Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00670

 

           Г.В-ийн нэхэмжлэлтэй,

           иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00252 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.В-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-т холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй,

Хүү В.Ц-г өөрийн асрамжид үлдээх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.В, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.В шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Д.М-тэй танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү В.Ц төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Д.М байнга мөрийтэй тоглодог, сэтгэлзүй, ааш зангийн хувьд тогтворгүй болохоор цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү эх Д.М-ийн асрамжид байгаа. Салснаас хойш хугацаанд би хүүтэйгээ уулзах гэхээр эх Д.М, хадам аав н.Д, ээж н.Д нарын эсэргүүцлээс болоод уулзах боломжгүй байна. Эх Д.М мөрийтэй тоглодог, архи согтууруулах ундааг ихээр хэрэглэх болсон ба 2017 оны 7 дугаар сард Төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд орсон, сэтгэл санаа тогтворгүй, ааш зангийн хувьд өөрчлөгдөж, олон залуучуудтай уулзаж бэлгийн замын өвчин халдааж байсан. Д.М энэ мэт өөрчлалт нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаад миний санаа зовж байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд хүү В.Ц-г миний бие өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. 2012 оны 10 дугаар сард аав н.Д, ээж н.Д нарыг дуудаж уулзахад өмнө хамтран амьдарч байсан хүнээсээ мөрийтэй тоглоом, архи согтууруулах ундааны асуудлаасаа болж салсан, ой хүрээгүй хүүхдээ орхин хэдэн 7 хоног, сараар ч хамаагүй алга болдог гэж хэлсэн тэгээд аав, ээж нь аргаа бараад охиноо Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэхээс өмнө миний цалинг хулгай хийж тоглосон, дараа нь Д.М мөнгөтэй байх үед нь би цалин болох мөнгөө аваад явтал чи миний тоглох мөнгийг авч явлаа, би чамд наад мөнгөөр чинь тоглоод хожоод өгий гэхээр нь надад мөнгөний хэрэг байна, өгч чадахгүй гээд орхиод явтал араас утасдаж би үхлээ, амиа хорлоно гэж залгаад байхаар нь эргээд иртэл зүүн гарын судсыг шилний хагархайгаар зүсч, цус алдсан байдалтай байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2012 оны 8-9 дүгээр сарын хооронд эмчлүүлсэн. Тэр өдөр Д.М эрүүл байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гарсны дараа 2012 оны 11 дүгээр сараас Д.М-тэй хамтран амьдарсаар 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү В.Ц төрсөн. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба 2017 оны 4 дүгээр cap хүртэл байнгын холбоотой байхдаа хүүтэйгээ уулзмаар байна гэхээр тийм юм авч өг, мөнгө өг гээд байнгын санхүүгийн болон сэтгэл санааны дарамтанд байсаар өдийг хүрсэн. Д.М архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 11 дүгээр сард автомашин жолоодох эрхээ 6 сараар хасуулан мөн захиргааны арга хэмжээ болох 384 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авахуулж байсан.

          Д.М хүүхдүүдийнхээ аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжлийн тал дээр ямар нэгэн оролцоо байхгүйгээр өдийг хүрсэн, түүний ээж, аав, эмэгтэй дүү нь хүүхдүүдийн асуудлыг авч ирсэн. Түүний энэ хайхрамжгүй байдлаас болж хүү В.Ц халуун цайнд түлэгдэх, ханиад томуунаас салахгүй, бэртэл гэмтэл авах, оюун ухаан, сэтгэл санааны болон биеийн хөгжил дутуу байдлууд илт ажиглагддаг, мөн 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүү В.Ц-ийн биеийн байдал муу, хөдөлж чадахгүй уйлсан байдалтай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн эмчид үзүүлтэл "Эгэмний яс хугарсан байна, сойлт хий, эмчилгээ хийлгэ" гэсэн. Мөн Д.М 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн үедээ олон нийтийн газар танхайрч хэрүүл маргаан гарган бүдүүлэг авирласан үндэслэлээр Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн. Мөрийтэй тоглоомонд донтсон, архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг, бэлгийн олон хавьтагчтай, сэтгэл санааны өөрчлөлттэй, ааш зан тогтворгүй, хүүхдүүдээ гэх сэтгэлгүй хүнээр хүүхдээ хүмүүжүүлнэ гэхээр хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, ааш зан, оюун ухаан, сэтгэл санаа болон биеийн хөгжилд ихээр сөргөөр нөлөөлөх аюултай байна. Иймд хүүг В.Ц-г миний асрамжид өгнө үү гэжээ.

   Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд нэхэмжлэгчтэй танилцаж, 2015 оны 01 дүгээр сарын дунд хүртэл хамтран амьдарч, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бидний дундаас хүү В.Ц төрсөн. Одоо хүү 3 настай, миний асрамжид эрүүл, саруул өсч бойжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...хариуцагч Г.М байнга мөрийтэй тоглоом тоглодог, сэтгэл зүй болон ааш зангийн хувьд тогтворгүй, архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, бэлгийн олон хамтрагчтай болоод надад бэлгийн замын өвчин халдааж байсан. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа нь миний санаа үнэхээр зовж байна" гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох гэж үндэслэлгүй, худал тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Тодруулбал. Миний ээж Б.Д нь “100-н айл Төв барилгын материалын дэлгүүрт 2 ширхэг лангуу түрээслэн 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд уг 2 лангууны 1 лангууг би ажиллуулдаг. Миний хувьд би ээждээ болон өөрийн амьдралдаа зохих дэмжлэг болох үүднээс ээжийнхээ 1 лангууг  ажиллуулж байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг мөрийтэй тоглоомчин мэтээр бичсэн нь худал юм. Харин заримдаа дэлгүүрт хүн цөөн байх үед хааяа хажуу лангууны хүмүүстэй хөзөр тоглодог. Энэ тухайгаа би нэхэмжлэгчид хэлж байсныг тэрээр дэвэргэн мөрийтэй тоглоомчин мэтээр бичсэн нь үндэслэлгүй.

          Би нэхэмжлэгчтэй хамтран амьдарсан 2 жил гаруйн хугацаанд түүнд олон даа зодуулж байсан. Тухайлбал. Би хүү В.Ц-г төрүүлэхийн өмнө 5 сартай жирэмсэн, эмчийн хяналтанд байх үедээ хүүхдээ авахуулсан. Шалтгаан нь 2013 оны эхээр нэхэмжлэгч Г.В бид 2 машинтай явж байх үед тэрээр надтай маргаж, машинаас намайг хөөж буулгаад миний араас машинтай намайг мөргөж унагасан. Үүний дараа би эмчид үзүүлэхэд хэвлий дэх хүүхэд амьгүй болсныг эмч хэлсэн тул хүүхдээ авахуулсан. Үүнээс хойш удаагүй байтал тэрээр мөн л үл ялих зүйлээр шалтаглан намайг дахин зодсон. Энэ талаар би Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандаж, гомдол гаргасан бөгөөд уг хэргийг шалгах явцад тэрээр надаас уучлалт гуйж, дахин зодохгүй гэсэн тул би гомдолгүй гэдгээ хэлж, хэргийг хаалгасан. Уг хэргийг шалгах явцад би хүүхдээ авахуулсан, мөн яагаад авахуулах болсон энэ бүх үйл баримтын талаар тодорхой хэлж мэдүүлж байсан. Мөн 2012 оны 9,10 дүгээр сард бид 2 буудалд хоноод маргааш өглөө нь Г.В намайг орхиод түрүүлж явахдаа миний түрийвчинд байсан 300 000 төгрөгийг надад хэлэлгүй авч, мөнгө үлдээлгүй явсныг нь мэдэж, утсаар хэлэхэд тэрээр уурлаж, элдвээр намайг доромжлохоор нь мөнгөө авах зорилгоор түүнийг ирүүлэх гэж амиа хорлоно гэж судсаа зүссэн. Г.В цэвдэг, хатуу сэтгэлтэй, догшин зантай, хүн өрөвддөггүй, элдэв аргаар дарамталж, эрхшээлдээ оруулдаг. Аргаа барахдаа би судсаа зүсэж байсан.

