| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/213 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/213
2023 03 23 2023/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч О.Нандинцэцэг, /томилолтоор/
Шүүгдэгч Д.А өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 2311000410122 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Д.А, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Нартын .....” ХХК-нд угсралтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн ....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: ........../.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 5-44 тоотод хохирогч Э.Сыг хогоо гаргаж ачуул гэж хэллээ гэж маргалдан зодож, түүний биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.Аээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..С над руу чи наа хогоо гаргаад хашааны гадаа гаргаад тавь гэхээр нь би чамтай чамгүй хогны машин ирэхээр аччихна гэсэн чинь чи муу юу гээд байгаа юм гээд хүрээд ирэхээр нь би эргэж гэртээ ороод гутлаа өмсөж гарч ирээд Стай заамдалцаад түлхээд зүүн гараараа баруун хацар руу нь нэг удаа цохиод уначихаад босч ирээд дахиж над руу дайрахаар нь гуя руу нь нэг удаа өшиглөөд зүүн шанаа руу нь нэг удаа цохьсон..” гэсэн мэдүүлэг /хх-49-51/,
Хохирогч Э.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манайх Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 5-44 тоот хашааг 2022 оны 06 дугаар сараас түрээслэн байшинд нь сууж байгаа юм. Манайхыг нүүж ирэхэд хашаанд нь нэг айл түрээсэлдэг гээд гэр бариад буусан байсан. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал үдээс хойш хогоо ачуулах гээд хашааны үүдэнд гарсан байсан. Гэтэл хажуу айл хогоо хашааны үүдэнд гаргаагүй байхаар нь би гэрийнх нь гаднаас “хүн байна уу, хогоо хашааны үүдэнд гаргаарай” гэхэд гэрийн эзэн залуу А гарч ирээд” чамаар заалгахгүй” гэж хэлээд эргээд орсон. Тэгэхээр нь би “манайх хогоо гаргачихсан байна, түрээсийн юманд байж байж цэвэрхэн байцгаая, хогоо гарга” гэж хэлсэн чинь нөгөө залуу эргэж гарч ирээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү цохиод хоолой боогоод гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд миний эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд буцаад гэр рүүгээ орчихсон. Манай хоёр хүүхэд намайг цонхоороо харж байсан болохоор би гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 624 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:/хх-22-23/ “..Э.Сын биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Э.Сад учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.А нь хохирогч Э.Стай маргалдан улмаар түүнийг зодож, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Аээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Э.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР