Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч С.Болорчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Хохирогч Д.Батбаяр

Шүүгдэгч Ч.Бадарч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлйин 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Чулуунбандийн Бадарчид холбогдох эрүүгийн 201610010198 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь  аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р баг Гаалийн 1-41 тоотод оршин суух, 2000 оны 07 сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн 66 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2.б-д зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгүүлэн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 04 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан Өөлд овогт Чулуунбандийн Бадарч /РД: ЕЭ79013174/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ч.Бадарч нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 сарын 04-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 23-р байрны 2 тоотод үл ялих зүйлээр шалтаглан Д.Батбаяртай маргаж, улмаар түүнийг цохиж бие махбодид  нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 23 байрны 01 тоотод оршин суух Б.Бямбацэцэгийн эзэмшлийн байшингийн баруун талын вакум цонхны салхивчийг санаатай хагалж, бусдад 30.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Бадарч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 сарын 04-ний өдөр хамт ажилладаг байсан Мөнгөншагай гэх залуутай түүний гэрт нь 1 шил 0,75 л Ерөөл  архи уусан. Архи ууж дуусаад эхнэртэйгээ уулзахаар шүүх рүү очсон боловч түүнтэй уулзаж чадаагүй. Тэгэхээр нь би эхнэрийнхээ  байсан 23-р байрны 01 тоот болох хадам ээжийнхээ гэр рүү очиж эхнэр Баярмаатайгаа уулзая гээд байшингийн хаалгыг тогшсон боловч дүү нар нь байхгүй гэж хэлээд намайг оруулаагүй юм. Тухайн үед Баярмаатай уулзахаар очихдоо дахин 1 шил 0,5 л Ерөөл архи ганцаараа уучихаад очсон юм. Тэгээд л байрны гадаа байж байхад байрны ойролцоо архи ууж байсан хүмүүс над руу ирж надтай маргалдсан бөгөөд тэр үед цагдаа нар ирж бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Намайг 5000 төгрөгөөр торгоод буцааж явуулсан. Би цагдаагаас гараад 23-р байр луу дахин очиж эхнэртэйгээ уулзах гэсэн боловч дүү нар нь оруулахгүй хаалга нээхгүй байхаар нь байшингийн баруун талын цонх руу очиж уг цонхийг нь хагалсан юм. Цонх хагалсаны дараа байрнаас холдож нэг байшингийн буланд очиж 20-30 минут болчихоод эргээд 23-р байр луу очиход манай эхнэр байшин дотроо утсаар ярьж намайг муулж байгаа нь сонсогдсон. Яг тэр үед 23-3 тоотоос зүс таних Батбаяр гэх залуу гэрээсээ гарч ирээд надтай уулзсан юм. Тухайн үед Батбаяр архи уучихсан нэлээд согтуу байсан ба надаас 1 шил архины мөнгө байна уу гэж асуухаар нь би түүнд 2500 төгрөг өгсөн юм. Мөнгө өгөхдөө би эхнэртэйгээ маргалдчихсан ажилтай байна чи архиа аваад уучих гэж хэлээд явуулсан. Гэтэл нэг их удалгүй Батбаяр архи авчихсан над руу ирээд хамт архи ууя гэж шалсаар байгаад намайг дагуулан 23-2 тоотод байх гэртээ орсон. Гэрт нь ороод архи уугаад сууж байхдаа би эхнэртэйгээ маргалдсан байгаа гэж түүнтэй ярихад чи их шорон санаатай залуу байна лээ чамаас болсон байх, чи бид нартай болохоор уудаагүй ажилыхантайгаа уугаад явж байдгийг чинь сонссон гэж хэлээд надтай маргалдсан. Тэгээд л хоорондоо муудаж хэрэлдэж байгаад би түүнийг нүүрэн тус газар нь цохиж унагасан, тэгээд түүний дээрээс толгой хэсэг рүү нь өшиглөсөн ямарч байсан 3-4 удаа өшиглөж дэвссэн. Тэгээд л би түүнийг зодож байгаад татаж босгоход өөрөө шалан дээр савж унасан юм. Тэгэхээр нь би түүний гэрээс гарч эхнэрийхээ гэр лүү орсон ба тухайн үед дүү нар нь ирчихсэн байсан. Түүний дүү Ганцолмон надад хандаж та яагаад архи уугаад байгаа юм, юу болоод байгаа юм бэ гэхээр нь би түүнд болсон зүйлийг хэлсэн. Мөн хойд айлын Батбаярыг зодчихсон ороод үзээрэй гэж хэлсэн. Би тухайн үед нэлээд согтолттой байсан намайг оруулахгүй эхнэртэй минь уулзуулахгүй байхаар нь цонхыг нь хагалчихсан юм. Намайг шорон санаатай гэх мэтээр хэлхээр нь би Батбаяртай муудсан юм. Батбаяр нэлээд согтолттой байсан, би нэг удаа нүүр лүү нь цохиж унагаад, түүний толгой руу 3-4 удаа өшиглөн дэвссэн юм гэв.      

