Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/01955

 

2019 оны 9 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2019/01955 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И-ийн нэхэмжлэлтэй,

улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Ш-ийн нөхөх олговорт 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд ...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эцэг Ш нь ДЯЯ-ы дэргэдэх Тусгай комиссын 1932 оны 01 сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1994 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалаар цагаатгагдсан. Иймд нөхөх олговорт олгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаар Ш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан нь тогтоогдож байх тул нөхөх олговорт 40,000,000 төгрөгийг олгох үндэслэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.И нь Ш-ийн нөхөх олговорт 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байна.

 

Ш нь Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1932 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1994 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр магадлалаар цагаатгагджээ.

 

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор баталсан журмын 9 дүгээрт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн материал бүрдүүлбэрийг хянан үзэж, холбогдох хууль, журам, тогтоолд заасан материалын шаардлагыг хангасан нэхэмжлэгчдийн нэрсийг өдөр тутмын сонинд зарлаж, зарлагдсанаас хойш нэг сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүсэх юм.

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нэхэмжлэлээ бүрдүүлсэн Ш-ийн хүүхэд Ц.Ичинхорлоогийн нэрийг Зууны мэдээ сонинд зарлаж, нөхөх олговрын хэмжээг 40,000,000 төгрөг гэж нийтэд мэдээлсэн тул эцгийнхээ нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй нэхэмжлэгчид Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Ш-ийн нөхөх олговорт 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулж И-д олгосугай.

 

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