   Мөн 2015 оны 01 дүгээр сард би гэртээ байж байтал Г.В ирж, үндэслэлгүй намайг хардаж, зодохоор Цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд түүний удаа дараагийн гэмт үйлдэл, үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан хүү бид хоёрыг түүнээс тусд нь хамгаалалтандаа авч, Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэдэх Урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр луу хүргэж, 5 хонуулж байсан. Түр хамгаалах байрнаас гарахад ээж, аав маань хүү бид хоёрыг гэртээ авчирсан. Тэр үеэс хойш хүү бид 2 нэхэмжлэгчээс тусдаа амьдарч байна. Гэтэл нэхэмжлэгч намайг байнга дарамталж, эрхшээлдээ байлгаж байснаа нуух, мөн хаацайлах гэж худал тайлбар ирүүлсэн. Ингэхдээ намайг сэтгэцийн өвчтэй мөн ааш зан тогтворгүй мэтээр бичсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, мөн бэлгийн замын халдварт өвчин халдаасан мэтээр бичсэнд гомдож байна. Би нэхэмжлэгчтэй 2 жил гаруй хугацаанд хамт амьдрахдаа 2 удаа жирэмсэлж, эхний хүүхдээ 5 cap тээхдээ нэхэмжлэгчийн гэмт үйлдлийн улмаас авахуулж, 2 дахь хүүхдээ тээж, төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, бидний хамтын амьдралын бараг бүх хугацаанд би жирэмсэн байж, хүүхэд төрүүлсэн, нярай хүүхдээ өсгөж бойжуулсан байхад архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, бэлгийн замын өвчин халдаасан гэх мэтээр гүтгэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй нь тодорхой юм. Харин нэхэмжлэгч өөрөө бэлгийн замын халдварт өвчин надад халдааснаа эхэлж нэхэмжлэл гаргаж байгаагаараа далимдуулан гүтгэж байгаад гомдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч бидний хамтын амьдрал болон хүүхдээ би хэрхэн асран хамгаалж, тэжээн тэтгэж байгаа талаар огт мэдэхгүй байж хүсэлтдээ хүүхдээ сайн анхаардаггүйгээс хүүхдийн эгэм гэмтээсэн мэт агуулга бүхий зүйл бичжээ. Энэ бол дэндүү өрөөсгөл тайлбар юм. Учир нь тухайн өдөр наадмын болж байсан бөгөөд гэрт ах, дүү садан төрлийн хүмүүс ирж, үеийн хүүхдүүд бүгдээрээ тоглож наадах үед миний хүү унаж, гэмтсэн. Энэ бол хүүхдээ анхаараагүй гэхээс илүү тохиолдлын шинжтэй асуудал юм. Би өөрийн хүү В.Ц-г хатуу, ширүүн, догшин зан ааштай, хүн дараамталдаг, архи хэрэглэдэг ёс бус хүний асрамжид үлдээхгүй гэсэн байр суурьтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2012 оны 7 дугаар сард Г.В-тэй танилцаж, хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү В.Ц төрсөн. Г.В бид 2 хамтран амьдрах үедээ тодорхой шалтгааны улмаас буюу түүний байнгын дарамт, дээрэнгүй зан харыдааны улмаас гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2015 оны 01 дүгээр сараас салж, тусдаа амьдраад 3 жил шахам хугацаа өнгөрч байна. Тэр үеэс буюу 2015 оны 01 дүгээр сараас хойш хүү В.Ц миний асрамжид амьдарч, эрүүл саруул өсч торниж байгаа. Г.В бид 2 тусдаа амьдраад 3 жил шахам болсон, цаашид хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй тул үүнтэй холбоотой Д.М би хүү В.Ц-г өөрийн асрамжид үлдээх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.В сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие хүү В.Ц-г өөрийн асрамжид авах зайлшгүй шалтгаанаар 2017 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.М өөрийн эсрэг цугларсан нотлох баримтыг үгүйсгэн хүүг өөрийн асрамжинд авахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.М-ийн нэр дээр байгаа Тоёота харьер маркийн автомашиныг худалдан авахад миний бие тодорхой хувийг нь гаргасан, мөн тус машины үлдэгдэл төлбөрийг миний бие найзынхаа автоломбардаас зээлж өгч байсан ба сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн ээж Б.Д тодорхойлолтдоо өөрийн орон сууцыг хариуцагчид өгөх мэтээр бичсэн байгаа хэдий ч тухайн үед машин худалдан авахад үлдэгдэл төлбөрийг өгөх боломжтой байсан ч тэгээгүй. Сөрөг нэхмжлэлд хавсаргасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээр хариуцагч Д.М-ийн аав, ээж нарын өмч болох нь харагдаж байна. Хариуцагч Д.М их, дээд сургуульд 2 удаа сурсан боловч шалтгаангүйгээр хаясан мөн өмнө нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаад хүүхэдтэй болсон, мөрийтэй тоглоомонд донтсон, архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг, бэлгийн олон хавьтагчтай зэргээс болоод салсан байдаг. Хариуцагч нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, мөн сэтгэл санааны хувьд тогтворгүй, амиа хорлох үйлдэл гаргаж байсан. Иймд хүү В.Ц-г өөрийн асрамжид авах зайлшгүй шалтгаан байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.В-ийн "хүүхдийн асрамж тогтоолгох тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү В.Ц /регистрийн дугаар УЦ14241177/-Г төрсөн эх О овогт Д.М /регистрийн дугаар ДЮ88120768/-ийн асрамжид үлдээж,

      Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдаж,

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.В-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.М-т олгож шийдвэрлэжээ

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх хүү В.Ц-г 7 хоногийн 1 өдөр, ээлжийн амралт, баяр ёслолын үеэр авч байх зэрэг хүсэлтийг хангаагүй. Д.М болон түүний гэр бүлийнхэн Гэр бүлийн тухай хуулиар олгогдсон эрхийг минь хязгаарлаж, төрсөн хүүтэй минь одоог хүртэл уулзуулахгүй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой 7 хоногийн хагас сайн өдөр буюу бямба гаригт хүүтэйгээ уулзаж байх, ээлжийн амралт болон баяр ёслолын үеэр хүүгээ өөрийн асрамжид авч байх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

     Нэхэмжлэгч Г.В хариуцагч Д.М-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хүүхдээ өөрийн асрамжид үлдээх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч Д.М хүү В.Ц-г асран хамгаалах, боломжгүй, мөрийтэй тоглоом тоглодог, сэтгэлзүй болон зан аашийн хувьд тогтворгүй гэж, нөгөө талаар хүүтэй уулзуулдаггүй учраас асрамжиндаа авах хүсэлтэй байна гэж тайлбарласан байхад шүүх уг хэргийг хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулсан гэж үзэхгүй.

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

        Нэхэмжлэгч хүүхдийн асрамж өөрчлүүлэхээр шаардлага гаргаж байгаа тохиолдолд хариуцагч Д.М-ийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Шүүх сэтгэц гэм судлалын үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтийн “үзүүлэгчийн хуучин түүхээс” гэсэн хэсэг орос хэл дээр бичигдсэн байх бөгөөд уг баримтыг орчуулж хэрэгт  хавсаргажээ. Дээрх орчуулга нь үнэн зөв эсэх, уг компани орчуулга хийх эрхтэй эсэх асуудал маргаантай байна. Ийм учраас энэ талаар шүүх тодруулах байсан бөгөөд уг орчуулга хийхэд хавсаргасан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. 

       Түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай бөгөөд хүү В.Ц одоо эх Д.М-ийн асрамжид байхад түүнийг дахин шүүхээр шийдвэрлүүлэх нь ямар агуулгатайг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх, уг маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосгуай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Н.БАТЗОРИГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА