Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2019/02820/И |
Дугаар | 001/ХТ2021/01334 |
Огноо | 2021-11-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2021/01334
2021 11 04 001/ХТ2021/01334
............ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00010 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 364 дүгээр магадлалтай,
............ын нэхэмжлэлтэй
............ад холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч ............ын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.08.24-ний өдөр төрсөн эцэг Жанлавтай малын наймаа хийдэг байсан Улаанбаатар хотын махны ченж гэх урьдын танил ............ хоёр машинтай хэдэн хүний хамт манайд ирээд хонь бөөний үнээр авч Улаанбаатар хотод үнэ нэмж борлуулахад ашигтай байдаг гэж хэд хоног манай гэрээр хонож өнжөөд авах хонио сонгон нийт 700 толгой хонийг надаас зээлийн нөхцөлтэйгээр аман хэлцэл хийж, хонь нэг бүр нь зах зээл дээр 100,000-150,000 төгрөгт байдаг үнэ ханшийг урьдын харилцааны итгэл дээрээс үндэслэж нэг бүрийг нь дунджаар 72,000 төгрөгт тооцож нийт 50,000,000 төгрөгийн хонь худалдан авсан. Авсан 700 хонийг Улаанбаатар хотоос мал авах зорилгоор унаж ирсэн урт шалаанз авто машинаар нийт 5 удаа тасалж Улаанбаатар хотруу тээвэрлэсэн. Эхлээд 2 том шалаанз, дараа нь дахиад 2 том шалаанз нэг нь 2 давхар машинаар хотруу авч явсан. Ингээд зээлээр авсан хонины мөнгөө хэд хоногоос миний дансанд цувуулж Хаан банкны 5045123264 дансанд 5017151230 данснаас 2017.08.20-ны өдөр 100,000 төгрөгийг, 2017.08.24-ний 6,000,000 төгрөгийг 2 удаа 3, 3 саяар, 2017.08.27-ны өдөр 2,900,000 төгрөгийг, 2017.08.29-ний өдөр 9,000,000 төгрөгийг, 2017.08.30-ны өдөр 500,000 төгрөгийг, 2017.09.19-ний өдөр 5,100,000 төгрөгийг, 2017.09.22-ны өдөр 1,400,000 төгрөгийг, 2017.10.30-ны өдөр 150,000 төгрөгийг, 2019.09.07-ны өдөр 5017074536 данснаас 5,000,000 төгрөгийг, 2017.10.18-ны өдөр 5017211893 дугаар данснаас 200,000 төгрөгийг, 2017.10.27-ны өдөр 250,000 төгрөгийг, нийт 30,600,000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 6 хуудас баримтаар тогтоогдоно. Бэлнээр 7,400,000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 12,000,000 төгрөг өгөөгүй. ............ын 9917-8768 утсаар холбоо бариад үлдэгдэл мөнгөө удаа дараа нэхэж шаардсан боловч удахгүй өгнө, санаа зоволтгүй гээд янз бүрийн зовлон шалтаг шалтгаан ярихад нь итгээд өгөх байх гэж хүлээж хоног хугацаа их алдсан. Гэтэл сүүлдээ хамт явсан хүмүүсээ өгөх ёстой мөнгийг нь авч өгнө гэж бие биерүүгээ чихэж одоо болтол үлдэгдэл 12,000,000 төгрөгийг өгөхгүй байна. Би анхнаасаа ............ад итгэж л 700 хонио зээлээр өгсөн. Иймд ............аас 700 толгой хонины үнэ 50,000,000 төгрөгөөс үлдэх 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017.08 дугаар сард иргэн Батдоржийн санал болгосны дагуу Баруунхараа сумруу мал авч тохиролцохоор өөрийн найз Бямба-Очирын хамт гурвуулаа нэгэн айлд очиж наймаа хийхээр малыг үзсэн билээ. Бид үзээд малын үнэ тохироогүй буцаж ирсэн. Харин хэд хоногийн дараа Батдорж хамт яваад өгөөч гэж гуйгаад өдрийн хөлс тохироод явсан. Батдорж тэр айлыг таньдаг их дотно харилцаатай найз ах дүү нартай нь тохиролцсон байх, хэдээр тохиролцсоныг нь ч мэдээгүй, наймаанд оролцоогүй. Батдоржийн хүсэлтээр өдрөөр үнэ тохирч унаа машинаар 3 удаа үйлчилсэн. Батдорж нь иргэний үнэмлэх байхгүй данс нь ч байхгүй чи л мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэд хэдэн удаа мөнгөө бэлнээр өгч дансаар минь шилжүүлсэн гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00010 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ............аас 12 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ............аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ............аас 206 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 364 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ............ хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч ............ миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид шүүх гардуулсан. Хариуцагч өөрт нь хэнээс ямар асуудлаар юун талаар нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртэй нь холбогдуулж маргаан үүссэн талаар ойлголт авсан...улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй өөрт хамааралгүй гэдэг агуулгаар бичгээр тайлбар гаргаж өгсөн...хэргийн материалтай танилцсан, эрх үүрэгтэйгээ танилцаж мэдсэн энэ талаар шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй, хариуцагч Ганбатад шүүх хурлын тов мэдэгдсэн, хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн, улмаар шүүх хуралд оролцохгүй гэдгээ бичгээр үйлдэж өгсөн байдаг. Анхан шатны шүүх товлогдсон өдрөө шүүх хуралдаанаа нээж нарийн бичгийн даргаас хэргийн оролцогчдын ирцийг бүртгэсэн. Хариуцагч Ганбат шүүх хуралдаа ирээгүй байсан. Шүүх хуралдаан даргалагчаас ирцтэй холбоотой ямар санал, хүсэлт байгааг нэхэмжлэгч тал биднээс тодруулсан. Бид нэхэмжлэлээ дэмжиж Сэлэнгэ аймаг Баянгол сумаас зорьж ирсэн тухайгаа илэрхийлээд шүүх хурлыг цааш үргэлжлүүлж хариуцагчийн эзгүйд шүүх хурал явуулж өгнө үү гэсэн санал хүсэлтээ өмгөөлөгчийнхөө хамтаар илэрхийлсэн. Шүүх саналыг хүлээн авч хурлаа цааш нь үргэлжлүүлж явуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцсэн. Шүүх хурал ирцтэй холбоотой асуудлаар хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж шинээр гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлт байгаа эсэхийг хуульд заасны дагуу асууж тодруулсан. Бид анх нэхэмжлэлийнхээ үндэслэлд дурьдагдсан тухайн хэргийн талаар сайн мэдэх Булганбаатар Наранцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байгаагаа бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Шүүх хуралдаан даргалагч гэрчээр асуугдах хүмүүс нэхэмжлэлийн үндэслэлд шалгаж байсан. Ингээд шүүх хуралдааны явцад гэрч асуух эсэх дээр завсарлаж хүсэлтийг хүлээн авч гэрч асуусан. Хариуцагч шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа нэхэмжлэгч бидний гаргаж өгсөн нотлох баримт дээр маргаж тайлбар өгөөгүй ор тас хүлээн зөвшөөрөхгүй гэдэг агуулгаар тайлбар гаргаж улмаар би шүүх хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд хүндэтгэн үзэх өөр шалтгаангүйгээр шүүх хуралдаа өөрөө ирээгүй шүү дээ. Энэ хариуцагчийн хаягаар би Улаанбаатар хотод удаа дараа ирж цаг зав, зардал мөнгөөрөө түүнд өгсөн мөнгөнөөс гадна хохирсон байхад ямар санаатай шүүх хурлын байгууллагыг үл хүндэтгэж шүүх хуралдаа оролцоогүй юм бэ? Хөдөөний хүн миний үйлээ үзэж өсгөсөн малыг зээлээр авч явчихаад эцэст нь тооцоогоо дуусгахгүй зугтсан. Хүний өмнөөс удаа дараа мөнгө шилжүүлдэг байсан гэх зэрэг нотолгоо баримтгүйгээр давж заалдах шүүх хурал дээр тайлбарлаж байсан. Надаас ............ 700 толгой малыг зээлж авч яваад үнэ нэмж зарж борлуулсныхаа дараа цувуулж мөнгө шилжүүлдэг байсан. Би энэ хүнтэй наймаа хийсэн юм. Гэтэл надтай наймаа хийгээгүй гэж гүрийж, шүүх хуралд ирэхгүй гэдгээ илэрхийлээд хуралдаа ирээгүй. Эрх үүрэг ойлгомжтой тайлбарлаагүй энэ тэр гэж арга саам хийж төлбөрөөс мөн зугтаж байна гэж би ойлгож байна. Надад давж заалдах шатны шүүхийн шийдвэр маш гомдолтой байна. Иймд хуулийн дагуу шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ............ нь хариуцагч ............ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар хонио худалдахаар өөрсдийн танил Ж.Батдоржтой тохирсон, харин миний хувьд өдрөөр хөлс тохирч, түүнтэй хамт явж машинаар хонийг ачилцаж өгсөн, хэдэн хонийг, хэдээр авахаар тохирсныг огт мэдэхгүй, Ж.Батдорж нь иргэний үнэмлэх байхгүй, данс байхгүй, шилжүүлээд өгөөч гэж гуйсны дагуу өөрийн данснаас нэхэмжлэгч нарт мөнгө шилжүүлсэн гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх 2019.12.20-ны өдрийн шүүгчийн захирамжаар Хаан банкнаас нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн туслах 2019.12.24-ний өдөр, уг захирамжийн дагуу ирүүлсэн баримттай танилцахыг хариуцагч ............ад утсаар мэдэгдэхэд “...ойлголоо,.. танилцах шаардлагагүй, шүүх хуралд оролцохгүй...” гэж мэдэгджээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ж.Наранцэцэг, Л.Булганбаатар нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хуралдаан дээр мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг шийдвэрлээгүй, энэ ажиллагааны талаар хариуцагчид мэдэгдээгүй, энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулдаг байна. Шүүх хуралдааныг хойшлуулах, шинээр нотлох баримт гаргах хүсэлтийг хэргийн оролцогчийн хэн аль нь гаргаагүйгээс гадна шүүх шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагатай гэж үзээгүй, хэргийг хянан хэлэлцэж эхэлсэн, үүнд шүүхийг буруутгах боломжгүй байна. Харин хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж гаргаагүй нь зөрчил мөн боловч гэрчээс мэдүүлэг авснаас үзэхэд хүсэлтийг хангасан, хүсэлтийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан гэх үндэслэл байхгүй тул шийдвэрт нөлөөлсөн, ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна.
Шүүхийн нотолгооны процесст хоёр тал оролцох ёстой ба хариуцагч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байдал нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх ажиллагаанд нөлөөлөх ёсгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч ............ нь 2017.08.24-ний өдөр нэхэмжлэгч нараас 700 толгой хонийг хүлээн авсан, хонины үнэд 50,000,000 төгрөг төлөхөөс 30,600.000 төгрөгийг дансаар, бэлнээр 7,400,00 төгрөгийг өгсөн, 12,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч ............ нь 700 толгой хонийг хүлээж авсан, хонины үнээс 38,000,000 төгрөгийг өөрөө төлсөн нь тогтоогдсон тул гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгч болон Ж.Батдорж нарын хооронд хэлцэл байгуулагдсан гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Шүүх 2019.12.02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2021.12.02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан, 2019.12.25-ны өдөр шүүх хуралдаан товлосон, мэдэгдэл хүргүүлсэн хэлбэр, хугацаанаас үзэхэд зохигчийн мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 364 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 206,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД