Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Баярцэнгэлийн Мөнхбаярт холбогдох 2321000000115 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Иөншөөбү овогт Баярцэнгэлийн Мөнхбаяр /РД: ..../.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны баруун талд байрлах “Арвин” зочид буудлын урд хэсэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Хунтайжтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар биед нь халдаж зүүн хөлийг хавсарч газар түлхэн унагаж Г.Хунтайжийн биед зүүн хөлийн хавчаар ясны зөрөөгүй далд хугарал, баруун зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

 

            Хохирогч Г.Хунтайж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Арвин зочид будалд ороод тухайн газраа байж байгаад гарч явахдаа Мөнхбаяр гэдэг залуутай таараад муудалцсан. Улмаар түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон харин Мөнхбаяр нь намайг хавсарч унагаад дээрээс цохиж зодсон. Босох гэтэл босож чадахгүй байсан. Арай гэж босоод эмнэлэг ороод хөлөө үзүүлтэл эмч хөл чинь хугарсан байна гэж хэлсэн. Миний зүүн хөлийн шагай хэсгээр яс нь хугарсан.... миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ. /хх-ийн 09-10 тал/

 

            Гэрч Г.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ унтаж байхад 03 цагийн үед хүн хашааны хаалга цохиод байхаар нь тайлахад 2 цагдаа Хунтайж гэх хүнийг таних уу гэхээр нь танина манай дүү байгаа юм гэхэд 24 дүгээр байрны урд талд хүнд зодуулаад зүүн хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Үүнийг сонсоод шууд эмнэлэг ороход Хунтайж хөлөө шохойдуулаад сууж байсан...” гэжээ. /хх-ийн 14 тал/

 

            Гэрч Б.Батчимэг мөрдөг шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Арван буудалд найз Мөнхбаярын хамт орсон. Тэндээ Мөнхбаяр нь ганцаараа тал шил архи уусан... 22 цагийн үед буудлаасаа гараад явж байтал нэг танихгүй залуу ирээд Мөнхбаярыг юм яръя гээд дагуулаад 24 дүгээр байрны такси зогсдог зогсоолын тийшээ аваад явсан... Улмаар тэр хоёр муудалдцсан. Мөнхбаяр нь нөгөө залууг хавирч газарт унагаасан...” гэжээ. /хх-ийн 16 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 186 тоот дүгнэлтэд:

1. Г.Хунтайжийн биед зүүн хөлийн хавчаар ясны зөрөөгүй далд хугарал, баруун зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 20-21 тал/

           

            -Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22 тал/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/

-Шүүгдэгч Б.Мөнхбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч .............М р нь 2023 оны 03 дугаар  сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны баруун талд байрлах “Арвин” зочид буудлын урд хэсэгт согтуурсан үедээ хохирогч Г.Хунтайжтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн хөлийг хавсарч газар түлхэн унагаж биед нь “зүүн хөлийн хавчаар ясны зөрөөгүй далд хугарал, баруун зүүн тохойд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Мөнхбаярын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Хунтайж, гэрч Г.Ганжаргал, Б.Батчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.Мөнхбаярт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хунтайжийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” гэж  мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мөнхбаярын ....тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Иөншөөбү овогт Баярцэнгэлийн Мөнхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяр нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