-Хохирогч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 сарын 04-ний өдөр Эрээн хот руу гарах гэсэн боловч миний машин асахгүй байхаар нь гуравын хаалтны зогсоол дээр орхиод, өөрийн найз нөхөдтэй нийлж 3-4 шил архи уучихаад орой 19 цагийн орчимд эхнэрээ ажилд нь явахын өмнө гэртээ халамцуу очсон. Намайг гэртээ очсоны дараа эхнэр ажилдаа явж би ч архиа гаргах гээд гэртээ ор засалгүй шалан дээрээ хэвтээд унтаж амарсан. Намайг унтаж амарч байх үед 21-22 цагийн орчимд манай урд талын байр буюу 23-р байрны 01 тоотод ирээд байдаг зүс таних Бадарч гэх залуу архи уучихсан бололтой манай гэрт орж ирсэн. Тэр үед нь би Бадарчид хандаж би унтаж амарч байна манай гэрээс яв гэж хэлтэл үгийн зөрөөгүй намайг цохиод унагаачихсан, яг юугаар цохьсон гэдгийг мэдэхгүй байгаа. Намайг газарт унасаны дараа миний толгой дээрээс дэвсэж, өшиглөж байсан, тухайн үед миний ухаан балартчихсан байсан юм. Бадарч гэх хүнийг би зүс танихаас биш өмнө нь харьцаж байгаагүй, намайг ямар шалтгаанаар зодсон гэдгийг мэдэхгүй байна, манай гэрт орж ирээд л намайг зодсон. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Бадарч мөн ганцаараа орж ирсэн. Би зүгээр байж байгаад хүнд зодуулсандаа гомдолтой байна. Би нэхэмжлэлтэй холбоотой баримтаараа өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна. Надад нэхэмжлэлтэй холбоотойгоор ямар нэг мөнгө төгрөг бусад зүйлийг буруутай этгээдээс өгч барагдуулаагүй. Баримтаар 880.444 төгрөгний зардал гарсан, намайг өвчтэй байх хугацаанд эхнэр маань 1 сар гаруй ажлаасаа чөлөө авч намайг харж сахиж байсан. Мөн би Эрээн хот руу автомашин жолоодон гардаг, өвчтэй хугацаандаа 2 сарын турш орлого олж чадалгүй өрхийн амьжиргаа муудсан тийм болохоор эдгээр хохирлыг нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 24-27/

-Хохирогч Д.Батбаярын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 сарын 04-ний өдөр Эрээн хот руу гарах гэсэн боловч миний машин асахгүй байхаар нь гарахаа болиод, өөрийн найз нөхөдтэй нийлж 3-4 шил архи уучихаад орой 19 цагийн орчимд эхнэрээ ажилд нь явсан хойгуур нь гэртээ халамцуу очсон. Тэгээд унтаж байтал гэрт хүн ороод ирсэн. Хажуу айлын Бадарч байсан. Би гар архи уухгүй гэж хэлтэл намайг прус модоор цохиж унгаасан. Тэгээд би ухаан алдаад юу болсныг мэдээгүй эмнэлэг дээр ухаан орсон. Одоо Бадарчаас эмчилгээний зардал 880.000 төгрөг, эхнэр ажлаасаа чөлөө авч намайг сар сахисан эхнэрийн сарын цалин 850.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

