| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/216 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/216
2023 03 23 2023/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга:Б.Цэрэнбат,
Улсын яллагч: Б.Очгэрэл,
Шүүгдэгч: С.Г, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Год холбогдох эрүүгийн 2211016731898 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, С.Г, 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, ..........тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:...../
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл Урлагийн их сургуулийн 2 дугаар давхарт хохирогч М.Агийн Ай-фон 10 маркийн гар утсаа гээснийг нь олж авч М.Ад 585.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч С.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч С.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын эхээр байх яаг хэдний өдөр гэдгийн санахгүй байна СУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд үүрэг гүйцэтгээд байж байсан чинь нэг эмэгтэй оюутан ирээд надад нэг гар утас хүлээлгэн өгсөн тэр охин хэлэхдээ энэ гар утсыг эзэн нь үлдээчихсэн байна утсаа хайгаад ирвэл та эзэнд нь өгчхөөрэй гэж хэлээд надад үлдээгээд явсан. Тэгэхлээр нь би тэр гар утсыг аваад жижүүрийн байрны шүүгээнд хийсэн. Тэгээд гар утсанд тухайн өдөр ямар дуудлага ирээгүй бөгөөд 17-18 цагийн хооронд нэг эмэгтэй оюутан жижүүрийн байран дээр ирээд энд гар утас үлдээсэн үү гэж надаас асуусан тэгэхлээр нь би тэр охинд мэдэхгүй, гар утас үлдээгээгүй гэж хэлсэн чинь тэр охин яваад өгсөн. Тэгээд би маргааш өдөр нь жижүүрээс буугаад тухайн гар утсыг жижүүрийн шүүгээнд үлдээгээд явчихсан юм. Тухайн гар утсыг би ямар маркийн гар утас гэдгийн мэдээгүй, тухайн үед хоёр жижүүр ажиллаж байсан бөгөөд маргааш нь дахин үүрэг гүйцэтгэхээр ажил дээрээ ирж үүрэг гүйцэтгэхдээ тухайн гар утсыг аваад жижүүрээс буусан өдрөө Хархорин худалдааны төвийн гадна талд явж байгаад үл таних эрэгтэй хүнд 100.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр аваад өөрийн хэрэглээнд хэрэглээд дууссан. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан. Одоо учирсан хохирол мөнгийг төлж барагдуулна..” гэсэн мэдүүлэг /хх-72/,
Хохирогч М.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хичээлдээ 07 цаг 40 минутад очоод 11 цаг 50 минут хүртэл хөдөлгөөний хичээл орсон юм. Тэгээд дараагийн цагийн хичээл 13 цагаас эхлэх байсан болохоор би сургууль дээрээ этүйд бэлдээд байж байсан юм. Би тэр үед өөрийнхөө Ай-Фоне 10 маркийн гар утсыг 2 дугаар давхрын цонхны тавцан дээр тавиад үлдээчихсэн байсан, тухайн үед би өөрийн гар утсыг 1 дүгээр давхрын коридорт байдаг ширээн дээр тавиад мартчихсан гэж бодож байсан. Түүнээс хойш өөрийн гар утсыг ашиглаагүй байж байгаад 17-18 цагийн үед утсаа гэнэт санаад хайсан боловч олдоогүй. Миний гар утасны цэнэг бараг дуусаж байсан намайг гар утсаа гээгдүүлснээ мэдээд залгахад гурван удаа дуудаж байгаад унтарсан. Надад тухайн үед миний гар утсыг хулгайлан авсан гэх сэжиглэж байсан хүн байгаагүй. Тэгээд сургуулийн хяналтын камерын бичлэг үзэхэд миний гар утас 2 дугаар давхрын цонхны тавцан дээр мартаад явсан, дуулаачийн ангийн оюутан аваад явсан байсан. Тухайн хүний царай төрх харагдахгүй байсан. Түүнээс хойш 5-6 хоногийн дараа миний гар утас авсан хүнийг олж уулзсан чинь миний гар утсыг олсон тэр даруйд сургуулийн жижүүрт миний гар утсыг хүлээлгэн өгсөн байсан. Тэгээд би тэр жижүүр ахтай уулзах гээд очиход өөр хүн гарч байсан бөгөөд маргааш өдөр нь миний гар утсыг хүлээн авсан жижүүртэй уулзсан чинь чиний гар утсыг мэдэхгүй, энэ жижүүрийн байранд олон оюутан эд зүйлээ болон гар утсаа үлдээгээд авч явдаг юм, ямар хүн чиний гар утсыг авч явсныг мэдэхгүй байна гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа би сургуулийн жижүүр ахтай уулзахад би чиний гар утсыг мэдэхгүй гээд байсан тэгэхлээр нь би гомдолтой байгаа шүү гэж хэлсэн тэгсэн тэр ах чиний гар утас ямар үнэтэй утас юм бэ гэж асуугаад байхаар нь өөрийн гар утасны үнийг хэлсэн чинь сургуулийн жижүүр хувааж төлье гэж хэлсэн тэгэхлээр нь би тэр ахыг миний гар утсыг зарчихсан юм байна гэж бодоод дахин уулзаагүй, одоо тэр ах ажил дээрээ ирэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-10/,
Дамно ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЧД1-22-902 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-19-20/, СУИС-ийн 1 дүгээр давхрын хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-16-17/, шүүгдэгч С.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Г нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, шүүгдэгч С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Год 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Год торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч М.Ад 585.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч С.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Год оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР