорви бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хувийн байдал болох эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын тогтмол орлоггүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Хд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогч М.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХБАЯР