Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

 

 

2023          01         11                                   2023/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч О.Б,

хохирогч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зд холбогдох эрүүгийн 2206 00000 3795 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч  О.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах 46 дугаар гудамжны 1006в тоотод хохирогч Э.Зг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь түүний халаасанд байсан түрийвчнээс  Хаан банкны ............ тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.500.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай найз охин дуудсан. Найз залуутайгаа маргалдсан учир хоёулаа нэг газар сууя гэсэн. Тэгээд баар, караокед сууж байгаад манай найз охин явсан. Золбоо гэдэг ах хажуу ширээнд сууж байхдаа намайг дуудаад цуг суусан. Дараа нь хажуу талын диско баар луу бүжиглэх гээд ороход Золбоо ах ганцаараа ороод ирсэн. Тантай цуг явж байсан эгч яасан бэ  гэхэд ах нь явуулчихсан гэсэн. Бүжиглэж байгаад баар хаахад Золбоо ах  буудал оръё гэхээр нь би ороогүй. Тэгээд манай хуурай эгчийнд очиж архи пиво уусан. Дэлгүүр яваад ир гээд картаа өгөхөөр нь мөнгийг  авсан.Би 3 100 000  төгрөгийг төлсөн.Үлдэгдэл 1 400 00 төлнө.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр ажлынхаа залуустай хэдэн пиво уучихаад харьж явах замдаа баар орж Э.Зтай танилцсан. Тэгээд айлд очоод ууж байгаад согтсон байсан. Сэргээд утсаа асаагаад харахад баахан зарлагын мессеж ороод ирсэн. Хохирлоос 3.100.000 төгрөг төлсөн. Одоо 1.400.000 төгрөг дутуу байгаа. Цаашид гомдол саналгүй” гэв.

Эрүүгийн 2106 00000 3795 дугаартай хэргээс:

Шүүгдэгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 1 дүгээр сарын 01-ний өглөө Золбоо надад Хаан банкны картныхаа пин кодыг хэлж өгөөд дэлгүүрээс архи, пиво, тамхи, бусад зүйлсийг авсан.Тэгээд манай төрсөн дүү Э.З 2 хүүхдийн хамт ирээд цуг уусан. Би 14 цагийн үед Золбоогийн өмдний халаасанд байсан хэтэвчнээс Хаан банкны картыг нь аваад төрсөн дүү Э.Зийн хамтаар АТМ-ээс 4.500.000 төгрөгийг гаргуулан аваад буцаж очоод картыг нь Золбоогийн өмдний халаасанд хийгээд харьсан. ...Ээж Оюун-Эрдэнийн дансруу 600.000, Э.З бэлнээр 500.000, Баянзүрх дүүргийн дэлгүүрт 950.000 хадгалуулсан. Бусад мөнгөөр нь хүүхдэдээ тоглоом хүнс авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Хохирогч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний орой 18 цагийн үед ажлынхаа өрөөндөө найз Анхбаярын хамт 12 ширхэг лаазтай пиво хувааж уугаад 22 цагийн үед ажлаасаа гараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах диско бааранд ганцаараа орж 6 ширхэг пиво уугаад Э.З гэх хүнтэй танилцаад баарнаас гараад дэлгүүр орж 1 шил архи, пиво, ундаа худалдан аваад Дарь эхэд айлд очиход эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Бид нар архи болон пиво хувааж уугаад би тасраад 2022 оны 11 дүгээр сарын 02-ны шөнийн 02 цагт сэрэхэд Э.З байхгүй нөгөө айлын эрэгтэй, эмэгтэй байсан бөгөөд өмдний халаасанд байсан хэтэвч байхгүй ганцхан Хаан банкны карт байсан. Хаан банкны дансаа шалгахад 4.632.000 төгрөг АТМ-ээр гүйлгээ хийгдэж гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч О.Э.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.З намайг хамт дэлгүүр оръё гэж гараад шууд Дарь эхийн тэнд байдаг АТМ-ээс надад 500.000 төгрөг авч өгсөн. Манай эгч АТМ дээрээ өөрөө үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Хохирогч Э.Згийн Хаан банкин дахь ............ дугаар дансны хуулга /хх-ийн 17-21 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн  тэмдэглэл /хх-ийн 28-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь  2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах 46 дугаар гудамжны 1006в тоотод хохирогч Э.Зг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь түүний халаасанд байсан түрүүвчнээс Хаан банкны ............ тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.500.000 төгрөгийг хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Б, хохирогч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд,  гэрч О.Э.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Бгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч О.Бгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Бгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Э.З нь   4.500.000 нэхэмжилснээс шүүгдэгч О.Б 3.100.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгаас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Зд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч О.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Зг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж,  хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгаас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Зд олгосугай.

7. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Зд 3.100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч О.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА