| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0942/З |
| Дугаар | 221/МА2025/0243 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0243
“ЦӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Нэхэмжлэгч: “ЦӨ” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/4240 тоот албан бичгийг хүчингүй болгож, “ЦӨ” ХХК-ийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0942/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/4240 тоот албан бичгийг хүчингүй болгож, “ЦӨ” ХХК-ийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/4240 тоот албан бичгийг хүчингүй болгож, “ЦӨ” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга нэхэмжлэгчийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах Төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс уг тусгай зөвшөөрлийн бүрдүүлбэрийг бүрэн бүрдүүлж гаргах хүртэл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг түр түдгэлзүүлж өгөх хүсэлтийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 01/3708 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст гаргаж байсан. Гэтэл Кадастрын хэлтэс нь уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн байсан.
3.2. ...Хариуцагч нь тухайн үед “ЦӨ” ХХК-ийн хайгуулын Х\/-020268 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болгохоос өмнө бүрдүүлбэр: дутуу сунгах өргөдлийг бүртгэсэн ч уг сунгах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 4 төрлийн баримт бичгүүдийн аль нэг нь дутуу эсхүл мөн хуулийн 22.2-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй бол тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалздаг тухайн байгууллагын практик шийдвэр тогтсон болохыг анхаарч анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3.3. Харин өөр нэхэмжлэлтэй хэрэг маргаан буюу “ЦӨ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-020268 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-21 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэрэгт талуудын эвлэрлийг баталсан Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 120/ШШ2023/0009 дугаартай захирамжийг анхан шатны шүүх судалж, ийнхүү уг байгаль орчны төлөвлөгөө батлагдсанаар сунгах өргөдөл гаргаж чадаагүй байсан шалтгаан арилсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан.
3.4. Нэхэмжлэгч нь нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийг авахгүй байх дээрх шалтгаан арилсан тул “ЦӨ” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хайгуулын Х\/-020268 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээж авах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/418 тоот албан бичиг болон Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан 4 төрлийн бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлж өргөдлийн хамтаар гаргасан. Гэтэл хариуцагч нь энэ өргөдлийг хүлээн авч бүрдлийг энэ хуульд заасны дагуу хянан шалгаж шийдвэрлээгүй байхад шүүх нэхэмжлэгчийг дутуу өргөдлийн бүрдүүлбэртэй байсан гэсэн нь нотлох баримтыг гүйцэт үнэлэх үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
3.5. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тогтоолд “...Захиргааны байгууллагын дээрх шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасантай нийцээгүй хариуцагч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг шийдвэрлэхдээ энэ хуульд заасан үүргээ зөв хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан шаардлага хангаагүй гэх өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг дээрх хуулийн 22.2, 22.3, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ. Уг өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг захиргааны байгууллага нягтлах боломжтой, хугацааг сунгах, сунгахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах хүртэл тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байна гэж ойлгоно ...” гэж дүгнэсэн. Дээрх тогтоолд зааснаар хариуцагч нь ямар ч тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байсан ч нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлж гаргасан өргөдлийг хариуцагч байгууллага хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоож, уг өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 21, 22-т заасан шаардлага хангасан эсэх талаар хариуг бичгээр өгөхөөр байхад анхан шатны шүүхээс “хуулийн шаардлага хангасан өргөдлийг хариуцагч хүлээн авах ёстой” гэж нэхэмжлэгчийн эрхийг дордуулан тайлбарлаж, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна.
3.6. Анхан шатны шүүх нэгэнт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсон бол сэргээх эрхийг энэ хуулиар хариуцагчид олгоогүй гэсэн агуулгаар дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл “ЦӨ ХХК-ийн өөрийн эзэмшлийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг хүлээж авах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/418 тоот албан бичиг болон Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан 4 төрлийн бичиг баримтуудыг хариуцагч нь хүлээн авч бүртгэн Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулж, нэхэмжлэгч сунгах өргөдөл хугацаандаа гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан, бусад нөхцөл байдлыг тогтоож Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17-д заасныг тус тус үндэслэн мөн хуулийн 22.2, 22.4-д заасан шийдвэрийн аль нэгийг хариуцагч гаргах үүрэгтэй байсан.
3.7. Нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хайгуулын Х\/-020268 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын зардалд олон тэрбум төгрөг зарцуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим болох хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байгааг хариуцагч төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаандаа баримтлах ёстой байсан гэж үзэж байна.
Иймд учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0135 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/4240 тоот албан бичгийг хүчингүй болгож, “ЦӨ” ХХК-ийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “ЦӨ” ХХК-ийн XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар байх бөгөөд нэхэмжлэгчийн
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэхийг хүссэн өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 8/1414 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас ... 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж,
2024 оны 09 дүгээр сарын 26-ны гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/4240 дүгээр албан бичгээр “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу гомдлыг гаргаагүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг тус тус хүргүүлсэн, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.
2.3. Нэхэмжлэгчээс хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/4240 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “...Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байсан, энэ нь бидний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус” гэж тайлбарлан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
2.4. Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч “ЦӨ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-****** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй хууль бус үйлдэл гаргасан эсэх, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэл бий эсэхэд дүгнэлт хийнэ.
2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан тул тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшлийн ХV-****** дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.
Хэдийгээр нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй шалтгаанаа ...Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01/3707 дугаартай албан бичгээр “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх хүсэлт”-ийг Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргад хүргүүлсэн үйл баримт тогтоогддог боловч нэхэмжлэгч нь тус хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан хуульд заасан хугацаанд маргаагүй атлаа 1 жил гаруй хугацааны дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр захирамжаар, “ЦӨ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-21 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар захирамжаар тус тус талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн.
2.6. Энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуульд заасан бүрдлийг хангасан гэж хүсэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн ба энэ талаар анхан шатны шүүх “...Нэхэмжлэгчээс ...шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос 1 жилийн дараа Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан, мөн ...нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хуульд заасан хугацаа буюу 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бичгээр гаргаж, өргөдлийн бүрдэл дутуу бүрдүүлсэн тайлбар, баримтыг хавсралтаар ирүүлсэн тохиолдолд хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой байжээ” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх үед хүсэлтээ хүргүүлээгүй атлаа хугацаа дуусгавар болсон байхад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/3708 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “...тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэх”, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/4818 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” хүсэлтүүдийг гаргасан нь ойлгомжгүй төдийгүй “ЦӨ” ХХК-аас уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө бүрдүүлбэр дутуу баримтуудаа ч захиргааны байгууллагад гаргаагүй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл” буюу К-02 маягт, мөн өдрийн өргөдлийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/4240 дүгээр албан бичгээр дээрх байдлаар хариу өгсөн нь хуулийн дагуух үйл ажиллагаа болно.
2.8. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах талаар зохицуулсан, 22.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаж, түүнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргах бөгөөд 22.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага уг өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэхээр хуульчилсан.
2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, …” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйлгүй, мөн сонгох эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу захиргааны актыг гаргах ажиллагаа дахин хийх үүрэггүй тул шүүхээс нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон эрх зүйн харилцаанд хариуцагчийг буруутгах боломжгүй.
2.10. Тодруулбал, нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн эзэмшиж байсан XV-****** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдохгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа 1 жил гаруйн өмнө дуусгавар болсон төдийгүй хуульд заасан хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс гадна холбогдох бүрдүүлбэрийг хангаж хүргүүлээгүй тохиолдолд дуусгавар болсон бүртгэлийг сэргээх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан ч нэхэмжлэгч хуулийн этгээдэд сэргэх эрх байхгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА