Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

2023        01        03                                2023/ШЦТ/44

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Х.П,

хохирогч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Пд холбогдох 2203 00610 0592 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Х.П нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шар хадны зам “Хөх бодон” хүнсний дэлгүүрийн урд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 20 цаг 00 минутын орчимд Toyoto Corsa маркийн ......... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Г.Гийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.П шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “ Ахыгаа уучлаарай. Шар хаднаас хотын иргэдийг зөөж тээвэрлэж таксинд явдаг юм.2022 оны 9 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед гэрийн урд хүн хүргэж өгчихөөд буцаад явах замд бороо орсон. Гарц өнгөрөөд 30 метр явж байхад машинууд гэрлээ асаасан, бороотой, цанатай, урдаас том машинууд зөрж байсан. Хохирогчийг замын голд байгааг анзаараагүй. Гэнэт хажуугаас дэрлээд ороод ирсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “Зүүн талаас машин ирэхгүй болохоор хотын төв орох тал руу гараад явж байхад Х.Пгийн машин ирээд мөргөсөн. Үнэхээр хөл эдгэрээд гайгүй бол чимээгүй өнгөрье гэж бодсон. Энэ хүнийг хохироох хүсэл алга байна гэж байцаагчдаа хэлсэн. Явцын дунд эмнэлэгт үзүүлж хөлийн зураг авахуулдахад  урд чагтан холбоос нь тасарсан байна гэсэн.Шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн хүндэвтэр зэрэг гарсаэн. Х.П нь осол болсон орой залгасан Үүнээс хойш над руу яриагүй. Эмнэлгээс гарсны дараа төлбөр мөнгө тооцогдоод явсан. Энэ хүн мэдээгүй  байх. Би 3 сарын хугацаанд гэртээ байсан. Баримтад тулгуурласан эмчилгээний зардал 1 937 100 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2203 00610 0592 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Х.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Шар хадны эмнэлгийн урд замын голд нэг согтуу хүн гар өргөөд зогсож байсан. Би баруун гар талаар нь тойрч байх үед Г.Г машины зүүн тал руу дэрлээд ороод ирсэн. Тэгээд тормос гишгээд зогсох үед нөгөө залуу газарт унасан. Би 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Миний жолоодож явсан Toyota Corsa маркийн .......... УБӨ дугаартай авто машины урд хэсгээр их эвдрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр найзынхаа байшингийн найранд очоод архи уусан. Орой 20 цагийн үед Чинзориг жоохон согтсон байсан учир такси барих гээд зам руу орж гараад байсан. Тухайн үед машин ирж байхаар нь найз Чинзоригийг замаас гаргатал ирж байсан автомашин намайг мөргөөд газарт унагасан. ...Би өөрийн биед хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-20-22 тал/,

Гэрч Ц.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ...Би 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр найзуудыгаа байшингийн найранд дуудсан Ган-Эрдэнэ манайд ирээд нэг шил архи хувааж уугаад 20 цагийн үед гэрлүүгээ харих гээд явахаар нь би гаргаж өгсөн. Ган-Эрдэнэ намайг замаас гаргаад өөрөө такси барих гэж замруу ороод машинд мөргүүлсэн, би тухайн үед согтолттой байсан учир зарим юмаа сайн санахгүй байна " гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.СийнХохирогч Г.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөг гарсныг яллагдагч Х.Пгээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү" гэх мэдүүлэг / хх-74 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13699 дугаартай: Г.Гийн биед баруун тахилзуур ясны толгой шахагдсан хугарал, баруун дунд чөмөгний доод булууны ясны хэмт эдийн хаван, баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, дотор дагуу холбоосны суналт, дотор хагас саран жийргэвч мөгөөрсний урд болон арын эврийн урагдал, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт, зүүн гуя тахимын хонхорын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байнагэх шинжээчийн дүгнэлт /хх-38-40 тал/,

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 38911306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48-54 тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 1305 дугаартай: “Toyota Corsa маркийн .......... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь “Жолооч аюул саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч  Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дах заалт “ явган зорчигч дараах зүйлийг хоригдоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гсээн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэх магадалгаа /хх-ийн 55-56 дугаар тал/,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-69 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам, тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр тал/, шүүгдэгч Х.Пгийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/, шүүгдэгч Х.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/, Х.Пгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Пд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.П нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шар хадны зам “Хөх бодон” хүнсний дэлгүүрийн урд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 20 цаг 00 минутын орчимд Toyoto Corsa маркийн ......... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Г.Гийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Х.П шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “Гарц өнгөрөөд 30 метр явж байхад машинууд гэрлээ асаасан, бороотой, цанатай, урдаас том машинууд зөрж байсан. Хохирогчийг замын голд байгааг анзаараагүй. Гэнэт хажуугаас дэрлээд ороод ирсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд  гаргасан: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр найзынхаа байшингийн найранд очоод архи уусан.  Зүүн талаас машин ирэхгүй болохоор хотын төв орох тал руу гарах гээд явж байхад Х.Пгийн машин ирээд мөргөсөн.." гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ...Ган-Эрдэнэ намайг замаас гаргаад өөрөө такси барих гэж замруу ороод машинд мөргүүлчихсэн" гэх гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13699 дугаартай: Г.Гийн биед баруун тахилзуур ясны толгой шахагдсан хугарал, баруун дунд чөмөгний доод булууны ясны хэмт эдийн хаван, баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, дотор дагуу холбоосны суналт, дотор хагас саран жийргэвч мөгөөрсний урд болон арын эврийн урагдал, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт, зүүн гуя тахимын хонхорын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний цус хуралт, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 38911306 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 1305 дугаартай: “Toyota Corsa маркийн .......... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь “Жолооч аюул саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дах заалт “ явган зорчигч дараах зүйлийг хоригдоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэх магадалгаа,

 Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт болон  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн  шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Пгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Х.Пгийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Пгийн замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Х.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Г.Г нь   эмчилгээний зардалд баримтаар 1.937.100 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Пгээс  гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Г.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөг гарсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шүүгдэгч Х.П төлснийг дурьдав.

Хохирогч Г.Г гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Х.Пгээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Х.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Х.Пд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Пд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Пг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.Пд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.П   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пгээс 1.937.100 төгрөгийг /нэг сая есөн зуун гучин долоон  мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гд олгосугай.

7. Хохирогч Г.Г нь  энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Х.Пгээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Х.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсрагасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.САНЖИДМАА