-Хохирогч  Н.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би уг хүнтэй одоогоос 20 орчим жилийн өмнө анх танилцаж байсан. Бид хоёрын дундаас нэг хүүхэдтэй болсон. Бадарч нь ял шийтгэл эдэлж хоригдсон юм. Түүнээс хойш ямар нэг харилцаа холбоогүй байж байгаад 2016 оны цагаан сараас хорих ангиас суллагдсан гэж хэлээд манай гэрт ирсэн юм. Тэгээд л чи бид 2 дундаасаа хүүхэдтэй болсон би цаашдаа ямар нэг муу зүйл хийхгүй гэж хэлээд намайг гуйж байгаад надтай хамт амьдрах болсон. Хамт амьдрах болсоноос хойш 2-3 сарын хугацаанд Бадарч архи дарс уухгүй байсан. МЧ-д ажилд орсноос хойш архи ууж гэрт ирж агсам согтуу тавих болсон юм. Уг өдөр сайн өдөр байсан. Манай ажлынхан нийлж шинэ байранд орж байгаа нэг ажилтныхаа гэрт очихоор болсон юм. Тухайн өдрөөс 2- хоногийн өмнө Бадарч өөрийн төрсөн дүү рүү явлаа гэж хэлээд надаас мөнгө аваад явсан байсан. Түүнээс хойш Замын-Үүд сумаас явахгүй над руу утсаар залгаад уулзая гэж гуйгаад байхаар нь би уулзахгүй гэж хэлж байсан. Уг өдөр ч гэсэн надтай уулзмаар байна гэхээр нь би түүнтэй уулзаагүй юм. Тэгээд л ажлынхаа хүний шинэ байрны цайлган дээр оччихоод орой 20 цаг нэлээд өнгөрөөгөөд гэртээ очтол манай байшингийн баруун талын хана хэсэгт байх 120х150 см хэмжээтэй вакум цонхны 40х108 см хэмжээтэй салхивчны цонхыг хагалчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар хүргэн Мөнх-Очироос асуухад таныг асуугаад Бадарч ирсэн, тэгээд байхгүй байна гэж хэлэхэд наана чинь байна гэж хэлж байгаад байшингийн цонхыг хагалчихаад явчихсан гэж хэлж байсан. Мөн намайг гэрт очсоноос хойш 22 цагийн орчимд Бадарч манай гэрт орж ирээд би хүн алчихлаа, цагдаа болон эмнэлэгт мэдэгд гэж, мөн би хажуу айлын чинь залууг алчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед түүний гутал нь цус болчихсон байсан болохоор цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Бадарчийг гэрт орж ирэхэд манай хүргэн дүү Мөнх-Очир, эхнэр нь болох Уранмандах мөн манай охин Бямбацэцэг, 14 настай, 5 настай хүүхдүүд мөн дүү Ганцолмон нар байсан. Манай байшингийн цонхыг ямар шалтгаанаас болж хагалсан гэдгийг мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 28-29/    

