Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                        

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Б.Чимгээ,

хохирогч Х.Анхтуяа,

шүүгдэгч Г.Гансүх, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганганмөрөнгийн Гансүхэд холбогдох 201625013242 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр  сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа вакум цонхны үйлдвэрт туслах ажилтнаар ажилдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 31а-679 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 01 хоног хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн ялыг нэмж 10 жил 07 сар 06 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 5 сар хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоног хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Боржигон овогт Ганганмөрөнгийн Гансүх /РД: ЖЯ83122071/,

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр)

Яллагдагч Г.Гансүх нь ялтай байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 9 дүгээр гудамжинд явж байсан хохирогч Х.Анхтуяагийн амыг нь дарж, өмдийг гуя хүртэл тайлж, эсэргүүцэл үзүүлэх үед нь хурц ир үзүүртэй зүйлээр хатгаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр ажилгүй байсан. Тэгсэн орой 18 цаг өнгөрч байхад манай үеэл дүү 2 шил пивотой ирээд хувааж уусан. Тэгээд үеэл дүүгээ гаргаж өгөх гээд доошоо яваад Цайзаас Дарь-Эх рүү суулгаж өгсөн. Тэгээд зүс таних 2 залуутай таарч энэ хэрэг гарсан хашааны буланд нэг шил архи хувааж уусан.  Тухайн үед миний халаасанд мөнгө байсан болохоор такси бариад явах гээд зогсож байхад миний ухаан санаа балартсан байсан. Тухайн үед хохирогчийн араас хоолойг нь боосон болон өмдийг тайлж шувталсан гэдгээ санаж байна. Гэнэт ухаан ороод хохирогчоос уучлаарай гээд босоод гүйгээд явсан. Тэгтэл өөдөөс нэг залуу ирээд барьж авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Ганцхан удаа үрийнхээ зулайг үнэрлэх. Дахин ийм асуудал гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Х.Анхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нилээн орой гэртээ ирсэн. Тэгээд дэлгүүр гараад буцах замд шүүгдэгч гудамжнаас чиглээд ирж байсан. Тэгээд хашааныхаа үүдэнд иртэл араас шүүгдэгч нь баруун гараараа боогоод зүүн гараараа миний өмдийг доошоо шувталсан. Тэгээд би эсэргүүцээд газар унаад гар, хөлөөрөө эсэргүүцэл үзүүлэхэд ямар нэгэн үзүүртэй зүйлээр дээрээс хатгаад байсан. Шүүгдэгч нь надаас уучлалт гуйсан гэх боловч надаас уучлалт гуйгаагүй. Намайг өшиглөснөө дээшээ зугтаагаад явсан. Тэгээд би шүүгдэгчийн араас орилоод нөхөрөө дуудаад дээшээ гүйж байхад зүүн гар дагаад цус урссан. Тухайн үед гэмтэл учирсан гэдгээ мэдээгүй. Харин шүүгдэгчийн араас дээшээ гүйж байхдаа мэдсэн. Тэгэхэд араас ээж гарч ирэхээр нь “би намайг нэг хүн зодоод хутгалчихлаа Болдоог дууд” гэж хэлсэн. Тэгсэн дээрээс нэг хүн ирж байхаар нь наад хүнээ бариад ав гээд орилоход барьж авсан. Тэгэхэд шүүгдэгч их согтоогүй байсан. Тэгснээ орилж хашгираад янз бүрээр жүжиглээд байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан. Удалгүй цагдаа ирээд шүүгдэгч залууг авч явсан. Ингээд би цагдаад хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр зүйлгүй. Би сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед цагдаа асуухаар нь амандаа орсон тоогоо хэлсэн. Учир нь шүүгдэгч тохиролцъё гээд шалаад байсан. Би хэвлийдээ 3 оёдол тавиулсан. Иймд 3.000.000 төгрөгийг хохиролд тооцуулж авах хүсэлтэй байсан боловч эмчлүүлсэн баримт одоогоор байхгүй байна. Яагаад гомдолтой байна гэвэл би тэр үед боолтонд орж амьсгалж чадахгүйд хүрч амь насаа алдах байсан гэв. 

 

Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Анхтуяа бол миний эхнэр байгаа юм. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой 21 цаг 30 минутанд би эхнэртэйгээ хамт гэртээ ирээд унтахаар хэвтсэн чинь манай том хүү Нинжин өлсөөд байна гэхээр нь эхнэр гарч дэлгүүр орсон байсан. Дэлгүүр явах үед нь би жоохон зүүрмэглээд унтчихсан байсан. Ингээд унтаж байсан чинь манай хадам ээж Дэлгэрсайхан сэрээгээд Анхтуяа гадаа орилоод байна. Намайг зодоод хутгалчихлаа гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод гараад очсон чинь Анхтуяа манай хашаанаас баруун тийш 2 дахь хашааны цаана оччихсон нөгөө зодсон гэх хүнээ барьчихсан зогсож байсан. Тэгээд би нөгөө залууг нь очиж барьж аваад өөрийнхөө хашааны үүдэнд авчраад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24х/Гэрч М.Азбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орой 22 цаг өнгөрч байхад Улиастай 10-с Баянзүрх дүүргийн    22-р хороо, Өлгийн 9-р гудамжинд зодуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэний дагуу очиж шалгахад, Хүрэлбаатар овогтой Анхтуяа гэх эмэгтэй дал болон хавирган дээрээ хутгаар зүссэн шархтай, нөхөртэйгээ хамт хутгалсан гэх залууг барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь хутгалсан гэх эрэгтэйг машиндаа суулгаад, нөхрийнх нь хамт 9-р гудамжинд хутгалсан гэх хутга болон иртэй зүйлийг хайж үзэхэд ямар нэгэн хутга мэсний зүйл олдоогүй. Ингээд тэр залууг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч түр саатуулсан. ... хохирогч Анхтуяа “миний өмдийг шувтаж хүчиндэхийг завдахаар нь эсэргүүцэл үзүүлэхэд иртэй зүйлээр зүсэж гэмтээсэн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25х/

 

Гэрч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орой ... Улиастай 10-с Баянзүрх дүүргийн 22-р хороо, Өлгийн 9-р гудамжинд зодуулсан хүн байна гэсэн дуудлагыг хүлээн аваад цагдаа жолооч М.Азбаярын хамт очиж шалгахад, Х.Анхтуяа гэх эмэгтэй хутгалуулсан байдалтай цамцаа сөхөж үзүүлээд байсан. Ингээд хутгалсан гэх залууг машиндаа суулгаад юу болсон талаар асуухад “би ямар нэгэн хэрэг хийгээгүй, би зүгээр байсан гэж хэлсэн” тэгэхээр нь би эхнэртэй юу чи гэж асуусан чинь эхнэртэй, манай эхнэрийг Мөнхзул гэдэг гэж ярьж байсан. Сүүлд ахиад асуусан чинь Мөнхдэлгэр гэдэг гэж 2 удаа худлаа хэлсэн. Ер нь бол жоохон согтолттой байсан. Ингээд автомашинд холбогдогчийг суулгаж байхад цагдаа Азбаяр хутга мэсний зүйл хайсан боловч олдоогүй. Хохирогчийг 103-т хүлээлгэж өгч, Гансүхийг хэсэг дээр авчирч саатуулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 26х/

Гэрч Б.Буяннэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр орой 22 цагийн үед ажил хөөцөлдөж байгаад гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 22-р хороо Өлгийн 119 тоотод байрлах гэрлүүгээ орох гээд өөрийн 9-р гудмаар уруудаж явсан чинь доор нэг эмэгтэй орилоод, авраарай, туслаарай, наад хүнээ бариад аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөдөөс гүйж ирж байсан залуугийн 2 гарнаас нь бариад авсан. Намайг барьж авах үед гартаа ямар нэгэн зүйл огт бариагүй байсан. Тэр Анхтуяа гэх эмэгтэй над дээр өөрөө ирээд намайг хутгалчихлаа гээд баруун гар талын дал хэсгээ гараараа дарчихсан үзүүлж байсан. Тэгээд би нөхрийг нь таньдаг болохоор нөхөр Болдоог нь гэрээс нь дуудсан. Нөхөр нь гарч ирээд цагдаа болон түргэн дуудсан”  /хх-27х/ гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйл буюу иртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уналтаас үүсэх боломж байхгүй. Хатгагдсан шарх байсан. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-30х/ гэх мэдүүлэг, 

 

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11756 тоот шинжээчийн:

 1. Анхтуяагийн биед хацар, шуу, мөрөнд зулгаралт, хэвлийд хатгагдсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-28-29х/ гэх мэдүүлэг,

 

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5624 тоот шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн цамцны урд 31 мм, цамцны ард 32 мм хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхайнууд гарсан байна.

2. Дээрх зүссэн уранхайнууд нь хэрэг үйлдэгдэх үед үүсэх боломжтой /хх-32х/ гэх дүгнэлт,

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Г.Гансүхийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэгүүд /хх-45х/, хохирогч Х.Анхтуяа /хх-21х/, гэрч Б.Ганболд /хх-24х/, М.Азбаяр /хх-25х/, А.Алтангэрэл /хх-26х/, Н.Туяа /хх-30х/, Б.Буяннэмэх /хх-27х/ нарын мэдүүлгүүд, 11756, 524 тоот шинжээчийн дүгнэлт /хх-28х, 32х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-46х/, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-53х/, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-55х/, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-58х/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-60-62х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-64х/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар захирамжийн хуулбар /хх-65-67/, хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-68х/,  мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-71-72х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.       

           Шүүгдэгч Г.Гансүх нь ялтай байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 9 дүгээр гудамжинд явж байсан хохирогч Х.Анхтуяагийн амыг нь дарж, өмдийг гуя хүртэл тайлж, эсэргүүцэл үзүүлэх үед нь хурц ир үзүүртэй зүйлээр хатгаж бие махбодид нь хацар, шуу, мөрөнд зулгаралт, хэвлийд хатгагдсан шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан хүчиндэхийг завдсан болох нь шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

           

            Иймд  шүүгдэгч Г.Гансүхийг хохирогчид хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Анхтуяа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэл санааны  хохиролд 3.000.000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганганмөрөнгийн Гансүхийг бусдыг хүч хэрэглэн хурьцал үйлдэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Г.Гансүхэд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Г.Гансүхэд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 26 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Гансүхэд холбогдуулан 2 жил 26 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн QUEEN гэсэн бичигтэй богино ханцуйтай, цайвар цэнхэр өнгийн 1 ширхэг цамцыг устгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Гансүхэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гансүхэд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