Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/28

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Н.Энхнаран   

Прокурор                                                      Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                       Б.Г нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайханы даргалж шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн 1921004600264 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Таргад овогт Б.Г, Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут Уул”-ын зүүн талын авто зам дээр ... улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12 дугаар бүлгийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар А.Т, А.Б нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж нь шүүгдэгч Б.Г-ыг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас А.Т, А.Б нарын амь насыг хохироосон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Таргад овогт Б.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж,

5/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж ... шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ...шүүгдэгч Б.Г нь анх удаа болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдсон, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байгаа, хүний амь насыг юугаар ч илэрхийлж болохгүй боловч оршуулгын зардалд тус бүрт нь 7000000 төгрөг төлсөн, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч А.М, Ч.А нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөн шүүгдэгч Б.Г нь ар гэрээ авч явдаг ганц хөдөлмөр эрхэлж байсан хүн, оюутан дүү Дарьсүрэн нь одоо 4 дүгээр курс, төгсөх ангийн оюутан, сургалтын төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа, ээж Оюунцэцэг нь бие муу хүнд байдалтай харвалт өгч байсан бөгөөд эмчийн хяналтанд байж байнга эмчилгээ хийлгэдэг. Амьдралынх нь баталгаа болсон хүн хэрэгт холбогдоод олон жилээр ял аваад явахад эдгээр хүмүүсийн амьдрал дагаад хямралд өртөж байна. Иймд Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” буюу хорих ялыг хөнгөрүүлэх боломжийг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг багасгаж нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Г 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие 2019.06.20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут Уул”-ын зүүн талын авто зам дээр өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол гаргасан бөгөөд ослын улмаас надтай хамт явсан Б, Т нар нь газар дээрээ нас барсан харамсалтай явдал тохиолдсон. Миний бие өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж 2 хүний амь насыг хохироосон гэм буруутай үйлдэлдээ анхан шатны шүүхээс 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд шүүхээс миний бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан нөхцөл байдлыг үнэлж хөнгөн ял шийтгэл оногдуулсанд талархаж байгаа. Миний ар гэрийн амьдрал ахуй сайн биш би ахыгаа дагаж амьдралаа авч явахын тулд Дорнод аймагт барилгын ажил хийхээр ирсэн ба шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хорих ангид олон жилээр эдлэхэд хэцүү байна. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж аль болох хурдан хугацаанд ял шийтгэлээ эдэлж дуусгаад ард олныхоо дунд ажил хөдөлмөр эрхлэх байдлаар алдаа зөрчлөө ухаарч сурч хүмүүжих хүсэлтэй байна. Миний үйлдсэн гэмт хэрэг хамгийн хүнд зүйл ангид хамаарч 2-8 жилийн хорих ялын хэмжээтэй боловч миний хувийн байдал, амьдралын боломж, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорих ялын хэмжээг багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ээж, дүүгийн хамт амьдардаг. Дүү минь оюутан, ээж маань харвалт өгөөд эмчийн хяналтад байдаг учраас би ар гэрээ авч явдаг. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хорих ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээг хоёрны нэгээр багасгаж, 1 жилийн хорих ял оногдуулан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Д.Нямдэлэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир прокурорын зүгээс тусгайлан гаргах санал, дүгнэлт байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут Уул”-ын зүүн талын автозам дээр ...улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “жолооч замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12 дугаар бүлгийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар  А.Т, А.Б нарын амь насыг хохироосон гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч Б.Г-т анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “хорих ялыг багасгах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г-ын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                                            Л.НАРАНБАЯР