-Гэрч Ч.Уранмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн өдөр 17 цагийн орчимд хүүхдүүдээ цэцэрлэгээс авчихаад гэртээ ирээд нөхөр Мөнх-Очир, 2 настай охин, эгчийн 5 настай хүүхдийн хамт байж байхад манай эгчийн хамт амьдарч байсан Бадарч гэх хүн архи уусан байдалтай ирж, байшингийн хаалгыг гаднаас нь балбаж Баярмаа эгчийг байна уу гэж асуусан. Тэр үед нь Бадарчид хандаж байхгүй байна ажлаасаа ирээгүй гэж хэлэхэд байшингийн хаалгыг балбаад хэл амаар доромжлоод байсан. Нэлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа Бадарч ах явахгүй байхаар нь түүнд цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд дуудчих гэж хэлж байсан. Тэгээд л байшингийн гадаа байж байгаад ойр хавьд байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь түүнийг цагдаад мэдэгдэж өгч явуулсан. Түүнээс хойш 20 цагийн орчимд шиг санаж байна дахиж буцаж ирээд байшингийн хаалгыг нүдэж байснаа хэсэг чимээгүй болсон юм. Тэр үед нь явчихлаа гэж бодсон боловч байшингийн баруун талын цонхыг хагалчихсан. Түүнээс хойш 23 цагийн үед Баярмаа эгчийг ирчихсэн байхад Бадарч ах орж ирээд би танай хойд айлын хүнийг алчихлаа эмнэлэг, цагдаад мэдэгдчих гэж хэлсэн. Мөн би хүн алчих шиг боллоо гэж байсан, ямар шалтгаанаас болж хойд айлын хүнийг зодсон талаараа хэлээгүй. Хаалгаа нээхгүй байна гэж ууралсандаа хэл амаар доромжилж байгаад л хагалчихсан өөр ямар шалтгаантай байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Түүнтэй хамт өөр ямар нэг хүн байгаагүй ганцаараа байсан гэжээ. /хх-ийн 30/

-Гэрч Ж.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн өдөр Замын-Үүд сум 1-р баг 23-р байрны 01 тоотод байх эгч Баярмаагийн гэрт байж байхад орой 18 цагийн орчимд эхнэр Уранмандах болон 2 хүүхдийнхээ хамт байхад Бадарч ах ирээд байшингийн хаалга үүд балбаж Баярмаа гичий минь гараад ир ална шүү гэх мэтээр хэлээд байхаар нь манай эхнэр түүнд хандаж Баярмаа эгч байхгүй байна би ганцаараа байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хүний үгийг сонсохгүй 1 минут орчим хаалга балбаж байгаад байшингийн урд байх хэдэн хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Тэр үед нь би цагдаад дуудлага өгсөн юм. Түүнээс хойш Бадарчийг цагдаа нар ирж авч явсан ба торгуулийн арга хэмжээ аваад явуулчихсан юм байна лээ. Тэгсэн чинь Бадарч гэр лүү эргэж ирээд 5 орчим минут байшингийн хаалгыг тогшиж, балбаж байгаад байшингийн баруун талын цонх руу ирээд цонхны салхивчийг хагалчихсан. Тэр үед нь би дахиж цагдаа руу залгаж энэ талаар хэлж мэдэгдчихээд, байшингаас гараад яаж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс чулуу бариад нааш ир пиздаа минь  гэж хэлэхээр нь би байшин руу буцаад орчихсон юм. Харин цагдаа нарыг ирэхэд Бадарч зугтаачихсан байсан. Түүнээс хойш 23 цагийн үе шиг санаж байна Баярмаа эгч түүний охин Бямбацэцэг, манай эхнэр болон 2 хүүхдийнхээ хамт байж байхад байшингийн  хаалга тогшихоор нь тайлж өгсөн. Тэр үед гаднаас Бадарч ганцаараа орж ирсэн бөгөөд би Бадарчийг гэрт ирсэн талаар цагдаад яриж мэдэгдсэн. Бадарч орж ирсэнийхээ дараа би хойд айлын хүнийг алчихлаа одоо түргэн дууд гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 31-32 /

-Гэрч Н.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би тухайн өдөр 19 цагт ажилтай байсан болохоор 18 цаг 55 минутад гэрээсээ гарч ажил руугаа явсан. Ажил руугаа явахдаа гэрийнхээ хаалгыг түгжиж орхиод явсан юм. Би тухайн өдөр болсон хэргийн талаар их сайн мэдэхгүй  байгаа, нөхөр маань надад хэлэхдээ би гэртээ халамцуу ирсэн тэр үед чи ажилдаа явьчихсан байсан болохоор хаалгаа онгойлгоод гэртээ орсон юм. Гэрт байж байхад Бадарч гэх хүн ороод ирэхээр нь би түүнийг гэрээс гар, гэртээ харь гэж хэлсэн чинь намайг зодсон гэж хэлсэн, өөр ямар нэг зүйл хэлээгүй, намайг цохиж унагачихаад л дээрээс дэвсээд цохиод байх шиг байсан гэж хэлж байсан. Манай нөхөр Бадарч гэдэг хүнтэй ямар нэг харилцаа холбоогүй, урьд өмнө нь хоорондоо муудаж маргалдаж байсан зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 34/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 5-8, 13-15/

-Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-21/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22/

-Эд мөрийн баримтыг хурааж, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23/

-Шинжээчийн 340 тоот дүгнэлт: 1.Д.Батбаярын биед зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, духны зүүн хэсэгт язарсан шарх, зүүн хацар шанаанд зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, нүүр нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал, 2 нүдний орчим цус хуралт, хүзүүний ар талд болон 2 чихний ар хэсгээр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд цус хуралт, зүүн гарын шулуун ар хэсгээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь нийлээд болон дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 37-38/

-Шинжээчийн 166 тоот дүгнэлт /хх-ийн 43/

-Шинжээчийн нэмэлт 400 тоот дүгнэлт: 1.Д.Батбаярын биед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы самалдаг руу цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, духны зүүн хэсэгт язарсан шарх, зүүн хацар шанаанд зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, нүүр нэлэнхүйдээ зөөлөн няцрал, 2 нүдний орчимд цус хуралт, хүзүүний ар талд болон 2 чихний ар хэсгээр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд цус хуралт, зүүн гарын шууны ар хэсгээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь нийлээд болон дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 47-48/

-Хохирогч Д.Батбаярын хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, гавал тархины тодосгогчгүй КТ-д, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49-64/

-Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 90/

-Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 04 тоот захирамж, зам явах хуудас, захиргааны хяналт тогтоох тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн 2000 оны 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 91-100/

-Хохирлын баримт /хх-ийн 110-115/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 127-129-р хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ч.Бадарч нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 23 байрны 01 тоотод оршин суух Б.Бямбацэцэгийн эзэмшлийн байшингийн баруун талын вакум цонхны салхивчийг санаатай хагалж, бусдад 30.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 10 сарын 04-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 23-р байрны 2 тоотод үл ялих зүйлээр шалтаглан Д.Батбаяртай маргаж, улмаар түүнийг цохиж биед нь баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы самалдаг руу цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, духны зүүн хэсэгт язарсан шарх, зүүн хацар шанаанд зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, нүүр нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал, 2 нүдний орчим цус хуралт, хүзүүний ар талд болон 2 чихний ар хэсгээр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд цус хуралт, зүүн гарын шулуун ар хэсгээр цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Бадарч, хохирогч Д.Батбаяр нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Баярмаагийн /хх-ийн 28-29/ “....оччихоод орой 20 цаг нэлээд өнгөрөөгөөд гэртээ очтол манай байшингийн баруун талын хана хэсэгт байх 120х150 см хэмжээтэй вакум цонхны 40х108 см хэмжээтэй салхивчны цонхыг хагалчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар хүргэн Мөнх-Очироос асуухад таныг асуугаад Бадарч ирсэн, тэгээд байхгүй байна гэж хэлэхэд наана чинь байна гэж хэлж байгаад байшингийн цонхыг хагалчихаад явчихсан гэж хэлж байсан. Мөн намайг гэрт очсоноос хойш 22 цагийн орчимд Бадарч манай гэрт орж ирээд би хүн алчихлаа, цагдаа болон эмнэлэгт мэдэгд гэж, мөн би хажуу айлын чинь залууг алчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед түүний гутал нь цус болчихсон байсан болохоор цагдаа руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Ч.Уранмандахын /хх-ийн 30/ “...Бадарч гэх хүн архи уусан байдалтай ирж, байшингийн хаалгыг гаднаас нь балбаж Баярмаа эгчийг байна уу гэж асуусан. Тэр үед нь Бадарчид хандаж байхгүй байна ажлаасаа ирээгүй гэж хэлэхэд байшингийн хаалгыг балбаад хэл амаар доромжлоод байсан. Нэлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа Бадарч ах явахгүй байхаар нь түүнд цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд дуудчих гэж хэлж байсан. Тэгээд л байшингийн гадаа байж байгаад ойр хавьд байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь түүнийг цагдаад мэдэгдэж өгч явуулсан. Түүнээс хойш 20 цагийн орчимд шиг санаж байна дахиж буцаж ирээд байшингийн хаалгыг нүдэж байснаа хэсэг чимээгүй болсон юм. Тэр үед нь явчихлаа гэж бодсон боловч байшингийн баруун талын цонхыг хагалчихсан. Түүнээс хойш 23 цагийн үед Баярмаа эгчийг ирчихсэн байхад Бадарч ах орж ирээд би танай хойд айлын хүнийг алчихлаа эмнэлэг, цагдаад мэдэгдчих гэж хэлсэн. Мөн би хүн алчих шиг боллоо гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мөнх-Очирын /хх-ийн 31-32/ “...Тэгсэн чинь Бадарч гэр лүү эргэж ирээд 5 орчим минут байшингийн хаалгыг тогшиж, балбаж байгаад байшингийн баруун талын цонх руу ирээд цонхны салхивчийг хагалчихсан. Тэр үед нь би дахиж цагдаа руу залгаж энэ талаар хэлж мэдэгдчихээд, байшингаас гараад яаж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс чулуу бариад нааш ир пизда минь  гэж хэлэхээр нь би байшин руу буцаад орчихсон юм. Харин цагдаа нарыг ирэхэд Бадарч зугтаачихсан байсан. Түүнээс хойш 23 цагийн үед шиг санаж байна Баярмаа эгч түүний охин Бямбацэцэг, манай эхнэр болон 2 хүүхдийнхээ хамт байж байхад байшингийн  хаалга тогшихоор нь тайлж өгсөн. Тэр үед гаднаас Бадарч ганцаараа орж ирсэн бөгөөд би Бадарчийг гэрт ирсэн талаар цагдаад ярьж мэдэгдсэн. Бадарч орж ирсэнийхээ дараа би хойд айлын хүнийг алчихлаа одоо түргэн дууд гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 166, 340, 400 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 37-38, 43, 47-48/ болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Бадарч нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь хх-ийн 91-100 хуудсан дахь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 04 тоот захирамж, зам явах хуудас, захиргааны хяналт тогтоох тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн 2000 оны 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Бадарчид ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Батбаярт хохирол төлөөгүй, ялтай байдал дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн, тодорхой орлогогүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан болно.

Хохирогч Д.Батбаяр нь эмчилгээний зардалд нийт 880.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч хх-ийн 110-113 дугаар хуудсан дахь баримтуудаар 843.558 төгрөгийн хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна. Мөн эхнэрийн сарын ажилгүй байсан хугацааны цалин 850.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтаа шүүхэд өгөөгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна. Хохирогч Д.Батбаяр нь 886.442 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч Н.Баярмаад учирсан 30.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хх-ийн 147 дугаар хуудсан дахь хүсэлтээр нотлогдлоо. Иймд хохирогч Н.Баярмаад шүүгдэгчийн зүгээс төлөх төлбөргүй байна.

Эд мөрийн баримтаар шүүхэд ирсэн 1 хос пүүзийг шүүгдэгч Ч.Бадарч өөрөө авна гэсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3- зааснаар шүүгдэгчид буцаан олгов.       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Өөлд овогт Чулуунбандийн Бадарчийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, догшин авирлаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Чулуунбандийн Бадарчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадарчид оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадарчид оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр 2000 оны 07 сарын 04-ний өдрийн 66 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 3 хоногийн хорих ялын заримыг буюу 2 жилийн хорих  ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадарчид оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Бадарчийн цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 1 хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Бадарчид буцаан олгосугай.

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч Н.Баярмаад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бадарчаас 843.558 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батбаярт олгож, 886.442 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Шүүгдэгч Ч.Бадарчийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бадарчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА