Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1071

 

  Ц.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Агар,

хохирогч Р.О,

иргэний нэхэмжлэгч Б.Ц,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Н-д холбогдох эрүүгийн 1903 00450 0250 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-н Н, 19. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...../;

Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Porsche” төвийн хойд замд .... УНЭ улсын дугаартай, “Мицибуши Койлт” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Б.Ц-н жолоодож явсан .... УБҮ улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Р.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-с 2.959.452 төгрөг гаргуулж, хохирогч Р.О-д 180.512 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ц-д 2.778.940 төгрөгийг тус тус олгож, Р.О нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч Ч.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Ц.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж, хүний биед хүндэвтэр хохирол учруулсан.

2. Мөн хохирогч Р.О-г гэмтлийн эмнэлэгт үзүүлж, Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон сувилалд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд нь 1 сая төгрөгийн зардал гарсныг тухайн үед төлж барагдуулсан. Бусад хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсээр байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

3. Ц.Н нь гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа ба үнэн хэрэгтээ энэ ослын улмаас хэвлийдээ тээж байсан үрээ алдаж, сэтгэл санааны хувьд гүн шоконд орж, эрүүл мэндийн хувьд хүнд хохирол амссан. Одоо биеийн байдал маш муу хоригдож байна.

4. Мөн тэрээр ар гэртээ 4-6 насны 2 хүүхэд, хараагүй ээжийгээ асран халамжилж хамт амьдардаг бөгөөд өөрөө түнх, нурууны гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй учир халамжаас группын тэтгэвэр авдаг.

5. Ар гэрээ тэжээхийн тулд ачаа ачдаг Ц.Н-н нөхөр нь бага насны 2 хүүхдээ, хараагүй хадам ээжийгээ гэртээ асарч байгаагийн зэрэгцээ сэтгэл санааны хүнд байдалд орсны улмаас зүрхээр нь нэвт хатгуулж, ажлаа хийж чадахгүй байгаа учир өрхийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, энэ айлын амьдрал маш хүнд байдалтай байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Ц.Н-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг үндэслэж тэнсэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Р.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Анхан шатны шүүхээс 180.000 төгрөгийн хохирол төлбөр тогтоогдсон. Гэхдээ би хамгийн бага зардлаар 3.000.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч намайг удаа дараа доромжилж байсан. Прокурор намайг шүүгдэгчийн талтай тохиролц гэж хэлж байсан. Би онгоцны үйлчлэгчээр ажилладаг. Одоог хүртэл миний нуруу өвддөг. Шүүгдэгчийг би анхнаасаа нялх хүүхэдтэй учраас өрөвддөг байсан. Гэтэл намайг өмгөөлөгч нь доромжилж байгаад гомдолтой байна. Ял шийтгэлийн талаар хэлэх зүйлгүй. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял шийтгэлийн хувьд хэлэх зүйлгүй. Хохирол бүрэн төлөгдсөн. Гэхдээ ослын дараа миний баруун гар шалбарсан байсан. Хугарсан гэдгийг би дараа нь мэдсэн. Энэ гэмтлийн талаар би хэлээгүй. Би ч мөн 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...”  гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирол, төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс ямар нэгэн байдлаар хохирогчид тохиролцох тухай хэлж байгаагүй. Харин хохирлын баримтаа гаргаж өгөх талаар хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Porsche” төвийн хойд замд ..... УНЭ улсын дугаартай, “Мицибуши Койлт” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Б.Ц-н жолоодож явсан ....... УБҮ улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг мөргөн, 2.585.400 төгрөгийн хохирол, зорчигч Р.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.О-ийн “... Би танил Б.Ц-н хамт түүний автомашинд суугаад Нисэх орохоор явж байтал гэнэт замын эсрэг талаас нэг машин тусгаарлах зурвас даван урсгал сөрж орж ирээд миний зорчиж явсан машины зүүн талыг мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...” /хх 29-30/,

иргэний нэхэмжлэгч Б.Ц-н “... Би өөрийн эзэмшлийн ...... УБҮ улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Нисэх орохоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Porsche” төвийн хойд замд, зүүнээсээ баруун тийш чиглэлтэй, 2 дугаар эгнээнд явж байтал урдаас гэнэт цагаан өнгийн машин тоос бужигнуулан, тусгаарлах зурвас даваад, урсгал сөрөөд хурдтай орж ирсэн. Тэгээд миний машины зүүн урд хаалганы хэсгээр мөргөсөн. Би 2 дугаар эгнээнээс шидэгдэн хашлаганд тулж зогссон. ...” /хх 24-25/,

иргэний хариуцагч Ц.Ч-н “... Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг мэдэхгүй. Би Н-тай эх нэгтэй, ах дүүс юм. Н нь миний “Мицибуши Койлт” загварын тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 1.650.000 төгрөгийг төлөөд уг машиныг аваад явсан. ...” /хх 105/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Р.О-н биед бүсэлхийн 3-р нугаламын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун хөмсөгний дээр, зүүн бугуйнд шарх, тархи доргилт, зүүн мөр, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 39/ гэх 5488 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Ц-н биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 43/ гэх 5487 дугаартай дүгнэлт,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-9/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 10-11/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-24/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн “... “Тоёота приус” загварын ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эвдрэл гэмтэлд 2.585.400 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 102-103/,

Тээврийн Цагдаагийн албаны “... Ц овогтой Н нь жолооч биш...” гэсэн жолоодох эрхийг шалгасан лавлагаа /хх 119/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Н-д анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан хэдий ч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа замын хөдөлгөөнд дур мэдэн оролцож зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргээс үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь  шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тодорхой тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан “... шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Ц.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролдоо хохирогч Р.О-д 180.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Ц-д 1.779.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.